| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0439/Э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 149.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 418
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,
улсын яллагч А.Нямсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дарханбаатар,
шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004550292 тоот хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологи хамгаалал мэргэжилтэй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Дашинчилэн сумын Лах 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түдэв гүн овогт Дуламын Д.Т /РД- ГД76111168/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: 2014 онд “Алтан Дорнод Монгол” ХХК нь сумын багийн иргэдийн хурлаар дэмжүүлэх зорилготой манай суманд очсон. Тухайн үед би багийн нийтийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг байсан. Намайг сонины газарт ажиллаж байх үед 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай сумын 15 малчдыг айлган сүрдүүлж байгаад үйл ажиллагаа явуулахад иргэдийн зүгээс татгалзах зүйлгүй гэх утга агуулгатай бичигт гарын үсэг зуруулсан байдаг. Манай багийнхан асуудал гарвал надад мэдэгддэг байсан. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хурлыг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу ирц бүрдээгүй гэх үндэслэлээр “Алтан дорнод Монгол” компанийн багийн иргэдтэй хийсэн гэх нийтийн хурлыг хүчингүй болгосон. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан багийн хуралд очих гэж байхад намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэсээс “Алтан Дорнод Монгол” ХХК-аас танд холбогдуулан гомдол гаргасан гэж тайлбарлаад албаны өрөөнд хонуулсан. Дорлигжавыг хууль зүйн яамны сайд байхад үндэслэлгүйгээр цагдаагийн албан хаагч албаны өрөөнд хонуулсан тухай гомдол гаргасан хэдий ч, хуулийн дагуу цагдаагийн албан хаагч саатуулсан байна гэсэн хариуг өгсөн байдаг. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн багийн нийтийн хурал болоход “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ажилтан болох Г.Болдбаатар сэтгүүлч Д.Тг мөнгө нэхсэн болохоор цагдаад өгсөн гэж манай багийн ард иргэдэд миний нэр төрийг гутааж хэлсэн юм. Ингэж хэлсэн болохоор би Булган аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Дараа нь нотлох баримтыг нь гаргаж өгөхөд над руу залгаад гомдлоо буцаагаад авч болохгүй юм уу, би “Алтан Дорнод Монгол” ХХК-д ажилладаг Г.Болдбаатар гэх хүн байна гэж өөрийгөө танилцуулж 9911..... гэх дугаараас холбогдож ярьсан юм. Та гомдлоо буцааж авч болох уу гээд гуйхаар нь би цагдаагийн газарт гаргасан гомдлоо буцааж авсан. Г.Болдбаатар нь би Д.Тг гүтгэсэн гэдгээ манай багийн ард иргэдэд хэлнэ гэж амалчихаад, амлалтаа биелүүлээгүйн улмаас бидний дунд маргаан үүссэн. Улсын яллагч яллах дүгнэлтэндээ “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ажилтан болох Г.Болдбаатараас унаатай болох хэрэгтэй гэх байдлаар далайлган сүрдүүлж мөнгө нэхсэн болох нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа юм бэ?. Хавтаст хэрэгт энэ асуудалтай холбоотой нотлох баримт байхгүй байхад улсын яллагчийн юу яриад байгааг ойлгохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэний зайлшгүй биелүүлэх ёстой үүргийнхээ дагуу, байгаль орчноо хамгаалах, хэвлэн нийтлэх эрхээ эдлэж төрсөн нутгийнхаа байгаль орчныг хамгаалан зорилгоор “Алтан Дорнод Монгол” гэх компани хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буйг хэлсэн. Мөн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 15 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан. Хэрвээ би “Алтан Дорнод Монгол” ХХК-аас мөнгө авч ашиг олох зорилготой байсан бол ингэж хандахгүй байсан. “Алтан Дорнод Монгол” ХХК-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмлэлээсээ татгалзаад өгөөч гээд ярьж байсан хэдий ч би нэхэмжлэлээсээ татгалзаагүй шүүхээр шийдвэрлүүлсэн юм. “Алтан Дорнод Монгол” ХХК нь сэтгүүлч Д.Т малчдыг турхираад хэвлэлийн бага хурал хийж байсан болохоор манай компанийн зүгээс мөнгө өгсөн гэх тайлбарыг хийж байгаатай санал нийлэхгүй байна. Миний бие бусдыг дарамталж мөнгө авах хэмжээний эрх мэдэлтэй хүн биш гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дарханбаатар мэдүүлэхдээ: 2015 оны 02 дугаар сараас эхлээд энэ үйл явдал болсон. Шүүгдэгч нь мөнгө төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өөрийн нэр төрийг гутаасан мэтээр цагаатгахыг хүсэж байх шиг байна. Шүүгдэгч нь өөрийгөө цагаатгах үүднээс 40.000.000 төгрөг дээр маргах байдлаар тоглолт хийж байна. Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Тухайн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн болно. Манай компанийн зүгээс нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчид хуульд заасан үндэслэл журмын дагуу тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тг бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Тгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн шүүх дүгнэлт хийхэд сүүлийн үйлдэл нь 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасныг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн прокурор яллах дүгнэлтэдээ Д.Тг “Алтан дорнод монгол” ХХК-иас 40.000.000 төгрөг өгөхийг шаардсан гэж дурдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн баримтуудаар:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн Д.Т нь Болдбаатараас 40 сая төгрөгийг нэхэж дарамтлахаар нь Болдбаатар нь ярилцсаар байгаад 20 сая төгрөг өгөхөөр болж компаниас 20 сая төгрөгийг гаргуулаад өгчихсөн байсан ...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх үнэхээр та нар надтай тохиролцох гэж байгаа бол хашаа байшин ч юм уу дэлгүүр ч юм уу амьдралд хэрэг болчихоор тус болох хэрэгтэй. Түүнээс надад цөөхөн хэдэн сая төгрөг бол байгаа хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь манай байгууллага нь эдийн засгийн хувьд өр зээлтэй хэцүү байгаа тэр их хэмжээний мөнгийг өгч чадахгүй болов уу гэж ярилцаж 20 сая төгрөгийг өгөхөөр болж манай ажилд битгий саад болоорой гэж хэлсэн. Тэгээд ажил эхлэхээр мөнгө төгрөг зохицуулж өгье гээд салсан...” гэх мэдүүлэг, “Алтан дорнод монгол” ХХК-ны данснаас Д.Т гэсэн нэртэй нийт 20.000.000 төгрөг гэрч Г.Болдбаатарын хувийн дансруу шилжиж орсон зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Тг “Алтан дорнод монгол” ХХК-иас 40.000.000 сая төгрөг шаардсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Т нь “Алтан дорнод монгол” ХХК-ныг "2012 оны сонгуулийн үеэр Сү.Батболдтой хуйвалдаж тусгай зөвшөөрлөө хууль бусаар сунгуулах шийдвэр гаргуулсан, энэ асуудал чинь хууль бус учраас холбогдох газарт нь гомдол гаргаж, хүчингүй болгуулна, хүчин төгөлдөр бус газар нутагт үйл ажиллагаа явуулах гэж байна” гэсэн худал мэдээллүүдийг ард иргэдэд тараана, төрийн захиргааны байгууллагад хандаж гомдол гаргана хэмээн заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардаж, улмаар тус компаний ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газар 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Калифорниа” нэртэй үйлчилгээний байгууллага дотор 10.000.000 төгрөгийг нийт 20.000.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтан Дорнод Монгол" ХХК нь 2014 оны сүүлээр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багт уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эхэлж байсан. Энэ үед Д.Т гэх хүн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэл баримтгүй мэдээлэл цацаж эхэлсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Манай байгууллага үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явж байхад Д.Т нь авилгатай тэмцэх газар, тагнуул болон цагдаагийн байгууллагад олон удаа хандаж манай байгууллагыг олон газраар шалгуулсан. Сүүлийн үед хэсэг хугацаанд чимээгүй байсан юм. Тэр үед манай байгууллагын төсөл хариуцсан зөвлөх Болдбаатар гэх хүнтэй холбогдоод явж байсан. Энэ яасан бэ гэхээр Д.Т нь Болдбаатартай уулзаж компаний удирдлагаас мөнгө нэхэж өгөхгүй бол танай компаний үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар саатуулан зогсооно гэж заналхийлж байсныг мэдээд цагдаад хандсан юм. Мөн Д.Т нь Болдбаатараас 40 сая төгрөгийг нэхэж дарамтлахаар нь Болдбаатар нь ярилцсаар байгаад 20 сая төгрөг өгөхөөр болж компаниас 20 сая төгрөгийг гаргуулаад өгчихсөн байсан. Үүнийг 2015 оны 6 дугаар сарын үед мэдээд холбогдох баримтуудыг цуглуулаад цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Д.Т нь манай байгууллагын ажилтан Болдбаатар гэх хүнийг утсаар маш олон удаа дарамталсан утгатай мессеж хүргүүлсэн байсан. Тэгээд Калифорниа ресторанд Д.Т гэх хүнд 10 сая төгрөгийг өгсөн бичлэгийг хуулбарлан хавсаргаж өгч байна.
Д.Т нь манай байгууллагыг хайгуулын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж оайна, тухайн үед ерөнхий сайд асан Батболд гэх хүнтэй хуйвалдаж тусгай зөвшөөрлүүдийг авсан байна, хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэсэн утгатай л мэдээлэл тарааж байдаг. Яг үнэндээ манай байгууллагын хайгуулын 3828Х зөвшөөрлийн талбайд хэсэгчлээд ашиглалт явуулах 18652 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан учир манай байгууллагын үйл ажиллагаа хууль бусаар явагдаж байгаа асуудал байхгүй юм...
...Д.Тгийн үйлдэл нь СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах Калифорниа ресторан дотор 10 сая төгрөгийг авч байгаа камерийн бичлэг байдаг уг камерийн бичлэгийг шинжилгээний дүгнэлтээр ямар нэгэн засваргүй бичлэг болох нь тогтоогдсон. Харин Д.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн танхимд Болдбаатар надад 1 сая төгрөгийг чихрийн цуглуулгыг өгсөн гэж мэдүүлсэн гэтэл шинжээчийн дүгнэлтээр бичлэг дээр Д.Тд ямар нэгэн чихрийн цуглуулга өгч байгаа дүрс харагдахгүй байгаа түүнд мөнгө өгч байгаа дүрс байна гэдгийг л тогтоож өгсөн байдаг. Ер нь бол 1 сая төгрөг байна уу 10 сая төгрөг байна уу, 20 сая төгрөг байна уу энэ гэмт хэргийн хувьд чухал тооцооны асуудал биш хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас гэмт хэрэгт тооцогдож байгаа. Д.Тгийн мөнгө авсан үйлдэл нь 1-рт мессежээр харилцсан байдал, түүн дээр юу юу нэхэж байсан ямар хэмжээний мөнгө төгрөг ярьж байсан нь тодорхой байж байдаг түүний дагуу Г.Болдбаатараас 20 сая төгрөгийг авсан. Их дэлгүүр дотор авсан 10 сая төгрөгийг тогтоож чадаагүйгээс Болдбаатар үүрэх ёсгүй, Болдбаатарт манай байгууллагын зүгээс гомдол гаргаагүй.
Д.Т нь “Алтан дорнод Монгол” ХХК-ий энэ хэрэгтэй холбоотойгоор үндэсний шуудан, өдрийн сонинд худал ташаа мэдээлэл бичсэн тэрийг нь иргэний хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүйгээр баримт материалд тулгуурлаагүй мэдээлэл тараасан болохыг тогтоож тухайн сонингийн газруудад уг мэдээлэлд залруулга хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн байдаг...
...Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бид тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх, ашигт халдаж ямар ч үндэслэлгүйгээр худал мэдээлэл тарааж бидний хууль ёсны үйл ажиллагаагаа явуулахад саад болж бидний эрх ашигт халдсан бөгөөд манай байгууллагын үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоох болно гэж далайлган сүрдүүлсэн. Энэ асуудлаар нэр бариад манай компаний зөвлөх Болдбаатараас мөнгө нэхэж мөнгө авсан юм. Д.Т нь танай байгууллага 2012 онд сонгуулийн үеэр Сү.Батболдтой хуйвалдаж тусгай зөвшөөрлөө хууль бусаар сунгуулах шийдвэр гаргуулсан. Энэ асуудал чинь хууль бус учраас үүнийг чинь холбогдох газарт нь гомдол гаргаж хүчингүй болгуулна. Та нар хүчин төгөлдөр бус газар нутаг дээр үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн мэдээллийг ард иргэдэд тараана, төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж үйл ажиллагааг чинь зогсоолгоно гэж сүрдүүлсэн. Дээрх мэдээллүүд бүгд худал боловч энэхүү мэдээллийг Д.Т нь нутгийн ард иргэдэд идэвхитэй тарааж, суртал ухуулга хийгээд байвал цаашид манай компани Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт хууль ёсны үйл ажиллагаа явуулахад нутгийн ард иргэдийн зүгээс эсэргүүцэл, бослого гэх мэт үйл ажиллагаа үүсч, компаний хэвийн үйл ажиллагаа, төр байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, төлөвлөгөө ашиг орлогоо олж чадахгүй алдагдалд орох гэх мэт ноцтой хор уршиг учирч болохуйцаар байсан юм. Бид Д.Тд өгсөн 20 сая төгрөгөө авмаар байна. 2 дугаарт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэвлэгдсэн Өдрийн сонин, Үндсэний шуудан сонинд бичсэн нийтлэл, мөн өдрийн ТВ-9 телевизээр давталттайгаар цацсан 20 минутийн нэвтрүүлгийн талаар Д.Тгаар өөрийн биеэр уучлалт гуйлгаж, залруулга хийлгэх арга хэмжээг авахуулмаар байна..." гэх мэдүүлгүүд /1хх-ийн 64-65х, 3хх-ийн 99, 232-233х/,
гэрч Г.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2014 онд Алтан Дорнод Монгол ХХК нь Булган аймгийн Дашинчилэн суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлж орон нутгийн малчин иргэдтэй уулзаж компаний үйл ажиллагааны талаар танилцуулж энэ төслийн хүрээнд багийн иргэдийн нийтийн хурлын зарлан хуралдаж байсан. Энэ үед Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Дулам овогтой Д.Т гэх эмэгтэй өөрийгөө сэтгүүлч гэж манай компаний үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан элдэв худал мэдээллээр тус багийн иргэдийг компаний эсрэг турхирах үйл ажиллагааг удаа дараа явуулсан. Мөн өөрийн фейсбүүк цахим хуудсаар болон үндэсний олон нийтийн телевизээр удаа дараа мэдэгдэл хийж байсан. Тэгээд энэ хүнийг үнэхээр сэтгүүлч эсэх, нутаг орныхоо төлөө явж байгаа шударга хүн мөн үү эсвэл уул уурхайн компаниудыг шантаачилж дарамталж мөнгө авдаг этгээд хоёрын аль нь болохыг мэдэх зорилготойгоор энэ хүний утасны дугаарыг олж авч холбогдож 2014 оны 12 дугаар сард Баянгол зочид буудлын хажууд байрлах Корпрайт зочид буудалд анх уулзаж ярилцсан юм. Удаан яриа өрнүүлсний эцэст энэ хүн зөвхөн компаний эсрэг мэдээллийг олон нийтийн хэрэгслээр цацаж өөрт ашигтай байдал үүсгэх гэсэн санаа зорилготой болохыг нь мэдсэн. Энэ хүнтэй ярилцаад би Булган аймгийн Дашинчилэн суманд явуулах уул уурхайн үйл ажиллагааны төслийг эхлүүлэх ажлыг гардан хариуцаж байгаагийн хувьд хэрвээ энэ хүн олон нийтэд турхираад байвал манай ажлыг хойшлуулж саатуулах эрсдэлтэй болохыг мэдэж энэ хүнтэй аль болохоор тохиролцохыг хичээсэн юм. Анх үнэхээр та нар надтай тохиролцох гэж байгаа бол хашаа байшин ч юм уу дэлгүүр ч юм уу амьдралд хэрэг болчихоор тус болох хэрэгтэй. Түүнээс надад цөөхөн хэдэн сая төгрөг бол байгаа хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь манай байгууллага нь эдийн засгийн хувьд өр зээлтэй хэцүү байгаа тэр их хэмжээний мөнгийг өгч чадахгүй болов уу гэж ярилцаж 20 сая төгрөгийг өгөхөөр болж манай ажилд битгий саад болоорой гэж хэлсэн. Тэгээд ажил эхлэхээр мөнгө төгрөг зохицуулж өгье гээд салсан. Гэтэл энэ хүн одоо чи баавгайгаа алчихсан байна тийм учраас надад мөнгөө өг би эмчилгээнд явмаар байна, унаатай болмоор байна гэх мэт мессеж бичиж байнга дарамталж эхэлсэн. Ингээд шахалтанд орж орон нутгийн асуудал хэцүү байсан учир Д.Тг орон нутагт очиж бужигнуулж бидний ажлыг саатуулах байх гэсэн болгоомжлол байсан учраас эхний удаад 10 сая тегрөгийг бэлнээр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын Их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газарт өгсөн оайдаг. Үүнээс хойш хэсэг хугацаанд Д.Т нь чимээгүй байж байгаад үлдсэн мөнгөө өг үгүй бол явдаг газраар явж дахин бужигнуулна шүү гэж хэлээд удаа дараа утсаар мессеж оичиж эхэлсэн. Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах Калифорниа ресторанд уулзаад одоо чи мөнгөө авахдаа надад бичиг хийж өг тэгэхгүй бол чи их найдваргүй хүн байна гэхэд Д.Т нь мөнгө авахаасаа өмнө надад тус компаний талаар ямар нэгэн гомдол гаргахгүй төрийн байгууллагад хандахгүй гэсэн утга бүхий бичгийг хийж өгсний дараа бэлнээр 10 сая төгрөгийг өгсөн. Ингээд л хэд хоногийн дараа 2015 оны 5 дугаар сарын дундуур дахиад л утсаар мессеж хэлбэрээр дарамталж эхэлсэн. Тийм болохоор дахиж Их дэлгүүрт Д.Ттай уулзахад би ганцаараа биш миний ард 5 сэтгүүлч байгаа чиний өгсөн мөнгийг хувааж нөгөө хэддээ өгсөн харин би өөртөө ганцхан нөүтбүүк авсан. Дахиж надад 20 сая төгрөгийг өг хэрэв өгөхгүй бол би одоо 13 машинтай хүн дагуулаад танай үйл ажиллагаа явуулах гэж байгаа нутаг дэвсгэр дээр очиж бужигнуулж үймээн самуун дэгдээхээр бэлдчихсэн байгаа гэх мэтээр дарамталж эхэлсэн. Надаас дахиад 20.0 сая төгрөгийг нэхэмжилсэн. Тэгэхээр нь би одоо захиралтай ярьж байж асуудлыг шийдье одоо дангаараа шийдэж чадахгүй хэрвээ мөнгө өгөхдөө тулвал хоёулаа зээлийн гэрээ хийгээд мөнгө өгч авах хэрэгтэй байна гэж хэлэхэд зөвшөөрч эргээд надтай уулзахаар болж хоёроос гурван хоногийн дараа Их дэлгүүрийн ойролцоо ресторанд уулзахад та нар намайг баримтжуулж байгаад хэрэгт хийх гэж байна тэр захирлууддаа хэлээрэй та нарыг Д.Тг ямар хүн болохыг харуулна гэж хэлээд салцгаасан. Тэгээд 2015 оны 7 дугаар сард Д.Т нь дахиж Монгол телевизийн хоёрдугаар сувгаар хэвлэлийн бага хурал хийж компаний эсрэг худал мэдээллийг тараасан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67х/,
гэрч М.Идэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2011 онд Алтан дорнод монгол ХХК-ийг худалдаж авсан байдаг. Тэр үед Булган аймгийн Дашинчилэн суманд 18652 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан. Гэтэл Булган аймгийн иргэн Д.Т гэх эмэгтэй нь манай байгууллагын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээллийг цацаж бидний анхаарлыг татаж эхэлсэн юм. Тухайн үед Д.Т нь "Алтан Дорнод Монгол" ХХК нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эхлүүлж байна тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан гэж олон мэдээллийг тараасан юм. Манай байгууллага нь үйл ажиллагаагаа явуулахад иргэдтэй уулзахад 100 хувь дэмжсэн байдаг юм. Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцсэн шийдвэр нь хүртэл байдаг юм. Тэгэхээр нь манай байгууллагын захирлын зөвлөх Болдбаатар гэх хүнийг Д.Ттай уулзуулахаар явуулсан байдаг. Тэгээд Болдбаатар нь Д.Ттай уулзсан талаараа ярихад "Д.Т гэх эмэгтэй нь манай байгууллагаас эхний ээлжинд 40 сая төгрөгийг нэхэмжилж байна" гэхээр нь ямар учиртай мөнгө юм бэ гэж тодруулахад зөвхөн манай байгууллагын талаар ямар нэгэн худал мэдээлэл тараахгүй яам тамгын газраар явж хэл ам татлахгүй эхний ээлжинд 40 сая төгрөг өг гэж хэлж байсан. Манай байгууллага нь Монгол улсын эрдэнэсийн санд 20 тн алт олборлож өгөхөөр амлалт өгсөн байдаг тийм учраас Д.Т нь манай ажлыг хийлгэхгүй саад учруулаад байсан учир 20 сая төгрөгийг өгчихвөл чимээгүй болчих байх гэж бодсон юм. Тухайн үед 20 сая төгрөгийг өгсний дараа манай байгууллагад гар бичмэлээр танай байгууллагын талаар ямар нэгэн худал мэдээлэл цацахгүй гэсэн утга бүхий бичиг хийж өгсөн байдаг. Тэгээд хэсэг хугацаанд чимээгүй болсон. Хэсэг хугацааны дараа дахиж мөнгө төгрөг нэхээд Д.Т нь Байгаль орчны яам, ашигт малтмалын газар, кадастрын хэлтэс зэрэг газруудаар явж манай байгууллагын талаар худал мэдээллийг цацаж эхэлсэн. Тэр болгонд уг газруудаас залгаж ямар учиртай юм бэ? гэж удаа дараа ирж уулзах хэрэг болдог, бичиг баримт зэргийг гацаах тохиолдол зөндөө гарсан. Тэгэхээр нь Д.Тд манай байгууллагын зүгээс одоо болих хэрэгтэй хууль бус ажлаа зогсоогооч гэхэд байнга мөнгө нэхдэг байсан.
Манай байгууллага нь Ашигт малтмалын ерөнхий газраас Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулах 18652 дугаартай тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан байдаг. Уулын ажил явуулах шаардлагатай хуульд заасан бүх бичиг баримтыг бүрдүүлсэн байдаг. Д.Т нь ашиг хонжоо олох зорилгоор манай байгууллагийн нэр төрд халдсан үйлдлүүд гаргадаг байх. Түүнээс манай байгууллагад ямар нэгэн зөрчил болон хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч зүйл байхгүй. Тийм байхад худал мэдээлэл тараагаад байгаа нь мөнгө олох зорилготой байх гэж бодож байна.
Тухайн үед манай ажилд үнэхээр саад учруулж байсан учир ажлаа явуулах хэрэгтэй байсан учир мөнгө өгчихсөн юм. Д.Т нь ард иргэддээ очиж турхирах худал мэдээллийг цацдаг түүний дагуу Булган аймгийн Дашинчилэн сумын ард иргэд нь манай байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж машины тоног төхөөрөмжийг хааж ажиллуулдаггүй, экскваторын шанага зэрэг дээр хүмүүс гарчихаад буухгүй саад учруулаад байдаг байсан. 20 сая төгрөг өгчихвөл чимээгүй болоод үйл ажиллагаанд саад учруулахгүй болов уу гэж оодож байсан..." гэх мэдүүлэг /1xx-ийн 68-69х/,
гэрч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би уг байгууллагын эрон нутаг хариуцсан ажилтан Болдбаатарт Ганболд даргын цохолттойгоор 10 сая төгрөгийг бэлнээр Болдбаатарын өөрийнх нь дансанд шилжүүлж хийсэн. Энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулах гэж байсан талаар мэдэхгүй. Тухайн үед өргөдөл хүссэн баримт дээрээ Догонот Д.Тд гэж хаягласан байсан санагдаж байна. Тэрнээс өмнө 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Цогтгэрэл даргын цохолттойгоор Доргонт Д.Т гэсэн утга бүхий бэлэн олгохыг хүссэн өргөдлийн Болдбаатарын дансанд 10 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг..." гэх мэдүүлэг /1xx-ийн 70х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5092 тоот дүгнэлтэнд “Шинжилгээнд ирүүлсэн "Тодорхойлолт" гэсэн гарчигтай гар бичмэл болон харьцуулах загвараар ирүүлсэн Д.Тгийн гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна..." гэх дүгнэлт /1xx-ийн 72-76х/
Яллагдагч Д.Тгийн 99758513 дугаараас Г.Болдбаатарын 9911 дугаарын утас луу бичсэн "...Чи намайг дарамталсан. Би аймгаас хүч авч очиж хэн гэдгээ харуулна. Өөрсдийнхөө хууль бус үйлдлийг юу гэж бодоод пээдийгээд байгаа юм бол. Тэр нөхөр чинь модтой чихрийн мөнгөөр хуураад үлдээхгүй байлгүй дээ, хүнийг дуугаргахгүй болтол нь ам руу нь мөнгө чихдэг хүн байх л даа. ...чиний санал таалагдахгүй бол уулзах шаардлагагүй дээ. Эхлээд яриарай. ... бөөн бол надад наалдах нь зүгээр юм. Чиний боломж ямар байна? 5 байвал сайн байна. Уг нь нэг мөр ярьснаа өгвөл би унаатай болмоор байна. ... явахаасаа өмнө 2 болох уу..." гэсэн мессежнүүд /1xx-ийн 97-103х/
Криминалистикийн шинжээчийн 4070 дугаартай "...эмэгтэй хүн юүдэнтэй хар цамц, хар өмд, цагаан нимгэн ултай пүүзтэй гартаа цагаан цаас болон хар нийлэг ууттай зүйл барьж орж ирж камерийн харах өнцгийн доор байрлах ширээнд сууж буй эрэгтэй хүний өөдөөс харан сууж... эрэгтэйн барьж явсан цагаан цаасан дээр ямар нэг зүйл бичиж, эрэгтэйн барьж явсан цагаан цаасан дээр ямар нэг зүйл бичиж, эрэгтэйн барьж явсан хар өнгийн нийлэг ууттай зүйлийг барьж явсан цайвар нийлэг ууттай зүйлийг барьж явсан цайвар нийлэг ууттай зүйлдээ хийж буй дүрс дүрслэгдэж байна..." гэсэн дүгнэлт /2xx-ийн 155-159х/,
Хаан банкны Г.Болдбаатарын 5040022259 тоот дансанд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10.000.000 орлогоор орсон дансны хуулга /2хх-ийн 172-173х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 4654 тоот "...restoran гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Дүрс бичлэгт засвар, өөрчлөлт хийгдээгүй байна..." гэсэн дүгнэлт /2хх-ийн 246-249х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Шүүгдэгч Д.Тг өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж 20.000.000 төгрөг өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч “Алтан дорнод монгол” ХХК-д шүүгдэгч Д.Т нь нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнээс уг мөнгийг гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь тус гэмт хэргийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 миниутаас өмнө үйлдсэн байх тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгааг харгалзан шүүх ял шийтгэл оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэг, Үндэсний шуудан сонингийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 тоот дугаарын 11 дүгээр нүүрний хэсэг, шинжээчийн дүгнэлтээр хавсрагдан ирсэн СиДи 1 ширхэг, Д.Туягаас ирүүлсэн багийн иргэдийн хурлын бичлэг бүхий СиДи 1 ширхэг зэрэг нь тус хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түдэв гүн овогт Дуламын Д.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Д.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ хорих ял оногдуулсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Тд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Тгаас нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Алтан дорнод монгол” ХХК-д олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэг, Үндэсний шуудан сонингийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 тоот дугаарын 11 дүгээр нүүрний хэсэг, шинжээчийн дүгнэлтээр хавсрагдан ирсэн СиДи 1 ширхэг, Д.Туягаас ирүүлсэн багийн иргэдийн хурлын бичлэг бүхий СиДи 1 ширхэг зэргийг тус хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Тд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ