Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2023/0100

 

Ч.Д-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   П.Соёл-Эрдэнэ

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                     М.Батсуурь

                                            Х.Батсүрэн

      Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0558 дугаар шийдвэр,

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2023/0597 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 467 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/668 дугаар захирамжийн Ч.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

2.Хэргийн нөхцөл байдал: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар иргэн Ч.Д-т Баянголын аманд, 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаагаар олгосон, ийнхүү эрх олгосноос хойш уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, маргаан бүхий захирамжаар “газар эзэмших гэрээний үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

3.Нэхэмжлэгчээс “... бусдын хууль бус үйлдлийн улмаас тухайн газарт нэвтэрч орох, гарах боломжгүй байсан, энэ талаар гаргасан өргөдлүүдийг хариуцагч тус тус шийдвэрлэж байгаагүй, хариуцагч шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, хариуцагчаас “... газар эзэмших эрхтэй болсноос хойш 11 жил ашиглаагүй, газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “нэхэмжлэгч хашаа руугаа орох боломжгүй байгааг хариуцагч анхаарч үзээгүй, энэ талаар гаргасан өргөдлүүдийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй, зөвхөн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон” үндэслэлээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд буюу нийт 11 жил өөрийн эзэмшил газрын хэвлийг хөндөөгүй, ямар нэгэн барилга байгууламж барих зэрэг үйл ажиллагаа явуулаагүй“ үндэслэлээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З гомдолдоо:

6.1.Анхан шатны шүүх газар эзэмшигчийн болон захиргааны байгууллагын эрх үүргийг хуульд заасны дагуу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх зөвхөн газар эзэмшигчийн үүргийн талаар хуульд заасан зохицуулалтыг түүвэрлэж тайлбарлан хэрэглэсэн, мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ““хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарласан.

6.2.Давж заалдах шатны шүүх бусдын хууль бус үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, захиргааны байгууллагын эрх үүргийг орхигдуулж, зориуд хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, хариуцагчийн хариу тайлбар шиг ойлгогдохоор байна.

6.3.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.Д нь эрх бүхий байгууллагад хандаж, өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулж, гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байхад энэ эрхээ эдлээгүй гэсэн нь огт гомдол гараагүй мэтээр тайлбарлаж, бодит байдлыг гуйвуулан, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

6.4.Нэхэмжлэгч бусдын хууль бус үйлдлийн улмаас газраа эзэмших, ашиглах нь битгий хэл, газар луугаа орж гарч чадахгүй байгаа, өөрийн эзэмшлийн газар руу орж гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн талаараа 2021 оны 11 дүгээр сарын 10, 2022 оны 03 дугаар сарын 25-нд тус тус гаргасан гомдолд хариуцагч огт хариу өгч байгаагүй, н.С гэх хүн нэхэмжлэгчтэй танилууд учир эв зүйгээр шийдэх гэж хугацаа зарцуулсан, сүүлдээ маргалдаж, хашаагаараа нэхэмжлэгчийг оруулдаггүй байсан.

6.5.Хэргийн материалд байгаа мэдэгдлүүдийг хариуцагч шууданд хийгээгүй, мэдэгдэхийг огт хүсээгүй нь тодорхой байна.

6.6.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 467 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 449 дүгээр захирамжаар тус дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тус дүүргийн Газрын алба газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор Газрын тухай хуулийн 27.1-д заасны дагуу иргэн Ч.Д-т газар эзэмших эрх үүссэн.

11.Гэрээний 3.2-т газар эзэмшүүлэгчийн зүгээс газар эзэмшигчид тавих шаардлагыг нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг чөлөөтэй байлгах, өөрийн эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх, эзэмшилд олгосон газрын хил хязгаарыг газар дээр нь хүлээлгэн өгөх, газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүй байх, бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж тодорхой тусгасны зэрэгцээ, 3.3-д газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар болон гэрээний 3.2-т дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгохоор тусгажээ.

12.Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжаар “Газар эзэмших гэрээний үүргийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” 37 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хамрагджээ.

13.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас иргэн Ч.Д-т газрыг “зуслан”-гийн зориулалтаар, өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт иргэн болон түүний гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан зуны болон бусад үед амьдрах зориулалтаар газар олгосон байна.

14.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг этгээд болох Засаг дарга шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй. Ялангуяа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар дүүргийн Засаг дарга газар эзэмшигчээс газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулиас гадна Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг нэгэн адил биелүүлэх ёстой.

15.Маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгчид зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газар хөрш зэргэлдээ айлуудын хашсан газарт хамаарч хашаагаар хүрээлэгдсэн буюу хэн нэгэн этгээдийн эзэмшилд байгаа нь бусдад тодорхой байсан, газрын төлбөр төлөгдсөн, тухайн газрыг эзэмшүүлсэнтэй холбоотой гомдол, хүсэлт гараагүй, эсрэгээрээ нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа талаар хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагчаас тухайн нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгөлгүй, зөвхөн “11 жил газраа ашиглаагүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.

16.Түүнчлэн тухайн нөхцөл байдалд буюу “зуслан”-гийн зориулалттай Ч.Д-ийн газар эзэмших эрхийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр дуусгавар болгохдоо хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчим, 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх...” газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлагад нийцэж байсан эсэхэд тодорхой дүгнэлт өгөх байжээ.

17.Маргаан бүхий актад дурдсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх тохиолдолд агуулгаараа хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18.Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан “...11 жил өөрийн эзэмшлийн газрын хэвлийг хөндөөгүй, ямар нэгэн барилга байгууламж бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон” үндэслэлээр маргаан бүхий актыг зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

19.Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

20.Анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болгоогүй атлаа зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон нь хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй” талаар дүгнэсэн нь ойлгомжгүй боловч энэ нь шүүхийн дээрх шийдэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2023/0597 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Д.МӨНХТУЯА

                   ШҮҮГЧИД                                                  М.БАТСУУРЬ

                                                                                          Х.БАТСҮРЭН

                                                                                           Д.БАТБААТАР