Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01865

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01865

 

Ч.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02952 дугаар шийдвэртэй

Ч.Б-ы нэхэмжлэлтэй, Ж.О-т холбогдох

Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Б.С, Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч.Б- нь эхнэр Д.П-гийн данснаас Б.Б-гийн Хаан банкны дансруу 2019 оны 10 сарын 07-ны өдөр 24,000,000 төгрөгийг, мөн 2020 оны 04 сарын 12-ны өдрөөс мөн оны 06 сарын 23-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 50,000,000 төгрөг, мөн Б.Б-гийн захиалсан байрны төлбөрт түүний аав С.Б-ын дансаар дамжуулан 2020 оны 04 сарын 23-ны өдрөөс мөн оны 06 сарын 23-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 100,000,000 төгрөгийг тус тус хүүгүй шилжүүлсэн.

Б.Б- нь ийнхүү авсан зээлээ төлөлгүй 3 жил болсон тул 2022 оны 11 сарын 16-ны өдөр Б.Б-гийн ээж Ж.О-тэй уулзаж, тэдний санал болгосноор Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот-, *** м.кв- талбайтай * өрөө- орон сууцыг 650,000,000 төгрөгөөр худалдан авахаар тооцож, орон сууцны үлдэгдэл төлбөрийг М- ХХК-д төлж, орон сууцны гэрчилгээ гарснаар 1 сарын дотор орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцон М- ХХК-ийн захирал Г.Г-ад 200,000,000 төгрөг, Б.Б-гийн дансруу 150,000,000 төгрөг, Ч.Б-ийн дансруу 100,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ийнхүү 2022 оны 11 сарны 17-ны өдөр дээрх орон сууцанд ********* тоот- үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч орон сууцыг худалдан авсан. Иймд уг орон сууцыг Ж.О-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот-од байх *** м.кв- талбай бүхий, * өрөө- орон сууц нь Ж.О- миний нэр дээр байсан. Охины гуйлтаар Ч.Б-д шилжүүлэн өгсөн боловч одоог хүртэл байрны мөнгө орж ирээгүй. Ч.Б-ы өмчлөлд шилжүүлсэн захиалгын гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Энэ байрны төлбөр төлөгдөх хүртэл түр хугацаагаар барьцааны байдлаар шилжүүлье гэж тохиролцсон. Охин тоглоомноос болж мөнгөний асуудал үүсгэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2206098789 дугаартай, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, стадион оргил /17012/, 525 байр *** тоот- хаягтай *** м.кв- талбайтай * өрөө- орон сууцыг хариуцагч Ж.О-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянан хэлэлцээд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэн Ж.О- нь орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.1. Нэхэмжлэгч нь өөрийн танил С.Б-ын гуйлтаар түүний охин Б.Б-гийн дансанд 2019 оны 10 сарын 07-ны өдөр 24,000,000 төгрөгийг, 2020 оны 04 сарын 12-ны өдрөөс мөн оны 06 сарын 23-ны өдрийн хооронд 50,000,000 төгрөг, Б.Б-гийн захиалсан байрны төлбөрт С.Б-ын дансаар дамжуулж 2020 оны 04 сарын 23-ны өдрөөс мөн оны 06 сарын 23-ны өдрийн хооронд 100,000,000 төгрөгийг хүүгүй шилжүүлсэн гэдэгт маргахгүй боловч орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Яаж ч бодсон өөрийн амьдарч буй орон сууцаа бусдад худалдахын тулд 3, 4 жил дамнан мөнгө шилжүүлж, хүлээх шалтгаан зах зээлийн өнөө үед хэнд ч баймгүй зүйл. Нэхэмжлэлд Б.Б- нь авсан зээлээ төлөхгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн. 2022 оны 11 сарын 16-ны өдөр Б.Б-гийн ээж Ж.О- гэх хүнтэй уулзаж, тэдний санал болгосноор орон сууцны үнийг 650,000,000 төгрөгт тохиролцсон гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Б.Б-гийн тэд нарт тавьсан өрийг баталгаажуулж, төлөх хугацааг тогтоож, орон сууцыг барьцаа болгон хийсэн, Б.Б- их хэмжээний өр зээл тавьсан, барагдуулах хугацааг бодолцсон төдий.

4.2. Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот-, *** м.кв- талбайтай * өрөө- орон сууц нь Ж.О- миний нэр дээр байсан ба одоог хүртэл миний дансанд байрны мөнгө нэг төгрөг ч орж ирээгүй. Ч.Б-ы өмчлөлд шилжүүлсэн захиалгын гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Энэ байрны төлбөр төлөгдөх хүртэл түр хугацаагаар барьцаа байдлаар шилжүүлье гэж тохиролцсон.

Шүүх Б.Б- зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн, зээлийг хариуцагч Ж.О-ийн өмчлөлийн орон сууцыг Ч.Б-д худалдаж, орон сууцны үнээс зээлийн төлбөрийг суутгах, улмаар орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцыг буцаан авах нөхцөлөөр Ч.Б- болон Ж.О- нар харилцан тохиролцсон нь М- ХХК-д хариуцагч Ж.О-ийн бичгээр гаргасан хүсэлт, мөн Б.Б-гийн гаргасан баримт, М- ХХК болон Ч.Б- нарын хооронд 2022 оны 11 сарын 16-ны өдөр хийсэн ***/*** тоот- орон сууц захиалгаар бариулах гэрээ, Ч.Б-, Г.Г-, Б.Б- нарын дансруу мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх зээлийн гэрээний үүргийг орон сууцыг буцаан худалдаж авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж Ч.Б-, Б.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Б.Б-д их хэмжээний мөнгө зээлдүүлсэнийг үгүйсгэхгүй ч зээлсэн мөнгийг хэдийг нь хүүд, хэдийг нь үндсэн төлбөрт тооцсон талаархи баримтгүй, их хэмжээний өр төлбөрт оруулан өрөө нэхэн дарамтад оруулан эцэгтэй нь хожим суусан миний орон сууцыг барьцаалан төлбөрийг төлсний дараа буцаан авна гэснээр тогтоогдож байхад үүргийг үүргээр сольсон гэж үзэж байгаа нь учир дутагдалтай.

Хариуцагч Ж.О- нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ч.Б-д худалдах, 2022 оны 12 сарын 16-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгөх эсхүл 650,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг буцаан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн гэрээ гэж хууль зүйн үндэслэлгүй, талуудын хүсэл зориг орон сууцыг худалдах биш зээлийн гэрээний барьцаа болгож байсан санаа зорилго, сэдлийг анхаарч үзсэнгүй. Мөн талууд 2022 оны 12 сарын 16-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгөх эсхүл 650,000,000 төгрөгийг буцааж өгөн байраа шилжүүлж авах нөхцөлөөр тохиролцсон ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа нь Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 сарын хугацаатай байгуулагджээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед мөнгийг хурдан төлөх хугацаа гэснээр 2 сар гэж хийсэн, түүнээс биш үнэхээр болзол тавьж хийсэн бол худалдаж байгаа тал буцаан авах нөхцөлөө тохирох, худалдан авч байгаа тал байр худалдан авчихсан атлаа буцаан өгөх тохиролцоо хийхгүй, энэ хугацаанд орон сууцны үнэ өсөж, буурах зах зээлийн үзэгдлийг хэрхэхийг тусгаагүй нь үүнийг гэрчилнэ.

Мөн талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь хуульд нийцээгүй, дүр үзүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тал татгалзлаа нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэжээ. Энэ талаар эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгч, хурал давхцсан тухай баримт ирүүлсэн байхад шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй учир боломж олгогдоогүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Ж.О-т маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа баримт хэрэгт байхгүй. Ж.О- нь 2019 онд маргаан бүхий байрыг 587,000,000 төгрөгөөр захиалж, 2022 онд захиалгын гэрээг Ч.Б-д 650,000,000 төгрөгөөр худалдсан. Орон сууцны төлбөрийн талаар талууд маргадаггүй. Ж.О-ийн дансанд мөнгө орохгүй, Б.Б-д орон сууцны төлбөрийг өгч, сүүлд Ж.О-т өгсөн. Хэргийн 31 талд авагдсан баримтаар Ж.О- өөрийн өртэй байсан хүмүүсийн өрийг төлж бүх мөнгөө шилжүүлж, үлдэгдэл мөнгийг охиныхоо дансруу шилжүүлж, орон сууц шилжүүлэх талаар тодорхойлолт бичиж өгч, барилгын компанид өгсөн. Үүний дагуу компани орон сууц захиалгын гэрээг Ч.Б-ы нэр дээр шилжүүлсэн. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийг дурдсан бэ гэвэл Б.Б- гэж хүн өөрөө 2022 оны 11 сарын 06-ны өдөр 650,000,000 төгрөг шилжүүлсэн, хэрвээ 650,000,000 төгрөгийг төлж чадахгүй бол энэ байрыг аваарай гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Ингээд Ч.Б- орон сууцны төлбөрт 650,000,000 төгрөг төлж, компаниас тодорхойлолт авч, өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсоор гаргуулж авсан.

Шүүхээс Ж.О-ийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргаж, цагдаагийн байгууллагаас тодорхойлолт ирүүлсэн ба шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан. 2022 оноос хойш анхан шатны шүүх хуралдаан нийт 8 удаа хойшилсноос 5 удаагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар хойшлуулсан. 2024 оны 07 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэж хүсэлт өгсөн бөгөөд тухайн шүүхрүү шүүгчийн туслах залгаж асуухад шүүх хурал нь дууссан байсан тул шүүхээс хэргийг шийдвэрлэсэн. Талууд хэлцэл хийхдээ ямар нэгэн байдлаар дүр үзүүлээгүй. Орон сууц захиалгын гэрээг захиалагч нар харилцан тохиролцож, төлбөрөө тооцож, гүйцэтгэгч компанид мэдэгдсэний үндсэн дээр харилцан шилжүүлсэн. Гэтэл одоо Г.Г- гэдэг өөр хүнд орон сууц захиалгын гэрээг дахин шилжүүлэх хүсэлт гаргаад явж байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Ж.О-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот-од байх *** м.кв- талбайтай, * өрөө- орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хэлцлийн үндсэн дээр тус орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 11 сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч хариуцагч орон сууцны эзэмшлийг шилжүүлэхээс татгалзаж, орон сууцыг хууль бусаар эзэмшсээр байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь дээрх орон сууцны үнийг нэхэмжлэгч төлөөгүй, орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

 

3. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч Ж.О- нь дээр дурдсан *** тоот-, *** м.кв- талбайтай орон сууцыг 548,730,000 төгрөгөөр М- ХХК-аас худалдан авахаар 2019 оны 09 сарын 12-ны өдөр ***/*** дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан, улмаар орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авчээ. Хариуцагч гэрээний үнээс 200,000,000 төгрөгийн дутуу төлөлттэй байсан нь гэрч Г.Г-ын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Ч.Б-, иргэн Б.Б- /хариуцагч Ц.О-ийн төрсөн охин/ нарын хооронд үүссэн 200,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэг үүссэн, уг үүргийг хариуцагч Ц.О- нь Б.Б-гийн өмнөөс гүйцэтгэх зорилгоор маргаж буй Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот- хаягт байх *** м.кв- талбайтай * өрөө- орон сууцыг 650,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ч.Б-д худалдах, гэрээний үнээс Б.Б-гийн өр болох 200,000,000 төгрөгийг суутган тооцож, үлдэх 450,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх нөхцөлийг талууд тохиролцсон байна.

Талууд ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх бөгөөд, тэдгээрийн хооронд 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч орон сууцыг худалдах бус барьцаалах хүсэл зоригтой байсныг илэрхийлсэн болон гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал татгалзлаа шүүхэд нотлоогүй байна. Иймд энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сарын 16-ны өдөр М- ХХК-д *** тоот- орон сууцны үлдэгдэл төлбөрт 200,000,000 төгрөгийг тус компанийн захирал Г.Г-ад, мөн өдөр Б.Б-д 150,000,000 төгрөгийг, мөн 2022 оны 11 сарын 17-ны өдөр н.Б-т 100,000,000 төгрөгийг байрны үнэ гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн болох нь Ч.Б-ы Хаан банк ХХК дахь ********** тоот данснаас дээрх иргэдийн дансанд мөнгө шилжүүлсэн дансны хуулгуудаар нотлогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрч М- ХХК-д 2022 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтдээ *** тоот- байрыг Ч.Б-д зарсан, төлбөр тооцоогүй тул захиалгын гэрээг шилжүүлнэ үү. Жич: төлбөр тооцоогүй болно гэсэн утгатай хүсэлт гаргасан үйл баримтаар тус тус тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй байна.

Тухайн хүсэлтийг үндэслэн М- ХХК нь өмнө дурдсан ***/*** тоот- Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот-, *** м.кв- талбайтай, * өрөө- орон сууцыг нэхэмжлэгч Ч.Б-д шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжсэн, нэхэмжлэгч нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу М- ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах замаар өрийг шилжүүлэн авч маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөр 200,000,000 төгрөгийг М- ХХК-д төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Ч.Б-ыг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2022 оны 11 сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хариуцагч Ц.О- нь уг *** тоот- орон сууцыг өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар дуусгавар болжээ. Хариуцагч орон сууцыг өмчлөх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн хэдий ч орон сууцыг эзэмшсээр байгаа бөгөөд эзэмшлийг шилжүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс тухайн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Энэ талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үнийг Г.Г-, Ч.Б-, Б.Б- нарт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж зааснаар хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд орон сууцны үнийг шилжүүлсэн буюу хариуцагч орон сууцны үнийг хүлээн авсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Иймээс байрны мөнгө орж ирээгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй бөгөөд орон сууцны үнэ 450,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзэх тул энэ агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Б-ы нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ж.О-ийн хууль бус эзэмшлээс  Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, *** байрны- *** тоот-, *** м.кв- талбайтай, * өрөө- орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх гэрээний оролцогч бус Б.Б-гийн Б.Б- миний бие 2022.12.16-нд *** тоот- байрыг чөлөөлж өгнө. Эсвэл 650,000,000 төгрөгийг буцааж өгөн байраа шилжүүлж авах болно гэсэн баримтыг хариуцагчийн хүсэл зоригт хамааруулан дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлж, маргаанд хамааралгүй хуулийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг үндэслэн дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Эд хөрөнгө буцаан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний урьдчилсан нөхцөл нь эд хөрөнгө худалдан, худалдан авах талаар гэрээ байгуулсан байх, уг эд хөрөнгийн талаар буцаан худалдан авах эрхийг тохирсон байх, уг тохиролцоо хүчинтэй байх, буцаан худалдан авах эрхийг хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн байхыг шаардана. Гэтэл анхан шатны шүүх, гэрээний оролцогч бус этгээд болох Б.Б-гийн гараар бичсэн баримтыг үндэслэн Ч.Б-, Ж.О- нарын хооронд үүссэн харилцааг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Мөн хариуцагч нь Б.Б-гийн өрийг төлөхөөр нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар Ч.Б-, Б.Б- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь буруу. Өөр этгээдүүдийн хооронд хийсэн хэлцэл нь мөн өөр этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцлийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм. Харин хариуцагч Ж.О- нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах замаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-гийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Ч.Б-ы өмнө гүйцэтгэж уг зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн баримтаар шүүх талуудад 2024 оны 07 сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 06 сарын 27-ны өдөр мэдэгдсэнийг хариуцагчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Б.Б нар товыг хүлээн авсан байна. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн цаг хугацаанд болох *** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох тухай дурдаж, шүүх хуралдааны зарыг ирүүлсэн байх боловч тус иргэний хэрэгт өмгөөлөгч Б.Б оролцох тухай агуулга илэрхийлэгдээгүй байна. Иймээс хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцож чадаагүй, шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэсэн гомдлыг хангахгүй.

Түүнчлэн хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбараа нотлох, энэ талаархи баримтыг шүүхэд гаргах, хууль зүйн туслалцаа авах хариуцагчийн эрх хязгаарлагдсан гэх гомдол үндэслэлгүй буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс, өмгөөлөгч Б.Б 2023 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, шүүх хэргийг 2024 оны 07 сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэсэн байна. Иймээс хариуцагч нь өөрийгөө бусдаар төлөөлүүлсэн болон хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан хугацаанаас шүүх хуралдаан хүртэлх 470 хоногийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнэнэ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 гэсэн заалтыг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ