Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 119/2018/0022/З |
Дугаар | 221/МА2019/0341 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0341
2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2019/0341 | Улаанбаатар хот |
“Э.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сгийн давж заалдах гомдлоор, “Э.Т” ХХК-ийн гомдолтой, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Болортунгалагт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э.Т“ ХХК-ийн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Болортунгалагийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150000 төгрөг болон нөхөн төлбөр 2160000 төгрөгийг буцаан “Э.Т” ХХК-д олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх хэсэгт хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийн ... торгоно гэж хуульчилсан ба тус заалтаас үзэхэд зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь зөвхөн одой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй аж ахуйн нэгж байгууллагад хамааралтай зохицуулалт.
Гэтэл хариуцагч нь "Э.Т” ХХК-д хяналт шалгалт явуулж “Э.Т” ХХК-г Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн атлаа 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсаар Нүрзэдийн Ад шийтгэл ногдуулсан байдаг бөгөөд шүүх хуралдаан дээр Н.Ад компанийн захирал биш хувь хүн талаас нь шийтгэл ногдуулсан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх ... компанийн тухай хуулийн 83.1 ... 83.3 дахь хэсэгт заасан байгаагаас үзэхэд гүйцэтгэх захирал Н.Ад 150 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсныг буруутгах боломжгүй гэж дурдсан.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж тус тус хуульчилсан.
“Э.Т" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах субъект бөгөөд компани компанийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх бөгөөд гүйцэтгэх захиралд компанид ногдуулах торгуулийг хувь хүн талаас нь хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилгыг ... зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах ... гэж тодорхойлсон бөгөөд Н.А нь ямар нэгэн байдлаар зөрчил үйлдээгүй бөгөөд зөвхөн компанийн гүйцэтгэх захирал юм. Хариуцагч шүүх хуралдаан дээр Н.Ад компанийн захирал бус хувь хүн гэж хариуцлага хүлээлгэсэн болохоо хүлээн зөвшөөрсөөр байтал талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-р зүйлд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд 5.2.6 дахь хэсэгт шалгалт эхлэх болон дуусах хугацааг тусгаж өгөхөөр хуульчилсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14/43 тоот удирдамжийн 6 дугаар хэсэгт шалгалт эхлэх дуусах хугацааг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ны хооронд хийж гүйцэтгэхээр зааж өгсөн.
Гэтэл “Э.Т" ХХК-д төлөвлөгөөт шалгалт 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр явагдсан байдаг бөгөөд талууд энэ талаар маргалддаггүй болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэвэл хугацаа дууссан удирдамжаар хяналт шалгалт хийсэн нь удирдамжгүйгээр шалгалтыг хийсэн гэж үзэх юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар улсын байцаагч удирдамж, хяналтын хуудасгүйгээр шалгалт хийх эрхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх төрийн хяналт шалгалтын тухай хуульд удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг заавал хийж дуусгах талаар зохицуулаагүй, удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Нэгдүгээрт хууль тогтоогч шалгалт эхлэх болон дуусах хугацааг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжид тусгаж өгөх тухай хуульчилж өгсөн.
Хуулиар төрийн хяналт шалгалт эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу тус удирдамжаар тогтоогдсон хугацаанд явагдах бэрхшээлтэй иргэнийг тохирсон ажлын байранд авдаг бөгөөд ямар нэгэн байдлаар авахгүй буцаасан, татгалзсан тохиолдол байхгүй, энэ талаар санал гомдол гарч байгаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр хийлгэж болохгүй гэж Монгол улсын иргэний үндсэн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн ба одой болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажилд орохоор хүсэлт гаргаж өөрөө сайн дурын үндсэн дээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж ажилд орох хүсэлгүй байгаа иргэнийг албадан хөдөлмөрлүүлэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийг жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан. Дээрх жагсаалт нь одоо хүртэл батлагдаагүй “Э.Т” ХХК үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг үйлдвэрийн газар бөгөөд үйлдвэрийн газарт ямар хүмүүс ажиллаж болох талаар тогтоосон зүйл байхгүй.
Энэ талаар Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн ямар ажил хийх боломжтой болох талаар зохицуулсан зүйл байхгүй. Үйлдвэрийн газарт одой болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахад эргээд үйлдвэрийн осол гарах эрсдэл нэмэгдэж ажилчдын амь насанд эрсдэл бий болно. Татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ. 5.7 дахь хэсэгт Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ тодорхойлж өгсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчээс төлбөр нэрээр хурааж авсан дээрх мөнгө нь татвар гэж үзэх нь эргэлзээтэй юм.
Энэ төлбөр нь Татварын тухай хуулийн дагуу явагдах ёстой болохоос Хөдөлмөрийн тухай хуулиар татвар ногдуулж, 100-аас дээш хүн ажиллуулах юм бол татвар авч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бус татвар бий болгоод нөгөө талаасаа ажлын байр олон бий болгож байгаагаараа татвар төлж байгаа нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх ... хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтууд нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүмүүсийн хөдөлмөр эрхлэх эрхийг дэмжсэн, хамгаалсан хуулийн заалт хэмээн үндэслэж буй хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэг талаас одой болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг албадан хөдөлмөрлүүлэх боломжтой нөгөө талаас аж ахуйн нэгж нь ажлын байр бий болгосны төлөө төлбөр төлж байхад хөдөлмөр эрхлэх эрхийг дэмжсэн хамгаалсан заалт гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймээс Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Гомдол гаргагч “Э.Т” ХХК-аас Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн Улсын байцаагч Д.Болортунгалаг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Аг 150.000 төгрөгөөр торгож, 2.160.000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, торгууль 150.000 төгрөг, нөхөн төлбөр 2.160.000 төгрөгийг эргүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг баримтлан “Э.Т” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Аг 150.000 төгрөгөөр торгож, 2.160.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.” 111.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө” гэж тус тус хуульчилсан нь заавал биелэгдэх шинжтэй хууль зүйн заалт юм.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 4/-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтын дагуу ажиллах хүсэлт гаргаагүй, сайн дурын үндсэн дээр ирээгүй бол нэхэмжлэгч нь дээрх иргэдийг албадан хөдөлмөрлүүлэх боломжгүй юм гэжээ.
Энэ нь хуулийн заалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, одой иргэд болон хэнийг ч болов албадан хөдөлмөрлүүл гэсэн утга агуулгатай биш, харин хэн ч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажил мэргэжлээ сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй гэсэн утга агуулгатай.
Мөн түүнчлэн хуульд заагдсан орон тооны хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэдийг тухайн ажил олгогч нь ажил олгож ажиглуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Засгийн газраас тогтоосон төлбөрийг хууль журмын дагуу төлөх ба улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах хууль зүйн зохицуулалттай тул уг гомдлыг хангах боломжгүй.
Хариуцагчийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн удирдамжид заасан хугацаандаа хяналт шалгалт хийгээгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасныг зөрчсөн талаарх гомдлын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлтэй тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүхээс дахин, давхардуулан дүгнэх нь шаардлагагүй гэж үзэв.
Иргэн Н.Ад 150.000 төгрөгийн торгууль оногдуулсанд тухайд талууд маргаагүй, гомдлын үндэслэл болоогүй тул уг гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР