Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Бумчимэг,                                         

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,  

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, Ш.Жаргалсайхан

Хохирогч Б.Мөнгөншагай, В.Ариунтунгалаг, Н.Буянбадрах, Т.Наранцацрал, Б.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрээшэг овогт С-гийн Э-д холбогдох эрүүгийн 201725020592 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, боловсролын удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мөнгөн соёмбо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал ажилтай байсан гэх, одоо  Монголын цахим институтад англи хэлний багш ажилтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 142 тоотод оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ухаан бүрэн,  /РД: ДЭ 77031504 / Бэрээшэг овогт С-гийн Э нь:

 

- Төрийн бус байгууллагын шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, их сургуулийн диплом гаргаж өгнө, Америкийн нэгдсэн улс, Япон улсын виз гаргаж өгнө хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 50 дугаар гудамжны 825 тоот, хохирогч Л.Цэцэгжаргалтай “үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ” -гээр халхавчлан 3.000.000 төгрөг,

2015 оны 05 дугаар сард “хүүхдийг чинь Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө” хэмээн 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг,

2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны ойролцоо хохирогч Д.Наранцэцэгийг “олон улсын хуралд явуулж өгнө” хэмээн 450.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сард хохирогч Г.Соёл-Эрдэнэд “их сургуулийн диплом гаргаж өгнө” хэмээн 2.000.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордон дотор хохирогч Б.Энхбатын хүү Дөлгөөнийг Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө хэмээн түүнээс 3.100.000 төгрөг,

2016 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хохирогч С.Отгонхуягт “Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгнө” хэмээн түүнээс 160 ам доллар буюу 360.000 төгрөгийг,

2016 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнгөншагайд “Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгнө” хэмээн 700.000 төгрөг,

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Юу Би Эйч центр төвд хохирогч С.Гэрэлмаад “Америкт байгаа Ая глобал их сургуулийн Монгол дахь бие төлөөлөгч байна. Би Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө” хэмээн түүнээс 805.000 төгрөг,

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч В.Ариунтунгалагт “Мөнгөн соёмбо” төрийн бус байгуллагаас явж байна. Япон улс руу олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд явуулж өгье” хэмээн түүнээс бүртгэлиийн хураамж 50.000 төгрөг, сургалтын төлбөр 180.000 төгрөг авч улмаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар банкнаас визний урьдчилгаа гэж 1.815.000 төгрөг нийт 2.045.000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Буянбадрахт “Унгер улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч түүнээс 1.230.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Глобал удирдагч” дээд сургууль дотор хохирогч Г.Наранцацралд “Америкийн нэгдсэн улсын визний цаг авч өгнө” хэмээн хуурч 788.000 төгрөг

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Практикал даатгалын 12 давхарт хохирогч Б.Баяржаргалыг “Австрали улсад болох дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганд сэтгүүлч, сурвалжлагчаар явуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс 800 ам доллар буюу 1.916.744 төгрөг нийт 11 хохирогчид 18.124.744 төгрөгний хохирол учруулан залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Цэцэгжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … Эрдэнэтуяа гэх хүүхдийг дээр уеэс таньдаг байсан. 2015 онд манайд ирээд уулздаг байж байгаад хүүхдийг чинь АНУ-руу явуулж өгнө гэж хэлээд байдаг байсан бөгөөд намайг 1.500.000 төгрөг өгчих гээд байсан. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор би хадам ээжээсээ тэтгэврийн 1.500.000 төгрөгийг зээлж аваад би Эрдэнэтуяад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 60 дугаар гудамж 825 тоот гэрээсээ мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Хамаатны хүний хашаа байшин авна гэж гэрээ хийгээд 3.000.000 төгрөгтэй холбоотой асуудал байгаа. Буцаагаад 100 доллароор 3 удаа нийт 600.000 төгрөг, 400.000 төгрөг тус тус буцаан өгсөн гэжээ.  / хх 23 -24 /

 

Хохирогч Д.Наранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны намар буюу 9 дүгээр сарын үед Эрдэнэтуяа нь намайг олон улсын эмэгтэйчүүдийн хуралд явуулж өгнө та манай ээжтэй хамт явчих, би танд урилга авч өгье мөнгө хэрэгтэй болоод байна 450.00С төгрег өгчих гэхээр нь өгсөн. . тусгаар тогтнолын ордон дээр 200.000 төгрөг дараа нь Грандаас гараад таксинд явж байхдаа 250 000 төгрөг өгсөн ... ямар нэгэн гэрээ хийгээгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 22 /

 

Хохирогч Г.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Завхан аймагт 2015 онд байх үедээ найзаасаа Эрдэнэтуяа гэдэг их сургуулийн диплом гаргаж өгдөг гэхээр нь Эрдэнэтуяа гэдэг хүний утасны дугаарыг аваад 2015 оны 10 саоын уел Эрдэнэтуяа гэдэг хүнтэй холбогдсон. Эрдэнэтуяа нь тиймээ, би өериин ажилладаг сургуулийнхаа дипломоо гаргаж өгнө гэж хэлээд надад 4.000.00О төгрөг өгчю гэхээр нь би 2.000.000 төгрөгийг өөрийн ээж Ш.Даваасүрэнгиин данснаас Эрдэнэтуяагийн дансруу 2015.04.15-ны өдөр шилжүүлсэн диплом гаргуулахаа

болъё гээд уулзсан чинь надад 400.000 төгрөг , 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Цувуулаад 300.000 төгрөг өгсөн. Нийт 1.200.000 төгрөг буцаан авсан. 800.000 төгрөгөө өгөх юм бол гомдол байхгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 18 /

 

Хохирогч Б.Энхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... С.Э гэдэг эмэгтэй нь манай хүүхдииг АНУ-руу сургуульд явуулж өгнө гэж хэлсэн, намайг дэлхийн эмэгтэйчүүдийм академийн дагуу АНУ-руу явуулж өгнө гэж хэлсэн, тэгээд ингэж АНУ-руу зуучилж өгсний хөлс, хурлын урилганы мөнгө гэх зэргээр цувуулаад нийт 3.100.000 төгрөгийг авсан гэжээ. / 2 дугаар хавтас 24 /

 

Хохирогч С.Отгонхуяг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... С.Э нь надаас “Юу хийдэг бэ?” гэхээр нь би таксинд явдаг талаар хэлсэн чинь ийм сайхан өндөр залуу, гадаад явж ажил хийгээч гэсэн. Тэгэхээр нь цалин хэдийг авдаг талаар асуухад 1 сарын 5.000.000 төгрөг, би олон хүнийг гадаад гаргаж өгсөн гэж хэлсэн. Урьдчилгаа 1.000.000 төгрөг, Америкийн нэгдсэн улс руу элчингийн цаг авна гэж хэлээд 160 ам доллар буюу 360.000 төгрөг авсан. Энэ мөнгө элчингийн кассанд орсон. Америкиин нэгдсэн улс руу урилгаар гаргаж өгнө хэмээн 1.070.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын тэнд оффис түрээслэн ажиллуулдаг газарт нь мөнгийг өгсөн. Би буянаараа болог гээд л хаясан гэжээ. / хх  26 /

 

Хохирогч Б.Мөнгөншагай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... 2016 оны 08 сард Эрдэнэтуяа гэдэг хүн Сан дээд сургуульд багш хийдэг байсан бөгөөд нэг өдөр намайг дуудаад АНУ-руу гаргаад өгье гэсэн. Нэг хүний 350 доллар гэж байсан бөгөөд тухайн уед С.Э гэдэг хүнд 700.000 төгрөгийг 13 дугаар хороолол, автобусны буудлын ар талын 6 давхартай газар оффис түрээсэлдэг байсан бөгөөд тэнд нь аваачиж өгсөн. Тэгээд дараа нь аялалын визээр гаргаад өгье өөр байгууллагатай уулзах хэрэгтэй. Одоо уулзаадах гээд Сүхбаатар дүүргийн төв номын сангийн хажуу талын Ки Эп Си-ийн хажуу талын 4 давхарт европын тойрон аялал гэсэн нэртэй компани дээр очоод уулзсан. Яриаг нь сонсоод арай худал юм шиг байхаар нь за больё гэсэн чинь С.Э нь утсаа таслаад алга болсон. 700.00 төгрөгөөр хайж байж 100 ам доллар буюу 220.000 төгрөг авсан. Одоо 410.000 төгрөг авах ёстой. С.Э бүх утасны дугаараа сольсон. Батмөнх гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 01 дүгээр сарын эхээр 9916-тай дугаараас над руу залгаад гомдол гаргасан байгаа чиний нэрииг давхар бичлээ гэсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 20 /

 

Хохирогч С.Гэрэлмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрдэнэтуяа  өөрийгөө Ая глобал их сургуулийн Монгол дахь бие төлөөлөгч, Глобал сан буюу дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны Монгол дахь байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улс руу явуулдаг гэж өөрийгөө танилцуулсан.  Би 350 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 805.000 төгрөгийг тоолж өгсөн. Сувд гэх хүн дээр олон хүн хохиролоо барагдуулах гэж ирсэн учраас тэр хүний нэхэмжлэлээр Батмөнх гэдэг хүний нэрээр нийлүүлж өргөдөл өгсөн байх гэж бодож байна гэжээ. / хх 29 / 

 

Хохирогч В.Ариунтунгалаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай салонд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр С.Э гэх эмэгтэй нь орж ирээд “Мөнгөн соёмбо” төрийн бус байгууллагаас явж байна 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Япон улсад Олон Улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд хүн явуулж байгаа юм. Манайх бизнес эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг дэмждэг байгууллага байгаа юм. Тэр чуулга уулзалтанд 1000 гаруй эмэгтэйчүүд явна би таныг явуулж өгье гээд 50.000 төгрөгөөр байгууллагад элсэж орно гээд би анкет бөглөж өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 750 ам долларыг Хаан банкны Билэгсайхан гэх хүний 5337027796 дансыг өгсөн. Маргааш нь 3 хүний сургалтын төлбөр 180.000 төгрөг өгсөн. Чи гэрээ хийхгүй бол хоцрох гээд С.Э нь 1.815.000 төгрөгийг Билэгсайхан гэх дансанд шилжүүлэн авсан. Би тухайн хүнд өгсөн нийт 1.815.000 төгрөгнөөс гадна сургалтанд сууна гэж өгсөн 180.000 төгрөг, элсэн орсон 50.000 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ. / 1 дүгээр хавтас 166-167 /

 

Хохирогч Н.Буянбадрах мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсад эхнэр, хүүхдийн хамт ирсэн. Тэгээд би Швед явах зорилгоор гадаад руу гаргадаг зуучлалын зар харсан. “Глобал эдүкешн ажэнси” 99239369 гэсэн дугаар руу холбогдож лавлахад Глобал удирдагч дээд сургуульд дээр очиж Эрдэнэтуяа гэх хүнтэй уулз гээд 95104916 гэсэн дугаар өгсөн. Бидний визний асуудлыг 1600 ам доллароор гаргана. Эхнэр бид хоёрын урьдчилгаа 500 ам доллар гэхээр нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэтуяагийн зааж өгсөн Хаан банкны 5337027796 дугаарын Батбаатарын Билэгсайхан гэсэн данс руу 1.230.000 төгрөг буюу 500 ам долларыг шилжүүлсэн. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр байхдаа өөрийн гар утсаар мобайлаар шилжүүлсэн гэжээ. / 2 дугаар хавтас 157 /

Хохирогч Г.Наранцацрал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Солонгос улсаас ирсэн. Би нөхөр Баярсайханы хамт АНУ руу аяллаар явах зорилгоор АНУ-ын визний талаар судалж эхэлсэн. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ард 3-4 давхар оффисын 2 давхарт очиж уулзахад Эрдэнэтуяа гэх хүүхэн байсан. Маргааш нь оффист нь очиж 788.000 төгрөгийг өгсөн гэжээ. / 2 дугаар хавтас 141 /

 

Хохирогч Б.Баяржаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 24-ний орчим миний дүү Батхолбоо байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээ дээр сугалаа сугалаад Австрали улс руу дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний 18 дугаар чуулганд оролцох эрхийн бичгээр шагнагдсан. Тэгээд Батхолбоо тус чуулганд оролцох боломжгүй байна. Та явах боломжтой бол явах уу гэсэн. Тэгээд би Бизнес хөгжил Олон улсын академийн “Мөнгөн соёмбо” холбооны төвийн захирал С.Э гэгчтэй уулзаад би дүүгийнхээ өмнөөс эрхийн бичгийг аваад тус чуулганд оролцож болох талаар асуухад та оролцож болно. Танд сурвалжлагч, сэтгүүлч гэсэн үнэмлэх гаргаж өгөөд авч явах болно. Та хурдан урьдчилгаа мөнгө төгрөгөө өгчих, би урилга захиалах хэрэгтэй байна гэж намайг өөртөө итгүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр С.Эд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Практикал даатгалын 12 дугаар давхарт 800 ам доллар бэлнээр өгөөд гадаад паспортын хамт хүлээлгэн өгсөн. С.Э гэгчээс мөнгөө авах талаар 2-3 удаа уулзахад надад үнэнээ хэлээд би мөнгийг тань 7 хоногийн дотор барагдуулна. Газрын бичгээ барьцаанд тавиад ч болтугай таны мөнгийг өгнө уучлаарай гэж хэлсэн гэжээ. / 3 дугаар хавтас 103 хуудас /

 

Гэрч Д.Эрхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Энхбатын гэр бүлийн гишүүн байгаа юм. Нөхөр Япон улсад амьдарч байгаа ирэх боломжгүй. Хэдэн оны хэдэн сарыг санахгүй байна хүү Дөлгөөний Америкийн нэгдсэн улс руу явуулна гэж манай нөхөр надаас 2000 ам доллар авч Эрдэнэтуяад өгсөн. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан. Тухайн үед миний хүү Америкийн нэгдсэн улс руу визэнд орсон боловч урилга хуурамч байсан учир тэнцээгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 30 /

 

Гэрч П.Сувд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ....С.Э гэдэг хүнийг танина. Эрдэнэтуяа нь манай байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улсад чуулганд явж ирчихээд би АНУ-руу виз гаргадаг болсон. Клинтон сангийн төлөөлөгч гэх мэтээр худлаа ярьж АНУ-д авахуулсан зургаа хүмүүст харуулаад залилан хийж хүмүүсээс мөнгө авсан. Хэд хэдэн газар байр түрээслэж АНУ-руу явуулж өгнө гэж хүмүүс цуглуулсан сураг байсан. С.Э бол манай албан ёсны ажилтан биш. АНУ руу явуулах эрх байхгүй. Би Эрдэнэтуяад өөртэй нь уулзаад чи хүмүүсээс ингэж мөнгө авахаа боль. Энэ хүмүүсээс авсан мөнгөө өг, чи АНУ руу хүн явуулж чадахгүй. Наад хүмүүс чинь хэл мэдэхгүй, ямар хурал чуулганд явах гэж байгаагаа мэдэхгүй. Ямар байгууллагаар явж байгаагаа мэдэхгүй. Тэгээд АНУ-ын элчингийн ярилцлаганд ороод тэнцэхгүй ш дээ, битгий наад хүмүүсээ ярилцлаганд явуулаад бай гэж хэлж байсан. С.Э бол хүмүүсийг АНУ руу явуулах ямар ч эрх байхгүй, манай байгууллагын нэрийг барьж Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулгын нэрийг барьж худлаа ярьж хүмүүсээс мөнгө авсан нь бол үнэн гэжээ. / 2 дугаар хавтас 238 /

 

Гэрч Ж.Оюун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би С.Э гэх хүнтэй 2016 оны 07 дугаар сарым сүүлээр ОХУ-д хүүхдүүдэд багшлах багш шалгаруулж авна гэсэн зарын дагуу холбогдож танилцсан. С.Э ОХУ-ын төмөр замын сургуульд хүүхдүүд авч явах орос хэлтэй багш шалгаруулж авна гэж байсан. Тэгээд намайг менежерээр ажиллуулахаар болоод нэг өдөр Сүхбаатар дүүргийн Юу Би Эйч центрт оффистой болчихлоо хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очсон чинь С.Э нь АНУ руу оюутан солилцоо, аялал жуулчлалын чиглэлээр хүн явуулах болчихлоо. Та ирсэн хүмүүсийг бүртгээд миний хий гэж хэлсэн хүнийг бүртгээд сууж бай, өглөө англи хэлний хүмүүс хичээл заадаг. Би өөрийн дүү Очирбал, Солонгос улсад байгаа Туяа гэх дүү нартаа С.Э АНУ руу явуулдаг талаар хэлсэн. С.Э манайх үнэнхээр АНУ руу явуулдаг гээд явсан хүмүүсийн зураг бүртгэл үзүүлсэн тул би болон манай дүү нар итгэсэн. Тэгээд Очирбал, дүү Туяа, хүү Батхишиг нараас нэг хүний 350 ам доллар буюу 1050 ам доллар авсан. Очирбал, Гэрэлмаа, Чулуумаа гэх хүмүүс байсан. Чулуумаагийн виз гарсан гэжээ.  / 1 дүгээр хавтас 32-33 /

 

Гэрч Г Батхолбоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ариутгал халдваргүйтлийн тасагт туслах ажилтан хийдэг. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай тасаг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ка” нэртэй ресторанд шинэ жилээ тэмдэглэж байсан. Гэтэл манай шинэ жил тэмдэглэж байсан газар мөн өөр ширээ засчихсан “Олон улсын эмэгтэйчүүдийн холбоо” гэсэн байгууллагын шинэ жил давхар болж байгаа гэсэн. Шинэ жил тэмдэглэж байгаа байгууллагын тэргүүн гэж нэг махлаг эмэгтэй гарч ирээд үг хэлээд “Австралийн нийслэл Сиднэй хотод болох Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцох зрхийн бичиг сугалуулах гэж байна. Азтан тодруулна 1 хүн л явна гэсэн. Манай байгууллага өөр байгууллага шүү дээ оролцож болох юмуу гэхэд энэ зааланд байгаа бүх хүмүүс оролцох боломжтой гэсэн. Тэр сугалаа нь надад таарсан. Эрхийн бичиг дээрх утасны дугаар руу залгахад Натур худалдааны төвийн тэнд оффис дээр ирж уулз эхний ээлжинд 5 сая төгрөг өгөөд визийг чинь гаргаж өгье гэсэн. Тэр бичиг ямар нэгэн тамга тэмдэг байхгүй зүгээр л өнгөт цаасан дээр хэвлэсэн эрхийн бичиг байсан гэжээ. / 3 дугаар хавтас 108 /

 

Шүүгдэгч С.Э-г 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 3 дугаар хавтас 24-25 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 3 дугаар хавтас 36 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд АНУ-руу Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтанд суухаар явсан. Дараа нь “Ай глобал” сургуулийн багш нартаа уулзаж гэрээ байгуулсан. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганд 10 хүн явуулах урилга надад ирүүлсэн.  Хурлын нийт зардал нь 680-700 доллар болдог. Энэ мөнгийг шилжүүлээд урилга ирдэг. Би энэ журмаар урьд нь явж байсан. 2016 онд манай ээж бас явж байсан. Би эдгээр хүмүүст виз гаргаж өгнө гэж хэлж байгаагүй. Визний цаг авч өгөөд элчингийн ярилцлаганд орох англи хэлний 30 цагийн сургалт явуулж, бичиг баримтыг орчуулан, анкет бөглөх зэрэг ажиллагааг хийж өгнө гэж мөнгө авсан. Уг хөлсөндөө тохирсон үйлчилгээг үзүүлсэн. Цэцэгжаргал гэх хүний хүүхдийг АНУ-руу явуулна гэж яриагүй. Би АНУ явах гэтэл онгоцны тийзний мөнгө дутсан учир зээлийн гэрээ байгуулаад 1.500.000 төгрөгийг жилийн хугацаатай 7 хувийн хүүтэй зээлсэн. Дахин 3.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 7 хувийн хүүтэй зээл аваад хашаа, байшингаа барьцаанд тавьсан. Манай эгч 2.000.000 сая төгрөгийг хүүгийн хамт өгсөн. Би хүүг нь өгөөгүй байгаа.  Би В.Ариунтунгалаг, Б.Баяржаргал гэх хүмүүсийг залилсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Д.Наранцэцэг гэх хүн одоо АНУ-д байгаа. Тухайн үед Д.Наранцэцэгийг АНУ явуулж өгнө гэж хэлээд 450.000 төгрөг авсан.  Гэтэл өөрөө явахгүй гэхээр би мөнгийг нь буцаагаад өгсөн. Намайг “Сан” дээд сургуульд ажиллаж байхад Соёл-Эрдэнийн аав нь ирээд “ Хүүгээ танай сургуульд бүртгүүлэх гэсэн юм. Ямар бичиг баримт бүртгүүлэх вэ “ гэсэн. Тэгэхээр нь би сургуульдаа бүртгэж аваад сургалтын төлбөр болох 1.950.000 төгрөг, бүртгэлийн хураамж 50.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Гэтэл  Соёл-Эрдэнэ уг сургуульд суралцахгүй “Диплом гаргаад өгчих “ гэхээр нь тийм боломж байхгүй гэж хэлсэн. Би уг мөнгөнөөс 1.200.000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг манай дүү Соёл-Эрдэнэд өгөөд гомдол саналгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Энхбатын хүү Дөлгөөн гэх хүнээс 2.600.000 төгрөг аваад уг мөнгийг “Ай глобал” сургууль руу шилжүүлээд урилга нь ирсэн. Гэтэл Дөлгөөний ах АНУ-д харалсан шалтгаанаар виз гараагүй.  Би виз гаргаж өгнө гэж хэлээгүй, англи хэлний хичээл заана гэж хэлсэн. Тухайн үед Энхбат ах надад ширээ өгсөн. Уг ширээний мөнгө нь 2.600.000 төгрөгөнд багтсан байгаа. Би Энхбат ахад 400.000 төгрөгийг нь буцааж өгөөд “ Та энэ ширээгээ буцааж ав. Би хэрэглэхгүй “ гэж хэлэхэд “ Би ширээг буцааж авахгүй. Мөнгийг нь авна “ гэсэн. Отгонхуяг гэх хүн нь АНУ-ын виз гаргуулна, визний материал бүрдүүлүүлнэ гэсэн. Визэнд орсон боловч татгалзсан хариу авсан. Б.Мөнгөншагай нь “Сан” дээд сургуульд суралцдаг байсан. Тэгээд АНУ-руу эхнэртэйгээ хамт явмаар байна гэж надтай уулзсан. Тэгээд надад 167 долларыг өгсөн байсан. Гэтэл эхнэр нь явахгүй гэж хэлээд би мөнгийг нь хувааж өгөөд дуусгасан гэв. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар их сургууль дээр болсон АНУ-ын их дээд сургуулийн өдөрлөг дээр Гэрэлмаа, Чулуумаа гэх хүмүүс ирээд англи хэлний багш нар байгаа юм гэж хэлээд уулзсан. “ Та энэ сургуулийн багш нарыг таньдаг юм байна. Урилга захиалаад өгөөч. Бид нар явах гэсэн юм “ гэж хэлээд миний нэрийн хуудсыг авсан. Нэг хүний 800.000 төгрөг өгөх ёстой байснаас Гэрэлмаа, Чулуумаа нар энэ надад мөнгийг өгсөн. Чулуумаагийн виз гараад одоо АНУ-д байгаа. Гэрэлмаагийн виз гараагүй учраас 800.000 төгрөгөө буцаан авна гэсэн. Хохирогч В.Ариунтунгалаг нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Викторъя” төв дээр үсчин хийдэг байсан. Манай байгууллагын урилгаар хуралд явахыг зөвшөөрч хоёр дүүгийнхээ хамтаар ирж уулзсан. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганд явах нэг хүний 1.850.000 төгрөг төлсөн. В.Ариунтунгалаг нь сургалтандаа суугаагүй хамт ирсэн хоёр хүн нь сургалтандаа суусан. В.Ариунтунгалагтай холбоо барихад “ Манжуурт ажилтай явж байна. Ирээд сургалтандаа сууна “ гэсэн. Ирэхэд нь манай сургалт явагддаг байрны түрээсийн хугацаа дууссан байсан болохоор хичээлээ орж чадаагүй. Гэтэл В.Ариунтунгалаг нь “ Худлаа ярилаа. Би чамаас мөнгөө авна “ гээд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр дагуулж очсон. Тэгээд би 14 хоног цагдан хоригдсон. Тийм учраас би үйлчилгээ үзүүлж чадаагүй. Буянбадрах гэх хүн намайг “Глобал удирдагч” дээд сургуульд ажиллаж байхад эхнэртэйгээ хамт ирээд Унгар улсын визний цаг авахуулж, бичиг баримтаа орчуулуулна гэсэн. Тэгээд би визний цаг авч өгөөд, бичиг баримтыг нь орчуулж өгсөн. Би Унгар улс явсан байх гэж бодож байна. Явахаасаа өмнө цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан. Г.Наранцацралт нь “Визний цаг гаргуулна. Бичиг баримт орчуулуулна” гэж хэлээд 780.000 төгрөг өгсөн. Уг мөнгөний талыг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгч чадаагүй байгаа. Б.Баяржаргал нь Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганд сурвалжлагчаар явуулж өгөөч гээд 800 доллар тушаасан. Бид хоёр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Би ямар нэгэн үйлчилгээ үзүүлж чадаагүй хохирол учруулсандаа маш ихээр харамсаж байна. Надад эдгээр хүмүүсийг залилан мэхлэх санаа байгаагүй. Ажлыг нь бүтээгээд өгчих юмсан гэж хүсэж байсан ч ийм зүйл болсонд маш ихээр харамсаж байна. Эдгээр хүмүүсийн хохирлыг төлнө. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Э нь 2018 оны 02 дугаар сард “ Австрали улсад болох дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтанд сурвалжлагчаар авч явна.  Би дүүгээ авч явж байсан “ гэж хэлсэн. “ Явах хүнээс ганцхан хүн дутчихаад байна. Та урьдчилгаа 800 долларыг шилжүүлэх шаардлагатай байна “ гэж хэлээд 800 доллар авсан. Өнөөдөр өглөө миний дансанд 150.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би гомдолтой байна гэв. 

Хохирогч Г.Наранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Этай танилаараа холбогдож танилцаж байсан. Нүүр будалтын сургалтанд явуулна гэж хэлээд 788.000 төгрөг манай нөхөр бид хоёроос авсан. Хохирлоо одоо болтол төлөөгүй. Гомдолтой байна гэв. 

 

Хохирогч В.Ариунтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний ажиллуулдаг салонд С.Э орж ирээд “ Япон улсын Токиа хотод болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сургалтанд явж ажлаа өргөжүүлээч. Надад 10 хүн явуулах урилга байгаа “гэж хэлсэн. Тэгээд би оффис дээр нь очиж уулзаад явахаар тохирч өөрийн дүү болон хамт ажилладаг хүнтэй хамт суралцахаар болоод Билэгсайхан гэх хүний дансруу 180.000 төгрөг шилжүүлсэн. Би Манжуур явах ажилтай болоод тухайн англи хэлний  сургалтанд суух боломжгүй болсноо хэлсэн. Би 5 хоног Манжуур явчихаад ирээд уулзах гэтэл С.Эгийн гар утас холбогдохгүй, оффис дээр нь очиход хаалттай байсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 750 доллар буюу 1.815.000 төгрөгийг урилга авах төлбөр гэж аваад С.Этай гэрээ байгуулсан. Маргааш нь гэрээгээ уншаад нэг л итгэл төрөхгүй байхаар нь утсаар яриад мөнгөө авъя гэхэд би таны мөнгийг АНУ-руу шилжүүлсэн гэсэн хариулт өгсөн. Би Монголын эмэгтэйчүүдийн холбоо руу ярьж, асуухад “Мөнгөн соёмбо” гэх газар нь тийм эрхгүй гэж хэлсэн. Би хохирлоосоо нэг ч мөнгө буцааж аваагүй. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Б.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сард АНУ-ын сургуульд явуулж өгнө гэж хэлээд 700.000 төгрөг авсан. Би явахаа болилоо гэж хэлээд мөнгөө авах гэтэл утсаа унтраагаад алга болсон. Миний хохирлоос 210.000 төгрөг дутуу байгаа. Надад АНУ-н сургуульд зуучилж, явуулж өгнө гэсэн боловч ямар  нэгэн үйлчилгээ үзүүлээгүй гэв.  

 

Шүүгдэгч С.Э нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртлэх хугацаанд 11 удаагийн үйлдлээр Төрийн бус байгууллагын шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, их сургуулийн диплом гаргаж өгнө, Америкийн нэгдсэн улс, Япон улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Цэцэгжаргалд 4.500.000 төгрөг, Д.Наранцэцэгт 450.000 төгрөг, Г.Соёл-Эрдэнэд 2.000.000 төгрөг, Б.Энхбатад 3.100.000 төгрөг, С. 160 ам доллар буюу 360.000 төгрөг, Б.Мөнгөншагайд 700.000 төгрөг, С.Гэрэлмаад 805.000 төгрөг, В.Ариунтунгалагт 2.045.000 төгрөг, Н.Буянбадрахад 1.230.000 төгрөг, Г.Наранцацралд 788.000 төгрөг, Б.Баяржаргалд 800 ам доллар буюу 1.916.744 төгрөгний нийт 11 хохирогчид 18.124.744 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хүүхдийг чинь АНУ-руу явуулж өгнө гэж хэлээд байдаг байсан бөгөөд намайг 1.500.000 төгрөг өгчих гээд байсан болохоор хадам ээжээсээ тэтгэврийн 1.500.000 төгрөгийг зээлж авч өгсөн. Хамаатны хүний хашаа байшин авна гэж гэрээ хийгээд 3.000.000 төгрөг авсан. Буцаагаад 100 доллароор 3 удаа нийт 600.000 төгрөг, 400.000 төгрөг тус тус буцаан өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Цэцэгжаргалын мэдүүлэг / хх 23 -24 /,  ... “Олон улсын эмэгтэйчүүдийн хуралд явуулж өгнө. Та манай ээжтэй хамт явчих, би танд урилга авч өгье мөнгө хэрэгтэй болоод байна 450.000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Наранцэцэгийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 22 /, ... Эрдэнэтуяа нь диплом гаргаж өгнө гээд 2.000.000 төгрөгийг дансаар, 300.000 төгрөг бэлнээр авснаас 1.200.000 төгрөг буцаан авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Соёл-Эрдэнийн мэдүүлэг   / 1 дүгээр хавтас 18 /,  ...С.Э нь манай хүүхдийг АНУ-руу сургуульд явуулж өгнө, намайг дэлхийн эмэгтэйчүүдийм академийн дагуу АНУ-руу явуулж өгнө гэж хэлээд зуучилж өгсний хөлс, хурлын урилганы мөнгө гэх зэргээр цувуулаад нийт 3.100.000 төгрөгийг авсан мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхбатын мэдүүлэг / 2 дугаар хавтас 24 /,  ...С.Э “ Ийм сайхан өндөр залуу, гадаад явж ажил хийгээч. Цалин 1 сарын 5.000.000 төгрөг. Би олон хүнийг гадаад гаргаж өгсөн. Урьдчилгаа 1.000.000 төгрөг гэсэн. Элчингийн цаг авна гэж хэлээд 160 ам доллар буюу 360.000 төгрөг авсан. Энэ мөнгө элчингийн кассанд орсон. Америкиин нэгдсэн улс руу урилгаар гаргаж өгнө хэмээн 1.070.000 төгрөгийг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүл  хохирогч С.Отгонхуягийн мэдүүлэг / хх  26 /,  ... Эрдэнэтуяа гэдэг хүн Сан дээд сургуульд багш хийдэг байсан бөгөөд дуудаад АНУ-руу гаргаад өгье гэсэн. Нэг хүний 350 доллар гэж байсан. 700.000 төгрөгийг авсан. Яриаг нь сонсоод арай худал юм шиг байхаар нь за больё гэсэн чинь С.Э нь утсаа таслаад алга болсон. 220.000 төгрөг авсан. Одоо 410.000 төгрөг авах ёстой гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнгөншагайгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 20 /,  ... Эрдэнэтуяа  өөрийгөө Ая глобал их сургуулийн Монгол дахь бие төлөөлөгч, Глобал сан буюу дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны Монгол дахь байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улс руу явуулдаг гэж өөрийгөө танилцуулсан.  Би 350 ам доллар буюу  805.000 төгрөгийг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Гэрэлмаагийн мэдүүлэг / хх 29 /,  ... Япон улсад Олон Улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд хүн явуулж байгаа юм. Манайх бизнес эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг дэмждэг байгууллага бөгөөд 1000 гаруй эмэгтэйчүүд явна би таныг явуулж өгье гээд 50.000 төгрөгөөр байгууллагад элсэж орох анкет бөглөж өгсөн. 3 хүний сургалтын төлбөрт 180.000 төгрөг өгсөн. Чи гэрээ хийхгүй бол хоцрох гээд С.Э нь 1.815.000 төгрөгийг дансаар авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч В.Ариунтунгалагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 166-167 /,  ... Швед явах зорилгоор гадаад руу гаргадаг гэсэн зарын дагуу С.Э гэгчтэй уулзаад Бидний визний асуудлыг 1600 ам доллароор гаргана. Эхнэр бид хоёрын урьдчилгаа 500 ам доллар гэхээр нь1.230.000 төгрөг буюу 500 ам долларыг шилжүүлсэнмөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Буянбадрахын мэдүүлэг / 2 дугаар хавтас 157 /,  ... Би нөхөр Баярсайханы хамт АНУ руу аяллаар явах зорилгоор Эрдэнэтуяа гэх хүүхэнд 788.000 төгрөгийг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Наранцацралын мэдүүлэг / 2 дугаар хавтас 141 /,  ... миний дүү Батхолбоо байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээ дээр сугалаа сугалаад Австрали улс руу дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний 18 дугаар чуулганд оролцох эрхийн бичгээр шагнагдсан. С.Э гэгчтэй уулзаад би дүүгийнхээ өмнөөс эрхийн бичгийг аваад тус чуулганд оролцож болох талаар асуухад та оролцож болно. Танд сурвалжлагч, сэтгүүлч гэсэн үнэмлэх гаргаж өгөөд авч явъя гээд 800 ам доллар бэлнээр гадаад паспортын хамт хүлээлгэн өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баяржаргалын мэдүүлэг / 3 дугаар хавтас 103 /,  ... хүү Дөлгөөний Америкийн нэгдсэн улс руу явуулна гэж манай нөхөр надаас 2000 ам доллар авч Эрдэнэтуяад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрхжаргалын / 1 дүгээр хавтас 30 /, ... Эрдэнэтуяа нь манай байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улсад чуулганд явж ирчихээд би АНУ-руу виз гаргадаг болсон. Клинтон сангийн төлөөлөгч гэх мэтээр худлаа ярьж АНУ-д авахуулсан зургаа хүмүүст харуулаад залилан хийж хүмүүсээс мөнгө авсан. Хэд хэдэн газар байр түрээслэж АНУ-руу явуулж өгнө гэж хүмүүс цуглуулсан сураг байсан. С.Э бол манай албан ёсны ажилтан биш. АНУ руу явуулах эрх байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Сувдын мэдүүлэг / 2 дугаар хавтас 238 /,  ... С.Э нь АНУ руу оюутан солилцоо, аялал жуулчлалын чиглэлээр хүн явуулах болчихлоо. АНУ руу явуулдаг гээд явсан хүмүүсийн зураг бүртгэл үзүүлсэн тул би болон манай дүү нар итгэсэн. Очирбал, дүү Туяа, хүү Батхишиг нараас нэг хүний 350 ам доллар буюу 1050 ам доллар өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Оюуны мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 32-33 /,  ... Манай шинэ жил тэмдэглэж байсан газар “Олон улсын эмэгтэйчүүдийн холбоо” гэсэн байгууллагын шинэ жил давхар болж, тэргүүн гэх нэг махлаг эмэгтэй гарч ирээд үг хэлээд “Австралийн нийслэл Сиднэй хотод болох Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцох эрхийн бичиг сугалуулна. Энэ зааланд байгаа бүх хүмүүс оролцох боломжтой гэсэн. Тэр сугалаа нь надад таарсан. Эрхийн бичиг нь ямар нэг тамга тэмдэг байхгүй, өнгөт цаасан дээр хэвлэсэн эрхийн бичиг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г Батхолбоогийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 108 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогч нарын буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Э нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Э нь хохирогч Д.Наранцэцэгт 450.000 төгрөг / 1 дүгээр хавтас 142 /, Г. Соёл-Эрдэнэд 1.200. 000 төгрөг / 1 дүгээр хавтас 18 /,  Л.Цэцэгжаргалд 900. 000 төгрөг / 1 дүгээр хавтас 24 /, С.Отгонхуягт 360.000 төгрөг, Б.Мөнгөншагайд 210.000 төгрөг, Б.Баяржаргалд 150.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, С.Э нь хохирол төлөхөөр мөрдөгчид хураалгасан 230.000 төгрөгийг / 3 дугаар хавтас 34 / хохирогч нар хохирогч Л.Цэцэгжаргалд өгөх санал гаргасныг хүлээн авч, түүний хохирлоос 230.000 төгрөгийг хасаж, үлдэх 14.104.744 төгрөгийг шүүгдэгч С.Эгаас гаргуулан хохирогч Л.Цэцэгжаргалд 3.370.000 төгрөг, Г.Соёл-Эрдэнэд 800.000 төгрөг, Б.Энхбатад 3.100.000 төгрөг,  С.Гэрэлмаад 805.000 төгрөг, В.Ариунтунгалагт 2.045.000 төгрөг, Н.Буянбадрахад 1.230.000 төгрөг, Г.Наранцацралд 788.000 төгрөг, Б.Баяржаргалд 1.766.744 төгрөг, Б.Мөнгөншагайд 200.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж, С.Эгийн цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч С.Э нь хохирогч Л.Цэцэгжаргалд 35.000 төгрөг, хохирогч Г.Соёл-Эрдэнэд 800.000 төгрөг тус тус төлсөн гэх баримтыг шүүхэд өгсөн болно. Гэвч эдгээр баримтанд зурсан гарын үсгүүд нь хэрэгт авагдсан хохирогч нарын гарын үсэгтэй тохирохгүй байх тул хохирлоос хасаж, тооцоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч Л.Цэцэгжаргалыг залилаагүй, мөнгө зээлсэн гэрээтэй, иргэний хэрэг тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нь хохирогч Л.Цэцэгжаргалын хүүг АНУ-руу явуулж өгнө гэж 2015 онд 1.500.000 төгрөгийг авч, мөнгийг 10 хувийн хүүтэй зээлснээр гэрээ байгуулсан.  Улмаар хамаатны хүний хашаа байшинг барьцаанд тавьж, гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй тус тус авсан байна. Мөнгийг авахдаа өндөр хүү амлаж, зээлийн гэрээ хийж, хүүний хамт төлнө гэж удаа дараа бичиг хийж өгч байсан нь хэрэгт авагдсан бөгөөд энэ нь хохирогчийг өндөр хүү, гэрээгээр халхавчлан төөрөгдөлд оруулж залилсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Э нь хохирогч нарыг залилаагүй гэж мэдүүлж байгааг дараахь баримтуудар няцааж байна. Үүнд:

1. “Бизнес хөгжил олон улсын академи “ “ Мөнгөн соёмбо дэлхийн эмэгтэйчүүдийн академи “ гэсэн нэртэй төрийн бус байгууллагууд улсын бүртгэлийн санд бүртгэлгүй байна гэсэн Улсын ерөний газрын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн и/660 дугаартай албан бичиг / 3 дугаар хавтас 225 /

2. С.Э нь манай байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улсад чуулганд явж ирчихээд би АНУ-руу виз гаргадаг болсон. Клинтон сангийн төлөөлөгч гэх мэтээр худлаа ярьж АНУ-д авахуулсан зургаа хүмүүст харуулаад залилан хийж хүмүүсээс мөнгө авсан. Хэд хэдэн газар байр түрээслэж АНУ-руу явуулж өгнө гэж хүмүүс цуглуулсан сураг байсан. С.Э бол манай албан ёсны ажилтан биш. АНУ руу явуулах ямарч эрх байхгүй.  Манай байгууллагын болон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулгын нэрийг барьж худлаа ярьж хүмүүсээс мөнгө авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  гэрч П.Сувдын  мэдүүлэг / 2 дугаар хавтас 238 /

3. С.Э нь Магистер хариуцсан менежер албан тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны хооронд туршилтын хугацаанд ажилласан. Манай сургууль нь АНУ-ын их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд С.Эг ажиллах хугацаанд АНУ-руу оюутан явуулаагүй. С.Э нь ажлаас халагдсанаас хойш манай сургуулийн нэрийг ашиглан “ Глобал удирдагч дээд сургуулийн гадаад харилцааны менежер “ гэх албан тушаалтай хэмээн хуурамч нэрийн хуудсаар олон хүмүүсийг залилж байсан нь манай сургууль дээр ирж уулзсан хүмүүсээр нотлогдсон гэсэн “ Глобал удирдагч “ дээд сургуулийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаартай албан бичиг / 2 дугаар хавтас 221 /

4. С.Э нь виз гаргах эрхгүй байж нэр бүхий хохирогч нарыг элчингийн ярилцлагад оруулахаар хураамж төлүүлэн,  зөвшөөрөлгүй англи хэлний сургалт явуулж байсан зэрэг нь тэдгээрийн итгэлийг олохын тулд хийсэн үйлдэл бөгөөд хохирогч нарын хохирлыг төлөөгүй байж төлсөн мэтээр өөрөөр нь баримт бичүүлж авч байсанг дурьдав.

 

Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч С.Э-д тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах,  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан / 2 дугаар хавтас 217-219 / бөгөөд С.Эд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хилийн хоригийг цуцлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                    

1. Шүүгдэгч Бэрээшэг овогт С-гийн Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Шүүгдэгч С-гийн Э-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Эд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Э-гаас 14.104.744 төгрөг гаргуулан хохирогч  Л.Цэцэгжаргалд 3.370.000 төгрөг, Г.Соёл-Эрдэнэд 800.000 төгрөг, Б.Энхбатад 3.100.000 төгрөг,  С.Гэрэлмаад 805.000 төгрөг, В.Ариунтунгалагт 2.045.000 төгрөг, Н.Буянбадрахад 1.230.000 төгрөг, Г.Наранцацралд 788.000 төгрөг, Б.Баяржаргалд 1.766.744 төгрөг, Б.Мөнгөншагайд 200.000 төгрөг тус тус олгож, хэргийг хамт шүүхэд ирсэн 230.000 төгрөгийг хохирогч Л.Цэцэгжаргалд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Э-гийн цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах,  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ