Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 707

 

 

 

 

 

 

 

2019         7              16                                             2019/ДШМ/707

 

 

С.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Чинзориг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201725020592 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бэрээшэг овгийн Сурьяагийн Э, 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, боловсролын удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мөнгөн соёмбо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал ажилтай байсан гэх, одоо “Монголын цахим” институтад англи хэлний багш ажилтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дугаар байрны  тоотод оршин суух бүртгэлтэй,

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, /РД:Д;

С.Э нь төрийн бус байгууллагын шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, их сургуулийн диплом гаргаж өгнө, Америкийн нэгдсэн улс, Япон улсын виз гаргаж өгнө хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 50 дугаар гудамжны 825 тоот, хохирогч Л.Цэцэгжаргалтай “үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ”-гээр халхавчлан 3.000.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сард “хүүхдийг чинь Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө” хэмээн 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны ойролцоо хохирогч Ц.Наранцэцэгийг “олон улсын хуралд явуулж өгнө” хэмээн 450.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сард хохирогч Г.Соёл-Эрдэнэд “их сургуулийн диплом гаргаж өгнө” хэмээн 2.000.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордон дотор хохирогч Б.Энхбатын хүү Дөлгөөнийг Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө хэмээн түүнээс 3.100.000 төгрөг,

2016 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хохирогч С.Отгонхуягт  “Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгнө” хэмээн түүнээс 160 ам.доллар буюу 360.000 төгрөг,

2016 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнгөншагайд “Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгнө” хэмээн 700.000 төгрөг,

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Юу Би Эйч центр төвд хохирогч С.Гэрэлмаад “Америкт байгаа Ая глобал их сургуулийн Монгол дахь бие төлөөлөгч байна. Би Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө” хэмээн түүнээс 805.000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хохирогч В.Ариунтунгалагт “Мөнгөн соёмбо” төрийн бус байгууллагаас явж байна. Япон улс руу олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд явуулж өгье” хэмээн түүнээс бүртгэлийн хураамж 50.000 төгрөг, сургалтын төлбөр 180.000 төгрөг авч улмаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар банкнаас визний урьдчилгаа гэж 1.815.000 төгрөг, нийт 2.045.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Буянбадрахт “Унгер улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч түүнээс 1.230.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Глобал удирдагч” дээд сургууль дотор хохирогч Г.Наранцацралд “Америкийн нэгдсэн улсын визний цаг авч өгнө” хэмээн хуурч 788.000 төгрөг,

2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Практикал даатгалын 12 давхарт хохирогч Б.Баяржаргалыг “Австрали улсад болох дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганд сэтгүүлч, сурвалжлагчаар явуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс 800 ам.доллар буюу 1.916.744 төгрөг, нийт 11 хохирогчид 18.124.744 төгрөгийн хохирол учруулсан залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэрээшэг овгийн Суръяагийн Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Суръяагийн Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Эд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Эгаас 14.104.744 төгрөг гаргуулан хохирогч Л.Цэцэгжаргалд 3.370.000 төгрөг, Г.Соёл-Эрдэнэд 800.000 төгрөг, Б.Энхбатад 3.100.000 төгрөг, С.Гэрэлмаад 805.000 төгрөг, В.Ариунтунгалагт 2.045.000 төгрөг, Н.Буянбадрахад 1.230.000 төгрөг, Г.Наранцацралд 788.000 төгрөг, Б.Баяржаргалд 1.766.744 төгрөг, Б.Мөнгөншагайд 200.000 төгрөг тус тус олгож, хэргийг хамт шүүхэд ирсэн 230.000 төгрөгийг хохирогч Л.Цэцэгжаргалд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Эгийн цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Э гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Эгийн эрүүл мэндийн байдал маш муу байна. Одоо хорихын Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байна. Миний бие зүрхний зүүн ховдлын томрол, зүрхний хэм алдагдал буюу шигдээс өвчтэй. Бөөрний дутагдал өвчтэй, үүний улмаас артерийн даралт байнга 170-180 хүрдэг. Бүх бие усан хавантай. Миний ар гэрийн амьдрал маш хүнд байгаа. 13-19 насны ид шилжилтийн насанд байгаа хөвгүүд маань яаж амьдарч байгаа бол гэхээс гол минь харлаж байна. Миний нөхөр болох хүн маань архидан согтуурах донтай. Нөхөр маань гэр бүл, хүүхдэдээ хайр халамжгүй. Бид гурав байнга гэр бүлийн хүчирхийлэлд байдаг. Одоо түрээсийн байранд амьдарч байна. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирогч нартай байнга уулзаж, англи хэлний хичээл зааж, элчингийн ярилцлагад бэлдэх 30 цагийн сургалт явуулж, цаг товлон өгч, анкет бөглөн, маш их хэмжээний материалыг орчуулж өгч, миний зүгээс үйлчилгээ үзүүлж байсан баримтууд хавтас хэрэгт бий.

1. Хохирогч Л.Цэцэгжаргалд 3.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч ийм мөнгөний хохирол огт учруулаагүй. Нийт 4.500.000 төгрөг авсан бөгөөд үүнээс 100 ам.доллараар 3 удаа буюу 720.000 төгрөг, Монгол төгрөгөөр 400.000 төгрөг, миний нагац эгч Ч.Эрдэнэцэцэг нь барьцаа үл хөдлөх гэрчилгээгээ тавиад авсан 2.000.000 төгрөгөө сарын 7 хувийн хүүтэй нь хамт төлчихсөн. 1.150.000 төгрөгийн бодит хохирол үлдсэн.

2. Хохирогч Г.Соёл-Эрдэнэд 800.000 төгрөг буцаан өгнө. Г.Соёл-Эрдэнэ сургуульд  оруулаад өгөөч гээд 2.000.000 төгрөг надад өгсөн. Г.Соёл-Эрдэнэ нь 1.200.000 төгрөгөө буцааж авсан.

3. Д.Наранцэцэг гэдэг хүнээс 450.000 төгрөг авсан. Эргүүлж төлсөн, санал гомдолгүй.

4. Б.Энхбатад 3.100.000 төгрөг төлөх шийдвэр гарсан ч миний төлөх нь: Хүү Дөлгөөнөөс нь Америкын Нэгдсэн Улсын “I Global” сургуульд явуулж өгөөч гээд өгсөн 600 ам.доллар. Аав Б.Энхбат нь бэлэн 400.000 төгрөг, захирлын ширээгээ надад 800.000 төгрөгийн үнэлгээтэй гээд өгсөн. Ингээд бүгд 2.640.000 төгрөг.

Хүү Дөлгөөн нь англи хэлний 45 хоногийн сургалтанд сурсан 250.000 төгрөг, хувийн 15 ширхэг бичиг баримт орчуулж өгсөн 150.000 төгрөг, Америкийн Нэгдсэн Улсын элчингийн цаг авч анкет бөглөсөн 100.000 төгрөг, Дөлгөөний урилга 1.440.000 төгрөг, 400.000 төгрөгөөр бэлнээр өгсөн.

5. Отгонхуяг нь надад 1.000.000 төгрөг өгсөн. Энэ хүн Америкийн Нэгдсэн Улсад үзэсгэлэн худалдаанд оруулах үйлчилгээ үзүүлээч гэсэн боловч мөнгө нь төлөгдсөн мөртлөө визний ярилцлагад тэнцээгүй. Ер нь Америкийн Нэгдсэн Улсад визний 80 хувь нь ярилцлагаас шалтгаалдаг. Урилга, элчингийн визний цаг, ярилцлага, бичиг баримт орчуулга гээд өгсөн төлбөр нь үйлчилгээндээ төлөгдсөн юм. Отгонхуяг нь хохирол төлбөргүй, гомдолгүй гэсэн.

6. Б.Мөнгөншагай надад 700.000 төгрөг өгсөн. Би 500.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо 200.000 төгрөг үлдсэн. Төлөх болно.

7. С.Гэрэлмаа 300 ам.доллар буюу 805.000 төгрөг надад өгсөн. Уг нь 300 ам.долларын үйлчилгээг хангалттай өгсөн боловч үүнийг авч хэлэлцээгүй тул би төлнө.

8. В.Ариунтунгалаг 2.045.000 төгрөг авсан. Гэрээ хийсэн талаар Ариунтунгалаг мэдүүлсэн.

9. Буянбадрахаас 1.230.000 төгрөг авсан. Энэ мөнгөндөө Буянбадрах хангалттай үйлчилгээ авсан. Одоо Унгар улсад байгаа. Мөнгө төлөхгүй.

10. Наранцацралаас 788.000 төгрөг авсан. 88.000 төгрөг бичиг баримт орчуулж өгсөн. Үлдсэн 700.000 төгрөгийг төлөх болно.

11. Баяржаргалаас 800 ам.доллар буюу 1.950.000 төгрөг авсан. Үүнээс 150.000 төгрөгийг төлсөн.

Миний үлдсэн нийт хохирол: Цэцэгжаргалд 1.150.000 төгрөг, Соёл-Эрдэнэд 800.000 төгрөг, Энхбатад 300.000 төгрөг, Мөнгөншагайд 200.000 төгрөг, Гэрэлмаад 805.000 төгрөг, Ариунтунгалагт 2.045.000 төгрөг, Наранцацралд 700.000 төгрөг, Баяржаргалд 1.800.000 төгрөг, нийт хохирол 7.800.000 төгрөг.

            Миний бие С.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 7.800.000 төгрөгийн хохирлоо ариун цагаан хөдөлмөрөөрөө хүүхдүүдэд багшлах, цалин мөнгөөрөө төлөх болно. Би хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдэд 15 жил тасралтгүй ажиллаж, 3000 гаруй шавьтай болсон. Миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл, цаашид үлдсэн хохирлыг төлөх байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Б.Чинзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд С.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна...” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Эгийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуун дарагдуулах замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй боловч өнөөдрийн шүүх хуралдааны үеэр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жил 6 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасны нөхцөл байдлыг мөн дурдсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад С.Э нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл “төрийн бус байгууллагын шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, их сургуулийн диплом гаргаж өгнө, Америкийн нэгдсэн улс, Япон улсын виз гаргаж өгнө” хэмээн нэр бүхий иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 11 хохирогчид 18.124.744 төгрөгийн хохирол учруулсан залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Цэцэгжаргалын “...Э гэх хүүхдийг дээр үеэс таньдаг байсан. 2015 онд манайд ирээд уулздаг байж байгаад “хүүхдийг чинь АНУ-руу явуулж өгнө” гэж хэлээд байдаг байсан бөгөөд намайг “1.500.000 төгрөг өгчих” гээд байсан. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор би хадам ээжээсээ тэтгэврийн 1.500.000 төгрөгийг зээлж аваад Эд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 60 дугаар гудамж 825 тоот гэрээсээ мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Хамаатны хүний “хашаа байшин авна” гэж гэрээ хийгээд 3.000.000 төгрөгтэй холбоотой асуудал байгаа. Буцаагаад 100 ам.доллароор 3 удаа нийт 600.000 төгрөг, 400.000 төгрөг тус тус буцаан өгсөн...” /1хх 23-24/,

 

хохирогч Д.Наранцэцэгийн “...2015 оны намар буюу 9 дүгээр сарын үед Э намайг “Олон улсын эмэгтэйчүүдийн хуралд явуулж өгнө, та манай ээжтэй хамт явчих, би танд урилга авч өгье, мөнгө хэрэгтэй болоод байна, 450.000 төгрөг өгчих” гэхээр нь өгсөн. ...Тусгаар тогтнолын ордон дээр 200.000 төгрөг дараа нь Грандаас гараад таксинд явж байхдаа 250.000 төгрөг өгсөн. ...ямар нэгэн гэрээ хийгээгүй...” /1хх 22/,

 

хохирогч Г.Соёл-Эрдэнийн “...Би Завхан аймагт 2015 онд байх үедээ найзаасаа Э гэдэг хүн Их сургуулийн диплом гаргаж өгдөг гэхээр нь Э гэдэг хүний утасны дугаарыг аваад 2015 оны 10 сарын үед холбогдсон. Э нь “тиймээ, би өөрийн ажилладаг сургуулийнхаа дипломоо гаргаж өгнө” гэж хэлээд “надад 4.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би 2.000.000 төгрөгийг өөрийн ээж Ш.Даваасүрэнгиин данснаас Эгийн данс руу 2015 оны 4 дүгээр  сарын 15-ны өдөр шилжүүлсэн. “Диплом гаргуулахаа болъё” гээд уулзсан чинь надад 400.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Цувуулаад 300.000 төгрөг өгсөн. Нийт 1.200.000 төгрөг буцаан авсан. 800.000 төгрөгөө өгөх юм бол гомдол байхгүй...” /1хх 18/,

 

хохирогч Б.Энхбатын “...С.Э гэдэг эмэгтэй нь манай хүүхдийг “АНУ-руу сургуульд явуулж өгнө” гэж хэлсэн. Намайг дэлхийн эмэгтэйчүүдийн академийн дагуу “АНУ-руу явуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд АНУ-руу зуучилж өгсний хөлс, хурлын урилганы мөнгө гэх зэргээр цувуулаад нийт 3.100.000 төгрөгийг авсан...” /2хх 24/,

 

хохирогч С.Отгонхуягийн “...С.Э нь надаас “Юу хийдэг бэ?” гэхээр нь би таксинд явдаг талаар хэлсэн чинь “ийм сайхан өндөр залуу гадаад явж ажил хийгээч” гэсэн. Тэгэхээр нь цалин хэдийг авдаг талаар асуухад “1 сарын 5.000.000 төгрөг, би олон хүнийг гадаад гаргаж өгсөн” гэж хэлсэн. “Урьдчилгаа 1.000.000 төгрөг, Америкийн нэгдсэн улс руу элчингийн цаг авна” гэж хэлээд 160 ам.доллар буюу 360.000 төгрөг авсан. Энэ мөнгө элчингийн кассанд орсон. Америкиин нэгдсэн улс руу урилгаар гаргаж өгнө хэмээн 1.070.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын орчим оффис түрээслэн ажиллуулдаг газарт нь мөнгийг өгсөн...” /хх 26/,

 

хохирогч Б.Мөнгөншагайгийн “...2016 оны 8 дугаар сард Э гэдэг хүн Сан дээд сургуульд багш хийдэг байсан бөгөөд нэг өдөр намайг дуудаад “АНУ-руу гаргаад өгье” гэсэн. Нэг хүний 350 доллар гэж байсан бөгөөд тухайн үед С.Э гэдэг хүнд 700.000 төгрөгийг 13 дугаар хороолол, автобусны буудлын ар талын 6 давхар газар оффис түрээсэлдэг байсан бөгөөд тэнд нь аваачиж өгсөн. Тэгээд дараа нь “аялалын визээр гаргаад өгье, өөр байгууллагатай уулзах хэрэгтэй. Одоо уулз” гээд Сүхбаатар дүүргийн төв номын сангийн хажуу талын Ки Эп Си-ийн хажуу талын 4 давхарт “европын тойрон аялал” гэсэн нэртэй компани дээр очоод уулзсан. Яриаг нь сонсоод арай худал юм шиг байхаар нь “за больё” гэсэн чинь С.Э утсаа таслаад алга болсон. 700.000 төгрөгөөр хайж байж 100 ам.доллар буюу 220.000 төгрөг авсан. Одоо 410.000 төгрөг авах ёстой. С.Э бүх утасны дугаараа сольсон...” /1хх 20/,

 

хохирогч С.Гэрэлмаагийн “...Э өөрийгөө “Ая глобал” их сургуулийн Монгол дахь бие төлөөлөгч, Глобал сан буюу дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны Монгол дахь байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улс руу явуулдаг гэж өөрийгөө танилцуулсан. Би 350 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 805.000 төгрөгийг тоолж өгсөн. Сувд гэх хүн дээр олон хүн хохирлоо барагдуулах гэж ирсэн учраас тэр хүний нэхэмжлэлээр Батмөнх гэдэг хүний нэрээр нийлүүлж өргөдөл өгсөн байх гэж бодож байна...” /хх 29/,

хохирогч В.Ариунтунгалагийн “...Манай салонд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр С.Э гэх эмэгтэй орж  ирээд  “Мөнгөн соёмбо” төрийн бус байгууллагаас явж байна 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Япон улсад Олон Улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүн явуулж байгаа юм. Манайх бизнес эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг дэмждэг байгууллага байгаа юм. Тэр чуулга уулзалтад 1000 гаруй эмэгтэйчүүд явна, би таныг явуулж өгье” гээд “50.000 төгрөгөөр байгууллагад элсэж орно” гээд би анкет бөглөж өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 750 ам.долларыг Хаан банкны Билэгсайхан гэх хүний 5337027796 дансыг өгсөн. Маргааш нь 3 хүний сургалтын төлбөр 180.000 төгрөг өгсөн. Чи гэрээ хийхгүй бол хоцрох байна гээд С.Э нь 1.815.000 төгрөгийг Билэгсайхан гэх дансанд шилжүүлэн авсан. Би тухайн хүнд өгсөн нийт 1.815.000 төгрөгнөөс гадна сургалтад сууна гэж өгсөн 180.000 төгрөг, элсэн орсон 50.000 төгрөгөө нэхэмжилнэ...” /1хх 166-167/,

 

хохирогч Н.Буянбадрахын “...Швеид явах зорилгоор гадаад руу гаргадаг зуучлалын зар харсан. ...Глобал удирдагч дээд сургуульд дээр очиж Э гэх хүнтэй уулз гээд 95104916 гэсэн дугаар өгсөн. Бидний визний асуудлыг 1600 ам.доллароор гаргана. Эхнэр бид хоёрын урьдчилгаа 500 ам.доллар гэхээр нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Эгийн зааж өгсөн Хаан банкны 5337027796 дугаарын Батбаатарын Билэгсайхан гэсэн данс руу 1.230.000 төгрөг буюу 500 ам.долларыг шилжүүлсэн. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр байхдаа өөрийн гар утсаар мобайлаар шилжүүлсэн...” /2хх 157/,

 

хохирогч Г.Наранцацралын “...Би нөхөр Баярсайханы хамт АНУ руу аяллаар явах зорилгоор АНУ-ын визний талаар судалж эхэлсэн. Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард 3-4 давхар оффисын 2 давхарт очиж уулзахад Э гэх хүүхэн байсан. Маргааш нь оффист нь очиж 788.000 төгрөгийг өгсөн...” /2хх 141/,

 

хохирогч Б.Баяржаргалын “...2017 оны 12 дугаар сарын 24-ний орчим миний дүү Батхолбоо байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээ дээр сугалаа сугалаад Австрали улс руу дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний 18 дугаар чуулганд оролцох эрхийн бичгээр шагнагдсан. Тэгээд Батхолбоо тус чуулганд оролцох боломжгүй байна. Та явах боломжтой бол явах уу гэсэн. Тэгээд би Бизнес хөгжил Олон улсын академийн “Мөнгөн соёмбо” холбооны төвийн захирал С.Э гэгчтэй уулзаад би дүүгийнхээ өмнөөс эрхийн бичгийг аваад тус чуулганд оролцож болох талаар асуухад “та оролцож болно. Танд сурвалжлагч, сэтгүүлч гэсэн үнэмлэх гаргаж өгөөд авч явах болно. Та хурдан урьдчилгаа мөнгө төгрөгөө өгчих, би урилга захиалах хэрэгтэй байна” гэж намайг итгүүлсэн. 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр С.Эд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Практикал даатгалын 12 дугаар давхарт 800 ам.доллар бэлнээр өгөөд гадаад паспортын хамт хүлээлгэн өгсөн. С.Э гэгчээс мөнгөө авах талаар 2-3 удаа уулзахад надад үнэнээ хэлээд “би мөнгийг тань 7 хоногийн дотор барагдуулна. Газрын бичгээ барьцаанд тавиад ч болтугай таны мөнгийг өгнө, уучлаарай” гэж хэлсэн...” /3хх 103/,

 

гэрч Д.Эрхжаргалын “...хүү Дөлгөөний Америкийн нэгдсэн улс руу явуулна гэж манай нөхөр надаас 2000 ам.доллар авч Эд өгсөн. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан. Тухайн үед миний хүү Америкийн нэгдсэн улс руу визэнд орсон боловч урилга хуурамч байсан учир тэнцээгүй...” /1хх 30/,

 

гэрч П.Сувдын “...С.Э гэдэг хүнийг танина. Э нь манай байгууллагын шугамаар Америкийн нэгдсэн улсад чуулганд явж ирчихээд би АНУ-руу виз гаргадаг болсон. Клинтон сангийн төлөөлөгч гэх мэтээр худлаа ярьж АНУ-д авахуулсан зургаа хүмүүст харуулаад залилан хийж хүмүүсээс мөнгө авсан. Хэд хэдэн газар байр түрээслэж АНУ-руу явуулж өгнө гэж хүмүүс цуглуулсан сураг байсан. С.Э бол манай албан ёсны ажилтан биш. АНУ руу явуулах эрх байхгүй. Би Эд өөртэй нь уулзаад “чи хүмүүсээс ингэж мөнгө авахаа боль. Энэ хүмүүсээс авсан мөнгөө өг, чи АНУ руу хүн явуулж чадахгүй. Наад хүмүүс чинь хэл мэдэхгүй, ямар хурал чуулганд явах гэж байгаагаа мэдэхгүй. Ямар байгууллагаар явж байгаагаа мэдэхгүй. Тэгээд АНУ-ын элчингийн ярилцлаганд ороод тэнцэхгүй шүү дээ, битгий наад хүмүүсээ ярилцлаганд явуулаад бай” гэж хэлж байсан. С.Э бол хүмүүсийг АНУ руу явуулах ямар ч эрх байхгүй, манай байгууллагын нэрийг барьж Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулгын нэрийг барьж худлаа ярьж хүмүүсээс мөнгө авсан...” /2хх 238/,

 

гэрч Ж.Оюуны “...Би С.Э гэх хүнтэй 2016 оны 7 дугаар сарын сүүлээр ОХУ-д хүүхдүүдэд багшлах багш шалгаруулж авна гэсэн зарын дагуу холбогдож танилцсан. С.Э ОХУ-ын төмөр замын сургуульд хүүхдүүд авч явах орос хэлтэй багш шалгаруулж авна гэж байсан. Тэгээд намайг менежерээр ажиллуулахаар болоод нэг өдөр Сүхбаатар дүүргийн Юу Би Эйч центрт оффистой болчихлоо хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очсон чинь С.Э нь АНУ руу оюутан солилцоо, аялал жуулчлалын чиглэлээр хүн явуулах болчихлоо. Та ирсэн хүмүүсийг бүртгээд миний хий гэж хэлсэн хүнийг бүртгээд сууж бай, өглөө англи хэлний хүмүүс хичээл заадаг. Би өөрийн дүү Очирбал, Солонгос улсад байгаа Туяа гэх дүү нартаа С.Э АНУ руу явуулдаг талаар хэлсэн. С.Э манайх үнэнхээр АНУ руу явуулдаг гээд явсан хүмүүсийн зураг бүртгэл үзүүлсэн тул би болон манай дүү нар итгэсэн. Тэгээд Очирбал, дүү Туяа, хүү Батхишиг нараас нэг хүний 350 ам.доллар буюу 1050 ам.доллар авсан. Очирбал, Гэрэлмаа, Чулуумаа гэх хүмүүс байсан. Чулуумаагийн виз гарсан...” /1хх 32-33/,

 

гэрч Г Батхолбоогийн “...Шинэ жил тэмдэглэж байгаа байгууллагын тэргүүн гэж нэг махлаг эмэгтэй гарч ирээд үг хэлээд “Австралийн нийслэл Сиднэй хотод болох Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох эрхийн бичиг сугалуулах гэж байна. Азтан тодруулна нэг хүн л явна гэсэн. Манай байгууллага өөр байгууллага шүү дээ оролцож болох юм уу гэхэд энэ зааланд байгаа бүх хүмүүс оролцох боломжтой гэсэн. Тэр сугалаа нь надад таарсан. Эрхийн бичиг дээрх утасны дугаар луу залгахад Натур худалдааны төвийн тэнд оффис дээр ирж уулз эхний ээлжинд 5 сая төгрөг өгөөд визийг чинь гаргаж өгье гэсэн. Тэр бичиг ямар нэгэн тамга тэмдэг байхгүй зүгээр л өнгөт цаасан дээр хэвлэсэн эрхийн бичиг байсан...” /3хх 108/ гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар С.Эгийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Эгийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгсөн байдгаараа Эрүүгийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг.  

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.

           

  Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрээ болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч М.Эрдэнэсувд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинж, шалгуурыг бүрэн агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Эгийн гаргасан “...хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Эд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасанд нийцэж байгаа болно.

 

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялаас гадна торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял шийтгэл оногдуулж болохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Э урьд буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад түүндээ дүгнэлт хийлгүй, тухайн төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэнийг түүний хувийн байдалд нь болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э хохирогч Л.Цэцэгжаргалд 35.000 төгрөг, хохирогч Г.Соёл-Эрдэнэд 800.000 төлсөн гэх баримтад зурсан гарын үсэг хохирогч нарын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тэдгээр хохирогч нарын хохирлын талаарх мэдүүлэгтэй тохирч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болохоор заасан хэдий ч шүүгдэгч, түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг няцаасан баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаагүй болно.

 

Шүүгдэгч С.Э нь 2015 оны 3 дугаар сарын 31-нээс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч С.Эгийн дээрх үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэсэн атлаа түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Эгийн нийт 11 удаагийн үйлдлүүдээс сүүлчийн гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” заасан байх тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Гэхдээ анхан шатны шүүх цаашид шүүхийн харьяаллыг зөв тогтоож, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлж байвал зохино.  

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: