Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2024/0003

 

О.Ц-ийн гомдолтой, Монголын

Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:Х.Батсүрэн

Танхимын тэрүүн:Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 Д.Батбаатар

                       М.Батсуурь

Илтгэгч шүүгч:      Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2023/0021 дүгээр магадлалтай хэргийг гомдол гаргагч О.Ц-г оролцуулан гомдол гаргагчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч О.Ц-оос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Маргаан хэлэлцсэн тухай” МТ/33 дугаар тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 2 дахь заалтаар өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөнийг тогтоож, 3 дахь заалтаар Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар “сануулах” хариуцлага хүлээлгэсэн байна.

2.1.Гомдол гаргагчаас “Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмын алийг нь ямар хэмжээгээр хэрхэн зөрчсөнийг шалган тогтоогоогүй. Хуульчийн нийгэмд хүлээх чиг үүргийнхээ хүрээнд хууль зүйн шинжлэх ухааны хувьд тулгарч байгаа асуудлын талаар хуульчийн байр сууриа илэрхийлсний минь төлөө өмгөөлөгчийн эрх, ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагаас нь харин эсрэгээрээ надад арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж маргажээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2023/0021 дүгээр магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 болон 3 дугаар заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч О.Ц-ийн гомдлын шаардлагыг хангахгүй орхисон байна.  

4.Гомдол гаргагч О.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.

4.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар бүхий тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүх хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй, бүрэн, бодитой дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Тодруулбал, шүүх магадлалын хянавал хэсгийн 2-т “... ярилцлага өгснийг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, уг хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон үндэслэлээ тайлбарласан байна.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “... Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгах хориглоно” гэж заасан байх ба энд зааснаар өмгөөлөгч нь “зүй бусаар нөлөөлөх”, аль эсхүл “шийдвэр гаргасных нь төлөө сайшаах, буруутгах” гэсэн 3 үйлдлийг гаргасан бол зөрчил байхаар заажээ.

Гэтэл надад хариуцлага ногдуулж буй хариуцагчийн гаргасан маргаан бүхий тогтоолд өмгөөлөгч О.Ц намайг дээр дурдсан 3 үйлдлийн аль үйлдлийг нь гаргасан, эсхүл бүгдийг нь гаргасан эсэх талаар огтхон ч дүгнэлт хийлгүйгээр шууд л хариуцлага ногдуулсан байдаг.

Тус хэрэгт өмгөөлөгч намайг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан 3 төрлийн үйлдлийг гаргасан талаарх ганц ч ширхэг нотлох баримт байхгүй буюу хариуцагчаас “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, түүнийг зөвтгөх нотлох баримт, хууль зүйн үндэслэл байхгүй байтал уг хариуцлага хүлээлгэснийг “буруутгах үндэслэлгүй байна” гэх гуравхан үгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж байгаад маш их гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх “буруутгах үндэслэлгүй байна” гэх гуравхан үгээр хариуцагчаас надад үндэслэлгүйгээр ногдуулсан “сануулах” сахилгын шийтгэлийг зөвтгөж, хэт нэг талыг барьж, хэргийн нөгөө талд давуу байдал бий болгож, нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд Монгол Улсын иргэн миний “шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхийг минь зөрчиж байгаад гомдолтой байна.

4.2.Давж заалдах шатны шүүхээс тус хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ “хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ыг ноцтой зөрчсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т “иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно” гэж тус тус заасан боловч шүүх хуулийн уг заалтыг ноцтой зөрчиж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг уншиж сонсгох нь битгий хэл бичгээр дүгнэлтээ бичиж байхад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг авч хэлэлцэхгүйгээр шийдвэрээ гаргасан.

Ийнхүү иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг авахгүйгээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрээ гаргаж, уншиж сонсгосон атлаа магадлалыг бичгээр албажуулж өгөхдөө “иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээж аваагүй” гэж дурдсан, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээ уншиж сонсголоо гэж бичсэн байсан.

Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн талаар дурдаж, тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг би шүүхэд 2 удаа гаргасан боловч шүүх хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн буюу тэмдэглэлийн алдааг засаж өгөөгүй болно.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэхээр хуульд заасаар байтал шүүх бүрэлдэхүүн дүгнэлтийг сонсохгүйгээр, бичгээр авахгүйгээр зөвлөлдөж шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Мөн Улсын дээд шүүхээс хэрэг буцаж ирсний дараа давж заалдах шатны шүүхээс хэргийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй зэрэг зөрчлийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Миний бие гаргасан нэхэмжлэлээ хуульд заасан зохих үндэслэл, журмын дагуу анхан шатны журмаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа боловч давж заалдах шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд дээр дурдаж буй үндэслэлүүдийг Улсын дээд шүүхээс хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохих үндэслэл, журмын дагуу магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч О.Цгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

6.Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/83 дугаар албан бичгээр “Б” ХХК-ийн захирал Б.Б-т Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлуулах тухай хүсэлтийн хариуг хүргүүлжээ.

7.News.mn, Urug.mn, Ikon.mn зэрэг мэдээллийн сайтуудаар “Дээд шүүх Монгол Улсын эрх зүйн тогтолцоог үгүйсгэж байна уу” гэх гарчигтайгаар өмгөөлөгч О.Ц-ийн дээрх албан бичигтэй холбоотойгоор өгсөн ярилцлага нь нийтлэгдсэн, үүнийг гомдол гаргагч үгүйсгэж маргаагүй байна.  

8.Уг ярилцлагатай нь холбогдуулан “Б” ХХК-ийн захирал Б.Б-ээс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч О.Ц-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн талаар гомдол гаргасан байна.

9.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 2 дахь заалтаар өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, 3 дахь заалтаар Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар “сануулах” хариуцлага хүлээлгэжээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Өмгөөлөгч О.Ц-ийн дээрх агуулга бүхий ярилцлага нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэх,

-Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан эсэх тухай байна.

10.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг зарчим, шаардлага, үүргийг тогтоох, тэдгээрийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчлийг тодорхойлох, өмгөөлөгчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой бөгөөд уг дүрмийн хориглосон зохицуулалт нь өмгөөлөгч нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг хуульд нийцүүлж, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр үйл ажиллагаа явуулах, зүй бус үйлдлийг нь хязгаарлах агуулгатай байна.

11.Хэрэгт авагдсан өмгөөлөгч О.Ц-ийн News.mn, Urug.mn, Ikon.mn зэрэг мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн ярилцлагын агуулгаас үзэхэд Улсын дээд шүүхийн шүүгчийг хэргийн оролцогчийн хүсэлтэд хариу өгсөнтэй нь холбогдуулан “шүүгчид хориглоно гэх заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл дээд шүүхийн бусад шүүгч нарынхаа эрхэд халдсан, дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өмнөөс гаргасан, мэргэжлийн ёс зүйн ноцтой алдаатай албан бичиг юм. “Б” ХХК-д ашигтай удирдамж, зааврыг захиргааны хэргийн анхан болон давах шатны шүүхэд өгч, тус шүүхүүдийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн” гэх зэргээр шууд буруутгасан агуулгатай байна.

12.Өмгөөлөгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болон бусад оролцогчтой харилцахдаа шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д хоригложээ.

13.Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа гэж хууль зүйн зөвлөгөө, лавлагаа өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах, дүгнэлт, зөвлөмж гаргах, төлөөлөх, өмгөөлөх зэргээр хуульд нийцсэн үйл ажиллагааг ойлгох бөгөөд хэргийн нэг оролцогчийн өнцгөөс шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан буруутгах нь дээр дурдсан хориглосон үйл ажиллагаанд хамаарна.

14.Гомдол гаргагчаас гомдлын шаардлага, үндэслэлээ “нийгмээ эмчлэх, тогтолцооны алдаа, дутагдлыг засахын төлөө хууль зүйн шинжлэх ухааны хувьд тулгарч байгаа асуудлын талаар хуульчийн байр сууриа илэрхийлсэн” гэх зэргээр тайлбарласан бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлж буй[1] хэргийн оролцогчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр[2] дээрх байдлаар (агуулгаар) ярилцлага болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлснийг хууль зүйн шинжлэх ухааны хувьд тулгарч байгаа асуудлаар байр сууриа илэрхийлсэн гэж үзэхгүй.

15.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэх хэсэгт “... Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийн талаарх ярилцлагыг ... сайтуудад өгсөн” гэх гомдолд дурдсан зөрчил нь маргааны материалд авагдсан нотлох баримтаар (ММ-н 4-р хавтасны 9-16 дахь хуудас) нотлогдож байна” хэмээн энэхүү зөрчил нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан зөрчилд хамаарч байгаа талаар тодорхой тусгаж, дүгнэсэн байх тул гомдол гаргагчийн “дүгнэлт хийлгүйгээр шууд хариуцлага ногдуулсан” талаарх гомдол үндэслэлгүй.

16.Түүнчлэн гомдол гаргагчийн “шийдвэр гаргасных нь төлөө хэн нэгнийг буруутгаагүй, шийдвэр гэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүмжилж эсхүл буруутгаж бичсэн байхыг ойлгоно” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна шүүгчийн албан чиг үүргийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд өөрт хуваарилагдсан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, хариу хүргүүлж байгаа үйл ажиллагаа нь ямар хэлбэртэй байхаас үл хамааран “шийдвэр”-т хамаарах бөгөөд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “шийдвэр”-ийг гомдол гаргагчийн тайлбарлаж буй шиг явцууруулан ойлгохгүй.

17.Гомдол гаргагч О.Ц-оос “шүүх хуралдааны тэмдэглэлд засвар хийлгэх хүсэлт” гаргасныг даргалагч шүүгчээс “3 хоногийн дотор хүсэлтээ гаргаагүй, юу дутуу бичигдсэн талаар заагаагүй” үндэслэлээр хүсэлтийг буцааж шийдвэрлэжээ.

18.Хавтаст хэрэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт авагдсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлийн 6 дугаар хуудсанд иргэдийн төлөөлөгч Ц.Энхжаргалын дээрх дүгнэлт тусгагдсан байна.

19.Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д зааснаар шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг магадлалын тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ хянавал хэсэгт тусгажээ.

20.Дээрх байдлаар тэмдэглэлд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт бичигдсэн, мөн шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээж аваагүй талаар магадлалд тусгасан энэ тохиолдолд гомдол гаргагчийн “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсоогүй, бичгээр дүгнэлтийг аваагүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2023/0021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч О.Ц-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                            Д.БАТБААТАР

         М.БАТСУУРЬ

         Ц.ЦОГТ

 


[1]Гомдол гаргагч О.Ц-ийн “миний бие Ерөнхий боловсролын С сургуулийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-ийн холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа болно” гэсэн тайлбар, (маргааны материалын 4 хавтас, 51 дэх тал)

[2]Гомдол гаргагч О.Ц-ийн “Би шууд ярилцлага өгөөгүй, “С” сургууль хүсэлт тавиад түүнд би дүгнэлт хийгээд өгснийг “С” сургууль ikon.mn сайтад өгсөн байсан” гэх тайлбар, (1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал)