Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 919

 

 

 

 

 

 

 

 

   2019        06          06                                  2019/ШЦТ/919

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дима,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Баярнаадамын Б.Нид холбогдох эрүүгийн 1806 08784 0559 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Н,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 57-10 тоотын хажуу өрөөнөөс иргэн Н.Норовын эзэмшлийн хөөрөг, мөнгөн эдлэл зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 2.510.408 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Норовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотод Дархан-Уул аймгаас ирж өөрийн охин Ням-Эрдэнийн хөлсөлсөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 57 дугаар байрны 10 тоотын хажуу өрөөнд ирж хоноод өөрийн чемодантай хувцас эд зүйлээ орхиод дахин Дархан-Уул аймаг руу амьдарч байсан гэрээ эргэхээр явсан ба 10 дугаар сарын 19-ний баасан гаригт буцаж ирсэн. 21-ний өдөр буюу өчигдөр чемоданаасаа ээмэгээ гаргаж зүүх гэтэл миний ээмэг байгаагүй бусад эд зүйлээ шалгахад манай нөхрийн хэрэглэж байсан хөөрөг, миний хоёр хос ээмэг, бөгж кулон алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Н.Ням-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 10 тоотод хажуу өрөө хөлсөлж суух болсон. Манай ээж Н.Норов 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод надтай хамт амьдархаар ирж чемадонтой хувцасаа үлдээж нэг хоноод Дархан хот руу буцаад ажлаа хүлээлгэж өгөхөөр явсан ба 10 дугаар сарын 19-ний өдөр буцаж ирсэн. 21-ний өглөө чемоданаа уудлаж байгаад хөөрөг, ээмэг алга болсон байна гэж надад хэлсэн. Бид хоёр 21-ний өдөр амаржсан эгч дээрээ очоод 22-ны өдөр манай ээж цагдаад хандах болсон гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Ц.Пүрэвнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэн суудаг бөгөөд алтан мөнгөн эдлэл зардаг юм. Тэгтэл 2018 оны 10 дугаар сард байх намайг ажил дээрээ байж байхад 25 орчим насны залуу манай лангуун дээр ирээд толгой нь эмтэрсэн шүрэн толгойтой, цайвар өнгийн бага гарын хөөрөг болон мөнгөн хос ээмэг кулон хос бөгж гэх зүйлсийг надад үзүүлээд надаас худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би “чи насанд хүрсэн үү энэ эд зүйлс чинь хулгайн эд зүйлс биш биздээ” гэж асуухад уг залуу нь “үгүй, би саяхан ломбарднаас авсан эдгээр зүйлс нь миний эд зүйлс байгаа юм мөнгөний хэрэгцээ гараад зарах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь итгээд би уг залуутай үнэ тохиролцоод хөөрөг болон мөнгөн эдлэлийг нийтэд нь 320,000 төгрөгөөд худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №БЗ1-19-151 дугаартай:

Үе дамжин ирсэн оюу нуухтай хуучны хорхой идсэн шүрэн толгойтой мөнгөн ултай хуучны ган халбагатай ухалт өнгөлгөө сайтай бага гарын халтар манан хөөрөг 2.200.000 төгрөг, 5 гр сувдан шигтгээтэй мөнгөн хос ээмэг 25.000 төгрөг, сувдан шигтгээтэй 4 гр бөгж 53.000 төгрөг, сувдан шигтгээтэй хос ээмэг 25.000 төгрөг, сувдан шигтгээтэй мөнгөн кулон 17.500 төгрөг, япон улсад үйлдвэрлэсэн Dr.Select Placenta брендийн шампунь ангижруулагч 189.908 төгрөг нийт 2.510.408 төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 30-32/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө 1-с 9 хүртэл дугаарласан 9 эрэгтэй хүний гэрэл зургийг 3 эгнээгээр зэрэгцүүлэн байрлуулан цаасан дээр хөндлөнгийн гэрчээр наалгуулахад 8 дугаартай хэсэг дээр Б.Н гэгчийн зураг байрлав. Үүнийг гэрэл зургаар бэхжүүлэн гэрч Ц.Пүрэвнямыг өрөөнд оруулж ирэн 1-9 дугаартай 9 эрэгтэй хүний зурагнаас 2018 оны 10 дугаар сард толгой нь эмтэрсэн шүрэн толгойтой цайвар өнгийн бага гарын хөөрөг болон мөнгөн хос ээмэг кулон хос бөгж зэргийг зарсан гэх үйлдэлд уг 9 эрэгтэй хүний гэрэл зурагнуудаас аль нэг нь байгаа эсэхийг тодоруулж асуухад 8 дугаарт байралсан залуу нь надад хөөрөг болон мөнгөн эдлэл худалдаж авах уу гээд зарсан залуу мөн байна. Би хараад шууд таньж байна гэж заахыг гэрэл зурагаар бэхжүүлэн авлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54/,

 

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянзүрх дүүргийн 14-р хороо, 57 дугаар байрны 10 тоот буюу эгчийндээ 2017 оноос эхлэн амьдарч байгаа юм. Тухайн үед манай эгчийн хажуу өрөөг Норов гэх эмэгтэй нь хүүхдийн хамтаар 2018 оны 9 дүгээр сараас эхлэн түрээслэж эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сараас 18-ны өдөр би эгчийнхээ гэрт ганцаараа байсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гарсан байсан ба би Норов гэх эмэгтэйн өрөө рүү зөвшөөрөлгүй орсон. Тэгтэл уг өрөөний цонхон талд нь бор өнгийн чемодан хэвтэж байсан ба цахилгаан нь онгорхой байсан. Тэгэхээр нь би уг чемоданыг ухаж үзтэл толгой нь идэгдсэн шүрэн толгойтой цагаан цайвар өнгийн бага гарын хөөрөг болон хос ээмэг, хос мөнгөн бөгж, мөнгөн кулон зэрэг эд зүйл гарч ирэхээр нь би эдгээр зүйлсийг авсан юм. Тэгээд маргааш өдөр нь Нарантуул худалдааны төвд байрлах алт, мөнгөн эдлэл зардаг хүнд нийтэд нь 320.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөр нь хэрэгцээтэй байсан зүйлдээ хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,  

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Б.Н нь “тухайн гэмт хэргийг би үйлдээгүй, Пүрэвбат гэх хүн үйлдсэн. Би хөнгөн ял шийтгэлтэй юм бол би даая гэж хүний өмнөөс хариуцлага хүлээхээр тохиролцсон ч хариуцлага нь өндөр болсон. Ингээд хэрэг үйлдсэн хүнийг үнэн зөвөөр хэлж шийдүүлхээр болсон” гэж шүүх хуралдаанд мэдүүлэг өгч мэтгэлцэж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хохирогч Н.Норов, шүүгдэгч Б.Н болон бусад хүмүүсийн амьдарч байгаа тухайн байр нь 1 улсын бүртгэлтэй байр хэдий ч дотроо тус тусдаа өрөөтэй, өрөө тус бүрт өөр хүмүүс түр хугацаагаар амьдрахаар хөлс төлж, хэлцэлийн үндсэн дээр эзэмшиж амьдардаг байр байна. Хохирогч Н.Норовын амьдрахаар бусдаас тусгаарлан эзэмшиж байсан өрөө нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хамаарах юм. Өөр өөр хэлбэл орон байр гэх ойлголтод нэг хаягт байх байр хамаарах боловч тус байранд өөр өөр субекьтүүдийн амьдрах орон зайг зааглаж тогтоон 1 өрөөг нь хохирогч болон түүний хүүхэд түрээслэн амьдарч байсан байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Норовын түрээслэн эзэмшиж байсан өрөөнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, тэнд хадгалагдаж байсан эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдууллаа.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан гэрч Ц.Пүрэвнямыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хүлээж авч хангах шаардлагагүй, харин гэрчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргийг шинжлэн судлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулах боломжтой гэж үзсэн болно.

Алдагдсан эд зүйлийг хөрөнгийн үнэлгээний эрхтэй үнэлгээчинд хуульд заасан эрх үүрэг, хариуцлага, үр дагварыг танилцуулсаны үндсэн дээр үнэлгээ хийлгэж хохиролын хэмжээг тогтоосон байх ба үнэлгээчин нь гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ. Тус үнэлгээчин нь компанид хамаарагддаг эсэх нь шинжээчийн дүгнэлт гаргахад нөлөөлөхгүй. Мөрдөн байцаалтын явцад хөрөнгийн үнэлгээний тайлантай хэргийн оролцогч нар танилцаж, тайлантай холбоотойгоор санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлж, түүний цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй байх тул хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 2.510.408 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Норовт олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Нийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нийг таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос 2.510.408 төгрөг гаргуулж хохирогч Н.Норов /РД: шд67021368/-т олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн доторНийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ