Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

 

2019           7             25                                            2019/ДШМ/745                                                

                                                           

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Ч.Түмэн-Өлзий,

            хохирогч Н.Норовын өмгөөлөгч Б.Дима,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дугаартай  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-д холбогдох 1806087840559 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Б-ын Н, Төв аймгийн Борнуур суманд 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, Мандал пүүний дэнж 4 дүгээр гудамжны 63 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 57-10 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000000/;

 

            Б.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 8-наас 19-ний хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 57-10 тоот орон сууцны хажуу өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Н.Н-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2,510,408 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-оос 2,510,408 төгрөг гаргуулж, хохирогч Н.Н-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н- нь гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогч Н.Н-ын эд зүйлийг хулгайлсан талаар мэдүүлсэн байдаг боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “... бусдын эд зүйлийг хулгайлах үйлдлийг би хийгээгүй, найз П энэ гэмт хэргийг үйлдсэн. Түүнийг хулгайлсан эд зүйлээ Нарантуул зах дээр зарахад нь цуг явсан ...” гэсэн мэдүүлэг өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэрч Ц.П-ын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаагаар нотлогдсон талаар анхан шатны шүүх дүгнэсэн.

Хавтас хэргийн 20 дугаар талд гэрч Ц.П “... чи насанд хүрсэн үү, хулгайн эд зүйл биш биз гэж асуусан...” талаар мэдүүлсэн. 25 настай шүүгдэгч Б.Н-ийг хүүхэд гэж харсан гэрчийн мэдүүлэг нь хулгайн эд зүйлийг Б.Н- зарж явсан гэх үйл баримтыг эргэлзээтэй байдалд хүргэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед таньж олуулах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гэрч Ц.П-д зургаар таньж олуулах ажиллагааг явуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоосон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, компаний улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, тайланд гарын үсэг зурж баталгаажуулсан хөрөнгийн үнэлгээчид нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл байхгүй, нотлох ажиллагааны журам зөрчсөн байна. Шүүгдэгч Б.Н-ийн гэм бурууг нотолсон нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу бэхжүүлж, цуглуулах хуулийн шаардлага хангаагүй, шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь эргэлзээтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч Н.Норовын өмгөөлөгч Б.Дима тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна ...” гэв.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Н- нь мөрдөн байцаалтын шатанд “П”-ын талаар ярьж байгаагүй. Тиймээс уг хэргийг П үйлдсэн гэх эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Таньж олуулах ажиллагаа болон гэрч П-ын өгсөн мэдүүлгээр хулгайлсан эд зүйлээ Нарантуул худалдааны төв дотор зарах үедээ ганцаараа явж байсан нь нотлогдсон. Мөрдөгч таньж олуулах ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө хяналтын прокурор Б.Алтанцэцэг нь “Дамно” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон зөвшөөрлийн хугацааг сунгасан баримтуудыг гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н-холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 57 дугаар байрны 10 тоот гэрийнхээ хажуу өрөөг хөлслөн амьдарч байсан иргэн Н.Норовын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2,320,500 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

“... чемоданд байсан хөөрөг, хоёр хос ээмэг, бөгж, кулон алдагдсан байсан...” талаар хохирогч Н.Норовын өгсөн мэдүүлэг /хх 13/,

“... 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 57 дугаар байрны 10 тоот орон сууцны хажуу өрөөг хөлслөн суух болсон. Ээж Норов надтай хамт амьдрахаар 10 дугаар сарын 7-ны өдөр ирж чемондантай хувцсаа үлдээгээд буцаж Дархан яваад 19-ний өдөр ирсэн. 21-ний өдөр чемоданаа уудалж үзээд хөөрөг, ээмэг алга болсныг мэдсэн ...” гэх гэрч Н.Ням-Эрдэний мэдүүлэг /хх 17/,

“... 25 орчим насны залуугаас толгой нь эмтэрсэн, шүрэн толгойтой, цайвар өнгийн бага гарын хөөрөг болон мөнгөн хос ээмэг, кулон, хос бөгж зэрэг эд зүйлсийг худалдаж авсан…” талаар гэрч Ц.П-ын өгсөн мэдүүлэг /хх 20/,

Таньж олуулах ажиллагаа явуулахад хөөрөг, мөнгөн эдлэлийг зарсан хүн Б.Н- байсныг гэрч Ц.Пүрэвням таньсан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /хх 51-54/,

Б.Н-ийн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ хүлээсэн “... эмэгтэйн өрөөнд орж цонхон талд нь байсан бор өнгийн чемоданаас толгой нь идэгдсэн шүрэн толгойтой цагаан цайвар өнгийн бага гарын хөөрөг, хос ээмэг, хос мөнгөн бөгж, мөнгөн кулон зэрэг эд зүйл авсан ...” гэх мэдүүлэг /хх 62-63/

“Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №БЗ1-19-151 дугаартай үнэлгээний тайлан /хх 30-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Гэрчээр таньж олуулах ажиллагааг 9 хүний гэрэл зургийг ашиглан, ажиллагааны явцыг тэмдэглэл хөтөлж, гэрэл зургаар бэхжүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, таньж олох хүнийг гэрэл зургаар таниулахдаа адил төстэй 8 хүний гэрэл зургийг ашигласан байх тул хүнийг биеэр таниулаагүй гэсэн шалтгаанаар уг ажиллагааг хууль зөрчсөнд тооцох үндэслэлгүй юм.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.Н-ийн орон сууцны нэг өрөөг хохирогч Н.Н болон түүний охин Н.Н нар хөлслөн амьдарч байсан нь тогтоогдсон тул хөлслөн амьдарч байсан өрөө нь Эрүүгийн хуульд заасан “... хүн байнга амьдрах орон байр ...” гэсэн ойлголтод хамаарна.   

 

Шүүгдэгч Б.Н-ийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, гэрт байсан чемоданаас эд хөрөнгө алдагдсан талаар хохирогч Н.Н, гэрч Н.Н нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Б.Н-ийн “... өрөөнд орж цонхны хажууд байсан бор өнгийн чемоданаас хөөрөг, хос ээмэг, хос мөнгөн бөгж, мөнгөн кулон зэрэг эд зүйл авсан ...” гэх мэдүүлэг /хх 62, 63/-тэй тохирсон, хулгайд алдагдсан эд хөрөнгийг Б.Н-оос худалдан авсан нь гэрч Ц.П-ын мэдүүлэг /хх 20/-ээр тогтоогдсон тул энэ хэрэгт “П” гэгчийг олж, холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирлын үнэлгээг гаргасан “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй /хх 89/, тэрээр шинжээч томилсон тогтоол, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлагатай танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой байна. Уг шинжилгээнд туслах үнэлгээчин С.Гантуул, туслах мэргэжилтэн Б.Алтансувд нар оролцсон ч тэднийг гарын үсэг зурсан байдлаас шалтгаалан шинжилгээг бүрэлдэхүүнтэй гаргасан гэж үзэх, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл шаардах, улмаар шинжилгээг хууль зөрчин явуулсанд тооцох үндэслэлгүй.

 

Иймд “... энэ гэмт хэргийг Б.Н- үйлдсэн нь эргэлзээтэй, таньж олуулах ажиллагаа, шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэх ...” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-5 жил хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохироогүй байх тул хорих ялын хэмжээг 3 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, 189,908 төгрөгөөр үнэлэгдсэн “Dr.Select Planeta” нэртэй шампунь, ангижруулагч нь 2019 оны 1 дүгээр сард хулгайд алдагдсан гэдгийг хохирогч Н.Норов тодорхой мэдүүлсэн /хх 14/ байхад уг эд зүйлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тусгаагүй атлаа шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээнд оруулан тооцсон нь үндэслэлгүй байх тул дээр дурьдсан эд зүйлийг хохирлоос хасч тооцов.

 

            Шүүгдэгч Б.Н- нь мөрдөн байцаалтын шатанд 33 хоног /хх 27, 44/, шүүхийн шатанд 4 хоног /хх 112, 114, 115/, нийт 37 хоног цагдан хоригдсоныг анхан шатны шүүх 48 хоног цагдан хоригдсон мэтээр буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... 48 хоногийг...” гэснийг “... 37 хоногийг...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 2,510,408 ...” гэснийг “... 2,320,500 ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ

 

                          ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

                         

                           ШҮҮГЧ                                                         М.ПҮРЭВСҮРЭН