Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 464

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух, ВЛ67061704 регистрийн дугаартай, Өндөрийнх овогт Очирбатын Долгормаагийн В.Жаргалсайхантай хамтын амьдралтай байснаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О.Долгормаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1967 онд сумын төрөх тасагт төрсөн. 1975-1983 онд сумын дунд сургууль, 1983-1987 онд Говь-Алтай аймаг дахь АУДС-ийг төгсөж, өнөөг хүртэл тус сумын 2-р багийн эмчээр ажилласан. Одоо охин Ж.Луумаагийн хамт амьдардаг. 1994 онд Вандангийн Жаргалсайхантай гэр бүл болж 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Ж.Луумааг төрүүлсэн. 2001 оны 09 дүгээр сард миний нөхөр В.Жаргалсайхан өвчний улмаас нас барсан. Охин Ж.Луумаад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон. Бид хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй учраас хуулийн дагуу Ж.Луумаагийн тэтгэмжийг зогсоосон.

Иймд В.Жаргалсайхантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар О.Долгормаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2-р багийн засаг даргын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 38 дугаар албан бичиг, В.Жаргалсайханы нас барсны гэрчилгээ, Ж.Луумаагийн төрсний гэрчилгээ, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

О.Долгормаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч О.Долгормаа нь 1994 оноос 2001 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл Вандангийн Жаргалсайхантай гэр бүл болж хамтран амьдарч байсан болох нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2-р багийн засаг даргын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 38 дугаар албан бичиг, Ж.Луумаагийн төрсний гэрчилгээ, гэрэл зураг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

В.Жаргалсайхан нь 2001 оны 09 сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан болох нь 275 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогджээ.

Иймд Өндөрийнх овогт Очирбатын Долгормаагийн хүсэлтийг хангаж, В.Жаргалсайхантай хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Өндөрийнх овогт Очирбатын Долгормаа, Вандангийн Жаргалсайхан нарын 1994 оноос 2001 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан О.Долгормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ