Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2017/00017

 

******* нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8  дугаар сарын 11-ний  өдрийн 131/ШШ2017/00579  дүгээр  шийдвэртэй

Нэхэмжлэгч  *******  гомдолтой    

Хариуцагч  Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт  холбогдох 

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хариуцагч байгууллагын өмгөөлөгч *******ын  давж заалдсан гомдлыг үндэслэн  2017 оны 9 дүгээр сарын 12-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

хариуцагч байгууллагын өмгөөлөгч *******  нарийн бичгийн дарга Б.Соёлмаа  нар оролцов. 

Нэхэмжлэгч Сгийн Бгээс   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрүүл мэндийн газрын дарга ******* 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 тоот тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүрэгт ажлаас хууль бусаар халж, чөлөөлсөн шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байна. Миний албан тушаал Төрийн албаны хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийн ангилалд хамаардаг. Энэ албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт гэж байхгүй, үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд тухайн үед нь хийсэн ажлаа тайлагнаж үнэлгээгээ авч байсан. Эрүүл мэндийн газрын дарга ******* нь Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн захиралтай зөвшилцөх, стандарт зэрэг олон зөрчил гаргаж хууль зүйн үндэслэлгүй, хууль бус 66 тоот тушаалыг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ажлаас үндэслэлгүй халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажилтан миний хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье. Ажлаас хууль зүйн үндэслэлгүй, хууль бусаар халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хууль эрх зүйн туслалцаа авахад гаргасан зардлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Бгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би төрийн үйлчилгээний  албан хаагч Эрүү мэндийн газрын дарга миний тушаалыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагч гэж гаргасан байсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Мөн Нэгдсэн эмнэлэгт түр гэрээтэй ажиллаж байгаа. Би Зоонозын албан тушаалд эгүүлэн тогтоолгох хүсэлттэйгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. Тухайн ажилдаа эгүүлэн тогтоолгохгүй бол Эрүүл мэндийн тухай хуулиар маш их хохирол гарч байгаа. Учир нь 5 жил тасралтгүй ажиллаж байж 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олдох ёстой. Мөн ажилласан жил гүйцээгүй тул 1 жил Зооноздаа ажиллах шаардлагатай байгаа. Сар тутамд бага төгрөгийн цалин авч хохиролтой, хортой, хэвийн бус нөхцөлд 23 жил ажилласан.  Хуулиндаа 12 жил ажилаад хэвийн нөхцөлд шилжих ёстой байдаг. Би хангалттай 23 жил ажилласан байгаа. Өдрийн 6 цагийн ажил хийх тусам харшил гарч салалт үүсч байна. Иймд би нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ажиллах боломжгүй байгаа. Зооноздаа ажиллах хүсэлтэй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 

Аймгийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/447 дугаартай албан бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ний 16 цагт хүлээн аваад С.Б даргыг дуудаж танилцуулсан. Би хөдөө явж ирээд 2017 оны 05 дугаар сарын 08-нд С.Бг дахин дуудаж ажлаа өгөх талаар ярилцахад би энэ ажлаа өгье, харин би ирэх жил тэтгэвэртээ гарна тэр болтол надад ажил өг гэсэн. Ингээд Нэгдсэн эмнэлгийн дарга *******ыг дуудаж хамт сууж ярилцаад Нэгдсэн эмнэлэгт 2018 оны 07 дугаар сарын 01  хүртэл Халдварт, сүрьеэгийн тасагт халдвартын их эмчээр ажиллаж, ирэх оны төсөвт тэтгэврийн тэтгэмжийг нь суулгах талаар ярьж тохирон нэгдсэн эмнэлэгт халдвартын их эмчээр ажиллах болсон.

Иймд Аймгийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/447 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг харгалзан Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрээ гаргаж С.Бг ажлаас чөлөөлсөн ба 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Нэгдсэн эмнэлгийн Халдварт, сүрьеэгийн тасагт халдвартын их эмчээр ажиллаж байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******ээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эрүүл мэндийн газарт албан тоот ирсэн Аудитын шалгалтаар  санхүүгийн зөрчилтэй гэж гарсан тул Эрүүл мэндийн газрын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд Засаг даргын саналыг үндэслэн ажлаас чөлөөлөх  шийдвэр гаргасан байгаа. Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тушаалыг  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэж гаргасан ба хүчингүй болсон.  Сүүлд дахиж гарасан 80 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар тушаал нь ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн байгаа. манай Аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил илэрсэн болон үр дүнгийн гэрээнд заасан санхүүгийн удирдлага гэсэн хэсгийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзээд шийдвэр гаргасан байгаа.  Аудитын дүгнэлтийг биелүүлсэн биелүүлээгүй нь сонин биш, санхүүгийн зөрчлийн акт тавигдсан гэдэг нь гол үндэслэл болж байгаа гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан зөрүүтэй тэнцэх олговорт 1.251.622 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ******* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тухайн холбогдох байгууллагын санхүүд үүрэг болгож, иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжилсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 34.589 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч С.Б 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульд зааснаар хангасан байх ба нэхэмжлэлийг аль шүүхэд гаргаж байгаагаа зөв бичих ёстой. Гэтэл шүүхийн нэрийг буруу бичсэн ба Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл монгол улсад ийм нэртэй шүүх байхгүй байхад шүүх  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШ тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсгийг зөрчиж байна.

С.Б нь Эрүүл мэндийн газрын дарга ******* 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүрэгт ажлаас хууль бусаар халж, чөлөөлсөн шийдвэр гаргасан гэж гомдол гаргасан. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 79 тоот тушаалаар дээрх ажлаас халагдсан гэх тушаалыг хүчингүй болгосон байдаг. Тушаал хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, өөрчлөх боломжтой байтал хүчингүй болсон тушаалтайгаа шүүх хурал дээр ч маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй тушаалд дүгнэлт хийж хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тиймээс  ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

С. Б миний бие нь  хариуцагч талын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад тус гомдлыг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг хийж байна.  Би хэргийн харъяалал зөрчөөгүй. Би сум дундын гэсэн үгийг санамсаргүй хаяж бичсэн. Баянхонгор аймагт иргэний хэргийн өөр шүүх байхгүй. Анхан шатны шүүх өөрийн нэрийг шийдвэр дээрээ буруу хэрэглэж бичээгүй тийм учраас энэ бол алдаа биш гэж иргэнийхээ хувьд бодож байна. Сум дундын гэдэг үг хаяж бичсэн гэдэг нь миний асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн бүхий л үйл ажиллагааг үгүйсгэх  нөхцөл биш гэж бодож байна.

******* эрх зүйн мэдлэггүйгээсээ болж ажлаас халах тушаалаа буруу гаргасаар 2 тушаал бий болсон. Хамгийн гол нь аль ч тушаалаа гаргасан бай эцсийн үр дүнд би өөрөө ажилгүй болж хохирсон нь маргааны гол зүйл юм. Хамгийн сүүлчийн тушаалд намайг эрүүл мэнд, ажил мэргэжпийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэх ямарч дүгнэлт мэргэжлийн байгууллагаас гаргаагүй байхад албан тушаалтан ажлаас чөлөөлж ажилгүй болгосонд хэргийн гол учир байгаа юм.

Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэж аль болох нотлох баримтаа үнэлэх, алийг нь үнэлэхгүй байх тэр дотоод итгэлээ үнэн зөв хэрэглэж миний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан зөрүүтэй тэнцэх олговорт 1.251.622 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ******* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тухайн холбогдох байгууллагын санхүүд үүрэг болгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаал нь  Төрийн албаны тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах боловч  Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар  “…Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж  харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг  хууль тогтоомжийн дагуу томилж, чөлөөлнө..”  гэж  зааснаар  томилогдож,  чөлөөлөгддөг  албан тушаал байна.

Нэхэмжлэгч С.Б нь Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажил албан тушаалыг хашихдаа  хөдөлмөрийн эрхийн харилцаа нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэггүй  бөгөөд  Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь  С.Бг  анх  ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа /хх-ийн 4 дүгээр тал/  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх анхаараагүй байна.

Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаал нь  Төрийн албаны тухай хуулийн  дагуу  удирдах албан тушаалны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томиллогдож,  аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай  үр дүнгийн гэрээ байгуулж  ажилладаг  болох нь хэрэгт авагдсан   /хх-ийн 11-25, 80-82 дугаар тал/ Менежерийн  үр дүнгийн гэрээгээр тогтоогдож  байна.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн харьяалал зөрчиж, шийдвэрлэх ёсгүй маргааныг  хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул, хариуцагч байгууллагын  өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч С.Б нь ажлаас үндэсгүй халагдсан тухай гомдлоо харьяалах шүүхэд нь  хандаж  шийдвэрлүүлэх эрх нь  нээлттэй болно.

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн данснаас хариуцагчид буцаан олгох  үндэстэй   байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг  удирдлага болгон      

                                                                 ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 8 дугаар сарын 11-ний  өдрийн 131/ШШ2017/000579  дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч байгууллагын өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, ******* гомдолтой Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт  холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас  хариуцагчид буцааж  олгосугай.  

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА  

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                                                        Г.УЛАМБАЯР