Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2024/0004

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

Шүүгч:                           Д.Батбаатар

                                        Г.Банзрагч 

Илтгэгч шүүгч:            Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2023/0633 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 491 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-ыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2.Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1456 дугаар албан бичгээр “... танай компани нь 2011 оны 05 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны шимтгэл төлөлтийн тайлан (НД7, НД8)-г захирал Ц.Г-ын гарын үсэг, байгууллагын тамгаар баталгаажуулан ирүүлснийг нийгмийн даатгалын байцаагч хянан баталгаажуулсан байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг,

Нийгмийн даатгалын газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/340 дүгээр албан бичгээр “... Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн хариу нь хуулийн дагуу үндэслэлтэй тул таны гаргасан хүсэлтийг хангах боломжгүй байна. ... нийгмийн даатгалын шимтгэлээ зөвхөн ажил олгогчийн төлөх хувиар төлнө гэсэн нь хуулийн үндэслэлгүй байна” гэсэн хариуг тус тус нэхэмжлэгчид хүргүүлжээ.

3.Нэхэмжлэгчээс “Захирал Ц.Г-ыг 2010 оны 05 дугаар сараас таслан сэргийлэх арга хэмжээ авч эрүүгийн 21040691 дугаартай иргэн Х.О, Б.Б, Ё.Э нарыг залилсан, итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэх тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэргүүдэд эрүүдэн шүүж, хилс ял эдлүүлэн нийт 274 хоног цагдан хорьж, ... жонш олборлох аж ахуйн ажил зогсоосноос хөрөнгө оруулагч нарын цалин, нийгмийн даатгал тасарч хохирсон. Эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байснаас хөрөнгө оруулагч нар 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 сар дуустал хугацааны цалинд оногдох шимтгэлийг даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар (ажил олгогч, ажилтан) тооцож тайланд тусгасан” гэж,

4.Хариуцагчаас “... Захирал Ц.Г-ыг 2010 оны 05 дугаа сараас таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргүүдэд шалгагдан 274 хоног хоригдсоноос “нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, төлбөрөө барагдуулж чадахгүй”-д хүрсэн гэж дурдсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор үгүйсгэгдэж байгаа. Учир нь иргэн П.И-г хуурч, мэхлэн 20 сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Ц.Гоос гаргуулж, олгохыг тогтоосон байдаг” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хугацаанаас 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2023/0633 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-оос шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөө, ... бусад баталгаа, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд: “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн хохирлыг төр хариуцаж арилгана” гэж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д: “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь мөрдөгч, ... прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан ... тэтгэвэр, тэтгэмж ... болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж, 2019 оны Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлд: “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалт мөрдөнө” гэж, Монгол Улс нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд: “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэнтэй ч хэрцгий, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлд: “Хууль бусаар хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 14 дүгээр зүйлд: “Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах ... эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заасан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон Засгийн газрын 1994 оны 212 тогтоолын хавсралтын 2-ын “г” (Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн) гэх заалтыг буруу тайлбарлан захирал Ц.Г-ыг 2010 оны 04 дүгээр сараас “иргэн Х.О, Б.Б, Ё.Э нарыг залилсан”, “итгэмжлэл хуурамчаар үйлдсэн” гэх тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан хэргүүдэд эрүүдэн шүүж, “Ж” ХХК-ний ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл эзэмших шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 696 дугаар шийдвэр хууль бусаар хүчингүй болгон жонш олборлох аж ахуйн ажилд саад учруулсан үйл баримтад бодит дүгнэлт хийж, тайлан залруулах хугацааг үнэн зөв тогтоож чадаагүй.

Эрүүгийн 21040691, 21132899 хэргүүдийн тогтоол, “ ... Ц.Г-ыг 11 жилийн хорих ялаар яллаж, нийт 274 хоног хилс ял эдлүүлсэн” дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1174, хэргийг “анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан" Улсын дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 76, хэргийг “нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Ц.Г 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтад гарсан” давж зааlдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 607, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/305, тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж цагаатгасан” шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610, “... аливаа этгээдийг хангалттай нотлох баримт байхгүй байхад яллагдагчаар татах, цагдан хорих, удаан хугацаагаар шалгах, залхаах, сэтгэл санааны дарамтад оруулах нь эрүү шүүлтийн нэг хэлбэрт хамаарна” гэж дүгнэсэн Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3/10 шаардлага, тогтоол, магадлал, тодорхойлолтууд тайланг залруулах хугацааг нотолно.

Хэргийн гэм буруу эцэслэн шийдвэрлэгдээгүй, тайланг хуулийн хугацаанд нь баталгаажуулах үүрэгтэй тул тус компани 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар дуустал хугацааны цалингийн шимтгэлийг даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар (ажил олгогч, ажилтан) тооцож тайланд тусгасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, “Ж” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны цалингийн шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувь болгон залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9.Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Ц.Г нь “Х.О, Б.Б, Ё.Э нарыг хуурч мэхлэх аргаар залилсан, нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн” гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

10.Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 610 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Ц.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үйлдэл, 2 дахь заалтаар Х.О, Б.Б, Ё.Э нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11.Нэхэмжлэгчээс “2010 оны 05 дугаар сараас таслан сэргийлэх арга хэмжээ авч, “Х.О, Б.Б, Ё.Э нарыг залилсан”, “итгэмжлэл хуурамчаар үйлдсэн” гэх гэмт хэргүүдэд эрүүдэн шүүж, хилс ял эдлүүлэн нийт 274 хоног цагдан хоригдсон” гэж маргажээ.

12.Хавтаст хэрэгт Ц.Г нь Х.О-ийг залилан мэхэлсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн прокурорын тогтоол, П.И-г залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн прокурорын тогтоол тус тус авагдсан байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-“Ж” ХХК-ийн захирал Ц.Г-ын эрүүгийн журмаар шалгагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хугацаанд түүний өмнө авч байсан цалинд оногдуулсан шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцох үндэслэлтэй эсэх эсхүл зөвхөн цагдан хоригдсон хугацаанд цалинд оногдуулсан шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцох эсэх тухай байна.

Хууль хэрэглээний хувьд:

13.Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.

14.Ямар тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох, уг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ямар, хувь хэмжээгээр хэрхэн төлөхтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно”, 4-т “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа”, 7-д “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацааны шимтгэл төлөх журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-аар зохицуулжээ.

15.Журмын 2-ын г-д хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлөхөөр тусгасан байна.

16.Тодруулбал, журмын уг заалтыг хэрэглэх урьдач нөхцөл нь хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилсээр ял эдэлсэн байх бөгөөд энэхүү маргааны тохиолдолд Ц.Г нь нэр бүхий иргэдийг залилан мэхэлсэн, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх эрүүгийн хэрэгт хууль бусаар мөрдөгдөж, цагдан хоригдсон болох нь дээр дурдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 610 дугаар тогтоолоор тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 2-ын г-д заасан заалтыг хэрэглэх нөхцөл бүрджээ.

17.Харин анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 274 хоног цагдан хоригдсон, ... дээрх хугацаанд хамааралтай хэсгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зөв” гэж, давж заалдах шатны шүүх “.... цагдан хоригдохоос бусад хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүнийг ажил хөдөлмөр эрхлэх болон бусад эрхийг хязгаарладаггүй ба “Ж” ХХК-ийн захирал Ц.Г нь эрүүгийн журмаар эрх бүхий байгууллагад шалгагдсан нь дээрх зохицуулалтад хамаарахгүй” гэж Ц.Г-ын зөвхөн цагдан хоригдсон хугацаанд хамаарах хэсгийг салган тооцож, дээрх журмын үйлчлэлд хамааруулсан нь үндэслэлгүй, хууль, журмын “хууль бусаар ... мөрдөгдсөн” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

18.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг” гэж зааснаар дээрх хууль, журамд заасан “хууль бусаар ... мөрдөгдсөн” гэдгийг эрүүгийн гэмт хэрэгт (гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон) яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, уг хугацаандаа цагдан хоригдсон нөхцөл байдал зэргийг хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын санд төлөхөөр тодорхой заасан байна.

19.Иймд Х.О, Б.Б, Ё.Э нарыг хуурч мэхлэх аргаар залилсан, нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шалгагдсан цаг хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал (нэхэмжлэлд заасан хугацаа) хугацааны Ц.Г-ын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, журамд заасны дагуу даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

20.Харин “хөрөнгө оруулагч нарын цалинд оногдуулсан шимтгэлийг тайланд залруулж бүртгэхийг даалгах” шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд хөрөнгө оруулагч иргэдийн хувьд хууль бусаар мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн нөхцөл байдал байхгүй учир дээрх журмын үйлчлэлд хамаарахгүй байна.

21.П.И-г хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үйл баримт нь энэхүү захиргааны хэргийн маргааны зүйлтэй цаг хугацааны хувьд хамааралгүй талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Ийнхүү шийдвэр, магадлалд Ц.Г-д хамаарах хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2023/0633 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын г-д заасныг баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Г-д холбогдох хэсгийг хангаж, Ц.Г-ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

                                                                               Г.БАНЗРАГЧ

           Ц.ЦОГТ