Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0474

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр

 

 

Дугаар 221/МА2019/0474

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Э.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0410 дугаар шийдвэрийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбатын давж заалдах гомдлоор, Э.Б-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0410 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албаны газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн Газрын албанд газар шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах гэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгосон шийдвэрийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч Э.Б-ийн нэр дээр түүний эзэмшлийн газрыг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, мөн холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг бодитойгоор тал бүрээс үнэлж дүгнээгүй бөгөөд маргаан бүхий газарт хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр шинжээч томилон мэргэжлийн байгууллагаар тухайн газарт хэмжилт хийлгэх шүүгчийн захирамж гарч удаа дараа хэргийн газарт очсон боловч нэхэмжлэгч хэмжилт хийлгээгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, атал анхан шатны шүүх маргаан бүхий газруудыг давхцалгүй тул мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Мөн маргаан бүхий нэгж талбарын 18638313581853 дугаар бүхий 979м2 газрыг нэхэмжлэгчийн одоо амьдарч байгаа хашаагаар 700м2 болгон кадастрын зураг хийн мэдээллийн санд оруулахад гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн газартай давхацдаг бөгөөд нэхэмжлэгч мэдээллийн санд бүртгэлтэй зургийн дагуу хашаагаа бариагүй одоо амьдарч буй хашаагаараа мэдээллийн санд бүртгүүлнэ гэж маргаан үүсгэдэг тул дүүргийн газар зохион байгуулалтын алба нь гуравдагч этгээд нарын өмчлөлд байгаа газартай давхцуулан мэдээллийн санд бүртгэх эрхгүй бөгөөд шүүх эдгээр үйл баримтыг шинжлэн судалж дүгнэлт гаргаагүй нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа өмчлөн авах хүсэлтээ шийдвэрлэж чадаагүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхол өдийг хүртэл хохирсон байна гэжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.1-т “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх; гэж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг заасан байх бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ’, 20.2.1.“нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт газрын харилцааны талаарх дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх болон бусад бүрэн эрхийг заасан бөгөөд дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн бусдаас газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргасан болно.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга газрын мэдээллийн сан хөтлөх үүргийг хуулиар хүлээгээгүй тул үндэслэлгүй байна. Дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр. орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна. гэж заасны дагуу нэхэмжлэгчид тусгай эрх бүхий байгууллагаар газар дээр бодитой хэмжүүлэн эзэмших эрх олгогдсон 700 м2-т багтаан кадастрын зураг хийлгэж ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч бодит байдал дээр хил залгаа орших тухайн хашааны зүүн талын Дүүргийн Засаг даргын 2007 оны 385 дугаар захирамжаар эзэмших эрх авсан иргэн С.Дгийн хашаанаас 4-5 м-ийн зайтайгаар гуравдагч этгээд нарын өмчлөлийн газартай давхцуулан зураг хийлгэж ирүүлснийг мэдээллийн санд бүртгэх хууль зүйн боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2,-т “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхой заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн бусдын газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчин хийлгэсэн кадастрын зургийг “мэдээллийн санд бүртгэхийг даалгаж" шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-н өдрийн 128/ШШ2019/0410 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгч Э.Б-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албаны газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн газрын албанд газар шилжүүлэн авсан захиргааны акт, хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх иргэн Г.Ц-гээс 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгонохайрхан дүүргийн Газрын албанд тус дүүргийн 12 дугаар хороо Дунд наран 14-400 хаягт газар эзэмших хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар захирамжаар Г.Ц-д тус дүүргийн 12 дугаар хороо Дунд наран 14-400 хаягт 700 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгожээ.

Г.Ц-гээс өөрийн эзэмшлийн 700 м2 газрыг нэхэмжлэгч Э.Б-эд 2008 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэх гэрээ хийж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 37 дугаар захирамжаар /хавсралтын 12 дахь хэсгээр/ 18638313581853 кадастрын нэгж талбарын дугаартай маргаан бүхий 700 мкв газрыг нэхэмжлэгч Э.Б-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Иргэн Г.Ц-гийн эзэмшиж байсан маргаан бүхий газрын хэмжээ бодит байдал дээр 979 мкв хэмжээтэй байсан гэдэг нь газар эзэмших хүсэлт гаргах үед иргэн Г.Ц-гээс гаргаж өгсөн кадастрын 18638313581853 дугаар бүхий зураг нь кадастрын зураг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4 дугаар зүйлийн 5.1.4-т заасны дагуу иргэн Э.Б- нь нийслэлд 700 мкв газрыг нэг удаа үнэгүй өмчлөн авах эрхтэй юм. Дээрх эрхээ эдлэхийн тулд эзэмших буй газар нь 700 мкв байх шаардлага үүссэний улмаас газрын кадастрын мэдээллийн санд өөрийн 979 мкв газраас 700 мкв газрыг нь бүртгүүлэхийг хүссэн байна.

Иргэн Э.Б- нь нь бодит байдал дээр 979 мкв газар эзэмшиж байгаа нь тухайн газрыг өмчлөн авах эрхгүй гэсэн ойлголт биш бөгөөд 700 мкв газрыг үнэгүй өмчлөн аваад үлдэх 279 мкв газраа үнийг нь төлж өмчлөн авах эрхтэй юм.

Анхан шатны шүүх энэхүү маргааныг бодитой шийдвэрлэхийн тулд иргэн Э.Б-ийн газар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн эзэмшиж байгаа газрын бодит хэмжээг тогтоохоор 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 994 дүгээр захирамжаар шинжээч томилсон байна. Ингэснээр тухайн газрын бодит хэмжээ тогтоогдох байжээ. Иргэн Э.Д 479 мкв газар эзэмших эрхтэй, иргэн Э.Б- 700 мкв газар эзэмшдэг бол нийтдээ 1179 мкв гэсэн хэмжээ гарах ёстой.

Гэвч бодит байдал дээр дээрх газраас илүү хэмжээний газар байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас газраа хэмжүүлэхээс татгалзсан, улмаар шүүгчээс татгалзаж байжээ.

Иргэн С.Дгийн  хоёр талд нь хүү Э.Б- болон охин н.Энхчимэг нарын газар оршин байдаг гэж С.Д тайлбарлаж байна. Хэрвээ дээрх 3 иргэний газрын нийт хэмжээг тогтоогоод улмаар н.Энхчимэг болон С.Д нарын газрын хэмжээг нийт газрын хэмжээнээс хассан бол нэхэмжлэгч Э.Б-ийн газрын хэмжээ маргаангүй гарахаар байжээ. Шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүү Э.Б- болон өөрийн газрын хооронд бодитойгоор тусгаарласан хашаа байхгүй, зөвхөн хамар хашаа гаргасан байгаа гэж, мөн сансрын зургаас харахад газар шилжээд байгаа мэтээр, мөн  хашаа шилжээд, гүйгээд байгаа мэтээр тайлбарлаж байгаа  боловч энэхүү тайлбар нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэн Э.Б- нь 700 мкв газрыг үнэгүй өмчлөн аваад үлдэх 279 мкв газраа үнийг нь төлж өмчлөн авах эрхтэй болохыг дахин тэмдэглэх нь зүйтэй. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа өмчлөн авах хүсэлтээ шийдвэрлэж чадаагүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхол өдийг хүртэл хохирсон байна гэж” дүгнэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” хэмээн  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг заасан байх бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-т "нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж тус тус заажээ.

Энэхүү заалт нь шүүхээр шийдвэрлэж буй маргааны тухайд хамааралгүй зүйл, заалт байна. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн дүүргийн Засаг дарга газрын мэдээллийн сан хөтлөх үүргийг Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын тухай зэрэг хуулиар хүлээгээгүй байна.

Давж заалдах гомдолд мөн “Дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна гэж заасны дагуу нэхэмжлэгчид тусгай эрх бүхий байгууллагаар газар дээр бодитой хэмжүүлэн эзэмших эрх олгогдсон 700 мкв-т багтаан кадастрын зураг хийлгэж ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч бодит байдал дээр хил залгаа орших тухайн хашааны зүүн талын Дүүргийн Засаг даргын 2007 оны 385 дугаар захирамжаар эзэмших эрх авсан иргэн С.Дгийн хашаанаас 4-5 метрын зайтайгаар гуравдагч этгээд нарын өмчлөлийн газартай давхцуулан зураг хийлгэж ирүүлснийг мэдээллийн санд бүртгэх хууль зүйн боломжгүй юм гэж гомдолдоо дурьджээ.

Гэхдээ энэхүү шийдвэрийн тухайд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын алба давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “газар эзэмших эрх олгосон шийдвэрийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч Э.Б-ийн нэр дээр түүний эзэмшлийн газрыг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгасугай” гэсэн хэсгийг хянаагүй тул гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.

            Дүүргийн Засаг дарга Э.Б-ийн газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд харин өмчлүүлэх захирамж гаргах эрх хуулиар олгогдоогүй, өмчлүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргахаар байна. Иймд анхан шатны шүүхийн “хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа өмчлөн авах хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол өдийг хүртэл хохирсон байгааг дурдах нь зүйтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон, 

 

ТОГТООХ нь :

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0410 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг тус баримтлан Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус дүүргийн Газрын албанд газар шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгасугай” гэж өөрчилж, үлдэх хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш арван дөрвөн хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

       

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

        ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР