Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* /*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, овгийн ийн /РД:/ нарт холбогдох

34,138,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2016 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “БНХАУ-ийн иргэн ******* миний бие Монгол улсад оршин сууж бизнесийн үйл ажиллагаа тогтмол явуулж ирсэн. ХХК-тай хамтран Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьсан. Уг барилгыг барилга барих тусгай зөвшөөрөлтэй Ананд Тауэр ХХК-ийн нэр дээр барьж 2013 онд ашиглалтад орж борлуулалт хийгдсэн. Тухайн үед Ц.*******тэй танил болсон байсан. Барилга ашиглалтад орсон үед Ц.******* нь бидний барьсан байрнаас банкны 8 хувийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй байгаагаа надад илэрхийлж, байрны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг та төлж тус болооч, нэг бол та барилгын ашгаас авах хувиасаа суутгуулаад зохицуулаад өгөөч, би бүх мөнгөө наймаанд оруулсан тул 2 сарын дараа танд буцаагаад өгнө гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд орон сууцны борлуулалтыг хийсэн “Ананд Тауэр” ХХК-иас Ц.******* тус байрыг худалдан авахаар болж ******* миний бие өөрт авах ашгаасаа 34,138,800 төгрөгийг суутгуулж Ц.*******ийн байрны урьдчилгаа төлбөрийг төлж тооцоог хийсэн. Ц.******* уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Харин байрны урьдчилгаа 34,138,800 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шаардлага гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******гээс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг үндэслэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Их тойруу, 11Б байрны 62 тоот орон сууцны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг тээврийн тооцооноос суутгуулан тооцохоор тохирч байраа авсан. ******* болон “Прайд Майнинг” ХХК-ийн захирал нар хоорондоо нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай “Нутгийн ариун зам” ХХК нь нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу “Таван толгой” ХК-аас Цагаан хадны Гаалийн хяналтын талбай хүртэл 20,000 тонн нүүрсийг 200 машинаар тээвэрлэсэн. Уг тээврийн хөлснөөс уг байрны урьдчилгаа төлбөр 34,138,800 төгрөгийг “Прайд майнинг” ХХК-ийн захирал нь *******д төлж дуусгасан болохыг 2014 оны 10 дугаар сард надад хэлсэн. Би мөнгийг Сэчинтүд дахин төлөх шаардлагагүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манайх “Ананд Тауэр” ХХК-тай 2014 оны 03 дугаар сард гэрээ байгуулсан. Уг барилга 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орсон байдаг. Энэхүү нэхэмжлэлд 2013 онд гэрээ байгуулснаар бичсэн байна. 2014 оны 03 дугаар сард гэж хүний санал болгосноор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11Б байрны 62 тоот орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед “миний найзын барьж байгаа барилга. Урьдчилгааг би төлнө” гэж тохиролцоод гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд хэн ч холбоо бариагүй учраас миний хувьд төлөгдсөн гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “БНХАУ-ын иргэн ******* нь сайн дураараа өөрөө мэдэж хариуцагч *******, нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны 8 хувийн зээлээр худалдан авахад нь зориулж түүний 30 хувь болох 34,138,800 төгрөгийн зардал гаргасан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. ******* зардал гаргасны улмаас хариуцагч нар нь хөрөнгөжиж уг үл хөдлөх эд хөрөнгийн өмлөгч болсон. Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зориулан 30 хувийн урьдчилгааны 34,138,800 төгрөгийг ******* гаргасан гэдэгт огт маргадаггүй гагцхүү нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Прайд Майнинг” ХХК-ийн захирал Батзориг төлчихсөн хэмээн тайлбарладаг гэтэл ИХШХШ тухай хуульд заасны дагуу хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл бол Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.2 юм. Хэдийгээр ******* нь Ц.*******, нарт чин сэтгэлээсээ тусалж өөрийн авах ёстой ашгаасаа 34,138,800 төгрөгийн зардал гаргаж тэдгээрт түр хугацаагаар зээлдүүлж байна хэмээн тусалсан байдаг ба энэ үүднээс анх нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч үзнэ үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хариу тайлбарыг нотлох баримтаар шинжлэн судлууллаа. Уг тайлбараар *******гээс урьдчилгаа төлбөр авсан гэдэгт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө гэж бодож байна. Иргэний хуульд заасны дагуу үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэх ёстой. Гэтэл Ц.******* үүргээ гүйцэтгээгүй байж миний өмнөөс төлсөн гэх зүйлийг ярьдаг. Хэрэв үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх бол үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрснөөр үүрэг шилжих ёстой. төлнө гэх баримт, мөн төлсөн гэх ямар нэг үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна. Тийм учраас нэхэмжжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Он сарын хувьд алдаа гарсан байна. 2013 он гэж бичсэн нь 2014 он байгаа юм.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.******* *******гээс тусламж гуйсны дагуу ******* өөрийн ашгаас суутгуулан тодорхой хэмжээний зардлыг өөрөөсөө гаргасан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Уг зардлыг гаргасны улмаас Ц.******* хөрөнгөжиж уг байрны өмчлөгч болсон нь тогтоогдож байна. Нэгэнт *******гээр төлүүлсэн учраас Ц.******* буцаан төлөх үүрэгтэй. Уг шаардах эрх нь Иргэний хуулийн 496.2-т зааснаар тогтоогдож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас 2 үндэслэлээр шаардлага гаргадаг. Нэгдүгээрт зээлийн гэрээ гэж, хоёрдугаарт үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзэж байна. Манай зүгээс зээлийн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ бол хуульд зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдоно. Болсон үйл явдлыг харахад зээлийн гэрээний харилцаа биш гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал шаардлагаа бусдын зардлаар буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж шаардаж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хууль, эрх зүйн мэдлэг муутайн улмаас бичгээр гэрээ байгуулаагүй, ийг төлсөн гэж бодоод явж байгаа. Гэтэл хавтаст хэргийн материалаас харахад нөгөө тал төлөөгүй гэж байна. Манай тал төлсөн гэж үзэж байгаа. Мөн ******* нь “Ананд Тауэр” ХХК-д Ц.*******ийн өмнөөс урьдчилгааг төлсөн, “Ананд Тауэр” ХХК нь ирээдүйд Ц.*******өөс ямар нэгэн урьдчилгаа төлбөрийг нэхэхгүй юм гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Гэрээнд зааснаар касс-д 30 хувийн төлбөрийг бэлнээр төлснөөр гэрээ байгуулна гэж заасан байгаа. Гэтэл гэрээнд зааснаас өөр нөхцлөөр үйлдсэн баримт байгаад байгааг би ойлгохгүй байна. Манайхаас гаргаж өгсөн нотлох баримтад “Ананд Тауэр” ХХК-ийн дансанд 30 хувь урьчилгаа төлбөрийг төлсөн баримт байгаа. Иймд манай тал үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Манай тал яваандаа *******гийн нэр дээр тээвэрэлтийн зардлын нэхэмжлэлийг гаргана гэж үзэж байгаа.”гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.*******, Д. нарт холбогдуулан орон сууцны урьдчилгаанд төлсөн 34,138,800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Ц.*******, Д. хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж: нэхэмжлэл /хх-1/, нэхэмжлэгчийн Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийн хуулбар /хх-4/, гадаад паспортын хуулбар /хх-5/, итгэмжлэл /хх-6-7/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/5859 дугаар албан бичиг /хх-51/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хх-52-53/, Ц.*******, Д. нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-35-36/, “Ананд Тауэр” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаар хүсэлтийн хуулбар /хх-57/, орон сууцны захиалгын гэрээний хуулбар /хх-58-60/, барилгын давхрын схем зургийн хуулбар /хх-61/, барилгын гадна талын зургийн хуулбар /хх-62/, Нийслэлийн Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/2232 дугаар албан бичгийн хуулбар /хх-63/, барилгын кадастрын зургийн хуулбар /хх-64/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-65/, тайлбар /хх-83/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-85/, “” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх-87/, тооцооны баримтын хуулбар /хх-129/, “Ананд тауэр” ХХК, “” ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц хамтран барих, барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-130-134/ зэргийг

Хариуцагч тал татгалзлаа дэмжиж: хариу тайлбар /хх-18-19/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-21/, хариу тайлбар /хх-74/, итгэмжлэл /хх-99/, хариуцагч Ц.Эрдэнтөгсөөс Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн хуулбар /хх-111-112/, нүүрсний цувааны гэх баримтын хуулбар /хх-113-115/, оос тайлбар авсан тэмдэглэлийн хуулбар /хх-116-117/, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/132 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-118-119/, нүүрс тээврийн падааны хуулбар, “Ананд тауэр” ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /хх-121-124/, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-136-139/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ******* /*******/ нь хариуцагч Ц.*******ийн хүсэлтийн дагуу түүний өмнөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо 11-р хороолол Их тойруу гудамж 11б байр, 62 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 58,4 мкв  талбайтай, хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр 34,138,800 төгрөг төлсөн болох нь “Ц.******* нь бидний барьсан байрнаас банкны 8 хувийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй байгаагаа надад илэрхийлж, байрны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг та төлж тус болооч, нэг бол та барилгын ашгаас авах хувиасаа суутгуулаад зохицуулаад өгөөч, би бүх мөнгөө наймаанд оруулсан тул 2 сарын дараа танд буцаагаад өгнө гэж гуйхаар нь зөвшөөрсөн” гэх тайлбар /хх-1/, хариуцагч Ц.*******ийн “Миний бие ... *******гээс ... Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Их тойруу, 11Б байрны 62 тоот орон сууцны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг тээврийн тооцооноос суутгуулан тооцохоор тохирч байраа авсан” гэх тайлбар /хх-18/, “*******д олгох ашгийн хуваарилалтаас *******гийн Эрдэнтөгсийн ... байрны урьдчилгаа ... болох 34,138,800 төгрөгийг хасч ... олгох” /хх-129/ гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ тухайд маргахгүй байна. Нэхэмжлэгч хөрөнгө оруулж орон сууцны барилга барьсан болох  нь “*******тэй хамтран хөрөнгө оруулалт гаргаж ... орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан ...” /хх-87/ гэх тайлбар, “БНХАУ-ын иргэн Ёост, ... ******* нарын 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байр ...” гэх тайлбар /хх-129/, “нэг талаас “Ананд тауэр” ХХК-ийг төлөөлөн ... О.Нарангэрэл, нөгөө талаас “” ХХК-ийг төлөөлж ... ******* нар төлөөлж орон сууц хамтран барих, барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /хх-130/-ний хуулбараар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн “34,138,800 төгрөгөө янз бүрийн шалтаг шалтгаан тооцож явсаар өнөөдрийг хүртэл өгөөгүй” /хх-1/, хариуцагчийн “... байрны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг ...   Б.Сэчинтүд өгч тооцоог дуусгасан болохыг ... надад хэлсэн” /хх-18/ гэх тайлбараас үзэхэд хариуцагч Ц.******* 34,138,800 төгрөгийг нэхэмжлэгч ******* /*******/-д буцааж өгөөгүй гэж үзэх үндэстэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг дээр дурдсанаар шинжлэн судлахад ******* /*******/ нь орон сууцны хөрөнгө оруулалтын өөрт ногдох ашиг, орлогоос өөрөө мэдэж зардал гаргасан / 34,138,800 төгрөг/, нөгөө этгээд /Ц.*******/ зардал гаргуулсны улмаас орон сууцтай болсон байх бөгөөд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд  түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэж заасны дагуу зардлаа /34,138,800 төгрөг/  Ц.*******өөс шаардах эрхтэй юм.

 Иймд нэхэмжлэгч ******* /*******/-ийн хариуцагч Ц.*******т холбогдуулан 34,138,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүгч дээр дурдсан тайлбар /хх-1,83,87/-ыг нотлох баримтаар үнэлэхдээ хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлснээс гадна Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/5859 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримт /хх-51-53,57-65/-ыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн улмаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь хэргийн оролцогчид хамаарахгүй,  бусад баримт /хх-87,129-134/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

“” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар тодорхойлолтын хуулбар /хх-8/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-47/, нүүрс тээврийн падааны хуулбар /хх-121-124/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн хариуцагч Ц.Эрдэнтөгсөөс Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн хуулбар /хх-111-112/, нүүрсний цувааны гэх баримтын хуулбар /хх-113-115/, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/132 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-118-119/ нь тухайн хэрэгт ач холбогдолгүй гэж үзэхээр байна. оос тайлбар авсан тэмдэглэлийн хуулбар /хх-116-117/-т , Ц.******* нарын хоорондын өглөг, авлагын асуудлыг ярьснаас  гадна Ц.Эрдэнтөгсийн “34,138,800 төгрөгийг нь *******д төлж дуусгасан болохыг ... надад хэлсэн “ гэх  тайлбар /хх-18/-ыг нотлохгүй байна. 

 “Ананд тауэр” ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар /хх-121-124/ нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх боловч нотариат нь тухайн хуулбарыг эх хувьтай нь тулгаж үнэн зөв гэдгийг баталж байгаагаас бус Ц.******* тухайн мөнгийг /34,138,800 төгрөг/ төлсөн эсэхийг баталж байгаа үйлдэл бус юм.  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талаас “гэрчээр ыг асуулгах хүсэлтээсээ татгалзах”,  “нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудсыг нотлох баримтаас хасуулах” хүсэлт гаргасан бөгөөд шүүх ыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзах хүсэлтийг хангаж, хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудсыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.   

Шүүх хариуцагч Ц.*******ийн ийг гэрчээр асуулгах хүсэлт /хх-41/-ийг хангаж Ц.*******ийн хүсэлтэд дурдсан хаягаар 2 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ийм нэртэй хүн тухайн хаяг дээр оршин сууддаггүй, утасны дугаар нь буруу болох нь шуудангийн байгууллагын тэмдэглэл /хх-43-45, 95-97/-ээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс хариуцагч Ц.*******ийн гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргах эрхийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийн оршин суугаа хаяг, утасны дугаар нь /хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтэд дурдсан/ тодорхой бус, буруу байх тул шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар өөр ямар нэг ажиллагаа явуулах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар нэхэмжлэгч ******* /*******/-ийн 34,138,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ц.*******, Д. нараас 34,138,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* /*******/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т  зааснаар нэхэмжлэгч ******* /*******/-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,644 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Д. нараас 328,644 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3.Үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлах захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр байлгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР