Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 67

 

 

        

                             

 

 

Бао Сэчинтүгийн /BAO SIQINTU/ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00432 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Бао Сэчинтүгийн /BAO SIQINTU/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Эрдэнэтөгс, Д.Мөнхжаргал нарт хариуцагдах

“34.138.800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Эрдэнэтөгсийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч Бао Сэчинтүгийн /BAO SIQINTU/ нэхэмжлэлдээ: БНХАУ-ийн иргэн Бао Сэчинтү миний бие Монгол улсад оршин сууж бизнесийн үйл ажиллагаа тогтмол явуулж ирсэн. Хаппи гөү лаки ХХК-тай хамтран Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгыг барилга барих тусгай зөвшөөрөлтэй Ананд Тауэр ХХК-ийн нэр дээр барьж 2013 онд ашиглалтад орж борлуулалт хийгдсэн. Тухайн үед Ц.Эрдэнэтөгстэй танил болсон байсан. Барилга ашиглалтад орсон үед Ц.Эрдэнэтөгс нь бидний барьсан байрнаас банкны 8 хувийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй байгаагаа надад илэрхийлж, байрны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг та төлж тус болооч, нэг бол та барилгын ашгаас авах хувиасаа суутгуулаад зохицуулаад өгөөч, би бүх мөнгөө наймаанд оруулсан тул 2 сарын дараа танд буцаагаад өгнө гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд орон сууцны борлуулалтыг хийсэн Ананд Тауэр ХХК-иас Ц.Эрдэнэтөгс тус байрыг худалдан авахаар болж Бао Сэчинтү миний бие өөрт авах ашгаасаа 34,138,800 төгрөгийг суутгуулж Ц.Эрдэнэтөгсийн байрны урьдчилгаа төлбөрийг төлж тооцоог хийсэн.

Ц.Эрдэнэтөгс уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Харин байрны урьдчилгаа 34,138,800 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Бао Сэчинтүгээс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг үндэслэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Их тойруу, 11Б байрны 62 тоот орон сууцны урьдчилгаа төлбөр болох 34,138,800 төгрөгийг тээврийн тооцооноос суутгуулан тооцохоор тохирч байраа авсан. Бао Сэчинтү болон Прайд Майнинг ХХК-ийн захирал Ч.Батзориг нар хоорондоо нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай Нутгийн ариун зам ХХК нь нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Таван толгой ХК-аас Цагаан хадны Гаалийн хяналтын талбай хүртэл 20,000 тонн нүүрсийг 200 машинаар тээвэрлэсэн. Уг тээврийн хөлснөөс уг байрны урьдчилгаа төлбөр 34,138,800 төгрөгийг Прайд майнинг ХХК-ийн захирал Ч.Батзориг нь Бао Сэчинтүд төлж дуусгасан болохыг 2014 оны 10 дугаар сард надад хэлсэн. Би мөнгийг Сэчинтүд дахин төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 03 дугаар сард Ч.Батзориг гэж хүний санал болгосноор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11Б байрны 62 тоот орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед Ч.Батзориг миний найзын барьж байгаа барилга. Урьдчилгааг би төлнө гэж тохиролцоод гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд хэн ч холбоо бариагүй учраас миний хувьд төлөгдсөн гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн Бао Сэчинтү нь сайн дураараа өөрөө мэдэж хариуцагч Эрдэнэтөгс, Мөнхжаргал нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны 8 хувийн зээлээр худалдан авахад нь зориулж түүний 30 хувь болох 34,138,800 төгрөгийн зардал гаргасан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Бао Сэчинтү зардал гаргасны улмаас хариуцагч нар нь хөрөнгөжиж уг үл хөдлөх эд хөрөнгийн өмлөгч болсон. Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зориулан 30 хувийн урьдчилгааны 34,138,800 төгрөгийг Бао Сэчинтү гаргасан гэдэгт огт маргадаггүй гагцхүү нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Прайд Майнинг ХХК-ийн захирал Батзориг төлчихсөн хэмээн тайлбарладаг. Гэтэл ИХШХШ тухай хуульд заасны дагуу хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл бол Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.2 юм. Хэдийгээр Бао Сэчинтү нь Ц.Эрдэнэтөгс, Мөнхжаргал нарт чин сэтгэлээсээ тусалж өөрийн авах ёстой ашгаасаа 34,138,800 төгрөгийн зардал гаргаж тэдгээрт түр хугацаагаар зээлдүүлж байна хэмээн тусалсан байдаг ба энэ үүднээс анх нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бао Сэчинтүгээс урьдчилгаа төлбөр авсан гэдэгт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө гэж бодож байна. Иргэний хуульд заасны дагуу үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэх ёстой. Гэтэл Ц.Эрдэнэтөгс үүргээ гүйцэтгээгүй байж  Ч.Батзориг миний өмнөөс төлсөн гэх зүйлийг ярьдаг. Хэрэв үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх бол үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрснөөр үүрэг шилжих ёстой. Ч.Батзориг төлнө гэх баримт, мөн төлсөн гэх ямар нэг үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна. Тийм учраас нэхэмжжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Он сарын хувьд алдаа гарсан байна. 2013 он гэж бичсэн нь 2014 он байгаа юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2 үндэслэлээр шаардлага гаргадаг. Нэгдүгээрт зээлийн гэрээ гэж, хоёрдугаарт үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзэж байна. Манай зүгээс зээлийн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ бол хуульд зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдоно. Болсон үйл явдлыг харахад зээлийн гэрээний харилцаа биш гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал шаардлагаа бусдын зардлаар буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж шаардаж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хууль, эрх зүйн мэдлэг муутайн улмаас бичгээр гэрээ байгуулаагүй, Ч.Батзоригийг төлсөн гэж бодоод явж байгаа. Гэтэл хавтаст хэргийн материалаас харахад нөгөө тал Ч.Батзориг төлөөгүй гэж байна. Манай тал төлсөн гэж үзэж байгаа. Мөн Бао Сэчинтү нь Ананд Тауэр ХХК-д Ц.Эрдэнэтөгсийн өмнөөс урьдчилгааг төлсөн, Ананд Тауэр ХХК нь ирээдүйд Ц.Эрдэнэтөгсөөс ямар нэгэн урьдчилгаа төлбөрийг нэхэхгүй юм гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Гэрээнд зааснаар касс-д 30 хувийн төлбөрийг бэлнээр төлснөөр гэрээ байгуулна гэж заасан байгаа. Гэтэл гэрээнд зааснаас өөр нөхцлөөр үйлдсэн баримт байгаад байгааг би ойлгохгүй байна. Манайхаас гаргаж өгсөн нотлох баримтад Ананд Тауэр ХХК-ийн дансанд 30 хувь урьчилгаа төлбөрийг төлсөн баримт байгаа. Иймд манай тал үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Манай тал яваандаа Бао Сэчинтүгийн нэр дээр тээвэрлэлтийн зардлын нэхэмжлэлийг гаргана гэж үзэж байгаа гэжээ.

       Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар нэхэмжлэгч BAO SIQINTU /Бао Сэчинтү/-ийн 34,138,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ц.Эрдэнэтөгс, Д.Мөнхжаргал нараас 34,138,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч BAO SIQINTU /Бао Сэчинтү/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч BAO SIQINTU /Бао Сэчинтү/-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,644 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэтөгс, Д.Мөнхжаргал нараас 328,644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлах захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр байлгахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Б.Энхбат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрч Ч.Батзоригийг гэрчээр асуух тухай хүсэлтээс татгалзахгүй тухайгаа илэрхийлсэн байна. Гэтэл үндэслэлгүйгээр гэрч асуулгах хүсэлтийг хангах тухай захирамжийг хүчингүй болгосон нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Бао Сэчинтүгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Батзоригийг гэрчээр асуух нь зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа юм. Миний гаргасан гомдлын дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Ч.Батзоригоос тайлбар авсан тухай баримтыг хэрэгт хавсаргасан. Уг гомдол болон шүүхэд гаргасан гэрч асуулгах тухай нэхэмжлэлдээ гэрчийн хаяг, холбоо барих утсыг нэгэн адил бичсэн. Гэтэл гэрчээр асуух боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн зүгээс үндэслэл муутай, гэрчийн овог, хаяг нь тодорхойгүй, холбоо барих утасгүй Батзориг гэгчийг асуулгах хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг гэрчийн хаяг тогтоох үүднээс 2016 оны 7-р сарын 1, 2016 оны 8-р сарын 22, 2016 оны 9-р сарын 5-ний өдрүүдэд нийт 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчаас гаргаж өгсөн хаяг дээр уг иргэн огт оршин суудаггүй, холбоо барих утас Батзориг гэдэг хүн байдаггүй талаар мэдэгдсэн баримт шүүхэд ирсэн байдаг. Энэ талаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шүүх хариуцагч Ц.Эрдэнэтөгсийн Ч.Батзоригийг гэрчээр асуулгах хүсэлт \хх-41\-ийг хангаж Ц.Эрдэнэтөгсийн хүсэлтэд дурдсан хаягаар 2 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ийм нэртэй хүн тухайн хаяг дээр оршин суудаггүй, утасны дугаар нь буруу болох нь шуудангийн байгууллагын тэмдэглэл \хх-43-45, 95-97\-ээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс хариуцагч ЦЭрдэнэтөгсийн гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргах эрхийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийн оршин суугаа хаяг, утасны дугаар нь \хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтэд дурдсан\ тодорхой бус, буруу байх тул шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар өөр, ямар нэг ажиллагаа явуулах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй ” хэмээн дурьдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрх заалт нь ИХШХШ тухай хуулийн 123-р зүйлийн 123.1-т 123.3 дахь заалт, мөн хуулийн 124-р зүйлийн 124.1 дэх заалтад нийцсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж ямар ч биелэгдэх боломжгүй гэрчийн овог, хаяг, тодорхойгүй, өгсөн хаяг нь буруу холбоо барих утасгүй байсан бөгөөд Батзориг нь Эрдэнэтөгсийн өмнөөс нэхэмжлэгчид мөнгө төлөх үүрэг хүлээсэн этгээд биш тул хэрэгт хамааралтай гэрч биш юм. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлох бөгөөд хариуцагч өөрөө татгалзалаа нотлох үүрэгтэй төдийгүй нэхэмжлэгч өөрийн авах ашгаасаа 34.138.800 төгрөг суутгуулж зардал гаргасны улмаас хариуцагч нь хөрөнгөжиж уг байрны буюу УБ хот СБД-ийн 11-р хороо 11Б байрны 62 тоот орон сууцны өмчлөгч болсон, одоо байрандаа амьдарч байгаа. Байрны урьдчилгаа 30% хувийнхаа зардлыг нэхэмжлэгчээр гаргуулсан гэдэг дээр хариуцагч бол огт маргаагүй. Анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг явуулдаг. Шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаярын хүсэлтээр Ц.Эрдэнэтөгсийн Хас банкнаас авсан зээлийн хувийн хэрэг хадгалагдаж буй  “Эрдэнэтөгсийн Ананд Тауэр ХХК-д мөнгө тушаасан” гэх орлогын баримтад үзлэг явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан журмын дагуу тэмдэглэл үйлдсэн боловч тэмдэглэлд уг ажиллагааг ямар арга замаар явуулж, ямар нөхцөл байдлыг тодруулсан нь тусгагдаагүй байх тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ зөрчил нь шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч Ц.Эрдэнэтөгсийн хүсэлтийн дагуу “Прайд Майнинг” ХХК-ий захирал Ч.Батзоригоос гэрчийн мэдүүлэг авах тухай 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  143/ШЗ2016/00671 тоот шүүгчийн захирамж гарсан байхад уг хаягаар биш  оршин суугаа хаяг, утасны дугаараар Ч.Батзоригийг гэрчээр дуудсан нь шүүхийн мэдэгдэх хуудсуудаар тогтоогдож байх тул шүүхийг Ч.Батзоригт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй гэж үзлээ. /хэргийн 48, 43-45, 95-97 дугаар тал/ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ба  хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар байгаа газарт нь очиж,  хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-т зааснаар  албадан ирүүлж гэрчээс мэдүүлэг авах журамтай. Хэргийн 42, 93 дугаар хуудсанд авагдсан мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай баримтад Ч.Батзоригийг гэрчээр дуудсан мэдэгдэх хуудсыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Тунгалагтуул, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Туул гэх хүн хүлээн авсан тухай тэмдэглэгдсэн байгаагаас шүүхэд дуудсан тухайгаа Ч.Батзоригийг мэдсэн гэж үзэхээр байна. Гэвч гэрчээс мэдүүлэг авах талаарх хуулиар тогтоосон дээрх журмыг шүүхээс хэрэгжүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар өөр ямар нэг ажиллагаа явуулах боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзах, хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзахгүй гэсэн хүсэлтийг сонссоны дараа шүүх хуралдаан завсарлаж,  дахин үргэлжүүлж хүсэлтийг шийдвэрлэсэн байдлыг танилцуулахдаа энэ талаар захирамж гарахгүй гэсэн үйл баримт тэмдэглэгджээ. Ийнхүү шийдвэрлэсэн асуудлаараа шүүгчийн захирамж гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан “...шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд...шүүгч захирамж гаргана.”, 123.3-т заасан “...хянан шийдвэрлэж байгаа асуудлаар ...шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэсэнтэй нийцээгүй байна

Хэргийн 120, 125, 142 дугаар талуудад хэрэг танилцуулсан тухай баримт авагдсан ба энд хариуцагч Ц.Эрдэнэтөгсөд хэргийн материалыг танилцуулсан байдал тусгагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах...” эрхээ эдлэх боломжийг шүүхээс хариуцагч Ц.Эрдэнэтөгсөд олгоогүй байна гэж үзлээ.

Иймд гэрч Ч.Батзоригийг асуугаагүй гэх хариуцагч Ц.Эрдэнэтөгсийн давж заалдах гомдол үндэслэлтэйгээс гадна анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн дээрх зөрчлийг  давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй, уг зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ц.Эрдэнэтөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 328644 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын ХААН банкны 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                               Н.НАСАНЖАРГАЛ