Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0590

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0590

Улаанбаатар хот

 

 “О.У.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг    шүүгч Д.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0485 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “О.У.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0485 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““О.У.М” ХХК-ийн эзэмшлийн ХV-0000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-0000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ... өргөдлийг ... гаргана” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнөх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжтой байсан гэж шүүх үзэв.” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс тайлбарлахдаа 2018 оны 11 дүгээр сарын ... 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Булган аймгийн Дашинчилин сумын эмнэлэгт харвалтын улмаас хэвтэн эмчлүүлж байсан талаараа дурдаад, сумын эмнэлэгт эмчлүүлсэн өвчтөний карт, орон нутгаас төв эмнлэгруу өвчтөн  илгээх 13А маягт зэргийг нотлох баримтаар өгч нэмэлт тайлбарт дурдаж, шүүх хуралдаан дээр энэ талаараа тайлбарлаж өгсөн байдаг.

Гэтэл үүнийг шүүх огт харгалзалгүй. Бид 12 дугаар сарын 04-ний өдөр орон нутгаас нарийвчилсан оношилгоо эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотод ирж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үргэлжлүүлэн өөр эмнэлэгт хэвтсэн. Гэтэл бидний гаргаж өгсөн нотлох баримт тайлбарыг үнэлж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан өвчтөний карт, 13А маягт зэргээр тогтоогдож байдаг. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс өмнөх хугацаанд өргөдөл гаргах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгөхдөө “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу ... хугацаа сунгуулах өргөдөлд холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ... ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж хариу өгсөн нөхцөл байдлууд тогтоогдов” гээд өргөдөл хавсаргаж өгөх баримт бичиг дутуу байсан гэж дүгнэжээ. Гэтэл дээрх албан бичиг “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна.” гэснээс харвал өргөдөл холбогдох баримтыг 1 сарын өмнө өгөөгүй гэсэн агуулга харагдаж байдаг. Гэтэл шүүгч “1 сарын өмнө өргөдлийг” гэснийг “өргөдөлд” болгож өөрчилж буруу тайлбарласан. Мөн хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 7/540 албан бичигт “танай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна”, Ашигт малтмалын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 7/1980 дугаартай хариу тайлбарт “...Оюун-Ундрал мандуул ХХК ... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй тул ... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна” гэсэн байдаг.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалд холбогдох баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дутуу гарган өгснөөс шалтгаалж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан зарим баримтыг дутуу өгсөн мэтээр дүгнэсэн байдаг. Гэтэл бид бүх баримтыг бүрэн өгсөн. Мөн хариуцагчаас материал дутуу өгсөн талаар дурдалгүй бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу гэсэн зүйл дурдагдсан тул түүнийг гарган өгсөн байдаг. Хариуцагчаас тайлбарлахдаа “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” хариуцагчаас гардаг баримт гэсэн бөгөөд тус баримтыг Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан үүргийнхээ хүрээнд гаргуулан авах боломжтой байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийг баримтаа гарган өгөөгүй гэдэгт буруутгаж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан яг аль баримтыг дутуу бүрдүүлсний үндсэн дээр тус нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байтал хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтыг гүйцэд цуглуулаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч “О.У.М” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваадорж шүүхэд хандаж ““О.У.М” ХХК-ийн эзэмшлийн ХV-0000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-0000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тархинд цус харвалт өгөөд эмнэлэгт хэвтсэн, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан..., өргөдлөө 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн боловч хүлээн аваагүй цуцалсан нь  хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “О.У.М” ХХК-д Булган аймгийн Бүрэгхангай сумын Нутаг од нэртэй талбайд хайгуулын XV-0000 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2016-2018 онуудын төлбөр төлсөн бөгөөд энэ талаар  талууд ямар нэгэн маргаангүй байна.

            Нэхэмжлэгч “О.У.М” ХХК-ийн XV-0000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болох тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг холбогдох баримт бичгүүдийн хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах ёстой байсан, гэтэл хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаж амжаагүй байх бөгөөд энэ талаар мөн маргаангүй байна.

            Гагцхүү нэхэмжлэгчээс “Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” талаараа дурдаж холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх дүгнэхдээ “тус компанийн ганц хувьцаа эзэмшигч Ц.Даваадорж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэр бүлийн 3 гишүүнийг харамсалтайгаар алдаж сэтгэл санаа болон тархинд гэмтэл учирч ажил хийх боломжгүй болж 2018 оны 12 дугаар сарын 05-наас 15-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид хэвтрийн дэглэм барин эмчлүүлэх шаардлагатай болсон тул гэрээр эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байгаа болно гэж тайлбарлаж, амбулаторийн картыг хавсаргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж ойлгох хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1- д заасан хайгуулын “...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ... өргөдлийг ... гаргана” гэдэгт нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө хэдийд ч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргах боломжтой байсан гэж үзэх төдийгүй улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө өдрүүдэд нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргах боломжтой байсан” гэжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 15-ны өдрүүдэд хамаарах нотлох баримтыг үнэлсэн байна.

Гэтэл  нэхэмжлэгчийн зүгээс .дээрх нотлох баримтуудаас гадна “... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Булган аймгийн Дашинчилин сумын эмнэлэгт харвалтын улмаас хэвтэн эмчлүүлж байсан талаараа дурдаад, сумын эмнэлэгт эмчлүүлсэн өвчтөний карт, орон нутгаас төв эмнэлэгрүү өвчтөн илгээх 13А маягт зэргийг нотлох баримт...”-аар гарган өгсөн байна. 

Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр энэ талаараа тайлбар гаргасан байтал, энэ талаар шүү ямар нэгэн үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй, дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

                                                            

            Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт ойлгомжгүй.

Тодруулбал Анхан шатны шүүхээс “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгөхдөө “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу... хугацаа сунгуулах өргөдөлд холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж.. ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж хариу өгсөн нөхцөл байдлууд тогтоогдов” гээд өргөдөлд хавсаргаж өгөх баримт бичиг дутуу байсан гэж дүгнэжээ. Гэтэл тэрхүү албан бичгийн агуулга нь шүүхийн хийсэн дүгнэлтээс зөрүүтэй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан яг аль баримтыг дутуу бүрдүүлэн өгсөн, эсхүл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан бүрэн өгсөн эсэхийг хөтөлбөргүй тогтоох ёстой.

Хариуцагчийн зүгээс “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” тухайн үед байгаагүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж байгаа боловч "...уг баримтыг шүүхэд өгөөгүй, одоо гаргаад өгөх боломжтой..."  гэжээ.

Иймд дээрх баримтыг авснаар талуудын маргаан үүсгээд байгаа хугацаа сунгуулах өргөдөлд нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан байсан, эсхүл анхан шатны шүүхийн дүгнэж байгаачлан дутуу баримт өгсөн эсэх нь бүрэн гүйцэд тодорхой болох юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР