Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0659

 

 

2020 оны 10 сарын 13-ны өдөр                    Дугаар                              Улаанбаатар хот

     128/ШШ2020/0659

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүгч Г.М, шүүгч Б.М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О у м” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “.... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, иргэдийн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“О у м” ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Булган аймгийн ******* ******* ******* ******* “*******” нэртэй 1533.55 гектар талбай бүхий XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа ба Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх 3 жилээр олгож, цаашид гурав 3-н жилээр 3 удаа сунгаж, нийт 12 жил эзэмшүүлж болох хуулийн заалттай байдаг.

Тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Д нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэр бүлийн 3 гишүүнээ харамсалтайгаар алдаж, үүний улмаас сэтгэл санаа, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Осолд орж хүнд гэмтсэнээс үүдэн тархинд гэмтэл учран байнга толгой өвдөх болж, ажил хийх боломжгүй болсон тул 2018 оны 12 дугаар сарын 05-аас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлсэн. Улмаар эмнэлгээс гараад Говь-Алтай аймагт осолтой холбоотой асуудлаар тус аймгийн цагдаа болон прокурорын газраас дуудагдаж, мэдүүлэг өгч, мөн хүсэлт өгсөн. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичгээр хүсэлтийн хариуг өгсөн болно. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан XV-*******1 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгуулах ажлыг хөөцөлдөж чадаагүй болно.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-д заасан шаардлагууд болох тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах үйлчилгээний хөлс, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн Геологийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст сунгуулах өргөдлийг өгөхөөр очиход тус хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгөх ёстой байсан тул танай өргөдлийг хүлээж авах боломжгүй гээд материалуудыг авалгүй буцаасан.

Иймээс тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Д биед учирсан шалтгаан нөхцөлийг ойлгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/3 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн боловч Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/540 дүгээр албан бичгээр “танай компанийн эзэмшлийн XV-******* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.

Улмаар Кадастрын хэлтсийн дарга Д.Д уулзахад өргөдлийг хүлээж авах боломжгүй талаар мөн адил тайлбарыг хэлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар хандсан боловч тус газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д хугацаа сунгуулах тухай өргөдлөө хугацаандаа гаргаагүй, манай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасан нөхцөл шаардлагыг зөрчиж, өргөдлийг хүлээн авч, хянаж, шийдвэрлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Дээрх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй юм. Энэхүү шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 а “өвчтэй” 4.1.8 б “эмчилгээ хийлгэж байгаа” гэж заасны дагуу татвар төлөх болон бусад үүргээс хойшлуулж болох хүндэтгэн үзэх шалтгаан юм. “О у м” ХХК нь тус тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагыг, ухамсарлаж, биелүүлсээр ирсэн бөгөөд 3 жилийн хугацаанд нийт /19,897,094.25 сая/ төгрөгийн хөрөнгийг зарцуулсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны улмаас уг хөрөнгө оруулалт нь үнэгүйдэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна.

“О у м” ХХК нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагчийн холбогдох мэргэжилтэн нь өргөдлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт нь Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байвал сунгаж шийдвэрлэх /Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2/ эсхүл хуулийн шаардлага хангахгүй байвал өргөдлийг хангахгүй орхих буюу татгалзах /Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4/ хуулийн зохицуулалттай. Гэтэл Төрийн захиргааны байгууллага болох хариуцагч нь өргөдлийг хүлээн авахгүй байгаа хууль бус үйлдэл нь үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн өргөдөл болон хавсралтууд, өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгч компанийг буруутган, түүний эрх ашгийг ноцтой зөрчиж Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хязгаарлаж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тодорхой үүрэг хариуцлагуудыг хүлээн ажилладаг бөгөөд “О у м” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах, 34 дүгээр зүйл Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх гэсэн зүйл заалтуудыг жил бүр биелүүлж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтыг хуулийн хугацаанд гаргаж хянуулж байсан. “О у м” ХХК нь Ашигт малтмалын газарт 2016-2019 онуудад Хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн, Хайгуулын жилийн тайлан 2016-2019 онуудад ирүүлсэн, Геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2016-2019 онуудад баталгаажуулж, хянуулж байсан нь энэхүү нэхэмжлэлд хавсаргасан Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна.

Хайгуулын ажлын тайланд тавигддаг шаардлага буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж заасан хуулийн хугацаанд хүргүүлж байсан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж заасан мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2009 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан 1, 2 дугаар хавсралтад заагдсан шаардлагуудыг хангаж байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэсэн хуулийн нөхцөл шаардлагыг тус компани зөрчиж байгаагүй нь харагдаж байгаа юм.

Бидний зүгээс дээд шатны албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоож, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа явуулж дээрх эрхээ хамгаалуулах боломж олгохыг хүссэн юм.

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа нь нотлогдож байгаа төдийгүй дээрх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 35.12 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан манай компанийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй тул хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх үүрэг төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь давхар нотлогдож байна. 

Дээрх байдлаас үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаанд баримталж ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэг “гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасан хуулийн хугацаанд хариу өгөөгүй, манай гомдолтой холбоотой сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тодруулж, тайлбар мэдүүлэг авч, нотлох баримтыг үнэлэхгүй байгаа улмаар тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч холбогдох нэгжийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, гэрчилгээ, хавсралтад бичилт хийхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа.

“О у м” ХХК-ийн эзэмшлийн XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас сарын өмнө өргөдөл гаргах ёстой. Нэхэмжлэгчийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өдөр дуусгавар болсон байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөдлөө өгөх ёстой байсан. Бид дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд ирүүлээгүй гэдэг үндэслэлээр ямар нэг өргөдөл хүлээн авсан буцаасан тэмдэглэл хийлгүй буцаасан. Бид хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа дурдан удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан боловч хуулийн хугацаа хэтрүүлсэн тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн. Бид хуулийн хугацаа хэтрүүлсэнтэй маргаагүй бөгөөд зөвхөн Татварын ерөнхий хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг шийдвэрлүүлэхээр хандсан.

Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгөхдөө “... Ашиг малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна” гэснээс харвал өргөдөл холбогдох баримтыг 1 сарын өмнө өгөөгүй гэх агуулга харагдаж байна. Манайхаас хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол дахин хянан үзэж өгөөч гэж хандсан. Учир нь ижил төрлийн маргаанууд дээр хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд дуусгавар болгосон бүртгэлийг хууль бусад тооцож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгасан байдаг.

Захиргааны байгууллагаас өргөдөл хүлээж аваад тэмдэглэгээ хийх эсэх нь тухайн байгууллагын дүрэм журмаар зохицуулагддаг. Иргэн тэмдэглэгээ хийх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмдэглэл хийдэг эсэх талаар асуухад манайд тийм дүрэм журам байхгүй гэж албан бичгээр мэдэгдсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандаад өргөдөл хүлээж авах дүрэм, журам байхгүй, өргөдөл хүлээж аваад шууд буцааж байгааг тэмдэглэл хийхгүй байхад иргэнийг нотлох ёстой гэж байгаа нь зохисгүй гэж үзэж байна. Үнэхээр баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэж байсан бол тухайн үед хариу өгөхдөө энэ талаар дурдаагүй. Хугацааны талаар хариу өгч байсан атлаа одоо шүүх дээр баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж байгаа нь ойлгомжгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангагдвал бид өргөдлөө өгсөн тохиолдолд одоо энэ яриад байгаа тайлбараа өгөхийг үгүйсгэхгүй. Тэгвэл үүнийг хүлээж аваад дараагийн асуудал яригдана. *******оо бол бид манай хүсэлтийг хүлээж аваад агуулгын хувьд хариу өгнө үү гэж хүсэж байгаа.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 20-н өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл өвчтэй прокурор дээр тайлбар мэдүүлэг өгч байсан нь хэрэгт авагдсан прокурорын бичиг, өвчтөний карт, өвчтөн  илгээх 13А маягт зэргээр тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба “О у м” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргахаар заасан ба “О у м” ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай” гэжээ.

Хуульд зааснаа дагуу сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, хугацаа хожимдуулсан атлаа өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухай “О у м” ХХК -ийн сунгуулах өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичиг буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг одоог хүртэл батлуулаагүй тул сунгуулах өргөдөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Үүнээс харахад нэхэмжлэгч “О у м” ХХК -аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад өгсөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19/03, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19/06 дугаар албан бичгүүдийг гэж ойлгож байгаа.

 Захиргааны байгууллагаас тус компанид XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн менежер М гардуулсныг 2016 онд хүлээн авч гарын үсгээ зур баталгаажуулсан байдаг.

Эмнэлэгт хэвтэж байхдаа гарын үсэг зурж байсан гэж ярьж байна. Хугацаа сунгахад захирал заавал өөрийн биеэр байх шаардлагагүй. к-4 маягт бөглөөд гарын үсэг зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаа цаасаар нотолсон зүйл байхгүй байсан. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь ч одоо хүртэл батлагдаагүй.

Иймд “О у м” ХХК -ний эзэмшлийн ХV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээсэй гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан “...“О у м” ХХК -ийн эзэмшлийн XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай” хэмээн нэхэмжлэлийг шаардлагаа өөрчилжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “О у м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “О у м” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...харвалт өгөөд эмнэлэгт хэвтсэн, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан..., өргөдлөө 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн боловч хүлээн аваагүй цуцалсан нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн хэмээн маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанид Булган аймгийн ******* ******* нутаг ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон, тусгай зөвшөөрлийн 2016-2018 онуудын төлбөр төлсөн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д: “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба уг өргөдөлд хуулийн 22.1.1-22.1.4-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримт бичгүүдийг хавсаргаж өгөхөөр зохицуулжээ.

Нэхэмжлэгч “О у м” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 01 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг холбогдох баримт бичгүүдийн хамт 1 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах ёстой байсан, энэ хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй гэх үйл баримттай маргахгүй байна.

Гэвч нэхэмжлэгч тус компанийн ганц хувьцаа эзэмшигч захирал Ц.Д нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэхчлэн гэр бүлийн гурван гишүүний амь насыг харамсалтайгаар алдаж сэтгэл санааны гүн хямралд орсон, түүний тархинд гэмтэл учирч ажил хийх боломжгүй байсан, 2018 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 15-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид хэвтрийн дэглэм дагуу эмчлүүлэх шаардлагатай болсон, гэрээр эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, эмнэлэгт үзүүлсэн амбулаторийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож, хариуцагч талаас энэ үйл баримтын талаар эсэргүүцэж няцаахгүй байна.

 “О у м” ХХК -ийн захирал Ц.Д 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/03 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан хүсэлтэд: “... 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сунгуулах ёстой байсан бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас сунгуулж амжаагүй, учир нь Ц. Д миний бие нь Говь-Алтай аймгийн ******* авто ослын улмаас гэр бүлийн гишүүдээ харамсалтайгаар алдаж, үүний улмаас сэтгэл санаа болоод эрүүл мэндийн байдал хүнд хэцүү байсан, улмаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ба эмнэлгээс гараад Говь-Алтай аймагт осолтой холбоотой асуудлаар тус аймгийн цагдаа болон прокурорын газарт дуудагдаж, мэдүүлэг өгсөн, иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн 4-6 дахь жилийн сунгалтыг хийж өгнө үү” гэснээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/540 дүгээр албан бичгээр “... ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэх хариу өгсөн байна.

“О у м” ХХК -аас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19/6 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан гомдолдоо: “...компанийн ганц хувьцаа эзэмшигч Ц.Д өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, улмаар Говь-Алтай аймгийн Прокурорын газарт тодорхой шалтгааны улмаас XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах ажлыг хөөцөлдөж чадаагүй, ...шалтгаан нөхцөлийг ойлгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг Кадастрын хэлтэст биечлэн хүргүүлсэн ч хүсэлтийг хүлээн авах боломжгүй..., мөн манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийж, хүчин төгөлдөр болгож өгнө үү” гэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дугаар албан бичгээр гомдлын хариуг хүргүүлэхдээ: “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлээгүй тул 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр дуусгавар болсон байна” гэжээ.

Энэ утгаараа “бидний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө хугацаандаа өгөөгүй” байдлыг судлахгүйгээр сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах хугацаа дуусгавар болсон гэж шууд хүлээж авахгүй байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, Ашигт малтмалын тухай хуульд заасан “хугацаа сунгуулах өргөдөл, уг өргөдлийг гаргах хугацааны талаар болон хугацаандаа гаргасан эс гаргасан талаарх” зохицуулалтын талаар маргахгүй байна, харин өөрт нь тохиолдсон учрал шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй, уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар гаргасан өргөдлийг үндэслэлтэй шийдвэрлээгүй талаар маргаж байна. Маргаан бүхий энэ тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” талаарх албан тушаалтны хүлээх нийлэг үүрэг зөрчигдсөн байна. Үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг шүүхээс даалгаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг шийдвэрлэж хариу өгөх асуудал нь дээрх хуулиудад заасан өөрсдийнх нь бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих асуудал болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4,  106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О у м” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, “О у м” ХХК -ийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.Б

                    ШҮҮГЧ                                  Г.М

                      ШҮҮГЧ                                  Б.М

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 13-ны өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Оюу ундрал мандуул ХХК, РД:5874823, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой 39-960 тоот.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: .... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд, иргэдийн төлөөлөгч Б.Марал-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Оюу ундрал мандуул ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Манай компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Булган аймгийн ******* ******* ******* ******* ******* нэртэй 1533.55 гектар талбай бүхий XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа ба Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх 3 жилээр олгож, цаашид гурав 3-н жилээр 3 удаа сунгаж, нийт 12 жил эзэмшүүлж болох хуулийн заалттай байдаг.

Тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Даваадорж нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэр бүлийн 3 гишүүнээ харамсалтайгаар алдаж, үүний улмаас сэтгэл санаа, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Осолд орж хүнд гэмтсэнээс үүдэн тархинд гэмтэл учран байнга толгой өвдөх болж, ажил хийх боломжгүй болсон тул 2018 оны 12 дугаар сарын 05-аас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлсэн. Улмаар эмнэлгээс гараад Говь-Алтай аймагт осолтой холбоотой асуудлаар тус аймгийн цагдаа болон прокурорын газраас дуудагдаж, мэдүүлэг өгч, мөн хүсэлт өгсөн. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичгээр хүсэлтийн хариуг өгсөн болно. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан XV-*******1 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгуулах ажлыг хөөцөлдөж чадаагүй болно.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-д заасан шаардлагууд болох тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах үйлчилгээний хөлс, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн Геологийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст сунгуулах өргөдлийг өгөхөөр очиход тус хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгөх ёстой байсан тул танай өргөдлийг хүлээж авах боломжгүй гээд материалуудыг авалгүй буцаасан.

Иймээс тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Даваадоржийн биед учирсан шалтгаан нөхцөлийг ойлгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/3 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн боловч Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/540 дүгээр албан бичгээр танай компанийн эзэмшлийн XV-******* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

Улмаар Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгтэй уулзахад өргөдлийг хүлээж авах боломжгүй талаар мөн адил тайлбарыг хэлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар хандсан боловч тус газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хугацаа сунгуулах тухай өргөдлөө хугацаандаа гаргаагүй, манай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасан нөхцөл шаардлагыг зөрчиж, өргөдлийг хүлээн авч, хянаж, шийдвэрлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Дээрх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй юм. Энэхүү шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 а өвчтэй 4.1.8 б эмчилгээ хийлгэж байгаа гэж заасны дагуу татвар төлөх болон бусад үүргээс хойшлуулж болох хүндэтгэн үзэх шалтгаан юм. Оюу ундрал мандуул ХХК нь тус тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагыг, ухамсарлаж, биелүүлсээр ирсэн бөгөөд 3 жилийн хугацаанд нийт /19,897,094.25 сая/ төгрөгийн хөрөнгийг зарцуулсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны улмаас уг хөрөнгө оруулалт нь үнэгүйдэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна.

Оюу ундрал мандуул ХХК нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагчийн холбогдох мэргэжилтэн нь өргөдлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт нь Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байвал сунгаж шийдвэрлэх /Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2/ эсхүл хуулийн шаардлага хангахгүй байвал өргөдлийг хангахгүй орхих буюу татгалзах /Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4/ хуулийн зохицуулалттай. Гэтэл Төрийн захиргааны байгууллага болох хариуцагч нь өргөдлийг хүлээн авахгүй байгаа хууль бус үйлдэл нь үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн өргөдөл болон хавсралтууд, өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгч компанийг буруутган, түүний эрх ашгийг ноцтой зөрчиж Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хязгаарлаж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тодорхой үүрэг хариуцлагуудыг хүлээн ажилладаг бөгөөд Оюу ундрал мандуул ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах, 34 дүгээр зүйл Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх гэсэн зүйл заалтуудыг жил бүр биелүүлж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтыг хуулийн хугацаанд гаргаж хянуулж байсан. Оюу ундрал мандуул ХХК нь Ашигт малтмалын газарт 2016-2019 онуудад Хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн, Хайгуулын жилийн тайлан 2016-2019 онуудад ирүүлсэн, Геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2016-2019 онуудад баталгаажуулж, хянуулж байсан нь энэхүү нэхэмжлэлд хавсаргасан Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна.

Хайгуулын ажлын тайланд тавигддаг шаардлага буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэж заасан хуулийн хугацаанд хүргүүлж байсан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна гэж заасан мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2009 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан 1, 2 дугаар хавсралтад заагдсан шаардлагуудыг хангаж байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэсэн хуулийн нөхцөл шаардлагыг тус компани зөрчиж байгаагүй нь харагдаж байгаа юм.

Бидний зүгээс дээд шатны албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоож, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа явуулж дээрх эрхээ хамгаалуулах боломж олгохыг хүссэн юм.

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа нь нотлогдож байгаа төдийгүй дээрх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 35.12 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан манай компанийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй тул хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх үүрэг төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь давхар нотлогдож байна. 

Дээрх байдлаас үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаанд баримталж ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэг гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасан хуулийн хугацаанд хариу өгөөгүй, манай гомдолтой холбоотой сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тодруулж, тайлбар мэдүүлэг авч, нотлох баримтыг үнэлэхгүй байгаа улмаар тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч холбогдох нэгжийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, гэрчилгээ, хавсралтад бичилт хийхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа.

Оюу ундрал мандуул ХХК-ийн эзэмшлийн XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ... XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас сарын өмнө өргөдөл гаргах ёстой. Нэхэмжлэгчийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өдөр дуусгавар болсон байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөдлөө өгөх ёстой байсан. Бид дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд ирүүлээгүй гэдэг үндэслэлээр ямар нэг өргөдөл хүлээн авсан буцаасан тэмдэглэл хийлгүй буцаасан. Бид хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа дурдан удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан боловч хуулийн хугацаа хэтрүүлсэн тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн. Бид хуулийн хугацаа хэтрүүлсэнтэй маргаагүй бөгөөд зөвхөн Татварын ерөнхий хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг шийдвэрлүүлэхээр хандсан.

Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгөхдөө ... Ашиг малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна гэснээс харвал өргөдөл холбогдох баримтыг 1 сарын өмнө өгөөгүй гэх агуулга харагдаж байна. Манайхаас хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол дахин хянан үзэж өгөөч гэж хандсан. Учир нь ижил төрлийн маргаанууд дээр хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд дуусгавар болгосон бүртгэлийг хууль бусад тооцож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгасан байдаг.

Захиргааны байгууллагаас өргөдөл хүлээж аваад тэмдэглэгээ хийх эсэх нь тухайн байгууллагын дүрэм журмаар зохицуулагддаг. Иргэн тэмдэглэгээ хийх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмдэглэл хийдэг эсэх талаар асуухад манайд тийм дүрэм журам байхгүй гэж албан бичгээр мэдэгдсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандаад өргөдөл хүлээж авах дүрэм, журам байхгүй, өргөдөл хүлээж аваад шууд буцааж байгааг тэмдэглэл хийхгүй байхад иргэнийг нотлох ёстой гэж байгаа нь зохисгүй гэж үзэж байна. Үнэхээр баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэж байсан бол тухайн үед хариу өгөхдөө энэ талаар дурдаагүй. Хугацааны талаар хариу өгч байсан атлаа одоо шүүх дээр баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж байгаа нь ойлгомжгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангагдвал бид өргөдлөө өгсөн тохиолдолд одоо энэ яриад байгаа тайлбараа өгөхийг үгүйсгэхгүй. Тэгвэл үүнийг хүлээж аваад дараагийн асуудал яригдана. *******оо бол бид манай хүсэлтийг хүлээж аваад агуулгын хувьд хариу өгнө үү гэж хүсэж байгаа.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 20-н өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл өвчтэй прокурор дээр тайлбар мэдүүлэг өгч байсан нь хэрэгт авагдсан прокурорын бичиг, өвчтөний карт, өвчтөн илгээх 13А маягт зэргээр тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба Оюу ундрал мандуул ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргахаар заасан ба Оюу ундрал мандуул ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай гэжээ.

Хуульд зааснаа дагуу сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, хугацаа хожимдуулсан атлаа өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухай Оюу ундрал мандуул ХХК-ийн сунгуулах өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичиг буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг одоог хүртэл батлуулаагүй тул сунгуулах өргөдөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Үүнээс харахад нэхэмжлэгч Оюу ундрал мандуул ХХК-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад өгсөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19/03, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19/06 дугаар албан бичгүүдийг гэж ойлгож байгаа.

Захиргааны байгууллагаас тус компанид XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн менежер Мандуулд гардуулсныг 2016 онд хүлээн авч гарын үсгээ зур баталгаажуулсан байдаг.

Эмнэлэгт хэвтэж байхдаа гарын үсэг зурж байсан гэж ярьж байна. Хугацаа сунгахад захирал заавал өөрийн биеэр байх шаардлагагүй. к-4 маягт бөглөөд гарын үсэг зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаа цаасаар нотолсон зүйл байхгүй байсан. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь ч одоо хүртэл батлагдаагүй.

Иймд Оюу ундрал мандуул ХХК-ний эзэмшлийн ХV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ХV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээсэй гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан ... Оюу ундрал мандуул ХХК-ийн эзэмшлийн XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай хэмээн нэхэмжлэлийг шаардлагаа өөрчилжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Оюу ундрал мандуул ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Оюу ундрал мандуул ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...харвалт өгөөд эмнэлэгт хэвтсэн, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан..., өргөдлөө 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн боловч хүлээн аваагүй цуцалсан нь хууль бус... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн хэмээн маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанид Булган аймгийн ******* ******* нутаг ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон, тусгай зөвшөөрлийн 2016-2018 онуудын төлбөр төлсөн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д: Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба уг өргөдөлд хуулийн 22.1.1-22.1.4-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримт бичгүүдийг хавсаргаж өгөхөөр зохицуулжээ.

Нэхэмжлэгч Оюу ундрал мандуул ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 01 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг холбогдох баримт бичгүүдийн хамт 1 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах ёстой байсан, энэ хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй гэх үйл баримттай маргахгүй байна.

Гэвч нэхэмжлэгч тус компанийн ганц хувьцаа эзэмшигч захирал Ц.Даваадорж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авто ослын улмаас төрсөн эцэг, хүргэн, зээ дүү гэхчлэн гэр бүлийн гурван гишүүний амь насыг харамсалтайгаар алдаж сэтгэл санааны гүн хямралд орсон, түүний тархинд гэмтэл учирч ажил хийх боломжгүй байсан, 2018 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 15-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид хэвтрийн дэглэм дагуу эмчлүүлэх шаардлагатай болсон, гэрээр эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, эмнэлэгт үзүүлсэн амбулаторийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож, хариуцагч талаас энэ үйл баримтын талаар эсэргүүцэж няцаахгүй байна.

Оюу ундрал мандуул ХХК-ийн захирал Ц.Даваадоржоос 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/03 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан хүсэлтэд: ... 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сунгуулах ёстой байсан бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас сунгуулж амжаагүй, учир нь Цэрэндагва овогтой Даваадорж миний бие нь Говь-Алтай аймгийн ******* авто ослын улмаас гэр бүлийн гишүүдээ харамсалтайгаар алдаж, үүний улмаас сэтгэл санаа болоод эрүүл мэндийн байдал хүнд хэцүү байсан, улмаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ба эмнэлгээс гараад Говь-Алтай аймагт осолтой холбоотой асуудлаар тус аймгийн цагдаа болон прокурорын газарт дуудагдаж, мэдүүлэг өгсөн, иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн 4-6 дахь жилийн сунгалтыг хийж өгнө үү гэснээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/540 дүгээр албан бичгээр ... ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх хариу өгсөн байна.

Оюу ундрал мандуул ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19/6 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан гомдолдоо: ...компанийн ганц хувьцаа эзэмшигч Ц.Даваадорж өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, улмаар Говь-Алтай аймгийн Прокурорын газарт тодорхой шалтгааны улмаас XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах ажлыг хөөцөлдөж чадаагүй, ...шалтгаан нөхцөлийг ойлгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг Кадастрын хэлтэст биечлэн хүргүүлсэн ч хүсэлтийг хүлээн авах боломжгүй..., мөн манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийж, хүчин төгөлдөр болгож өгнө үү гэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1058 дугаар албан бичгээр гомдлын хариуг хүргүүлэхдээ: ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлээгүй тул 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр дуусгавар болсон байна гэжээ.

Энэ утгаараа бидний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө хугацаандаа өгөөгүй байдлыг судлахгүйгээр сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах хугацаа дуусгавар болсон гэж шууд хүлээж авахгүй байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа сунгуулах өргөдөл, уг өргөдлийг гаргах хугацааны талаар болон хугацаандаа гаргасан эс гаргасан талаарх зохицуулалтын талаар маргахгүй байна, харин өөрт нь тохиолдсон учрал шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй, уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар гаргасан өргөдлийг үндэслэлтэй шийдвэрлээгүй талаар маргаж байна. Маргаан бүхий энэ тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх талаарх албан тушаалтны хүлээх нийлэг үүрэг зөрчигдсөн байна. Үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг шүүхээс даалгаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг шийдвэрлэж хариу өгөх асуудал нь дээрх хуулиудад заасан өөрсдийнх нь бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих асуудал болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Оюу ундрал мандуул ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Оюу ундрал мандуул ХХК-ийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ