Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01355

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01999 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1630 дугаар магадлалтай,

           “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Г.Тт холбогдох           

           4.300.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Г.Т, түүний өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г.Ттэй 2014-09-01-с 2016-09-01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Энэ нь Хос худалдааны төвийн 2 давхрын 12 тоот олон үндэстний хоол хийх зориулалттай талбай юм. Түрээсийн нэг сарын төлбөр нь 1,2 сая төгрөг. Г.Т түрээсийн гэрээг 2015-10 сарын сүүлээр цуцалж, байрнаас гарсан.Ингэхдээ тооцоотой үлдсэн. Үүнд: түрээсийн үлдэгдэл 2015-07 сарынх 420 000 төгрөг, 2015 оны 08 сарынх 1,2 сая төгрөг, 2015-09 сарынх 1.2 сая төгрөг, 2015-10 сарынх 800 000 төгрөг нийт 3.620.000 төгрөг болно. Гэрээний 1.8-д  түрээслэгч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй бол 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Алданги 1.810.000 төгрөг. Иймд  Г.Тээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.620.000 төгрөг, алданги 1.810.000 төгрөг, эрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 5 500 200 төгрөг шаардана. Үүнээс барьцаанд үлдээсэн 1.2 сая төгрөгийг хасаж 4.300.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: “Х” ХХК-ийн Хос худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстний хоолны газарт 12 дугаартай павильоныг 2014-09-01-с  түрээсэлсэн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш би амаржих болж, 2015-08-12-ны өдөр төрсөн тул  ажиллуулж чадаагүй. 2015 оны Улсын баяр наадмаас хойш өөрийн нагац эгч Т.Чагцалдуламд павильоноо үлдээсэн боловч манай нагац эгч хоёр сар ажиллуулах гэж үзээд ашиггүй байсан. Би гэрээгээ 2015-09-20-ны өдөр цуцалсан. 2015-07сарын 420.000 төгрөг, 2015-08 сарын 1,2 сая төгрөгийг зөвшөөрч байгаа. 2015-09-20 түрээсийн талбайг хүлээлгээд өгсөн тул төлбөрөөс 800.000 төгрөг зөвшөөрнө, дуустал хугацааны мөнгийг  зөвшөөрөхгүй. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 2.420.000 төгрөг төлөх байсан. Барьцааны 1,2 сая  төгрөгийг хасвал 1.220.000 төгрөг болно. Үүнээс алданги тооцвол  1.210.000 төгрөг болж байна. Гэхдээ үүнийг зөвшөөрөхгүй. 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг. 1.080.000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл байгаа ч ашиггүй байрлалд байсан учраас  төлбөрийг авахгүй гэдэг байдлаар асуудлыг шийдсэн. Тухайн хөрөнгө нь Д.М, М. гэдэг хүний өмч болох нь тогтоогддог. Гэрээ байгуулах эрх “Х” ХХК-д олгоогүй байсан. Итгэмжлэл хугацаатай, нотариатаар батлуулсан байх ёстой. Итгэмжлэлгүй байгаа нь гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх хэлцэл юм. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нотариатаар батлуулж, бүртгүүлж байж хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй хэлцэл байгаа. Тухайн талбай бүхэлдээ 165 тоот буюу 590 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх байсан. Энэ үндэслэлээр алданги төлөхгүй. Нэгэнт тухайн павильоныг ашиглаад явсан тул ашигласан хугацааны төлбөрийг төлөм ч Д.Майдар гэдэг төлбөрийг авахгүй гэж тохиролцсон. “Х” ХХК нь төлөөлөх эрхгүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01999 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Тт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4 300 200 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 46.8 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж “Х” ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 19-ний өдрийн 16 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Г.Т нь  “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа Баянзүрх дүүргийн 6-р хороо Намъянжугийн гудамж 155-д орших “Хос” худалдааны төвийн 2 давхрын 12 тоот павильоныг 2 жилийн хугацаатай түрээслэхээр, түрээсийн төлбөрт сар бүр 1.200.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Д.Майдар, түүний хүү М.Орхон нар юм. Эдгээр иргэд уг үл хөдлөх эд хөрөнгөө “Х” ХХК-д эзэмшүүлэх, ашиглуулах, бусдад лангуу, талбайг түрээслүүлэх эрхийг олгосон гэдгийг шүүхэд нотолдог. Нөгөө талаас “Х” ХХК нь нэг  хүний  буюу 100% хувьцаа эзэмшигч иргэн Д.Майдар  юм. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн үйлдлээр илэрхийлсэн. /Павильоныг хүлээн авч эзэмшиж, ашигласан, түрээсийн төлбөрийг төлж байсан./ Мөн талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал нь Г.Т, нөгөө тал нь 100% хувьцаа эзэмшигч Д.Майдар  захиралтай “Х” ХХК юм. Гэрээний нэг тал “Х” ХХК болон иргэн Д.Майдар, М.Орхон нарын хооронд ямар ч маргаан байхгүй. Г.Тийн хувьд түрээслүүлэгч нь “Х” ХХК байна уу, иргэн Д.Майдар байна уу ялгаагүй. Тийм ч учраас шүүхэд Г.Т хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Х” ХХК-ийн павильоныг түрээсэлсэн, н.Майдарын өмч хөрөнгө гэж зөвшөөрсөн байдаг. “Хос” худалдааны төв” гэрээ байгуулагч нэг тал юм бол  бусад нотлох баримт болох “менежер Сүнрэв овогтой Төмөрсүх” аль компанийн хүн  гэдгийг тодруулаагүй. Гэрээнд “Х” ХХК гэсэн тамга дарсныг юу гэж үзсэн нь тодорхойгүй. Мөн  Г.Т төлбөрөө төлж байсан нь кассын орлогын баримттаар тогтоогдоно. Шүүх “Хос худалдааны төв” гэсэн хуулийн этгээд байгаа гэж үзсэн бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас лавлагаа буюу нотлох баримт гаргуулан авахаар ИХШХШТХ-н 38.9-г хэрэглэх байсан.  Шүүхийн хувьд “Хос” худалдааны төв гэж хуулийн этгээд байдаг эсэх нь тодорхойгүй, нотолгоогүй байгаа бол  “Х” ХХК буюу өмчлөгч нарын хувьд энэ нь зүгээр л өөрсдийн барилгадаа өгсөн нэр юм. “Х” ХХК нэхэмжлэх гаргах нь эргэлзээтэй гэж үзсэн бол өөр этгээдийг буюу Д.Майдар, М.Орхон нарыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулж, ИХШХШТХ-н 27.3-г хэрэглэх байсан. Түрээсийн эд хөрөнгийн өмчлөгч тодорхой, тэдгээрийг төлөөлж “Х” ХХК гэрээ хийсэн, өмчийн жинхэнэ эзэд нь хөрөнгийг бусдад түрээслэхийг зөвшөөрсөн байхад шүүх Иргэний хуулийн 53.1-г  хэрэглээгүйд гомдолтой байна. Бусдын өмчийг эзэмшин ашиглаж, орлого олсон Г.Т  үндэслэлгүй хөрөнгөжсөн. Шүүх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор хэн нэхэмжлэх эрхтэйг заагаагүй, нэхэмжлэл гаргах боломжгүй болгосон. Г.Т 3 сарын төлбөр төлөхийг зөвшөөрсөн байхад өмгөөлөгч нь аваад мөнгө төлөхгүй гэх болсныг  шүүх анхаарсангүй.  Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

          “Х” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Г.Тээс 2015 оны 7-10 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 3.620.000 төгрөг, алданги 1.810.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг бүгд 5.500.200 төгрөг /хх 1, 29/ шаардан, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг /хх 5-9/ үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 27/ 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Намянжүгийн гудамж, Их тойруу-155 хаягт байршилтай 576 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн  өмчлөгч  Д.Майдар, М.Орхон нар  уг хөрөнгийг түрээслэхийг “Х” ХХК-д  зөвшөөрсөн нь тогтоогдоогүй... хариуцагч түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй бус, харин  “Х” худалдааны төвтэй хийсэн байна...” гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

        Нэхэмжлэгч шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрөхдөө “...“Х” ХХК нь 100%   Д.Майдарын хувийн компани бөгөөд нэхэмжлэгч түрээсийн гэрээг өмчлөгчөөс зөвшөөрөл авч хийсэн... “Хос худалдааны төв” гэдэг нь хуулийн этгээдийн бус, харин түрээсэлсэн хөрөнгийн нэр байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу ... шүүх улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эсхүл Д.М, М.О нарыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах ажиллагааг хийгээгүй ... өмчлөгч хөрөнгийг бусдад түрээслэхийг  зөвшөөрсөн  байхад шүүх Иргэний хуулийн 53.1-г  хэрэглээгүй... Г.Т  3 сарын төлбөр төлөхийг зөвшөөрсөн гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон...” гэжээ. 

        Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  “Х” ХХК итгэмжлэл олгоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийн талаар тайлбарлан танилцуулж, энэ тухай баримт /хх 21/ үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчжээ. Өмгөөлөгч /хх 24, 60-61/ зохигчийн эрх эдэлж үүрэг хүлээхгүйгээс гадна тэдгээрийн  өмнөөс тайлбар гаргахгүй. “Х” ХХК-ийг Ц.А /хх 10/, Э.Н /хх 18/ нар төлөөлөх  эрхтэй байна. 

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийн талаар нэхэмжлэгчид тайлбарлан танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй  нь мөн  хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт тус тус  нийцээгүй гэж үзлээ. 

       Шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулах ажиллагааг хийгээгүй /хх 21/ тул “Х” ХХК-г “...нэхэмжлэлээ  нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй...” гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна “Хос” худалдааны төв хуулийн этгээд эсхүл түрсээсийн гэрээний зүйл гэдэг талаар зохигчдын тайлбарын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

       Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 70.200 төгрөгийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзлээ.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01999 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1630 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 83.750 төгрөгийг  “Х” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ