Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1568

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, аймгийн нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулдаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хүнс тээвэр 2 давхарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 51-2-10 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Самосон” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хүнс тээвэр 1 тоотод оршин суудаг, Хэцүү овогт Очирын Галбадрах /РД:УС84050511/ нарт холбогдох

1,320,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд “Самосон” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд “50 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-05 дугаартай гэрээг “Самосон” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулан “Самосон” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч компанийн санал болгосон ажлын төсвийн үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжийг тус компанид олгосон юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа 1,200,000,000 төгрөгийн санхүүжилтийг төлөх, гүйцэтгэгч тал нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд 50 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, гэрээний урьдчилгаа болгон өгсөн санхүүжилтийг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм. Гэрээний дагуу “Самосон” ХХК-д урьдчилгаа төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн боловч барилгын суурийг ухаснаас өөр ажлыг гүйцэтгээгүй юм. 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан санхүүжилтийг эргэн төлөх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгон өөрчилсөн. Тухайн нэмэлт гэрээний 2.1.2-д “... барилгыг хугацаандаа гүйцэтгээгүй, санхүүжилтийг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд нийт санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх торгуулийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны төлөх” нэмэлт үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. Тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин нэмэлт гэрээг байгуулан санхүүжилтийг буцаан төлөх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн юм. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, санхүүжилтийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Хариуцагч компаниас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний 2 дугаар заалтын 2.1.2-т заасны дагуу санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх 120,000,000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөрийн хамт хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “Самосон” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч О.Галбадрах нараас гэрээний санхүүжилт 1,200,000,000 төгрөг, торгууль 120,000,000 төгрөг нийт 1,320,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын нэхэмжилсэн 1,320,000,000 төгрөгийг хариуцагч “Самосон” ХХК болон хувьцаа эзэмшигч О.Галбадрах нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.        

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь хариуцагч “Самосон” ХХК, хувьцаа эзэмшигч О.Галбадрах нарт холбогдуулан 1,320,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын нэхэмжилсэн 1,320,000,000 төгрөгийг хариуцагч “Самосон” ХХК болон хувьцаа эзэмшигч О.Галбадрах нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 6,757,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын нэхэмжилсэн 1,320,000,000 төгрөгийг хариуцагч “Самосон” ХХК болон хувьцаа эзэмшигч О.Галбадрах нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Самосон” ХХК болон хувьцаа эзэмшигч О.Галбадрах нараас улсын тэмдэгтийн хураамжид 6,757,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

                                      ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА