Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0618

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0618

Улаанбаатар хот

 

 

 

 

“Ц.Ө.М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0506 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ц.Ө.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0506 дугаар шийдвэрээр:  

“Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасныг тус тус баримтлан “Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэл болон 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“....Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Захиргааны гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэдий ч ...50.2-т хаягласан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл ...захиргааны актыг хариуцагчаас дахин акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичийг хавсаргана” гэж заасан.

Үүнээс үзвэл “Цахиурт өндөр майнинг” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгах өргөдөл гаргах байжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байсан тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 649 дүгээр шийдвэрээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав. 

Анхан шатны шүүх, маргааны үйл баримтад хамаарах Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул зохих өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгчээс “Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”  гэж зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

“Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр  сумын Тээл нэртэй газарт 2608.88 гектар талбайд ашигт малтмалын XV-018749 дугаартай тусгай зөвшөөрлийг “Цэнгүүншилтгээн” ХХК-иас нэхэмжлэгч “Ц.Ө.М” ХХК-д шилжүүлэн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” заасан харин 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар уг хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой байтал энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй учир тусгай зөвшөөрлийн эрх нь дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчээс “Ц.Ө.М” ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Ч.Р нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тархины зүүн дух, зулай хэсгийн хавдар авах мэс засалд орсны улмаас цаашид 1 жил, 6 сарын туршид хөдөлмөр эрхлэх чадваргүй, эмийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнүүд хийгдэж байх шаардлагатай байсан тул дээрх өргөдлийг хуульд заасан хугацаанд нь гаргах боломжгүй байсан гэж тайлбарладаг.

Хэдийгээр гүйцэтгэх захирал Ч.Р нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэс засалд орсон талаар баримт хэрэгт авагдсан байгаа боловч байнгын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд өөрийн түр орлон гүйцэтгэгчийг эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон  хуульд заасан хугацаанд Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой байсан  гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын хайгуулын 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “Ц.Ө.М” ХХК-иас XV-018980 дугаартай Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сайр нэртэй газарт ашигт малтмал хайгуулын 4255.47 гектар талбай бүхий 018980 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Ц.Ө.М" ХХК-ийг төлөөлж Б.Отгонбаяр гэгч нь Кадастрын хэлтэст хандаж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, түүнд хуульд заасан баримтуудыг хавсаргасан боловч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт бичгийг хавсаргаж өгөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг 22.1.3, 40 дүгээр зүйлд заасан  шаардлагыг хангаагүй учир зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Р эхний тусгай зөвшөөрлийн хувьд хугацааг сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй... хоёр дахь тусгай зөвшөөрлийн өргөдлөө дутуу материалтай өгсөн...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 694 дүгээр шийдвэрт “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг өгөөгүй” гэдэг тухай маргаагүй.... хариуцагчийг буруутгахгүй байгаа...” хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлах боловч хэргийн үйл баримтыг дүгнэн үзвэл дээрх ойлголтод хамруулан үзэх боломжгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0506 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-т заасныг баримтлан “Ц.Ө.М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ц.Ө.М” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР