Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 113/2022/0010/З |
Дугаар | 001/ХТ2024/0013 |
Огноо | 2024-01-22 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/0013
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 113/ШШ2023/0006 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2023/0628 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 493 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага /эцсийн байдлаар/: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах тухай”
2.Хэргийн нөхцөл байдал: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамжаар “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Ш сумын нутагт орших “Д т” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоосныг баримтлан хууль бус үйлдлээрээ “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон, мөн 2022 оны А/192 дугаар захирамжаар Ш сумын Д т-д 182.76 га талбайг хамарсан *** түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э м” ХХК-д 3 жилийн хугацаатай олгожээ.
2.1.Нэхэмжлэгч “Б” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай компани Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжаар *** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн, хуульд зааснаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байхад аймгийн Засаг дарга 2020 оны А/175 дугаар захирамж гарган, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож манай компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг гаргасан. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар шийдвэрээр дээрх А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосноор манай тусгай зөвшөөрлийн эрх сэргэсэн, үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч шүүхийн шийдвэрийг аймгийн Засаг дарга биелүүлээгүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнөх тусгай зөвшөөрлийг сэргээсэн, ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан тул 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин гомдол гаргахад тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй, тусгай зөвшөөрөл өөрөө хүчингүй болсон гэсэн хариуг өгсөн, ... аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамжаар манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо 2020 оны А/175 дугаар захирамжид дурдсантай ижил үндэслэлээр уг шийдвэрийг гаргасан, ... биднийг нэхэмжлэл гаргаад явсны дараа манай тусгай зөвшөөрөлд хамаарах талбайд аймгийн Засаг даргын 2022 оны А/192 дугаар захирамжаар “Э м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн ...” гэж тодорхойлон “... давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 73 дугаар тогтоолд “Э м” ХХК-д тусгай зөвшөөрөл олго, “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцал гэсэн ямар ч агуулга байхгүй, харин “Э м” ХХК-ийн өргөдлийг шалгаагүй гэдэг асуудал байгаа ...” гэх агуулгаар маргасан.
2.2.Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Засаг даргын А/180 дугаар захирамжийг анхнаасаа хууль бус олгогдсон гэж үзээд Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд буюу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчингүй болгосон. Засаг даргын А/157 дугаар захирамжийг албан ёсоор “Б” ХХК-д мэдэгдсэн, ... мэдсэн атлаа санаатайгаар хугацаа сунгуулах хүсэлт гаргасан, ... Засаг даргын А/192 дугаар захирамжаар “Э м” ХХК-д яагаад тусгай зөвшөөрөл олгосон гэхээр анхнаасаа уг компанид олгогдох ёстой байтал хууль зөрчиж, хуульд байхгүй шаардлага гаргаж “Б” ХХК-д олгосон байна гэж үзсэн ...” гэж;
2.3.Гуравдагч этгээд “Э м” ХХК, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамж хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй, уг захирамж нь өмнөх Засаг даргын хууль зөрчиж гаргасан захирамжийг хуульд нийцүүлэн, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон, ... Анх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрөл авахаар аймгийн Засаг даргад түрүүлж өргөдөл гаргасан, манай өргөдлийг шийдээгүй байхад “Б” ХХК-аас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийг шийдсэн. “Э м” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн, ... Улсын дээд шүүхийн 2020 оны 73 дугаар тогтоолоор “Э м” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй атлаа өргөдөлд дурдсан талбайд нь “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж дүгнэсэн. Энэ шүүхийн маргаан явж байх хугацаанд аймгийн Засаг дарга 2019 оны А/180 дугаар захирамж гаргаж, хууль зөрчөөд дахиад “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл байгаа ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.
3.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... аймгийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны А/157 дугаар захирамжаар мөн дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг баримтлан, 2019 оны А/180 дугаар захирамжийг /дахин/ хүчингүй болгосон ба шүүхийн шийдвэр биелүүлж буй энэ байдлаараа 2020 оны А/175 дугаар захирамжтай агуулгын хувьд адил мэт боловч хууль зүйн үндэслэл өөр гэж үзэхээр байна, ... “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түрүүлж гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчим, 14.1-14.4-т заасан горимын дагуу холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох ажиллагааг бодитоор гүйцэтгэсэн гэж дүгнэнэ, ... “Б” ХХК-ийн гаргасан хугацаа сунгуулах хүсэлт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон холбогдох шаардлагад нийцээгүй, ... аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нэгэнт дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг үзүүлэх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэхгүй тул ... нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах боломжгүй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... хуулийн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр байсаар байхад үндэслэл нь өөр гэж дүгнэж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна, ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар түрүүлж гаргасан “Э м” ХХК-ийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуульд нийцсэн тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр байна, ... “Б” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд харгалзах хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор байна ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11.2, 14.1, 14.2, 14.4, 15.1, 15.1.3, 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 493 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ээс: “... Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 628 дугаар магадлалд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн материалд энэ талаарх нотлох баримтууд хангалттай цугласан байдаг. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан.
6.1.1.“Б” ХХК-аас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хайгуулын ажил хайх үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг Ш сумын Засаг дарга, Байгаль орчны газраас тус тус албан бичгээр хандан тодруулахад холбогдох үйл ажиллагааг явуулаагүй гэсэн хариу ирсэн. Иймд тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй талаарх хариуг “Б” ХХК-д хүргүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн дийлэнх хугацаанд шүүхийн маргаантай байсан гэж дүгнэсэн байдаг, гэтэл шүүхийн маргаангүй буюу 1 жил 3 сарын хугацаанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг “Б” ХХК-ийн зүгээс ханган ажиллах бүрэн боломжтой байсан.
6.1.2.Аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримталж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Харин анхнаасаа тус хуулийг /хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт гэх мэт/ зөрчиж хууль бусаар олгогдсон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийг баримталж хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу түрүүлж өргөдөл гаргасан “Э м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн аймгийн Засаг даргын 20219 оны А/180 дугаар захирамжийг 2022 оны А/157 дугаар захирамжаар хүчингүй болгосон.
6.1.3.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль бусаар бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж олгогдсон “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.4-т заасныг тус тус зөрчсөн. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 628 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6.2.Гуравдагч этгээд “Э м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас: “... Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг биелүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглэсэн.
6.2.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамж гарган “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон А/180 дугаар захирамжийг хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэн хүчингүй болгосон, ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд өргөдөл гаргах журмыг нэрлэн заасан. Гуравдагч этгээд “Э м” ХХК эдгээр баримтыг бүрэн бүрдүүлсэн болох нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өргөдөлд бүрдүүлэх материал бүрэн байгаа” гэх тайлбараар тус тус тогтоогдсон.
6.2.2.Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ашигт малтмал, Газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж, “Э м” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн, өргөдөл гаргагчаас өөр шалгаж тодруулах зүйл байхгүй, холбогдох баримт бүрэн байсан, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл бүрдээгүй гэж үзэн сонгох боломжоо бүрэн хэрэгжүүлэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг гаргасан. Харин давж заалдах шатны шүүх төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах ёс, Засаг даргын бүрэн эрх, сонгох боломжид халдсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримт шүүхийн шийдвэрүүдийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргаас Ашиг малтмал, газрын тосны газраас *** бүртгэлийн дугаартай 182.76 гектар талбай давхцалтай эсэх талаарх дүгнэлт гаргуулахаар албан бичиг явуулсан бөгөөд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж, зохих шийдвэрийг гаргуулан авсан.
6.2.3.Говьсүмбэр аймгийн Засаг дарга нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, өмнөх Засаг даргын хууль зөрчиж олгосон шийдвэрийг хуульд нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Анхнаасаа “Б” ХХК-д хууль зөрчиж олгосон учраас “Б” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол, сэргээгдэх эрх, хууль зөрчсөн шаардах эрх үүсэх үндэслэлгүй” гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч н.Ө нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
9.Нэг. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
9.1.Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамжаар “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Ш сумын нутагт орших “Д т” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоосныг баримтлан хууль бус үйлдлээрээ “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.
9.2.Учир нь, хэрэгт авагдсан баримтууд болон өмнөх шүүхийн шийдвэрүүдийг үзэхэд, “Э м” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, “Б” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Говьсүмбэр аймгийн Ш сумын нутагт орших “Д т” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч тус тус өргөдөл гаргасан, энэ талаар талууд маргаагүй; Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 дугаар албан бичгээр “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахад ... татгалзсан тухай хариу ирүүлсэн тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй ...” гэх хариуг “Э м” ХХК-д хүргүүлсэн бол аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.
9.3.Үүнийг эс зөвшөөрч гаргасан “Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2018 оны А/327 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн; Говьсүмбэр аймгийн Засаг даргаас “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд дахин өргөдөл хүлээн авах боломжтой” гэх агуулга бүхий мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/294 дүгээр албан бичгээр “Э м” ХХК-д, мөн өдрийн А/295 дугаар албан бичгээр “Б” ХХК-д тус тус хүргүүлсэн ба “Б” ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19/0324 дүгээр албан бичгээр дахин өргөдөл гаргасан бол “Э м” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд /дахин/ нэхэмжлэл гаргасныг тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113//ШШ2019/0022 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалаар “... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Ш сумын нутагт орших Д т гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
9.4.Шүүхээр маргаж байх хугацаанд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар “Б” ХХК-д ХА-42000015 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байсныг дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон; “Б” ХХК-иас энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн; мөн Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь дээрх 113/ШШ2021/0008 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон 2022 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдрийн А/08 дугаар захирамж гаргаж, аймгийн Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.
9.5.Эндээс дүгнэвэл, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолд “... хариуцагч түрүүлж өргөдөл гаргасан “Э м” ХХК-ийн өргөдлийг эхэлж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой байтал, “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь дахин өргөдөл гаргах ёстой” гэсэн татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг буруугаар хэрэгжүүлсэн гэж үзнэ, тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор нэхэмжлэгч (энэхүү хэргийн хувьд гуравдагч этгээд)-ийн хувьд түрүүлж гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрх зүйн үр дагавар үүссэн ... /уг/ өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид үүрэг болгосон” гэж дүгнэж шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс биелүүлж маргаан бүхий захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасанд нийцжээ.
9.6.Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор “түрүүлж өргөдөл гаргасан этгээдийг тогтоосон” тул уг үндэслэлд тулгуурлан өөр этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн шийдвэрээ хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/157 дугаар захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримталж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Харин анхнаасаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг /хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт гэх мэт/ зөрчиж хууль бусаар олгогдсон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийг баримталж хүчингүй болгосон ...” гэх гомдол үндэслэлтэй.
9.7.Хэдийгээр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч энэ нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргааны үйл баримтын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь бие даасан, дамжлага бүхий үе шатуудаас бүрдэж, урьдах шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн шаардлагыг шалгах горимтой байтал “Э м” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулах, аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс санал авах зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй атлаа “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэр үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэр биелүүлэх зорилготой нийцэхгүй ...” гэж буюу өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 73 дугаар тогтоолыг буруу хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэсэн болохоос Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос зөрсөн агуулгагүй байна.
9.8.Тиймээс давж заалдах шатны шүүхийн “... Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар шийдвэрээр “... “Б” ХХК-ийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх”-ийг зөрчсөн байна” гэж дүгнээд шүүхийн өмнөх шийдвэрүүдийн дүгнэлтийг зөрчилтэй мэт үзэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
10.Хоёр. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
10.1.Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны А/192 дугаар захирамжаар “Ш сумын Д т-д 182.76 га талбайг хамарсан ***түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э м” ХХК-д 3 жилийн хугацаатай олгож, талбайн байршил солбицлыг хавсралтаар баталж” шийдвэрлэжээ.
10.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар магадлалыг биелүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс “Э м” ХХК-ийн өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8/4765 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлсэн (хуулийн этгээдийн нэрийг “Э м” гэж алдаатай бичсэнийг залруулсан талаар дараа нь албан бичгээр мэдэгдсэн); Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь уг дүгнэлтийг хүлээн авсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1439, А/1440 дугаар албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус санал авахаар хүргүүлсэн; Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр ““Э м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй” гэх, Говьсүмбэр аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “... “Э м” ХХК-д ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж хариу мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.
10.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 11.2.5-д “аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ”, 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
10.4.Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу аймгийн Засаг дарга нь хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрдэл, мөн хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага ханган хамгийн түрүүнд өргөдөл гаргаж, бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах учиртай. Мөн, хуульд “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргах санал нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэх шинжгүй, харин эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх нь Засаг даргад олгогдсон байна.
10.5.Энэхүү маргааны хувьд аймгийн Засаг даргаас холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг тус тус авсан байх тул захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны дарааллыг зөрчсөн, бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /шүүхийн шийдвэрийн/ дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 8/4765 дугаар албан бичгээр “өргөдөлд дурдсан талбай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэсэн ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ” гэж заасан ажиллагааг хийсэн ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 628 дугаар магадлалд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
10.6.Тиймээс давж заалдах шатны шүүх “... Ашигт малтмал, газрын тосны газраас “Э м” ХХК-ийн нэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай давхцалтай эсэхэд дахин шүүлт хийж хүргүүлсэн гэж үзэхээргүй байна ... Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжсэн санал ирсэн тохиолдолд “Э м” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох байтал Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж үзэж гуравдагч этгээд “Э м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна ...” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бол харин анхан шатны шүүх “... Засаг дарга нь “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан дарааллын дагуу гүйцэтгэсэн гэж дүгнэнэ ...” гэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
10.7.Нөгөө талаас, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал өгөх чиг үүрэг нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан гурван үндсэн бүрэн эрхтэй уялдан хэрэгжих учиртай бөгөөд эдгээр үндэслэлийн алинд нь хамаарч “боломжгүй” гэх хариуг өгсөн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан бичигт тодорхой дурдаагүй байхын зэрэгцээ тухайн талбайд түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд татгалзсан атлаа сүүлд өргөдөл гаргасан нэхэмжлэгч “Б” ХХК-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар албан бичгээр “... орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн төсөвт орлогын албан татвараа төвлөрүүлдэг, хайгуул хийх талбайн хэмжээ бага зэргийг харгалзан Ш сумын Д т-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 182.9 га талбайг хууль тогтоомжийн дагуу олгохоор шийдвэрлэсэн ...” гэж хуульд байхгүй үндэслэл зааж дэмжсэн хариу өгснөөс үзэхэд тухайн талбай нь “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зориулалт”-аар төлөвлөгөөнд нэгэнт тусгагдсан бөгөөд энэ зориулалтаар олгоход хуульд харшлах шалтгаан байхгүй гэж үзэхээр байх тул дээрх байдлаар гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон маргаан бүхий захирамж хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
11.Гурав.“Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:
11.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг ... Засаг даргад гаргаж, түүнд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:” гээд 16.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 16.1.4-т “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 16.2-т ... Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тусгана” гэж тус тус заасан; нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа хүсэлтдээ хавсаргасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хавсаргаагүй нь шүүхийн дүгнэлтээр тогтоогджээ.
11.2.Нэхэмжлэгчийн гаргасан хугацаа сунгуулах хүсэлт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон холбогдох шаардлагад нийцээгүй, бүрдүүлбэр дутуу байхад аймгийн Засаг даргыг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус гэж үзэж, сунгахыг даалгах үндэслэлгүй.
11.3.Мөн нэгэнт шүүхээс маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хуульд нийцсэн гэж үзэж, хэвээр үлдээн шийдвэрлэж буй энэ тохиолдолд өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг сэргээх боломжгүй учир нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
12.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2023/0628 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 113/ШШ2023/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ