Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1465

 

ХХХ-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХХ-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХ,

Хариуцагч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ дугаар байрны ХХ тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болж, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй гэрчилгээ эзэмшиж байгаа болно. Гэтэл дээрх байрыг 2011 онд ашиглалтад орох үед нь сантехникийн асуудлыг хариуцаж байсан "ХХХ" ХХК-ийн ажилтан ХХХХ нь түр байрлах нэрийдлээр орсон боловч одоог хүртэл миний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй хэл амаар доромжлох үйлдлийг удаа дараа гаргаж, ашиглалтын зардлын төлбөрийг төлөхгүй нөхцөл байдлыг үүсгэж өдийг хүрлээ.

Иймд ХХХ миний өмчлөлийн ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ дугаар байрны ХХ тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас ХХХХийг албадан гаргуулж, байрыг чөлөөлж өмчлөх эрхээ эдлэх боломжийг олгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие ХХХХХХХ хорооллын ХХ дугаар байрны ХХ тоот 56 м.кв 2 өрөө орон сууцанд 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нүүж орсон болно. ХХХ гэдэг хүн ямар арга замаар миний байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсанд гайхаж байна. Анх 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ургах наран орон сууцны төслийг хэрэгжүүлэх төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай "ХХХ" ХХК, "ХХХХ" ХХК, "ХХХХХ" ХХК-ийн захирлуудын хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж ХХХХХ орон сууцны хорооллын барилгын ажлыг эхэлсэн байдаг юм. Энэ ажилд миний ажиллаж байсан "ХХХ" ХХК-ийн захирал ХХХХ нь төслийн удирдагчаар нь оролцож миний бие дээрх "ХХХ" ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж барилгын ажлыг хариуцаж байсан юм.

Төсөлд оролцсон компаниудын хооронд байгуулсан гэрээ ёсоор манай байгууллага гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд иргэн ХХХ-ын үндэслэлгүй нэхэмжлээд байгаа 2 өрөө орон сууцыг авч тухайн үед ерөнхий инженерээр ажиллаж байсан ХХХХ надад шилжүүлэн өгсөн юм. Компани хоорондын гэрээгээр 2 өрөө 2 орон сууцыг "ХХХ" ХХК нь манай "ХХХХ" ХХК-д шилжүүлэн өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл үлдсэн 1 байраа өгөөгүй байгаа. 2 компани тооцоогоо эцэслэн дуусгаагүй, манай компани үлдсэн авлагаа авах асуудал яригдаж байгаа учир миний бие өнөөдрийг хүртэл байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй.

Энэ нь тухайн үеийн цагийн бүртгэл, хийсэн ажлын тайлан, цалингийн цэс, ажлын зураг, хийсэн ажлын актыг үндэслэн олгож байсан цалингийн хүснэгт зэргээр тогтоогддог. Төслийн ерөнхий зохицуулагч "ХХХ" ХХК-ийн захирал ХХХХ, төслийн дэд зохицуулагч "ХХХ" ХХК-ийн захирал ХХХ нар өнөөдрийн маргаан дагуулаад байгаа 2 өрөө байрыг анх "ХХХ" ХХК-ийн техник, тоног төхөөрөмж, машин механизмыг ашигласны хөлсөнд "ХХХ" ХХК-иас, "ХХХХ" ХХК-д шилжүүлэн өгөх тохиролцоо хийсэн байдаг. Төсөл дуусч барилга ашиглалтад орсноор тохиролцоо ёсоор "ХХХ" ХХК-ийн захирал ХХХХын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалаар ерөнхий инженер ХХХХ уг 20 тоот байранд 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нүүж орсон. ХХХХ нь байрандаа нүүж орсон өдрөөс эхлэн "ХХХ" ХХК-ийн захирал ХХХээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах талаар удаа дараа шаардаж, утсаар ярьж байсан боловч "ХХХ" ХХК-ийн захирал ХХХ гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч ХХХ-ын өмчлөлийн ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ дугаар байрны ХХ тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч ХХХХ-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

ХХХ-ын нэхэмжлэлтэй, ХХХХ-д холбогдох иргэний хэргийг шүүгч нэг удаа шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хүлээн авсан ба магадлалд зааснаар "ХХХ" ХХК-ийн захирал ХХХХ, "ХХХ" ХХК-ийн захирал ХХХ нарыг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авсан боловч "ХХХ" ХХК-ийн захирал ХХХээс нотлох баримтууд гаргуулах боломжтой байсан хэдийч зөвхөн түүний хэлсэн “...манай компанийн бүх бичиг баримт битүүмжлэгдсэн байгаа...” гэдэг үгээр мэдүүлгийг дуусгаж хэзээ, ямар байгууллага, ямар учир шалтгааны улмаас битүүмжилсэн, битүүмжилсэн бол битүүмжилсэн байгууллагын акт, баримт бичгийг үзэлгүйгээр шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгөх нотлох баримт дутмаг байгаа бөгөөд маргалдаж буй байртай холбоотой нотлох баримт, болон ХХХХХ хорооллын уг барилгын ажил ашигтай хэрэгжиж төсөлд оролцсон хоёр компани "ХХХ" ХХК, "ХХХХ" ХХК-иуд тус бүртээ хоёр, хоёр байр авч болох байсан гэдгийг нотлох баримтууд "ХХХ" ХХК-ийн захирал ХХХт байгааг удаа мэдэгдсээр байтал нотлох баримт гаргуулаагүй магадлалд дурьдсан ажиллагааг дутуу хийсэн нь шийдвэрийг үнэн зөв гаргах боломжгүй болгосон гэж үзэж байна. Хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай гэрчүүдийг дутуу асуусан гэж үзэж байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

                                                                                                             

            Нэхэмжлэгч ХХХ нь өөрийн хууль ёсны өмчлөлийн ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ дугаар байрны ХХ тоот, 56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч ХХХХ-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           

  Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч ХХХ ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ дугаар байрны ХХ тоот, 56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхий улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч ХХХХ нь "ХХХХ" хорооллын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн "ХХХ" ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж барилгын ажлыг хариуцаж байсан. “ХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК-иудын хооронд тохиролцсоны дагуу "ХХХХ" хорооллын 12 дугаар байрны 20 тоот, 56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ажилласан хугацааны цалиндаа тооцож авсан гэж нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарласан боловч тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

            Учир нь “ХХХ" ХХК-ийн захирал ХХХ гэрчээр шүүхэд мэдүүлэхдээ "... ХХХХийг 3 жилийн барилгын баталгаат хугацааны дотор ямар нэгэн доголдол гарвал засуулах үүднээс маргаж буй орон сууцанд түр амьдарч бай гэж хүлээлгэж өгсөн..." гэсэн. /хэргийн 126 тал/ "ХХХ" ХХК-ийн захирлын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалд “...12 дугаар байрны дотор, гадна талын засал, сантехник, /цэвэр, бохир, цахилгаан, холбоо дохиолол, гадна фасадын ажлуудыг бүрэн гүйцэтгэж түлхүүр гардуулах хүртэлх хугацаанд манай "ХХХ" ХХК-ийн өөрийн үндсэн хөрөнгө болох машин механизм, техник тоног төхөөрөмжийг ашигласны хөлс, түрээсийн төлбөрт “ХХХ" ХХК-ийн төлөх ёстой 100 641 600 төгрөгийн төлбөрт тус 12 дугаар 20 тоот, 2 өрөө орон сууцыг 2 компанийн анх тохиролцсон ёсоор шилжүүлэн авч байгаа болно.” гэж заасан ч ХХХХийг маргаж байгаа орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй байна. /хэргийн 74 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч ХХХ нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцно. Иймд нэхэмжлэгч ХХХ нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлага, журмын дагуу үнэлснийг буруутгах боломжгүй юм.

 

            Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                            Д.ДАМДИН-ОД

 

                                                   Ч.ОЮУНЦЭЦЭГ