Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0019

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 “Монголын хөрөнгийн бирж” ХК-д

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Г.Банзрагч   

Шүүгчид:                       Д.Батбаатар                        

                                          М.Батсуурь

                                          Ц.Цогт

Илтгэгч шүүгч:          Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“М” ХХК-аас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан “... “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “... Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад заасан хувиар хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг хавсралтаар баталжээ. Тус журмын 6 дугаар зүйлийн 6.2-т “Санд Биржээс үзүүлэх үйлчилгээний хөлс нь дараах төрөлтэй байна:”, 6.2.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%;” гэж заажээ.

3.Нэхэмжлэгч компаниас “... нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар журамласан нь хуулиар олгосон эрхийн хүрээнд боловч эдийн засгийн тооцоо, судалгаа, үндэслэлгүйгээр хөлсийг нэмэгдүүлсэн, энэ нь хөрөнгийн зах зээлд оролцогч компанийн эдийн засгийг илт хохироосон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй, хувьцаа болон бондын хураамжийг 0.1% хувь буюу 50 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж тогтоосон харин сангийн нэгж эрхээ 1 хувь гэж дээшээ лимитгүй тогтоосон нь үндэслэл бүхий биш, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн 2021 оны 16 дугаар тогтоолоор нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг журамласан 2019/07 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлт оруулсан үйлчилгээний хөлсөөр төлөх талаар удаа дараа хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээж аваагүй шударга бус, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дахь заалтыг 2022 оны хуулиар өөрчлөлт оруулсан тул хүчингүй болсон журмын холбогдох хэсгийг буцаан хэрэглэх нь хууль бус; 2019 оны журмын заалтаар хураамж авах нь хууль бус, 2021 оны 16 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан хувиар хураах нь зүйтэй ...” гэж;

3.1.Хариуцагчаас “... хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Маргаан таслах зөвлөлд хандаагүй, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь улсын хэмжээнд эсхүл засаг захиргааны нутаг дэвсгэрийн аль нэг нэгжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрхтэй субъект биш, уг ТУЗ-өөс 2019 онд баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгжийн эрхийн бүртгэлийн журам нь зөвхөн манай хөрөнгийн биржид бүртгүүлсэн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх дотоодод чиглэсэн хэм хэмжээ юм, манай хөрөнгийн биржид бүртгүүлээгүй хөрөнгө оруулалтын сангуудад тус журам хамааралгүй бөгөөд дагаж мөрдөгдөхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т зааснаар хэм хэмжээний акт гэдэгт хамааралгүй, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1-д зааснаар үнэт цаасны 17 зохицуулалттай үйл ажиллагаа байгаа, Монголын хөрөнгийн бирж нь уг 17 үйл ажиллагааг Хороос авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах ба төрийн өмчит хуулийн этгээд эсхүл хувийн хэвшлийн байгууллага аль аль нь эрхлэн явуулах боломжтой ба үүнд өмчийн хязгаарлалт тогтоогоогүй;

-Монголын хөрөнгийн бирж нь хувийн эрх зүйн салбар буюу үнэт цаасны зах зээлийн харилцаанд бусад хувийн хэвшлийн зарим байгууллагатай өрсөлдөн ажилладаг байгууллага, Монголын хөрөнгийн биржийн хувьцааг төрийг төлөөлж Сангийн яам эзэмшдэг бөгөөд МХБ-ийн ТУЗ-ийг Сангийн яамнаас томилогдсон этгээдүүд хэрэгжүүлдэг, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг, Төр аливаа компанийн хувьцааг эзэмшдэг байснаараа тухайн компани захиргааны байгууллага гэж тооцогдохгүй, журам нь тухайн зохицуулалттай этгээдийн зөвхөн өөрийнх нь харилцагч үйлчлүүлэгчийн хүрээнд мөрдөгдөх дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий хэм хэмжээний акт тул захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй, Монголын хөрөнгийн биржийн дүрмийн 7.3.16-д зааснаар журам батлах эрх ТУЗ-д олгосон, Монголын хөрөнгийн бирж нь хамтын хаалттай ХОС-ийн нэгж эрхийн бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон журмыг 2019 онд баталж, хуульд зааснаар Санхүүгийн зохицуулах хороогоор хянуулахаар хүргүүлж, хороо батламжилсан, Монголын хөрөнгийн бирж нь бүртгэх үйлчилгээний хөлсийг Засгийн газрын бодлого, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд нийцүүлж боломжит хэмжээгээр бууруулах байр суурьтай байж, хувь хэмжээг бууруулах эрх бүхий субъект болох ТУЗ-д удаа дараа оруулж хэлэлцүүлсэн, үүний дагуу Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2-т өөрчлөлт оруулж баталсан, нэхэмжлэгч компанитай байгуулсан хамтын хөрөнгө оруулалтын сангийн бүртгэлийн гэрээний 2.1.2-т бүртгэх үйлчилгээний хөлсийг 2019 оны 2019/07 дугаар тогтоолоор баталсан журмын 6.2.2-т заасан 1 хувиар тооцохоор тогтоосон, гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан журмын дагуу хураамжаа төлөх нь үндэслэлтэй;

-Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 16 дугаар тогтоолоор баталсан журмаар бүртгэлийн үйлчилгээний хөлсний хувь хэмжээ өөрчлөгдсөн нь гагцхүү батлагдсан үеэсээ хүчин төгөлдөр ба батлагдахаас өмнөх хугацаанд ухран үйлчлэхгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан хувь хэмжээгээр тус компаниас бүртгэх үйлчилгээний хөлсийг хураах талаар шийдвэр гаргасан тохиолдолд бид эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, зохих ёсоор шийдвэрлэх боломжтой ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан гаргасан ““Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар хувьцаат хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2-т заасан хуваарь хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 49.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан гаргасан ““Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т заасан хувиар хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэх” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-аас шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар дараах хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газарт (маргаж байгаа журмын хураамжийн хэмжээг бууруулах талаар) хүсэлт гаргаж байсан боловч хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан. Бид энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд 2022 оны 10 дугаар сард дахин хандсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Мөн энэхүү маргаан бүхий асуудал нь Санхүүгийн зохицуулах хорооны Маргаан таслах зөвлөлийн харьяалан шийдвэрлэх асуудал биш гэдгийг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тайлбарласан.

7.2.Манай хөрөнгө оруулалтын сангийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд уг журмаар тогтоосон хураамжийн хэмжээг багасгах талаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгуулах, хэмжээг буруулах талаар хандсан боловч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.18-д заасан Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд “үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх, 74 дүгээр зүйлийн 4-т “Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно.” гэсэн эрхийг олгосон заалтууд байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.

7.3.Маргаж байгаа хураамжийн хувь хэмжээ хэт өндөр байгаа талаар бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан ба давамгай байдалтай хуулийн этгээд болох “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай гэрээ байгуулахаас өөр сонголт байгаагүй. Тухайн үед Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Хөрөнгийн оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх хуулиар эрх олгож үйл ажиллагаа явуулж байсан ганцхан аж ахуйн нэгж байсан нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК ба бидний зүгээс тэдний тулгасан нөхцөлийг зөвшөөрч бүртгүүлэхгүй бол үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан болно.

7.4.Тус компани нь 2022 оны 09 дүгээр сард нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.” гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан тул энэ зүйлд заасны дагуу хүчингүй болсон журмын холбогдох хэсгийг одоо буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан эсэхэд эргэлзэж байх тул энэхүү хяналтыг гомдлыг гаргаж байна ... гэжээ.

8ариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой хүн, хуулийн этгээдээс ... гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэдэг.

11.Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг... ойлгоно:” гээд 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;”, 5.1.3-т “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;”, 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” байхаар тус тус заажээ.

12.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн эрх зүйн байдлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулсан бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “үнэт цаасны зах зээлд оролцогч” гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг;” 4.1.17-д  ““зохицуулалттай этгээд” гэж энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;”, 4.1.28-д ““хөрөнгийн бирж” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна:” гээд 24.1.11-д “үнэт цаасны арилжаа эрхлэх;”, 24.2-т “Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ” гэсэн байна.

13.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, “хөрөнгийн бирж” нь Санхүүгийн зохицуулах хорооноос (захиргааны байгууллагаас) үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжаа хийх тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр тухайн зах зээлд оролцож, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн эрх зүйн хуулийн этгээд байна. Энэхүү үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас гадна хүссэн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу явуулах боломжтой, одоогийн байдлаар 2 этгээд (Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж) үйл ажиллагаа явуулж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт юм.   

14.Монголын хөрөнгийн бирж нь нөгөө биржээс ялгаатай нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн өмчит үйлдвэрийн газар байсан боловч 2022 онд хувьцаат компани хэлбэрт шилжсэн бөгөөд уг хэргийн хариуцагч гэх “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага” гэж үзэхгүй.

15.Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан энэхүү тодорхойлолтын нэг үндсэн гол шинж нь тухайн шийдвэрийг хуулиар эрх шилжүүлэн авсан “захиргааны байгууллага” гаргах юм.  

16.Хэдийгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасан боловч дээр дурдсанаар хөрөнгийн бирж нь захиргааны байгууллага бишээс гадна энэ нь нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш, Хөрөнгийн биржээс үнэт цаасны арилжааны үйлчилгээ үзүүлэхэд тогтоосон байгууллагын дотоод үйл ажиллагаанд чиглэсэн хэм хэмжээ бөгөөд уг үнээр үйлчилгээ авах эсэх нь үнэт цаасны зах зээлд оролцож буй этгээдүүд сайн дурын үндсэн дээр үүсэх хувийн эрх зүйн харилцаанд хамаарахаар байна.

17.Иймд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй.

18.Гэтэл анхан шатны шүүхээс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” гэж, маргаан бүхий журмыг захиргааны хэм хэмжээний акт гэж буруу дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулаагүй байна.

19.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “М” ХХК-аас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан гаргасан ““Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад заасан хувиар хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.БАНЗРАГЧ

                ШҮҮГЧИД                                              Д.БАТБААТАР     

                                                                                   М.БАТСУУРЬ

                                                                                   Ц.ЦОГТ

                                                                                   Х.БАТСҮРЭН