Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2020/0003

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0765 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.У-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

        ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0765 дугаар шийдвэрээр: ”Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалын иргэн Д.У-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү илт хууль бус актын улмаас надад учирсан хохирол 5.299.182 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулах” шаардлага бүхий иргэн Д.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч Д.У давж заалдах гомдолдоо: “ ... Гарааш эзэмшиж байсан иргэдтэй холбогдох албаныхан уулзаж нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр нөхөн олговор олгох 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/163 дугаар тушаал гарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлийг үндэслэн гарааш эзэмших эрхтэй иргэдийн нэрсийг баталгаажуулсан иргэд бид бүгд байхгүй байсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулан худалдан авсан байсан ба Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжаар баталгаажсан газар байсан учир нөхөн олговор олгох тушаалын дагуу гарааш эзэмшигч надад төлбөр төлөхгүй шалтгаан, нөхцөл үндэслэлгүй байна. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь нотлох баримтыг үндэслэн гарсан хуульд нийцсэн байсан.

        Дүүргээс 2015, 2017 онуудад “нөхөн олговор олгоно, өгнө” гэж удаа дараа мэдэгдэж байснаа гэнэт 2018 онд татгалзсан хариу өгснийг зөвшөөрөхгүй, шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоолгүйгээр захиргааны байгууллагын илт хууль бус тушаалыг зөвтгөн шийдвэрлэсэн нь шударга ёсонд үл нийцсэн шийдвэр гарсан.

        Шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэн зөв гарсан гэхэд эргэлзээтэй байна.

        Төрийн байгууллагаас нэхэмжлэгчид нөхөн олговор олгох тушаал гарснаас хойш 5 жилийн дараа нөхөн олговор олгох боломжгүй гэж тушаал гарсаар байхад иргэнийг хохироосон үндэслэлгүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, илт хууль бус үйлдэл, үйл ажиллагааг дэмжиж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Д.У-ээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалын иргэн Д.Уранчимэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, энэхүү илт хууль бус актын улмаас учирсан хохирол 5.299.182 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 /бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах/-т заасан бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хөрөнгө зарцуулахыг зөвшөөрөх тухай” 192 дугаар тогтоолоор тус дүүргийн 7, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт цэцэрлэг барих газар дээр байгаа автомашины гараашийн эзэмшигч нартай тохиролцон газрыг чөлөөлүүлж, дүүргийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэг барих газар чөлөөлөхтэй холбогдож олгох нөхөн төлбөрт зарцуулагдах хөрөнгийг гаргахыг тус дүүргийн Засаг даргад зөвшөөрчээ.  

        Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 192 дугаар тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/163 дугаар тушаалаар тус дүүргийн 7, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт цэцэрлэг барих газар дээр байгаа автомашины гараашийн эзэмшигч нартай тохиролцон газрыг чөлөөлүүлж, дүүргийн тусгай хэрэгцээнд авч, улмаар нэр бүхий 33 иргэн тус бүрд гараашийн нөхөн төлбөр 5,299,182 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дотор 7 дугаар хороонд байрлах 18 м.кв талбай бүхий автомашины гарааш эзэмшигч нэхэмжлэгч Д.Уранчимэг багтжээ.

        Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга “иргэн Д.У-ийн эзэмшиж байгаа автомашины гарааш нь “Нийслэлийн Засаг даргын тогтоож өгсөн байршилд ороогүй, зөвшөөрөлгүй баригдсан” үндэслэлээр 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалаар тус дүүргийн 7 дугаар хороонд барих цэцэрлэгийн газрын чөлөөлөхтэй холбогдуулан нэр бүхий 11 иргэдийн нэрсийн жагсаалтаас Д.У /”Д.Уц” гэж бичсэн/-ийг хасаж өөрчилсөн бөгөөд тухайн бичвэрийн алдаа гарсантай нэхэмжлэгчээс маргаагүй.

        Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмшиж байгаа иргэнд газрыг эргүүлж өгсний нөхөн олговор авах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч Д.У-ийн тухайд эрх бүхий албан тушаалтны зохих шийдвэрийн дагуу өөрийн эзэмшлийн автомашины гарааш оршин байгаа газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-д заасны дагуу эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

        Өөрөөр хэлбэл, дүүргийн тусгай хэрэгцээнд авч газрыг чөлөөлөхтэй холбогдуулан нөхөн төлбөр олгох нэрсийн жагсаалтыг баталсан Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/163 тушаалд нэр нь тусгагдсан нь түүнийг газрын хууль ёсоор эзэмшигч гэх үндэслэл болохгүй бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

        Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжаар “Ноён хангай” ХХК-д Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 58 дугаар байрны урьд талд автомашины гараашийн зориулалтаар эзэмшүүлсэн 0.013 га газарт нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гараашийн газар хамаарахгүй талаар анхан шатны шүүх холбогдох баримтууд, тухайлбал, 2005-2007, 2011-2018 оны агаарын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зургуудыг харьцуулан тухайн байршилд нэхэмжлэгчийн ашиглаж байсан гэх автомашины гараашийн талбай хамаарахгүй байгаа талаар зөв дүгнэжээ.

        Нөгөө талаас нэхэмжлэгч гараашийн газрыг эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөр төлж байгаагүй талаарх түүний өөрийнх нь тайлбар, “Д.У Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд автомашины гарааш эзэмшдэг бүртгэлд бүртгэлгүй, уг зориулалтаар газрын төлбөр төлсөн бүртгэлгүй”-г тодорхойлсон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13/2194, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/7036 дугаар албан бичгүүд зэрэг нь дээрх нөхцөл байдлыг давхар нотолж байна.

        Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө/-д заасны дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн хууль, тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөрийг төлөх үүрэгтэй тул энэ талаарх “эрх бүхий этгээдээс аливаа татвар болон газрын төлбөр төлөхийг шаардаж байгаагүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжүүдийг агуулах ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны акт эдгээр шинжүүдийг агуулаагүй байна.

        Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчийг Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийг дагуу томилсныг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаагүйг анхааруулах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.У-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН

                                ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР