Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 141

 

    Д.Бө-д холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Энхжаргал, иргэний хариуцагч П.Т, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31ий өдрийн 14 дүгээр магадлалтай, Д.Бөд холбогдох 1823000110165 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

Д.Б нь Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эхнэр П.Тыг шатрын багшаар томилж түүнд давуу байдал бий болгон нийт 67.705.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 3 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бөөс 67.705.040 төгрөгийг гаргуулж хохирогч Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори Чандмань -Эрдэнэ сургуульд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 1.600.000 төгрөгийг шүүгдэгч Н.Баянмөнхөөс гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... П.Т нь тус сургуульд 2002 оноос эхлээд шатрын багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр н.Баярсайхан захирлын тушаалаар шатрын багшийг албажуулсан байдаг. Харин 2013 онд Д.Б нь тус сургуулийн захирал болоод тухайн үед нарийн бичгийн ажлыг П.Т хавсарган гүйцэтгэж байсан болохыг болиулаад зөвхөн шатрын багшаар нь үлдээсэн асуудал байдаг. Цаг хугацааны байдлаас харахад ерөнхийдөө хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд анхаарал хандуулж гомдлоо гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх үр дагавар арилаагүй, удааширсан үйлдэл гэх мэт хуульд байхгүй дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэсэн. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан бөгөөд тус зүйл, хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах” хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэхээр тайлбарласан. Гэтэл хоёр шатны шүүх уг тайлбарыг хэрэглэлгүйгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Д.Бийг орон тоо бий болгох эрхгүй этгээд гэж хоёр шатны шүүх үзсэн. Гэвч Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайд нарын хамтран гаргасан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалын хавсралтаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцон олгох журмын 2-т “тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно” гэж заасан. 64.256.794 төгрөгийг бол хөдөлмөрийн хөлс гэж үзэхээр байгаа. 2013 онд тушаалд өөрчлөлт оруулаагүй ч гэсэн 2010 оны н.Баярсайхан захирлын тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж байсан бол хөдөлмөрийн хөлсөө аваад явах боломжтой байсан гэдэг нь харагддаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэд хэдэн шүүгдэгч байгаа мэт дурдсан нь Д.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан. 2013 онд уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл яригдах ба зорчих эрхийг хязгаарлах ял байгаагүй гэдгийг анхаарах ёстой байсан болов уу. Эдгээр үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэв.

 

 Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... П.Амгаланбаатар өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хоёр шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг дээр өмгөөлөгч П.Амгаланбаатартай санал нэг байна. П.Т нь Д.Б захирлын тушаалаар томилогдохоос өмнө тухайн сургуульд шатрын багш, бичиг хэргээр ажиллаж байсан. Боловсролын сайдын хэрэгжүүлсэн ажлын хүрээнд шатрын багш зайлшгүй байх шаардлагатай гэдэг үүднээс ажилласан бөгөөд шавь нар нь олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан. 64.256.794 төгрөг нь хөдөлмөрийн хөлс болохоос биш гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш. П.Тын багшлах зэрэг нь хэрэгт авагдсан ба багшаар ажиллах бүрэн боломжтой гэдгийг харгалзах үзэх ёстой. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...: шүүгдэгч Д.Б нь Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эхнэр П.Тыг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар “шатрын багш”-аар ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт “эхнэр, нөхөр”-ийг ойлгохоор хуульчилсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 12.1 дүгээр зүйлд “Захиргааны шийдвэр” гэдэгт захиргааны акт; захиргааны гэрээг ойлгохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж буюу захиргааны акт гарган П.Тыг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гарган “шатрын багш”-аар ажилд томилж, нийт 64.250.790 төгрөгийн цалин урамшуулал олгосон нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэргийн эхэлсэн ба дууссан хугацааг 2013 оны 09 сард П.Тыг шатрын багшаар ажилд томилсноор эхэлж, дууссан хугацааг 2019 оны 11 сард улсын байцаагчийн албан шаардлагаар тус ажлаас чөлөөлсөн хугацаагаар тооцно. Учир нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрөөс цалин хөлс, урамшууллыг авч байгаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хууль зүйн үр дагавар 2019 оны 11 сар хүртэл арилаагүй гэж дүгнэхээр  байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Серикболд холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн практик тогтсон байгаа. Иймд 2 шатны шүүхийн дүгнэлт, хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Энхжаргал нарын нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хяналаа. 

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б нь Завхан аймгийн Ерөнхий боловсролын “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байхдаа 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаал гаргаж өөрийн эхнэр болох, багшлах эрхгүй П.Тыг архивын эрхлэгчийн ажлаас чөлөөлж, шатрын багшаар томилон ажиллуулж нийт 64.256.790 төгрөгийн цалин олгосон, мөн хөдөө орон нутагт 5 жил тогтвор суурьшилтай ажилласан багшид олгох ёстой тэтгэмж 3.448.250 төгрөгийг хууль бусаар олгож 67.705.040 төгрөгийн хохирол учруулж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. 

 

Тухайлбал, гэрч У.Алтанцоож “... Д.Б нь 2013 онд сургуулийн захирлаар томилогдож, 2014 онд бага ангийн 15 багшийн үндсэн цагаас хичээлийн 1 цагийг авч өөрийн эхнэр П.Тын шатрын хичээлийн цагт оруулж 2018 он хүртэл үргэлжилсэн. Тэгээд 2018 оны сүүлээр захирал солигдож Одгэрэл захирал томилогдож ирэхэд бага ангийн багш нар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл бичин өгч өөрсдийн хичээлийн цагийг буцааж авч байсан гэж, гэрч С.Ганчимэгийн... улсын хэмжээнд эрх бүхий байгууллагаас буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Сангийн сайдын хамтарсан “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн орон тооны жишиг норматив”-ийн тушаалд тусгагдаагүй, үндсэн орон тоонд хамаардаггүй, шатрын багшийн ажлыг үндсэн багш нь хавсарч гйүцэтгэж хийдэг юм байна лээ. Хөдөө орон нутагт олгодог 5 жилийн тэтгэмжийн мөнгийг Завхан аймгийн 1 дүгээр сургуулийн багш П.Т нь өөр ижил нэртэй Түмэнжаргал гэх багшийн мөнгийг авах гээд байна. П.Түмжаргал нь жинхэнэ багш биш байж мөнгө авах гэлээ гэсэн агуулгатай өргөдөл ирсэнгэсэн мэдүүлгүүд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотоод аудитын ажлын тайлан зэрэг бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, үнэлэмжийг сулруулдаг нийгмийн хор аюул ихтэй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг хийгээгүй эс үйлдэхүй байдаг билээ.    

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4 “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2“хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор заасан бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчлан тодорхойлсон болно.

 

Д.Бийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тушаал гаргаж багшлах эрхгүй эхнэрээ шатрын багш гэх орон тоонд шинээр томилон ажиллуулсан, хөдөө орон нутагт тасралтгүй 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан багшид олгох ёстой тэтгэмжийг уг болзолыг хангаагүй эхнэртээ олгосон явдал нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг санаатай хийж гүйцэтгэсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Д.Б нь эхнэр П.Тыг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шатрын багшаар томилсон үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар хуульчлан тогтоосон ба Д.Б нь уг хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 08 дугаар 14-ний өдөр эхнэр П.Тдаа Боловсролын тухай хуулийн 43.1.4-д заасан аймаг, сум, хорооны ерөнхий боловсролын сургуульд үндсэн багшаар тогтвор суурьшилтай /тасралтгүй/ 5 жилийн хугацаанд ажилласан багшид олгогдох ёстой мөнгөн тэтгэмжийг хугацаанаас нь өмнө олгосноор хөөн хэлэлцэх хугацаа нь тасарсан байх бөгөөд энэ нь 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тул “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу бичлэгт “шийтгэх тогтоолын 2 дахь заалтын 3 жилийн хугацаагаар гэснийг 2 жил гэж, 3 дахь заалтын 3 жил хугацаагаар гэснийг 2 жил гэж тус тус өөрчилж” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж буй өөрчлөлтөө хэт ерөнхий ойлгомжгүй байдлаар уншиж танилцуулсан байх тул энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан гомдлын энэ хэсгийг хангасан өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

 

Харин “... шүүгдэгч нь шинээр орон тоо бий болгоогүй, хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт оруулсан, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31ий өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                             С.БАТДЭЛГЭР

 

                                        ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                  Б.БАТЦЭРЭН

 

                                          Б.ЦОГТ

 

                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН