| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 186/2017/0056/Э |
| Дугаар | 271 |
| Огноо | 2017-04-25 |
| Зүйл хэсэг | 098.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 271
Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Мөнгөнсүх,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэлийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 195 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт холбогдох 2016 2502 2446 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Бэсүд овгийн Ганбаярын Ганбат, 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Улсын Драмын Эрдмийн театрт студийн жүжигчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ хотхон”-ны 6 дугаар байрны 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ95101831/,
2. Дондов овгийн Цогтсайханы Жаргалсайхан, 1992 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Улсын Драмын Эрдмийн театрт студийн жүжигчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 6 дугаар байрны 2-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙВ92062312/,
Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр capын 15-ны орой Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод хохирогч Б.Атарболдтой хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Хохирогч Б.Атарболдын гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13500 акт дүгнэлт нь /1-х хх 86/ ямар эмнэлэгийн баримтад тулгуурлан, үндэслэж гарсан болох нь эргэлзээтэй байна. Учир нь хавтас хэрэгт хохирогчийн тухайн үед авсан гэмтлийг тодорхойлох рентген зураг, Сити /СТ/ зэрэг нь хавтас хэрэгт авагдаагүй, эмчлүүлсэн эмнэлэгийн өвчний талаарх тодорхойлолтыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогчийн талаас шүүхэд гаргаж өгсөн болно. Тиймээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, хохирогчийн уг гэмт хэргийн улмаас авсан гэмтлүүд нь ямар хүчний, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн ямар зэрэгт хамрагдах эсэхийг буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийх шаардлагатай гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Атарболдын биед учирсан гэмтлүүдийг хэн хэн учруулсан болохыг буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байна.
Мөн хохирогч Б.Атарболдын шүүхэд гаргасан гэм хорын хохирлын баримтуудыг уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлүүдтэй хамааралтай хэсгийг нь ялгаж, нарийвчлан тогтоох нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд шинжээч томилж болохыг анхаарах нь зүйтэй.
Иймд Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...
1. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч А.Амгаланболд оролцож “... дүгнэлт гаргахдаа хохирогчийг нүдээр үзэж, компьютер томографикийн зураг, “Мөнгөн гүүр” эмнэлгийн өвчний түүх зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Дээрх гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр учрах боломжтой ...” гэж хууль сануулж мэдүүлэг өгсөн. Мөн хавтаст хэрэгт хохирогчийн өвчний түүх дээрх хохирогчийн гэмтлийн талаар маш тодорхой бичсэн байтал анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг юуг үндэслэж үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх заалтыг зөрчсөн.
Хэрэв анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлд заасан үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай гэж үзсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж гаргаж бүрэлдэхүүнтэй шинжээч томилох бүрэн боломжтой байсан ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байсан.
2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Атарболдын биед Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нар нь бүлэглэн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Атарболд мэдүүлэхдээ “... Г.Ганбат хажуунаас зүүн талаас гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохиход шанаа эвгүй болоод би доошоо тонгойгоод харахад Ц.Жаргалсайхан “одоо 2 уулаа үзэх үү” гээд намайг барьж аваад хавсарч хоёр талдаа унагаагаад, гараараа хоолой боож, баруун, зүүн шанаа руу цохисон. Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нар хацрын нум яс хугалсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 29-32/,
Гэрч Ж.Оюундарийн “... Ц.Жаргалсайхан О.Итгэл, Г.Ганбат, Төгсбилэгт нар зогсож байхаар нь “би та нарыг хүргэж өгье” гээд явах гэсэн чинь “яахын багшаа, бид нар өөрсдөө явчихна аа, ямар жаахан хүүхэд биш” гэж хэлээд явцгаасан. Тэгээд унтаж байтал Р.Мөнхцэцэг залгаад нөгөө хүүхэд чинь эрүүгээ цохиулчихаад ороод ирсэн гэж хэлэхээр нь Байгал бид хоёр Р.Мөнхцэцэгийн өрөө рүү яваад ороход Б.Атарболдын хувцас хунар урагдчихсан, хацар нь жаахан цус болчихсон, амнаас нь шүлс гоожсон байдалтай сууж байхаар нь “яасан, юу болсон, хэнд ингэж зодуулсан” гэхэд “харин тийм ээ, тэд нар намайг цохисон” гэхээр нь “тэгвэл эмнэлэг явъя” гэсэн чинь явахгүй гэсэн. Эхний удаа цохиулсан байдалтай орж ирэхдээ зүгээр яриад Золжаргал цохисон гэж хэлж байсан. Дараагийн удаа цохиулчихаад орж ирэхдээ шүдээ зууж яриад, амнаас нь шүлс гоожчихсон, амны хэсэгт нь цус болсон байдалтай харагдсан. Б.Атарболдыг өглөө нь эмнэлэгт үзүүлчихээд буудалдаа ирэхэд Б.Атарболдын студи ангийнхан нь Ц.Жаргалсайхан, Төгсбилэгт, Г.Ганбат, О.Илтгэл нар нийлсэн байхаар нь “хэн цохисон юм бэ, цохисон хүн нь эмийг нь авч өг” гэсэн чинь ангийн дарга Ц.Жаргалсайхан нь “би цохисон юм” гэж хэлэхээр нь эмийн бичгийг нь өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх 35-40/,
Гэрч Н.Байгалмаагийн “... ямар ч байсан Б.Атарболд хоёр удаа цохиулчихсан гээд манай буудалд ирсэн. Ж.Оюундарь бид хоёр өрөөндөө амарч байхад шөнө дундын үед Мөнхцэцэг манай өрөөний утсаар “нөгөө Атарболд чинь дахиад хүрээд ирлээ” гээд бид хоёрыг дуудсан. Тэгээд Ж.Оюундарь бид хоёр хувцсаа өмсөөд Р.Мөнхцэцэгийн өрөө лүү яваад орсон чинь Б.Атарболд ярьж чадахгүй, шүдээ зуусан байдалтай яриад “миний эрүү хугарчихлаа” гэж хэлээд амнаас нь шүлс гоожчихсон байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 41-43/,
Гэрч Р.Мөнхцэцэгийн “... буудлын гадаа манай студи ангийн залуучууд болох Ц.Жаргалсайхан, О.Илтгэл, Г.Ганбат, Төгсбилэгт нар зогсож байхаар нь одоо явж амарцгаа гэж хэлээд явуулсан. Тэгээд би өрөө лүүгээ орж амарсан. Шөнө дундын үед хаалга нэлээн удаан цохисон. Тэгээд очоод онгойлгосон чинь Б.Атарболд миний эрүүг цохичихлоо гээд зогсож байхаар нь би өрөөний утсаар Ж.Оюундарьд “Б.Атарболд эрүүндээ цохиулчихлаа гээд ирлээ” гэж хэлээд дуудсан. Тэгээд Ж.Оюундарь орж ирээд яасан, юу болсон гэж асуухад юу ч ярьж чадахгүй, ам нь зуулттай, шүлс нь гоожсон байдалтай байхаар нь орон дээр хэвтүүлээд би Ж.Оюундарь багшийн өрөөнд орж унтсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 44-46/,
Гэрч О.Итгэлийн “... Б.Атарболд босч ирээд Г.Ганбат руу “ална шүү” гэж хэлээд дайрахад Г.Ганбат арагшаа ухартал, Ц.Жаргалсайхан Б.Атарболд дээр очоод тэр хоёр ноцолдоод Б.Атарболдыг Ц.Жаргалсайхан заамдчихсан байж байгаад хоёр тийшээ угзарч унагасан. Тэгтэл Б.Атарболд орилоод “та нар яаж байгаа юм бэ, миний эрүү сонин болчихлоо шүү дээ” гэж хэлээд орилоод газар суугаа байдалтай байж байгаад дээшээ харж хэвтчихээд орилж, ... Г.Ганбат гүйж очоод Б.Атарболдыг хоёр гараараа түлхсэн. Би Г.Ганбатын ард байсан болохоор Б.Атарболдын хаана түлхсэн нь харагдаагүй. ... Б.Атарболдыг дуугуй байлгах гээд Ц.Жаргалсайхан хоёр гараараа заамдаж аваад эхлээд хажуу тийш нь нэг унагаагаад босгоогүй, нөгөө тийш нь унагаагаад Ц.Жаргалсайхан “би чамайг яана шүү, яах гээд байгаа юм” гэж хэлээд хэрэлдээд удалгүй Б.Атарболд “миний эрүү эвгүй болчихлоо байж бай” гэж хэлээд тэр даруй болихоор нь Төгсбилэгт очоод Б.Атарболдын эрүүг хараад “нээрээ эвгүй болчихож” гэж хэлсэн чинь Б.Атарболд босохгүй орилоод байхаар нь яасан гэхэд “миний эрүү сонин болчихлоо, урьд нь мултарч байсан” гэж хэлсэн байсан. Тэгээд дахиж зодоон болоогүй ...” гэх мэдүүлэг /1-р хх 49-54/,
Хохирогч Б.Атарболдын өвчний түүх /1-р хх 76-83/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 13500 тоот дүгнэлт “... Б.Атарболдын биед зүүн хацар ясны нумны хугарал, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /1-р хх 86/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг юугаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй юм.
3. Хохирогч Б.Атарболд нь өөрт учирсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй ба анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хэрэв анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг дээрх гэмт хэрэгтэй хамааралтай эсэхэд эргэлзээ төрсөн бол нотлох баримтын шаардлагаас хасч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж шийдвэрлэх боломжтой байсан.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчин прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2., 80.1.5. дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалт үндэслэлтэй байна.
Харин шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад дурдсан хохирогч Б.Атарболдын гаргасан хохирлын баримтуудыг уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлүүдтэй хамааралтай хэсгийг нь ялгаж, нарийвчлан тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, гэм хорын хохирлын нотлох баримтуудын аль хэсэг нь ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлага хангаж байгааг үнэлж, дүгнэх, бусад хэсгийг хэрхэх талаар шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжид энэ талаар дурдсан хэсгийг хүчингүй болгож, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн 3 дахь заалтыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2 дахь хэсэгт дурдсан үндэслэлээр Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 195 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийн 3 дахь заалтыг хүлээн авч, 1, 2 дахь заалтыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол Г.Ганбат, Ц.Жаргалсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ