| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2022/01267/И |
| Дугаар | 210/МА2024/02117 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02117
2024 12 06 210/МА2024/02117
О.Ж ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/05028 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч О.Ж ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Г, А.Т нарт холбогдох,
Автомашины үнэ 26,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагч А.Т /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг зээлэн авч, 41-90УБА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Triton маркийн автомашиныг худалдан авсан. Зээлийн төлбөрт cap бүр 610,000 төгрөг төлдөг. Уг автомашины өмчлөгчөөр Төрийн банк бүртгэлтэй байдаг. А.Т нь 2019 оны 04 дүгээр сард надаас миний машиныг гуйж авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй болно. 2019 оны 08 дугаар сард Т.Г гэж хүн утсаар залгаж энэ тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгийн барьцаанд авсан гэж, 2020 оны 02 дугаар сард чиний машин надад байна, 14,000,000 төгрөг өгөөд машинаа авбал ав, хэрвээ мөнгөө өгөхгүй бол машиныг чинь задалж зарлаа гэсэн. Тэр үед л А.Т, Т.Г нар миний автомашиныг дундаа ашиглаад яваад байгааг мэдсэн юм.
Замын цагдаагийн газраар машиныг дугаараар нь шүүлгэхэд хөдөлгөөнд оролцсон мэдээлэл байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн Т.Г надад хэлж байснаараа задлаад зарсан байх боломжтой.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр иргэн Т.Г уг 41-90 УБА улсын дугаартай Mitsubishi Triton маркийн автомашиныг авсан болох нь нотлогдож байгаа тул түүнээс автомашины үнэ 26,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч А.Т-ын тайлбар, татгалзлын агуулга: ...О.Б нь автомашин худалдаж байсан иргэний дансанд урьдчилгаа 5,000,000 төгрөг шилжүүлэн Төрийн банкаар дамжуулан өөрийн төрсөн ах О.Ж ы нэр дээр Mitsubishi Triton маркийн авто машин лизингээр авахуулсан. Уг автомашиныг О.Б нь эзэмшиж байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг мөн төлж байсан. О.Б уг машиныг зарахаар болж, зар тавьсны дагуу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т.Г худалдсан. Т.Г нь 10,000,000 төгрөгийг төлж, харин банкны зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд миний бие 2019 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед Т.Гийн оффисын байрны хашаанд машинаа байрлуулахад Т.Г нь урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны 460021854 тоот дансанд шилжүүлсэн. гэжээ.
3. Хариуцагч Т.Гийн тайлбар, татгалзлын агуулга: ...2018 онд А.Т гэх хүн надаас 10,000,000 төгрөг зээлсэн. Гэтэл О.Ж гэх хүн надаас автомашин нэхээд байгааг ойлгохгүй байна. Миний зүгээс А.Т гэх хүнд мөнгө зээлүүлэхдээ н.Н гэх хүний данснаас хийсэн. н.Н нь миний гэр бүлийн хүн байсан. Дараа нь н.түүнтэй хөрөнгийн асуудал үүсээд бид хоорондоо маргаантай байгаа, тиймээс итгэмжлэл авч чадаагүй учраас А.Ттай маргаан үүсгэж чадаагүй. Би, ямар ч машин хүлээн аваагүй. Хэрвээ тухайн автомашиныг би барьцаанд авсан байсан бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, автомашин хүлээн авсан акт үйлдэх байсан. Гэтэл нөгөө автомашин нь Төрийн банкны өмч байсан гэж байна. Банкны нэр дээр байгаа машиныг худалдаж авах боломжгүй. А.Т өмнө нь надаас хоёр ч удаа зээл аваад буцаан өгч байсан. Мөнгө нэмж авахаараа таны мөнгийг буцаан өгнө гээд 1 цагийн хугацаатай 10,000,000 төгрөг барьцаагүй зээлж авсан. Би, итгэж 10,000,000 төгрөг зээлээд одоо н.Нын дансаар шилжүүлснээсээ болоод А.Тас нэхэж чадахгүй байгаа. Миний зүгээс нэхэмжлэгчийн автомашиныг авсан, барьцаалсан, зарсан зүйл байхгүй. Мөнгөө нэхээд А.Т руу залгахад таны мөнгийг манай эхнэр авсан гээд эхнэрийнхээ ах болох О.Ж ы дугаарыг өгсөн. Би, О.Ж руу Охин овогт Б гэх танай дүү миний 10,000,000 төгрөгийг авсан байна, дүү чинь хаана байна вэ гэж асуун нэг удаа л залгаж байсан. Би, уг машиныг аваагүй тул машины үнэ гаргуулахаар нэхэмжилжсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасан үндэслэлгүй тул автомашины үнэ 26,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Гөд холбогдох О.Ж ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О.Ж нь А.Тд холбогдох хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагч Т.Гийн эзэмшилд Mitsubishi Triton маркийн 4190УБА улсын дугаартай автомашин байгаа нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан гэрч Т.Б, хариуцагч А.Т нарын мэдүүлэг, тайлбар, гар утасны ярианы бичлэг зэрэг баримтаар хариуцагч Т.Г-ийн эзэшилд байгаа болох нь тогтоогдож байна. Хариуцагч автомашин надад байгаа эсхүл байхгүй гэх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргадаггүй, холбогдох баримтыг гаргаж өгдөггүй, нэхэмжлэх эрхгүй этгээд гэж маргасан бөгөөд сүүлдээ тайлбараа өөрчилж, автомашиныг аваагүй, үзээгүй гэх болсон. Хариуцагч Т.Г нь хувиараа хүүтэй мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа байнга явуулдаг бөгөөд А.Т-с автомашиныг хүлээн авч, мөнгө зээлдүүлсэн тухайд ч анхандаа маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх, түүнийгээ мэтгэлцэх замаар нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх автомашиныг хариуцагчийн эзэмшилд байгааг нэхэмжлэгч тал нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар автомашиныг эрэн сурвалжлах, хайх, хариуцагчийн эзэмшлийн хөрөнгөд нэгжлэг хийх замаар олж тогтоох боломжгүй, нэхэмжлэгч миний бие ч дээрх ажиллагааг хийх боломжгүй. Т.Г, А.Т нарын бусдын өмчлөлийн автомашиныг худалдсан, барьцаалсан гэх хууль зөрчсөн үйлдлээс нэхэмжлэгч О.Ж би л хохирсон бөгөөд хариуцагч нь 26,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хууль бусаар эзэмшилдээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн болно.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Г нь А.Тд автомашиныг барьцаалан 10,000,000 төгрөгийн зээл өгсөн, А.Т буцаан төлж байсан нь тогтоогдож байхад энэ баримтуудыг өөр нотлох баримтаар бус хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шалгуурыг хангахгүй байна.
Анхан шатны шүүх хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн байх боловч бусдын эзэмшлийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр барьцаалан зээл өгч, эзэмшилдээ олон жилийн турш байлгаж байгаа этгээдээс би нэхэмжилсэн, харин зээлдүүлсэн мөнгөө хариуцагч Т.Г нь А.Тас нэхэмжлэх эрхтэй юм. Миний бие Төрийн банкны зээлээр тухайн автомашин худалдан авсан ч хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас эзэмшиж ашиглаж, орлого олж, зээлээ төлж чадаагүйгээс Төрийн банк нэхэмжлэл гарган тус шүүхээр шийдвэрлүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах ч боломжгүй болгосон. Иймд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Т.Гийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч А.Тд автомашин шилжүүлсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. А.Тас Т.Гөд автомашиныг 10,000,000 төгрөгөөр зарсан, эсвэл зээлсэн гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд автомашинаа А.Тд өгсөн тайлбар гаргадаг. Гэтэл хариуцагч А.Т нь автомашиныг өгсөн гэх мэдүүлгээр хариуцагч Т.Гөөс автомашиныг нэхэмжилдэг. Өмнө нь давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нотлогдохгүй байгаа нөхцөл байдал байгаа учраас хэргийг шийдэх боломжгүй гэж үзсэн. Хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойш хариуцагч А.Гантөгс автомашиныг эзэмшиж байгаа талаар шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А.Тас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс автомашин биш төлбөр шаарддаг. Т.Г автомашин авсан эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад ямар үндэслэлээр төлбөрөө шаардаж байгаа нь тодорхойгүй. Тухайн автомашиныг зарсан гээд байгаа юм уу, эсвэл задалж зарсан гэж байгаа юм уу. Ямар байдлаар хохирол учруулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Иймд, шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.Т-ын тайлбарын агуулга: Би нэхэмжлэгч О.Ж ы дүү болох О.Б, Т.Г нарт залилуулсан. Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар татах нь өөрийнх нь асуудал байдаг. Энэ бүх хэргийн хувьд О.Б, Т.Г нарын үйлдэл нь залилангийн хэрэг гэж үзэж байгаа учраас эрүүгийн хэргээр шийдвэрлэх боломжтой. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч А.Т, Т.Г нарт холбогдуулан 41-90 УБА улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины үнэ 26,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч А.Тд холбогдох хэсгээс татгалзсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний автомашиныг А.Т нь түр хэрэглэхээр гуйж авч яваад буцааж өгөөгүй ба одоо хариуцагч Т.Гийн эзэмшилд байгаа болох нь А.Т-ын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, биет байдлын хувьд бүрэн байгаа эсэх нь эргэлзээтэй тул уг автомашины үнэ болох 26,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
5. Хариуцагч Т.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч А.Тд 10,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч ямар нэг эд хөрөнгө буюу автомашин барьцаалаагүй, мөн худалдан авсан үйлдэл ч хийгээгүй, уг автомашиныг би огт аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.
6. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч О.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ж.Алтайтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, 41-90УБА улсын дугаартай автомашиныг худалдан авчээ. Тухайн автомашиныг худалдан авах зорилгоор нэхэмжлэгч О.Ж нь мөн өдөр Төрийн банктай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 26,000,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээг тус тус байгуулсан байна. /1-р хх-ийн 117-121, 150-р тал/
Түүнчлэн нэхэмжлэгч О.Ж нь 2019 онд өөрийн худалдан авсан дээрх Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, 41-90УБА улсын дугаартай автомашинаа Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу А.Тд шилжүүлжээ. А.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар гаргасан тайлбартаа автомашиныг хариуцагч Т.Гөд худалдсан гэжээ. /1-р хх-ийн 1, 39-р тал/
7. Зохигчийн тайлбараас үзэхэд, маргаан бүхий автомашин хариуцагч Т.Гөд хэрхэн шилжсэн, талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн талаар зөрүүтэй тайлбар гаргасан ба одоо уг автомашин хэний эзэмшил, ашиглалтад байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Т.Гөд холбогдуулсан автомашны үнийг шаардсан ба зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй ч нэхэмжлэгч нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааны дагуу шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Мөн хуулийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарахаар зохицуулжээ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, эд хөрөнгө олсон, хадгалсан явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцлүүд бүрдсэн байх шаардлагатай.
Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч О.Ж ы хөрөнгө буюу автомашиныг олж авсан, хадгалсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь 26,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хууль бусаар эзэмшилдээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч Т.Г нь А.Тд 10,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч автомашиныг барьцаалаагүй буюу нэхэмжлэлийн зүйл түүний эзэмшилд байгаагүй, мөн одоо байхгүй болох талаар тайлбарлаж, татгалзсан ба энэ тохиолдолд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд хамаарах урьдчилсан нөхцөл буюу автомашин бодитоор хариуцагчийн хууль бус эзэмшилд байсан болох, улмаар захиран зарцуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор цуглуулсан баримт болох М.Наас А.Тд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга, А.Т-ын гар утсанд хадгалагдаж буй дуу бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Т.Бын мэдүүлэг зэрэг баримтаар тухайн автомашин нь А.Т-с хариуцагч Т.Гийн эзэмшилд шилжсэн гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдохгүй байна. /1-р хх-ийн 113, 204, 206/
Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/05028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ