Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрдалай,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 154 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1 тоот дээд шатны прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201626012174 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Энэбишийн Мөнх-Эрдэнэ, 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 13 дугаар гудамжны 10 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар магадлалаар 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. /РД:ЧА76051515/;

Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 3 дугаар гудамжинд хамтран модны наймаа хийдэг Д.Ганхуягтай мод зарсан мөнгөний асуудлаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр толгой руу нь гараараа цохих, дарж унаган зодож, Д.Ганхуягийн биед тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн дээд үүдэн шүдний хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, цээж, баруун, зүүн мөр, баруун дал, баруун бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 80.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн” эсэхэд бодит эргэлзээ бий болгож байна.Тухайлбал, хохирогч Д.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд “2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Мөнх-Эрдэнэ “мөнгөө ав” гээд над руу залгасан. Гэрт нь очиход Баярмаа, Чулуунцэцэг, Э.Мөнх-эрдэнэ гурав байсан. Мөнх-Эрдэнэ нилээн согтуу байсан. Мөнх-Эрдэнэ надад архи хийж өгсөн, тухайн архийг уухад ус шиг байсан би дахиж тэр архинаас уугаагүй. Тэгээд гараад 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи авч, Хангай захаас нэгэн залуу дуудсан. Түүний машиныг шинэ засмалын гудамжинд зогсоож, дотор уг архиа ууж дуусгасан. Гэтэл Мөнх-Эрдэнэ миний нүүр ам руу нулимаад, миний гар утсыг эвдсэн. Тэр үед бид хоёрын хажууд Б.Номинчимэг, Чимэддорж, Бэхболд, Төгсөө машины эзэн Батхүү нар байсан. Эдгээр хүмүүсийг би танихгүй. Тэднийг Мөнх-Эрдэнэ л дуудсан. Тэгэхээр нь би “ чи яагаад байгаа юм бэ зүгээр байгаач” гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ араас ирээд хоёулаа архи ууя гэж хэлсэн. Бид хоёр дэлгүүр ороод би жижиг архи уухгүй том шилтэй архи ав гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ “мөнгө өг” гээд байхаар нь “би чамд мөнгө өгсөн, чи авсан биз дээ, одоо чи миний мөнгийг өг” гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ намайг зодоод байсан би боль гээд хоёр гарыг нь бариад авсан. Намайг зодоод байхаар нь би доошоо суусан чинь миний дээрээс цохиод байсан. Тэгээд цагдаа ирсэн. Босох гэж байхад миний дээрээс Мөнх-Эрдэнэ дэвссэн. Бид хоёр цуг цагдаагийн хэлтэст очсон. Мөнх-Эрдэнэ надад зодуулсан гэж өргөдөл өгсөн байсан. Би өөрөө зодуулсан гэж хэлсэн. Бид хоёр цуг эрүүлжүүлэх байр луу орсон. Эрүүлжүүлэх байрны эмч чи зодуулсан байна, чамайг авахгүй гэж хэлсэн. Цагдаа нар чамайг хорино гэж хэлээд эрүүлжүүлэх байранд хонуулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээд 6, 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Энэ хэргийн гэрч нар бүгд Мөнх-Эрдэнийн найз нар бөгөөд тэд худал мэдүүлцгээсэн байна. Би тэдний хэнийг нь ч сайн танихгүй. Мөн тэр өдөр би дуудаагүй. Бүгдээрээ Мөнх-Эрдэнийн дуудсанаар ирсэн гэж хэлсэн. Гэтэл, гэрч Б.Номинчимэг: “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ганхуяг над руу утсаар яриад Хангай захын арын засмал замын орчим хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиж байхдаа Мөнх-Эрдэнэтэй 32 дугаар байрны арын гүүрэн дээр таараад Ганхуяг руу цуг явсан. Ганхуягтай уулзах болсон шалтгаан нь урьд Ганхуяг надаар 31 загварын машин авхуулчихаад мөнгийг нь өгөхгүй байсан учир би мөнгөө нэхэх санаатай очсон. Тэгээд очтол Ганхуяг согтуу архи барьчихсан, манай жолооч Бэхболдын эхнэртэй хэрэлдээд эхнэрийг нь уйлуулчихсан байж байсан. Тэгэхээр нь би Ганхуягт чи чинь хүрээд ир гэж хүн дуудчихаад ирэхээр согтуу байж байх юм гэтэл над руу агсамнаад хэл амаар доромжлоод байхаар нь би чамайг эрүүл болсон хойно чинь ярина гэж хэлээд цагдаад дуудлага өгчихсөн. Намайг дуудлага өгсөн чинь Ганхуяг яваад өгсөн бөгөөд удалгүй миний гар утас руу цагдаа залгахаар нь би Хангай захын ард байгаа байх гэж хэлсэн. Тэгээд Ганхуягийг хайгаад араас нь явтал нэг гудамжинд орилоод байж байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэд “наад хүнийг чинь цагдаа нар байлгаж бай гэсэн” гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар дэлгүүрийн гудамжинд хамт байсан бөгөөд тэр хоёр бас архи уусан юм шиг байна лээ. Гэхдээ би тэрийг нь хараагүй, цагдаа нар ирэхэд Ганхуяг өөрийнхөө хувцсыг урчихсан байсан. Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар миний нүдний өмнө зодолдсон асуудал байхгүй. Мөн Мөнх-Эрдэнэ гар утас эвдэлсэн асуудал байхгүй...” гэж /хх-ийн 34-35/, гэрч Т.Чимэддорж: “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би Ганхуяг руу залгасан чинь Хангай захын ард байна, хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход Ганхуяг, Мөнх-Эрдэнэ, жолооч Бэхболд, түүний эхнэр Төгсөө нар байсан бөгөөд Ганхуяг согтуу, Мөнх-Эрдэнээс архи үнэртэж байсан. Бэхболд, Төгсөө нар архи уугаагүй байсан. Ганхуяг Төгсөөг хэл амаар доромжлоод Төгсөө уйлчихсан байсан. Би мөнгөө нэхсэн чинь надад өгөх мөнгө байхгүй байна, би боломжоороо ажил хийсэн, чи Мөнх-Эрдэнээс мөнгөө аваарай гэхээр нь Ганхуягт чи юу яриад байгаа юм бэ, би чамд машин авч өгч явуулсан биз дээ, тэр машины мөнгийг өгмөөр байна гэхэд, Мөнх-Эрдэнэ мэдэж байгаа, тэр хүнээс мөнгөө ав гээд байсан. Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар хэрэлдэж байснаа Ганхуяг би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Манай эхнэр Номинчимэг Ганхуягийг цагдаад өгье гээд дуудлага өгсөн. Цагдаа наад хүнээ байлгаж байгаарай одоо очлоо гэсэн. Тэгээд Ганхуягийг хайгаад араас нь явсан чинь олдохгүй байсан. Мөнх-Эрдэнийн эхнэр Баярмаа руу утсаар залгасан чинь Ганхуяг манайд орж ирчихээд надтай хэрүүл хийгээд байна гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнийн гэрт очсон чинь Ганхуяг гудамжинд зогсож байсан. Мөнх-Эрдэнийг чи наадхаа байлгаж бай гэж хэлээд машинаас буулгасан. Би Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нарыг зодолдож байхыг хараагүй...” /хх-ийн 84/, гэрч Д.Батхүү: “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед би ажил дээрээ байж байтал Мөнх-Эрдэнэ нэгэн танихгүй хүн дагуулаад ирсэн. Тэгээд “машин дотор чинь нэг архи ууя” гэхээр нь би тэр хоёрыг машинд суулгаад Хангай захаас гараад зүүн тал руу явж гудамжинд зогссон юм. Тэгээд тэр хоёр архиа ууж байтал Мөнх-Эрдэнэ Бек гэж залууг утсаар дуудсан ба Бек нь мод ачигч (грүшиг) гэсэн. Бек удалгүй нэгэн эмэгтэйн хамт ирсэн. Тэр эмэгтэй нь Мөнх-Эрдэнэтэй хамт явсан хүнээс цалин “мөнгөө авмаар байна” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу тэр эмэгтэйг “чи Бекийн эхнэр юм уу наад Бек чинь эхнэртэй хүн шүү дээ, юугаа хийж яваа юм бэ” гэж хэлээд байсан. Тэгээд маргалдаад нөгөө эмэгтэй уйлаад байх шиг байсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ бас Номин гэх эмэгтэйг дуудаад, Номин нь нөхөртэйгөө бидэн дээр машинтай ирсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэтэй явсан залуугаас бас мөнгө нэхээд, хэрэлдээд байсан ба Мөнх-Эрдэнэ нөгөө залуугаа дагуулаад миний машинаас буухаар нь би “одоо ажил руугаа явлаа шүү гэж хэлээд яваад өгсөн. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр архи ууж байхдаа мөнгө төгрөгийн асуудлаас болоод маргалдаад байсан ба намайг байхад Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар хоорондоо зодолдсон асуудал байхгүй...” /хх-ийн 80/, гэрч Ц.Мөнхболд: /дуудлагаар очсон эргүүлийн офицер/ “Намайг очиход Мөнх-Эрдэнэ, Ганхуяг нар салсан байсан, дэд ахлагч Мөнхбаяр бид хоёрыг очсоны дараа ямар нэгэн зодоон нүдээн болсон асуудал байхгүй. Биед нь үзлэг хийхэд Э.Мөнх-Эрдэнийн биед ил харагдах шарх сорви байхгүй байсан бөгөөд Д.Ганхуягийн хүзүүнд улайлт үүссэн байсан. Д.Ганхуягийн халааснаас нэг ширхэг “I phone” загварын гар утаснаас өөр эд зүйг гарч ирээгүй” /хх-ийн 74/, гэрч Э.Мөнхбаяр: /дуудлагаар очсон цагдаа жолооч/ “Бид хоёрыг очиход Ганхуяг, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо хэрэлдээд зогсож байсан, очсоноос хойш хэрүүл, зодоон хийсэн асуудал байхгүй. Э.Мөнх-Эрдэнийн биед ил харагдах шарх, сорви байгаагүй, Ганхуягийн мөр, цээж хэсгээр улайсан, цамц нь урагдсан байсан. Ганхуягийн биеэс нэг ширхэг I phone rap утас гарч ирснийг тэмдэглэл хөтлөн эрүүлжүүлэх байрны эмчид өгсөн. Анх дуудлаганд очиход Ганхуяг нь миний гар утсыг Мөнх-Эрдэнэ эвдэлчихлээ гэж хэлсэн бөгөөд Мөнх-Эрдэнэ нь наадах чинь өөрөө гар утсаа шидчихсэн юм гэхээр нь тэр ойр орчмоор нь гар утас хайгаад олдоогүй” /хх-ийн 76/, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ “Би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ганхуяг намайг гүтгэж байна. Би тэр өдөр хэний ч гар утсыг эвдлээгүй. Тухайн үед Ганхуяг нэлээн cогтуу байсан, над руу дайраад миний нүүр лүү гараараа түлхээд зодоод байхаар нь би дарж аваад газар хэвтүүлчихсэн юм. Би цагдаа нарыг иртэл босоогүй бөгөөд Ганхуягт гар хүрээгүй, мөн утсыг нь эвдэлж хэмхэлсэн асуудал байхгүй” /хх-ийн 105-106/ гэж тус бүр мэдүүлцгээжээ. Хохирогч Д.Ганхуяг болон дээрх гэрч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй буюу мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхгүй этгээдүүд бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйл болох худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сануулсан атал тэдний мэдүүлэг өөр хоорондоо ноцтой зөрүү бүхий, бүгд үнэн зөв байх боломжгүйг онцгой анхаарах учиртай. Тодруулбал, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хуульд зааснаар гагцхүү үнэнийг мэдүүлэх үүрэгтэй буюу эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан танилцсан хүмүүсийн мэдүүлэг ийнхүү ноцтой зөрж байгааг шалгах, хэн нь үнэн, хэн нь худал мэдүүлж буйг нотлох, цаашилбал худал мэдүүлсэн этгээдийн сэдэлт, санаа зорилгыг тогтоох зэргээр хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт “Гаргасан мэдүүлэгт нь ноцтой зөрөө байвал сэжигтэн, яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нүүрэлдүүлж байцаах эрхтэй” гэж хуульчилсан ажиллагаа нь:

            Нэгдүгээрт: Үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй хүмүүсийн мэдүүлэг дэх ноцтой зөрүүг шалгах, хэнийх нь үнэн, хэнийх нь худал болохыг тодруулах ажиллагаа.

            Хоёрдугаар: Зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэгжүүлэх тусгай журам бүхий эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа.

            Гэрч, хохирогч нарын мэдүүлэг үзээгүй, хараагүй, сонсоогүй, мэдэхгүй зүйлийн хүрээнд зөрүү үүссэн үед шүүх тэдгээр нотлох баримтыг үнэлэхдээ ялгах, зааглах боломжтой. Харин үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй хүмүүс нэг зүйлийг хоёр өөрөөр буюу зодуулсан, зодоогүй гэх нэг цаг хугацаанд нэгэн зэрэг үнэн зөв байх бололцоогүй мэдүүлгүүдийг ялгаж үнэлэх боломжгүй. Түүнчлэн, аль нэгэн худал мэдүүлгийн цаана Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг байгааг анхаарах нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн мэдүүлэг, олон гэрч нарын мэдүүлэгтэй зөрж байгааг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар буюу түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн өмгөөлөл явуулсныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: гэрч Г.Сүхбаатарын /дуудлагаар очсон хэв журмын офицер/: “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуудлагаар очиход хоёр хүн нэг нь газар хэвтчихсэн, нэг нь дараад суучихсан байж байсан бөгөөд тэр хоёр хүний хажууд дуудлага өгсөн эмэгтэй мөн тухайн хашааны эзэн гэх эрэгтэй хоёр хүн зогсож байсан ба намайг очиж салгахад доор нь хэвтэж байсан залуу нь нилээн зодуулсан байдалтай байсан бөгөөд хоорондоо мөнгө төгрөг өгсөн, өгөөгүй гээд хэрэлдээд байсан. Намайг очиж салгаснаас хойш тэр хоёр хоорондоо зодолдоогүй. Ганхуяг нь нэлээн зодуулсан байдалтай байсан...” /хх-ийн 78/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11675 дугаартай: “Ганхуягийн биед тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, цээж баруун, зүүн мөр, баруун тал, баруун бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, Шинжээч эмч М.Отгонбаатарын: “Миний гаргасан дүгнэлтэд дурдсан дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Биед учирсан гэмтлүүд шинж байдлаараа шинэ гэмтлийг илэрхийлж байгаа юм. Дээрх гэмтлүүд гар болон эд зүйлээр цохиход үүсэх боломжтой. Харин нэг удаагийн уналтаар үүсэх боломжгүй. Шүдний хугарал, эмтрэл хоёр хоорондоо ялгаатай.” /хх-ийн 144-145/ гэх мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн түр саатуулах /эрүүлжүүлэх/ байранд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 12/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэрэг нотлох баримтаар хохирогч Д.Ганхуягийн биед тухайн цаг хугацаанд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдсон байх тул өмгөөлөгчийн санал бодит байдал, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоор үгүйсгэгдэнэ.  Иймд анхан шатны шүүх дээр дурдсан ноцтой зөрөө бүхий нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх бололцоогүй байх тул “гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг хуульд заасан бүх арга хэрэгслээр шалгуулж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоолгохоор хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад бүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үүнд:

1. Хэргийн холбогдогч Э.Мөнх-Эрдэнийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Ганхуягтай мод зарсан мөнгөний асуудлаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болохыг шүүгч захирамждаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн мэдүүлэг, олон гэрч нарын мэдүүлэгтэй зөрж байгааг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар буюу түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж өмгөөлөл явуулсныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн гэрч Г.Сүхбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11675 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Отгонбаатарын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн түр саатуулах /эрүүлжүүлэх/ байранд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авахуулсан гэх гэрэл зураг, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудыг тодорхой дурдсан атлаа хэрэг гарах цаг хугацаанд хохирогчтой хамт байсан гэх захирамжид дурдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа асуудлыг дахин шалгуулахаар дурдаж хэргийг нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаанд буцаасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд болсон хэрэг үйл баримтын талаар 2 өөр агуулга бүхий дүгнэлт хийж нэг хэсэгт тухайн цаг хугацаанд хэрэг гарсан мэт дүгнээд нөгөө хэсэгт нь нотолгооны хувьд эргэлзээтэй гэж дүгнэж байгааг хүлээн авах боломжгүй байна.

2. Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдсон байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр шүүгчийн захирамжинд дурдсан байдал нь үгүйсгэгдэж байх тул Э.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрдалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжинд дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Д.Ганхуяг нь Э.Мөнх-Эрдэнэтэй эхний шил архиа уухад хажууд нь гэрч нар байсан боловч дараагийн архиа уухад болон Д.Ганхуягийг зодох үед хажууд нь гэрч байгаагүйг анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж буруу дүгнэсэн. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 154 дүгээр захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн  хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрч,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч байцаан шийтгэх ажиллагаа дахин явуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдсон байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн  тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

            Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1 тоот дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 154 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Э.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ