Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 429

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны “5” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК, 

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, 

Нэхэмжлэлийн шаардлага: “НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу “Сүхбаатар дүүргийн * дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил”, “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК-иудын төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “НХААГ/16/0158 дугаартай гэрээг зөвшөөрөөгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрөхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1 дэх заалтаар НХААГ/16/0158 дугаартай тендер шалгаруулалтыг дахин зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“А” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зарласан НХААГ/16/0158 дугаартай “Сүхбаатар дүүргийн * дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил" -ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тендерийн материалыг бүрдүүлэн оролцсон. ”А” ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2/47 тоот гэрээ байгуулах мэдэгдэл, Үнэлгээний хорооны зөвлөмж, гэрээ байгуулах эрхийг НХОГ-н дарга Ц.А-т олгосон зөвлөмжийг хүлээн авсан. Энэхүү мэдэгдлийн дагуу НХААГ/16/0158 дугаартай гэрээг захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.А болон холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулан байгуулсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр гэрээг баталгаажуулж өгөөгүй удаашруулсаар өнөөдрийг хүрлээ. 

Энэхүү НХААГ716/0158 дугаартай гэрээг захиалагч талтай байгуулсны дагуу худалдан авалтуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гэрээг батлаагүйн улмаас НХААГ/16/0158 дугаартай гэрээг бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалж дахин тендер зарлах болсон тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дам мэдлээ. 

“А” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тус шалгаруулалтад оролцож шалгарч гэрээг захиалагчтай байгуулсаар байтал ийнхүү гэрээг цуцалж байгаа нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байна. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс НХААГ/16/0158 дугаартай гэрээг ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр батлаагүй эс үйлдэхүйгээс шалтгаалан “А” ХХК нь гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгож, цаашлаад нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлыг удаашруулаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс НХААГ/16/0158 дугаартай гэрээг ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр батлаагүй хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан Нийслэлийн Засаг даргаас НХААГ/16/0158 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер шалгаруулалт зарлахаар болсон нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, манай компанийн эрх ашгийг ноцтой хөндөж, их хэмжээний алдагдалд оруулах нөхцөл үүсгээд байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:  “НХААГ/16/0157 дугаартай гэрээг зөвшөөрөөгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрөхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 2 дахь заалтаар НХААГ/16/0157 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 “Б” ХХК нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зарласан НХААГ/16/0157 дугаартай “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тендерийн материалыг бүрдүүлэн оролцсон. “Б” ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2/90 тоот гэрээ байгуулах мэдэгдэл, Үнэлгээний хорооны зөвлөмж, гэрээ байгуулах эрхийг НХОГ-ын дарга Ц.А-т олгосон зөвлөмжийг хүлээн авсан. 

Энэхүү мэдэгдлийн дагуу НХААГ/16/0157 дугаартай гэрээг захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.А болон холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулан байгуулсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр гэрээг баталгаажуулж өгөөгүй удаашруулсаар өнөөдрийг хүрлээ.

 Энэхүү НХААГ/16/0157 дугаартай гэрээний захиалагч талтай гэрээ байгуулсны дагуу худалдан авалтуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гэрээг батлаагүйн улмаас НХААГ/16/0157 дугаартай гэрээг бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалж дахин тендер зарлах болсон тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дам мэдлээ. 

“Б” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тус шалгаруулалтад оролцож шалгарч гэрээг захиалагчтай байгуулсаар байтал ийнхүү гэрээг цуцалж байгаа нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байна. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс НХААГ/16/0157 дугаартай гэрээг ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр батлаагүй эс үйлдэхүйгээс шалтгаалан “Б” ХХК нь гэрээг хэвийн үргэлжпүүлэх боломжгүй болгож, цаашлаад нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлыг удаашруулаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс НХААГ/16/0157 дугаартай гэрээг ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр батлаагүй хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан Нийслэлийн Засаг даргаас НХААГ/16/0157 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер шалгаруулалтыг дахин зарлахаар болсон нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, манай компанийн эрх ашгийг ноцтой хөндөж, их хэмжээний алдагдалд оруулах нөхцөл үүсгээд байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж хэлсэн тайлбартаа: “Хариуцагч нарын зүгээс энэхүү гэрээг батлаагүй үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 тоот захирамжаар тайлбарлаад байдаг. Гэтэл А/616 тоот захирамжид 2016 онд төсөл хөтөлбөр нь батлагдсан боловч гүйцэтгэл нь удаашралтай байгаа санхүүжилтийг хойшлуулах”-аар шийдвэрлэсэн болохоос гэрээг цуцлахыг даалгасан зүйл байхгүй. Мөн Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гэдэг нь өөр асуудал. Нэхэмжлэгч нар барилгын ажил эхлүүлээгүй. Эхлүүлээгүй болох нь нотлох баримт болон хариуцагч нарын тайлбараар нотлогддог. Худалдан авалт гэдэг нь өөр ойлголт. Гүйцэтгэгч Тендерийн тухай хуульд заасны дагуу шалгаруулалтанд оролцоод захиалагчтай гэрээ байгуулсан юм чинь худалдан авалт хийх нь зөв. Учир нь байгуулсан гэрээнд хийх ажлын хугацааг графикаар заасан байгаа. Түүнээс биш барилгын ажлыг эхэлж, газар ухсан зүйл байхгүй. Барилгын ажил эхлээгүй учраас хариуцагчийн ярьж байгаа дүрмийг зөрчөөгүй.

Бид нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах төслийг ямар ч тохиолдолд дэмждэг. Хуулийн этгээд гэхээрээ заавал ашгийн төлөө байдаг гэж битгий хараасай. Төрийн байгууллага зөв өнцгөөс нь хараасай. Энэ төслийг хурдан хийж дуусгаад бүтээн байгуулсан зүйлээ хараад сууж байх сайхан. Үүнд төрийн байгууллага битгий хаалт тавиач. Бид нар нэгэнт шалгарсан. Шалгарахад нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаа байхгүй. Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрууд бүгд Нийслэлийн Засаг даргын шууд мэдэлд байдаг атал бие биелүүгээ асуудлыг чихээд, өнөөдрийн шүүх хуралдаан дээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан, санхүүжилт байхгүй гэж тайлбар хийж байгаад нь харамсаж байна...” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/233 дугаар захирамж нь өмнө нь гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй учраас нэхэмжлэгч нарын өмнө нь оролцсон Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй гэж үзэж байгаа. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан. Энэ хугацаа өнгөрвөл тендер нь хүчингүй болж байгаа юм. Хүчингүй болсон гэдэг шалтгаанаар манай тал нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй.

Мөн тухайн үед тендер зарласан боловч энэ ажлыг санхүүжүүлэх мөнгө нь байгаагүй. Мөнгө нь байгаагүй болохоор гэрээ байгуулах боломжгүй. Энэ нь явсаар байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн тодотголоор орж байж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэсэн багц ажлын хүрээнд  задаргаа нь хийгдэх ёстой. Гэтэл энэ задаргаа нь хийгдээгүй байсан учраас манайх гэрээ байгуулаагүй. Сүүлд нь төсвийн задаргаа хийгдэж, бүх ажлын санхүүжилт нь хувиарлагдсан учраас А/233 дугаар захирамжийг гарган тендер зарласан. Иймд Санхүү, төрийн сангийн хэлтэс нь хуульд заасан үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан. Санхүү, төрийн сангийн хэлтэс нь хууль зөрчин гэрээ байгуулж болохгүй гэдгийг хуульд заасан байгаа. Нэхэмжлэгч нараас бараа худалдан авалт хийгээд их хэмжээний алдагдалд орсон гэсэн баримт ирүүлсэн байсан. Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 3.2-т Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг хориглоно гэж заасан. Түүнчлэн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтанд дурдсанаар ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулаагүй байхад “А” ХХК, “Б” ХХК-иуд худалдан авалтууд хийсэн буюу их хэмжээний алдагдалд орох нөхцөл байдал үүссэн гэж үзсэн нь дээрх тогтоолыг зөрчиж, дур мэдэн худалдан авалт хийсэн байна. Гурван талт гэрээ зурагдсан тохиолдолд худалдан авалт хийх боломжтой байсан. Гэрээ зурагдаагүй байхад худалдан авалт хийсэн нь нэхэмжлэгч нар холбогдох хууль, дүрмийг зөрчсөн гэж үзэж байна.

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тендер нээх ба улирлын чанартай газар шорооны ажил хийгдэх тул шахуу хувиартай байгааг шүүх харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/371 дүгээр захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”- 826,6 сая төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны * дугаар хорооллын УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил"-519,4 сая төгрөгийн төсөл, арга хэмжээнүүдийг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг тус тус даалгасан.

 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/50 дугаар тушаалаар томилсон Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах тухай зөвлөмжүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 05, болон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус гарган Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт албан бичгээр хүргүүлсэн байна.

 Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр НХААГ-16/0158 дугаартай 478,094,141 төгрөгийн үнийн дүнтэй /2016 онд 51,944,006 төгрөг, үлдэгдэл санхүүжилтийг тухайн онуудад батлагдсан хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн/ ажлын гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “А” ХХК-иар гүйцэтгүүлэхээр, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр НХААГ-16/0157 дугаартай 544,089,182 төгрөгийн үнийн дүнтэй /2016 онд 82,660,591 төгрөг, үлдэгдэл санхүүжилтийг тухайн онуудад батлагдсан хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн/ ажлын гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Б” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тус тус байгуулан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/180 дугаартай албан бичгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст баталгаажуулахаар ирүүлсэн.

Иймд тус хэлтсийн зүгээс дээрх 2 гэрээг хүлээн зөвшөөрөөгүй талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 

1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалтай уялдуулан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар сонгон шалгаруулалт зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зогсоох тухай үүрэг болгосныг үндэслэн 2016 оны эцэст гэрээ байгуулагдаагүй байсан ажлуудыг санхүүжилтийн эх үүсвэргүй гэж тооцон хөрөнгийг он дамжин батлуулаагүй байсан тул хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар 06/539 дугаартай албан бичгийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хувийг нийслэлийн Худалдан  авах ажиллагааны газарт тус тус хүргүүлсэн. 

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай” 6/11 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 7-д “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажил” -11,413.1 сая төгрөг батлагдсан ба үүнээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжаар 14 төсөл, арга хэмжээний 9,339.2 сая төгрөгийн задаргааг баталсан. Иймд тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж зохион байгуулах шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах эрх үүсэхгүй гэж үзэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 3.2-т заасан Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг хориглоно, түүнчлэн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтад дурдсанаар ажил гүйцэтгэх гэрээ баталгаажуулаагүй байхад “А” ХХК болон “Б” ХХК-иуд нь худалдан авалтуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн буюу их хэмжээний алдагдалд орох нөхцөл байдал үүссэн, компанийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн, нийслэлийн бүтээн байгуулалтын ажил удааширсан гэсэн байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь холбогдох гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулаагүй нь дээрх компаниудын нэхэмжлэлд дурдсан хариуцлагыг хүлээх үндэслэл үүсэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төсвийн тухай хуульд зааснаар тухайн жилийн төсөв тухайн жилдээ хүчинтэй гэдгийг анхаарч үзнэ үү. Манай байгууллага хөрөнгө байхгүй ажил дээр гэрээ байгуулах боломжгүй. Гэрээг 3 тал гарын үсэг зурснаар баталгаажна. Хөрөнгийн эх үүсвэргүй гэрээг манай байгууллага баталгаажуулах буюу зөвшөөрөх боломжгүй...” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд нэмж хэлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч тал А/616 дугаар захирамжтай холбоотой тайлбар гаргаж байна. А/616 дугаар захирамж нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтыг зарлахгүй гэрээ байгуулахгүй. Гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох гэж заасан байгаа. Энэ тендер нь 2016 оны 12 дугаар сард зарлагдсан. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр гэрээ байгуулахаар манай хэлтэст ирсэн байдаг. Төсвийн тухай хуульд зааснаар тухайн жилийн төсөв нь тухайн жилдээ буюу 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй гэж заасан байгаа. Тухайн жилийн төсөв дууссаны дараа буюу 2017 онд гэрээ байгуулах тухай хүсэлт ирсэн байгаа. Тэгэхээр мөнгө байхгүй ажил дээр гэрээ байгуулагдах ёсгүй. Хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй, бид нарт мэдэгдээгүй гэж албан бичиг дээр байгаа. Манай байгууллагын зүгээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар захиалагч байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 06/539 дугаартай гэрээ буцаах тухай бичгээр холбогдох шалтгаануудыг хүргүүлсэн байгаа. Тэгэхээр ямар нэгэн тайлбаргүй, шалтгаангүйгээр гэрээг буцаасан гэсэн үг биш. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулагдаагүй, тендер зарлагдаагүй нийт 7 ажлын 2.9 тэрбум төгрөгийг төсөвт нь үлдээсэн. Энэ жагсаалтыг нотлох баримт болгож, хүргүүлсэн байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2017 оны төсөвт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулахад 11.3 тэрбум төгрөгийг баталсан. 2017 онд ямар ажилд хэдэн төгрөг зарцуулах талаар задаргаа нь гараагүй байсан. Задаргаа нь хэзээ гарсан бэ гэхээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргаад байгаа 2 ажлын задаргаа гарсан учраас үүнээс хойш хөрөнгө батлагдсан гэж үзэж байгаа...” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК болон “Б” ХХК-иуд нь “НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгах, нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу “Сүхбаатар дүүргийн * дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил”, “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, орон сууцны * дугаар хорооллын 8 ширхэг УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил"-ыг 519.440.065 төгрөгөөр,  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/371 дүгээр захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ыг 826.605.908 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, санхүүжилтыг нийслэлийн 2016 оны төсвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгажээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, орон сууцны * дугаар хорооллын 8 ширхэг УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил"-ын гүйцэтгэгчийг, 2 дугаар хавсралтаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулж, “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хорооллын 8 ширхэг УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил"-ын гүйцэтгэгчээр шалгарсан “А” ХХК-тай 478.094.141 төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг 2017 оны 1 дүгээр сарын  05-ны өдөр, “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчээр шалгарсан “Б” ХХК-тай 544.089.182 төгрөгөөр гэрээ байгуулах  зөвлөмжийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус өгчээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 2/47 тоотоор “А” ХХК-д 478.094.141 төгрөгөөр гэрээ байгуулах мэдэгдлийг, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2/90 тоотоор “Б” ХХК-д 544.089.182 төгрөгөөр гэрээ байгуулах мэдэгдлийг тус тус хүргүүлж, банкны гүйцэтгэлийн баталгаа гаргуулж, улмаар захиалагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, орон сууцны * дугаар хорооллын 8 ширхэг УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил"-ыг 478.094.141 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “А” ХХК-иар гүйцэтгүүлэхээр НХААГ-16/0158/ дугаартай гэрээг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ыг 544.089.182 төгрөгөөр  2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Б” ХХК-иар гүйцэтгүүлэхээр НХААГ-16/0157/ дугаартай гэрээг тус тус байгуулсан ч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс дээрх гэрээнүүдийг зөвшөөрч баталгаажуулаагүй байна. 

Захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс зөвшөөрч баталгаажуулаагүйгээс захиалагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1/180 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст гэрээг баталгаажуулах талаар хандсан байдаг. Үүний хариуд 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 06/539 дүгээр албан бичгээр “санхүүжилтийн эх үүсвэргүй” гэх үндэслэлээр буцаасан байна.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтаар “Сүхбаатар дүүргийн * дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил”, “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарлажээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нар гэрээг зөвшөөрөөгүй, дахин тендер зарласан үндэслэлээ “санхүүжилтийн эх үүсвэргүй, тендерийн хүчинтэй хугацаа дууссан” гэж тайлбарласан бөгөөд үндэслэл тус бүрээр дүгнэх нь зүйтэй.

1. Санхүүжилтийн эх үүсвэргүй гэх үндэслэлийн тухайд: 

Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 15, 2016 оны 3 дугаар хурлаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/404, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/371 дүгээр захирамжаар “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, орон сууцны * дугаар хорооллын 8 ширхэг УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил"-ыг 519.440.065 төгрөгөөр,  “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ыг 826.605.908 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, санхүүжилтыг нийслэлийн 2016 оны төсвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна. 

Энэ шийдвэрийн дагуу эрх бүхий байгууллагаас буюу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын шийдвэрээр байгуулагдсан Үнэлгээний хороод тендер шалгаруулалтыг хуульд заасан журмаар зохион байгуулж, нэхэмжлэгч компаниуд холбогдох шалгуурыг ханган тендерт шалгарч гэрээ байгуулах эрх авсан байна. 

Нийслэлийн төсвийн орлогын тасалдалттай уялдуулан нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх сонгон шалгаруулалт зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй, худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотгол батлагдах хүртэл хугацаанд зогсоохоор зохион байгуулалтын арга хэмжээ авсан байдаг.  Гэтэл нийслэлийн 2016 оны төсвийн тодотголоос буюу энэ шийдвэрийн хамаарах хугацаанаас хойш нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6/11 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэлийн 2017 оны төсөвт дээрх төсөл арга хэмжээ санхүүжигдэхээр тусгагдсаны дараа 2017 оны 1 дүгээр сарын 9, 18-ны өдөр тендерт шалгарч гэрээ байгуулах эрх авч, 2017 оны 1 дүгээр сарын 23, 26-ны өдөр байгуулсан гэрээний хувьд дээрх 2016 оны А/616 дугаар захирамжаар санхүүжилтыг зогсоосон хэмээн тайлбарлаж, гэрээг зөвшөөрөөгүй нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл нийслэлийн 2017 оны төсөвт гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажилд тухайн ондоо 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн, 2017 онд тендерт шалгарч гэрээ байгуулсан байхад зөвхөн 2016 онд тендер зарласан шийдвэр гарсан, тухайн ондоо санхүүжилтийн эх үүсвэргүй байсан, тухайн жилийн төсөв тухайн жилдээ хүчинтэй гэх үндэслэлээр төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээс татгалзаж, гэрээг зөвшөөрөөгүй нь үндэслэлгүй байна. 

Ийнхүү санхүүжилтийн эх үүсвэргүй хэмээн гэрээг зөвшөөрөөгүй атлаа дахин тендер шалгаруулахаар зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй байна.

Улирлын чанартай хийгдэх газар шорооны ажил, тодруулбал дулааны улиралд багтаан хийгдэх шугам сүлжээний ажлыг тендерт шалгарсан нэхэмжлэгч компаниудаар гүйцэтгүүлэх нь цаг хугацааны хувьд ч, эдийн засгийн хувьд ч  үр ашигтай, хэмнэлттэй байх худалдан авах ажиллагааны зарчимд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үр шимийг хүртэх нийтийн ашиг сонирхолд илүү нийцнэ гэж шүүх үзлээ. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/404, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/371 дүгээр захирамжаар зарлагдсан ажил, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтаар тендер шалгаруулахаар дахин зарлагдсан ажлын нэр, тоо хэмжээ адил, А/404 дүгээр захирамжаар зарлагдсан “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, орон сууцны * дугаар хорооллын 8 ширхэг УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил” 519.440.065 төгрөгийн төсөвт өртөгтэй байснаас “А” ХХК 478,094,141 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан, А/371 дүгээр захирамжаар зарлагдсан “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил” 826.605.908 төгрөгийн төсөвт өртөгтэй байснаас “Б” ХХК 544.089.182 төгрөгөөр  хийж гүйцэтгэхээр шалгарсан, “А” ХХК гэрээний дагуу ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, “Б” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр хуваарьтай байжээ.

Гэрээг хүчингүйд тооцсон, цуцалсан аливаа шийдвэр гараагүй, хуульд заасан үндэслэл бүрдээгүйн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан гэх мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ үндэслэлээр маргаагүй болно.

Түүнчлэн гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын төсөвт өртөг, санхүүжилтыг хэрхэн тооцох нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахаар байхад “гэрээнд хэсэгчлэн санхүүжүүлэх дүнг буруу тавьсан” гэх хариуцагчийн тайлбар нь  гэрээг зөвшөөрөөгүй үндэслэл болохгүй.

Иймд гэрээг зөвшөөрөөгүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учрахаар байх тул НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгах үндэслэлтэй байна.

2. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлийн тухайд: 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд тендер шалгаруулалтыг багтаан зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд тендер хүчинтэй байх”-аар, 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах”-аар, 40 дүгээр зүйлийн 40.1-д “захиалагч, гүйцэтгэгчийн хооронд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах”-аар заасан ба тендерийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нээсэн, 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл тендер хүчинтэй байсан бөгөөд гэрээ байгуулах мэдэгдлийг “А” ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр, “Б” ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хүргүүлсэн, “А” ХХК 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, “Б” ХХК  2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр захиалагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулсан нь дээрх заалтуудад нийцсэн, тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар гэрээ байгуулах талууд болох захиалагч, гүйцэтгэгч нар тендерийн хүчинтэй хугацаанд гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул санхүүжилтийг хариуцсан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй нь тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэх, улмаар уг тендерийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5-д зааснаар захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч Сангийн яаманд хүсэлт гарган тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах боломжтой, өөрөөр хэлбэл тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтийг тендерт оролцогч гаргахаар зохицуулаагүй, захиалагчийн хүсэлтээр Сангийн яам хугацааг сунгахаар байхад тендерийн хүчинтэй хугацааг ийнхүү сунгуулах талаар хандаагүй атлаа тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэсэн захиалагч, ялангуяа гүйцэтгэгчээс үл хамаарах үндэслэлээр тендерийг хүчингүй гэж үзсэн нь үндэслэлгүй, худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй байна. 

Ийнхүү тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэхээргүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин тендер зарласан нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу “Сүхбаатар дүүргийн * дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил”, “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдуулан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ба нэхэмжлэгч “Б” ХХК нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар тодорхойлсон хэдий ч тус газрын шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан аливаа шаардлага гаргаагүй, маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2017 оны А/233 дугаар захирамжид “... төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан” нь түүнийг хариуцагчаар татан оролцуулах үндэслэл болохгүйн дээр нэхэмжлэгч нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар тодорхойлсноосоо татгалзсан тул шүүх нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс гэсэн хоёр хариуцагчид холбогдох шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг даалгаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу “Сүхбаатар дүүргийн * дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил”, “Сонгинохайрхан дүүргийн *, *, ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч тус бүрт 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөг олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Д.ХАЛИУНА