Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01401

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01052 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1551 дүгээр магадлалтай,

           “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “Т” ХХК-д холбогдох   

           10.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн төлөөлөгч О.У хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гарагсан нэхэмжлэл болон тайлбартаа: “Н” ХХК-ийн захирал Б.Б миний бие 2016-02-19-ний өдөр “Т” ХХК-ийн захирал О.У хурлын заалны тоног төхөөрөмж худалдан авахаар тохирч 9.5 сая төгрөгийг “Т” ХХК-ийн Хас банкин дахь төгрөгийн дансанд шилжүүлсэн. Гэвч О.У нь тохирсон хугацаа болох 2016-03-03-ны дотор тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүйгээс бидний хооронд үл ойлголцох байдал үүсч, цагдаагийн байгууллагад хандсан. 2016-04-14-ний өдөр Эрүүгийн хуулийн 148.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. 2016-08-23-ны өдрийн №1659 тоот Прокурорын тогтоолоор  Б.Баасанхүү, О.Ууганбаатар нар  хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр харилцан тохиролцож Б.Б нь О.У 9.5сая төгрөг өгсөн нь тогтоогдсон. Яллагдагч О.У тохиролцсон хугацаанд хөгжмийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авчирч өгөөгүй, БНХАУ-д хөгжмийг захиалж мөнгийг төлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 6 сар өнгөрч  хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Т” ХХК-иас 9.5сая төгрөгийг өмгөөлөгчийн хөлс 1сая төгрөгийн хамт нийт 10.5 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: 10.5 сая төгрөгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016-02-19-нд Б.Б Сүхбаатар дүүрэг, 11 хороо, Цагдаагийн гудамж, Болор төвд байрлах “Т” гэх манай компанийн байранд ирж надтай уулзаад мөнгөний боломж муу байна 9.5 сая төгрөгт багтаагаад тоног төхөөрөмжийг Хятад улсаас оруулж ирж, угсраад өгөөч гэж гуйсан. Ингээд Б.Б бид хоёр 6 төрөл, 20 ширхэг барааг нийлүүлэхээр тохирч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Захиалагч тал бараагаа захиалахдаа Герман брэндийн Beyerdynamic Японы Ямаха брэндийн тоног төхөөрөмжүүдийг Хятад улсад дуурайлган хийлгэхээр захиалга өгсөн. Ингээд 2016-03-03-нд бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлэхээр тохирсон. 2016-02-22-нд өөрийн компанийн менежер н.Эрдэнэбаярыг Хятадын Бээжин хот руу явуулж захиалгын дагуу тоног төхөөрөмжүүдийг хийлгээд 2016-03-14-ний өдөр оруулан ирж захиалагч Б.Б хугацаа хэтэрсэн талаар үнэн байдлаа хэлээд бараагаа аваарай гэхэд аваагүй, “... цагдаад өгсөн мөнгөө авна...” гэж хэлсэн. Үүнээс хойш би Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаад хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо Б.Баасанхүүгийн захиалсан бараа болох тоног төхөөрөмжүүд бүгд байгаа. Тухайн үед манай компанийн хэсэг ажилчид захилагч Б.Баасанхүүгийн Н ХХК-д очиж хэд хоногоор ажилласан ба дээрх хүмүүсийн ажлын хөлс болох төлбөрийг би өөрөөсөө төлж барагдуулсан. Мөн өмнө нь Б.Баасанхүү манай компанитай гэрээ байгуулан 7 сая төгрөгийн өртэй, заалны зориулалттай гэрэл оруулж ирээд угсарч өгөөч гэсэн захиалга өгсөн. Энэ дагуу манай компани уг ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгээд Б.Баасанхүүд хүлээлгэн өгсөн. Би нэхэмжлэлээс 7.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бээжин хот руу тоног төхөөрөмж захиалахаар явуулсан томилолтын зардал, мөн 3 ажилтны цалин, өмнөх ажлын дутуу хөлс 1 сая төгрөг зэргийг тооцоод 3 сая төгрөг суутгана. Үлдсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01052 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 9.500.000 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 166.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 05-ны өдрийн 1551 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч О.Ууганбаатар хяналтын гомдолдоо: Шүүх хэрэгт цугласан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.  “Т”ХХК-ийн захирал О.Ууганбаатар би “Н” ХХК захирал Б.Баасанхүүд 6 төрөл, 20 ш барааг нийлүүлэхээр харилцан тохирч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Захиалагч тал бараагаа захиалахдаа Герман брэндийн Веуеrdynamic Японы Ямаха брэндийн тоног төхөөрөмжүүдийг Хятад улсад дуурайлган хийлгэхээр захиалга өгсөн. Ингээд 2016-03-03-нд бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлэхээр тохирсон. 2016-02-22-нд өөрийн компанийн менежер Н.Эрдэнэбаярыг Хятад улсын Бээжин хотруу явуулж, захиалгыг дагуу төхөөрөмжүүдийг хийлгээд 2016-03-14-ний өдөр оруулан ирж захиалагч Б.Баасанхүүд хугацаа хэтэрсэн талаар үнэн байдлаа хэлээд бараагаа аваарай гэхэд авахгүй О.Ууганбаатар чамайг би цагдаад өгсөн мөнгөө авна гэж хэлсэн. н.Баасанхүүгийн захиалсан бараа болон тоног төхөөрөмжүүд бүгд байгаа. Тухайн үед манай компани хэсэг ажилчид захиалагч Б.Баасанхүүгийн “Н” ХХК-д очиж хэд хоногоор ажилласан ба дээрх хүмүүсийн ажлын хөлсийг би өөрөө төлж барагдуулсан. Хэрэв гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд бидэнд учирсан хохирлыг хариуцах ёстой. Урд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учир тухайн үед бараагаа хүлээж аваагүй эрсдэлийг манай компани хариуцах ёсгүй. Магадлалыг хүчингүй болгож, хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

       Хариуцагч Т ХХК-ийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан гэх гэрээнээс татгалзсан эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг  шаардсан нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. 

      Нэхэмжлэл тодорхойгүй байгаа тул магадлалын талаар дүгнэлт хийх, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

       2. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 1659 дүгээр тогтоол нь О.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг “...хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг нотолж байхад шүүх уг бичгийн баримтаар Т ХХК гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоогдсон гэж үзсэн нь буруу.  

       3. Т ХХК бэлэн тоног төхөөрөмж нийлүүлэх эсхүл тоног төхөөрөмж захиалан хийлгэх үүрэг хүлээсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэхдээ “...тоног төхөөрөмж захиалан хийлгэх үүрэг хүлээсэн... тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд  Хятад улсад хийлгэж амжихгүй байсан...энэ талаар мэдэгдсэн... ” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцээгүй байна. 

  Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01052 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1551 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т   заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 167.000 төгрөгийг Т ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                             

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

                              ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ