Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2974

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Санжийн Т /РД:АЯ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Лхагвасүрэнгийн Л.Э /РД:ХЖ..../-т холбогдох,

Гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            С.Т миний бие 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Солонгос улс руу явахаар Л.Эрдэнчимэг нь Солонгосын визэнд оруулж, явуулж өгнө гэж 3500 доллар надаас авсан. Л.Эрдэнчимэгт 3500 долларыг өгөхөд Д.Туяа гэх эмэгтэй байсан. Тэгээд виз гараад Солонгос явсан боловч Л.Эийн Солонгос улсад хүлээж авахаар тохиролцсон байсан хүн нь намайг ирж аваагүй учир хүлээлгийн өрөөнд 4 хоног хүлээгээд Монгол руу буцсан. Намайг хүлээн авах байсан хүн рүү нь ярихад манай үйлдвэр зогссон, монголоос хүн хүлээж авна гэж надад хэлээгүй гэсэн. Монголд ирээд Л.Этэй уулзахад хүлээж авах байсан хүн нь хүлээж авсангүй, мөнгийг чинь өгнө гэсэн. Надтай хамт 3 хүн явсан ба дараа нь 2 хүний мөнгийг өгсөн байсан. Л.Э нь мөнгө өгөлгүй өөрийн ажиллаж байсан оффисоо нүүлгээд утсаа солиод алга болсон. Үүнээс хойш 20 хоногын дараа надад 500,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Тэгээд сарын дараа Баянгол дүүргийн цагдаад Л.Эийг залилангийн хэргээр шалгуулахаар өргөдөл гаргасан. Үүний дагуу Л.Э цагдаагийн дээр байцаагдаж байгаад хэрэг нь прокурор луу шилжсэн. Тухайн үед залилангаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахад Л.Э жирэмсэн, том гэдэстэй надаас гуйгаад байхаар нь баталгаа гэх бичиг хийлгүүлээд өөрөө хүсэлт гаргаж, прокуророос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаад хэргийг хаасан. Тэгээд Л.Э тохирсон мөнгөө өгөхгүй байсан учир түүний хаягаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхийн мэдэгдэх хуудсанд хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Л.Эийн хаяг олдохгүй байсан учир Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд хүсэлт гаргаж, тус шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр Л.Эийг эрэн сурвалжлуулахаар шийдсэн. Үүний дараа Л.Эийг эрэн сурвалжилж, түүнийг гадаад улс руу зорчих гэж байхад хил дээрээс баривчилж ирж байсан ба Л.Э нь Төв аймгийн шүүх дээр ирээд надад мэдэгдэлгүйгээр шүүхээс явсан байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу дахин эрэн сурвалжилж, байгаад Л.Эийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол 410-39 тоотод оршин суух хаягтай гэдгийг мэдсэн. Иймд 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

   Санжын Туул гэх С.Тгийн төрсөн дүү нь нөхрийн хамт БНСУ-руу явахад минь туслаж өгөөч гэсэн хүсэлтийнх нь дагуу тусалсан юм. Удалгүй эгч нь гэж С.Т нь найз Д.Туяа гэдэг найзын хамтаар виз гаргуулж өгөх талаар надад хандсан. Би 2007 онд “Пламенго” төвийн 6 дугаар давхарт офисс түрээслэн солонгос хэлний сургалтын төв ажиллуулдаг байсан. Тухайн үед монголчууд маань солонгос явна гэж хүн болгон зүтгэдэг байсан энэ үед Болор, Гэрлээ гэдэг хүмүүстэй сургалтын төвөөрөө дамжин танилцан байсан учир С.Туулын эгчийг нь найзын хамт визэнд оруулж өгч туслаач гэсэн хүсэлт тавьсан хүсэлтийн нь дагуу Болор, Гэрэл нар нь БНСУ-руу явах визийг маш богино хугацаанд гаргаж өгөн визийг нь гарсаны дараа надаар дамжуулан мөнгөө авсан юм. Болор, Гэрлээ нар тэр үед өөрсдийнх нь дүү хэмээх хоёр эмэгтэйтэй цуг солонгос явуулж энэ хүмүүс нь солонгос улсын хил дээр буцаж ирсэн байдаг. Надад туслаач гэж хандсан хүсэлтийг нь биелүүлж өгсөн нь үнэн. БНСУ-ын хил гаалиар тэр үед орно гэдэг бас л хэцүү байсан учир солонгосын хилээр тосож аваад тосож авсан хойноо хөлс авдаг тийм хүмүүстэй холбож өгөн чадлаараа хүн сэтгэл гарган тэр үед нь тусалсан. Гэтэл хилээр орж чадалгүй буцаж ирсэнийхээ дараа дахин нөгөө хүмүүсдээ хэлээд виз гаргуулаад өгөөч би ямар ч хамаагүй аргаар явмаар байна гэж гуйсан энэ бүх болсон явдлыг нь найз гэх Д.Туяа нь сайн мэдэж байгаа. Ингээд Болортой С.Тг уулзуулж өгсөн би тэр үед жирэмсэн болсон байсан учир хооронд нь холбож өгөөд нэг хэсэгтэй холбоогүй болсон. Гэтэл төв аймгийн цагдаагийн газар дуудуулан намайг виз гаргаж өгнө гээд сонинд зар тавьсан байсан зарын дагуу ярихад Төв аймгийн Хаан банкны гадаа уулзан надад виз гаргаж өгнө гээд мөнгө аваад залилан зугтан алга болсон гэж худал өргөдөл өгсөн байсан. Тайлбар өгч болсон бүхэл байдлыг хэлсэн энэ мэтээр танил талдаа худал ярьж хэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Л.Эрдэнчимэгт холбогдуулан гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2007 онд хариуцагч Л.Эрдэнчимэгтэй холбогдон Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргуулах мөн тус улсын хилээр нэвтрүүлж өгөхөөр тохиролцсон гэж, хариуцагч татгалзалын үндэслэлээ “С.Тгийн гуйснаар Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгөхөөр тохиролцсон, хилээр гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь хэлцэл хийгч хоёр этгээдийн хүсэл зориг нэгдсэн байхыг шаардах ба хэлцэл хийх саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрөх саналууд нэгдсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Солонгос улсын хилээр нэвтрүүлж өгөх үүргийг хариуцагч хүлээсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчид үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү тайлбар гэрчийн мэдүүлэгээр няцаагдаж байна.

Харин нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих зорилгоор хариуцагч Л.Эрдэнчимэгтэй холбогдон виз гаргаж өгсөн тохиолдолд 3,500 ам доллар буюу хөлс төлсөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч С.Тг хэлцэл хийх хэн нэгэн этгээдтэй холбож өгөх үүргийг бус харин түүний нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.

 Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан.

Талуудын хооронд байгуулсан даалгаврын гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих визийг гарган өгч нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хөлс болох 3,500 ам долларыг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 4, 57-58 дугаар тал/

Гэрээгээр тохиролцсон хөлс болох 3,500 ам долларт Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих визийн хураамж, нислэгийн тийз зэрэг зардлууд багтсан байх бөгөөд энэхүү үйл баримтаар талаар маргаагүй.

Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д “даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан визийн хураамж, нислэгийн тийзийн төлбөр зэрэг зайлшгүй шаардагдах зардлыг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос улсруу зорчих виз хэдийгээр гарсан хэдий ч хилээр гараагүй улмаас эд хөрөнгөөрөө хохирсон гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

Хэрэгт авагдсан хариуцагч Л.Эийн гараар бичсэн “... 2300 долларын асуудлыг Болор, Гэрлээ нараас гаргуулж өгөөгүй цагт өөрөө энэ асуудлыг хариуцан дуусгавар болгоно” гэсэн баталгаа гэх бичгээр харицагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Л.Эээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Эрдэнчимэгээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ