Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 102/2020/00765/И |
Дугаар | 210/МА2024/02125 |
Огноо | 2024-12-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02125
2024 оны 12 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/02125
П.Б ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/04422 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Б ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Л ХХК, Д.Б нарт холбогдох,
Орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б , түүний өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. П.Б 2016 оны 04 сарын 25-ны өдөр ***** дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа байсан Л таун нэртэй 144 айлын орон сууцын Б блокийн ХХХХХ тоот, 59,84 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар Л ХХК-тай 75 тоот гэрээг байгуулсан.
1.2. Л ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ***** тоот дансанд гэрээ байгуулсан өдрөө буюу 2016 оны 04 сарын 25-ны өдөр байрны урьдчилгаа төлбөр болох 34,000,000 төгрөгийг, 2016 оны 09 сарын 09-ний өдөр үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг шилжүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулан орон сууцандаа орсон.
1.3. Орон сууцанд орох үед байрны дотор засал бүрэн хийгдэж дуусаагүй байсан тул компанийн захиргаатай тохиролцож компанийн зүгээс 5,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, байр авсан оршин суугчид дотор заслын ажлаа өөрсдөө хийж орохоор тохиролцсон. Одоо уг байрандаа амьдраад 8 жил болж байна.
1.4. Нэхэмжлэгчийн зүгээс байрандаа орсон цагаас эхлэн байрны гэрчилгээгээ авах талаар удаа дараа компанийн удирдлагуудад хэлж байсан боловч гаргаж өгөхгүй удаасаар байсан.
1.5. Л ХХК нь нэхэмжлэгчтэй Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 оны 03 сарын 11-ний өдөр Д.Бтай Барьцааны гэрээ хийсэн байсныг 2019 онд анх мэдсэнээр шүүхэд хандах болсон.
1.6. Иймд, Д.Бгийн ХХХХХ дүгээр багийн 13 дугаар хорооллын Л таун хотхоны 144 айлын орон сууцын ***** тоот, 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, байрны өмчлөгчөөр П.Б намайг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч П.Б нь Л ХХК-тай 2016 оны 04 сарын 25-ны өдөр Орон сууц захиалан, бариулах 75 тоот гэрээ байгуулсан. 2016 оны 09 сарын 09-ний өдөр орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн. Тус орон сууцны анхны шударга өмчлөгч П.Б мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Бгийн хариу тайлбарын агуулга:
3.1. Д.Б 2014 оны 04 сарын 21-ний өдөр Л ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч уг гэрээ биелэгдээгүй.
3.2. Тус барилга 2015 онд ашиглалтад орох байсан боловч ажлын явц нь удаашралтай, ашиглалтад орохгүй байсан тул 2014 оны 04 сарын 21-ний байгуулсан гэрээгээ дахин сунгасан боловч Л ХХК нь төлбөрөө төлж барагдуулаагүй тул байруудыг барьцаалбар болгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн.
3.3. Л ХХК нь гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Д.Б шүүхэд хандсан ба анхан шатны шүүх Талууд эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.4. Хариуцагч нь захирамжид заасан хугацаанд мөн төлбөрөө барагдуулаагүй тул миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсаны дагуу одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
3.5. Тухайн үед 27 тоот орон сууц үүргийн гүйцэтгэлд өгөхөөр барьцаалсан байсан. Л ХХК-тай барьцааны гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгчтэй Орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн байдаг. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Л интернэйшнл ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ байр тоот хаягт байршилтай, ... 27 ... тоот орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон орон сууц хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч П.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 287,550 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2024 оны 09 сарын 18-ны өдөр шийдвэрлэхдээ уг байр нь Л ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч барьцааны гэрээний дагуу барьцаалбарт бүртгэлтэй, эрхийн доголдолтой болохыг нэхэмжлэгч мэдэх боломжтой гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой бөгөөд шүүх нь бодит үйл байдалд дүгнэлт хийлгүйгээр иргэн хүнийг хохироосон хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
5.2. Хариуцагч Д.Б нь анх Л ХХК-д 2014 оны 04 сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч хөрөнгө оруулсан мөнгөө н.Л гэдэг хувь хүний данс руу зээл гэж 5-6 удаа ийн үйлдлээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд орон сууцны төлбөрөө Л ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
5.3. Д.Б хөрөнгө оруулсан мөнгөө Л гэх хувь хүний дансанд зээл гэсэн утгаар шилжүүлчихсэн атлаа төлбөртөө компанийн бусдын захиалан бариулж төлбөрөө 100 хувь төлж, дотор заслаа өөрөө хийж ороод амьдарч байгаа байрыг авч, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан нь хууль зүйн талаасаа болон үйл байдалтай огт нийцэхгүй байна.
5.4. Анхан шатны шүүх бусдын барьцаалбарт байгаа гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжтой гэж намайг буруутгасан атлаа хувь хүний дансанд хийж зээлсэн мөнгөнийхөө оронд компанийн байрыг авч байгаа хариуцагчийн үйлдлийг зөв буруутайг нь ялгаж, салгаж дүгнэж үзсэнгүй.
5.5. Миний хувьд энгийн хар ажил хийж, өндөр настай ээжийгээ асран тэжээж явдаг хүн. Орон сууц захиалан бариулах гэрээг хуулийн дагуу хийж, Л ХХК-ийн дансанд төлбөрөө бүрэн төлж, 2016 оны 09 сард байрандаа орсон. Гэтэл Д.Б нь 2019 оны 02 сард тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна.
5.6. Эндээс харахад энэ хүн 2016 онд манайхыг байранд орсон байхад өөрийнх нь барьцаанд байгаа гэдгийг бас мэдэгдэж бидэнтэй уулзаж болох байсан боловч мэдэгдээгүй. Зарим айлуудад тухайн үеийн худалдаж авсан мөнгөн дээр нь одоогийн ханшаар байрыг нь үнэлж бараг 50 хувиар мөнгө нэмж авахаар тохирч байгаа гэж сонссон.
5.7. Нэхэмжлэгчийн хувьд 50-60 сая төгрөг нэмж өгч, тохиролцох боломжгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Л ХХК-ийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхийн журмаар гаргасан гомдол үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч П.Б нь шударга өмчлөгч, худалдах худалдан авах гэрээг Л ХХК-тай хийсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Д.Бгийн тайлбарын агуулга:
7.1. Д.Б нь Л ХХК-тай 2014 оноос эхлээд хөрөнгө оруулалт хийгээд жил бүр нэмэлт өөрчлөлт оруулсан. Л ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан учраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хөрөнгө оруулалтын мөнгөө нэхэмжилсэн. Л ХХК уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд эвлэрэн хэлэлцсэн.
7.2. Уг эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Л ХХК-ийн зүгээс иргэн Д.Бд төлөх өр төлбөрөө бэлэн мөнгөөр төлж чадахгүй байсан учраас барьцаанд байсан хөрөнгүүдийг шилжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. П.Б ы Л ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр худалдаж авсан орон сууц нь барьцаанд байгаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 48-49 дэх талд барьцааны гэрээ болон түүний хавсралт байгаа. Уг хавсралтад ***** тоот 59,84 м.кв орон сууцыг барьцаанд оруулж тооцуулсан. Уг барьцааны гэрээ хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон.
7.3. Гэтэл П.Б тай Л ХХК-ийн зүгээс уг барьцааны гэрээ хийснээс хойш Худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу иргэн П.Б Л ХХК нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа боловч Иргэний хуульд заасан 252 дугаар зүйлд зааснаар эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдах үүргийн хариуцагч хүлээх ёстой. Уг орон сууцыг барьцаанд тавьсан гэдгээ мэдсээр байж П.Б тай гэрээ байгуулсан.
7.4. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Д.Б нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, хууран мэхлээгүй, бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн учраас өр төлбөрт шилжүүлэн авсан байрыг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн.
Уг бүртгэлийн дагуу Д.Бг хариуцагчаар татан Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээс Д.Бд олгосон бүртгэл хууль ёсны байна гэх дүгнэлт гарсан.
7.5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдчихсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Л ХХК, Д.Б нарт холбогдуулан ***** дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Л таун нэртэй 144 айлын орон сууцын Б блокийн ХХХХХ тоот, 59,84 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л ХХК зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч Д.Б эс зөвшөөрч маргажээ.
3. П.Б болон Л ХХК нарын хооронд 2016 оны 04 сарын 25-ны өдөр 75 дугаар Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Л ХХК нь ****** дүгээр баг, Л таун хотхоны 144 айлын орон сууцны ***** тоот, 59,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, нэхэмжлэгч Г.Б тус орон сууцыг 59,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна./1хх-5-7/
Анхан шатны шүүх дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.
4. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу орон сууцны төлбөрт нийт 54,000,000 төгрөгийг хариуцагчид төлж, үлдэх төлбөрийг засварын зардалд тооцохоор талууд тохиролцсоноор нэхэмжлэгч гэрээний үүргээ 100 хувь биелүүлснийг хариуцагч бичгээр баталгаажуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Хариуцагч Д.Б нь хариуцагч Л ХХК-тай 2014 оны 12 сарын 22-ны өдөр №01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2015 оны 03 сарын 31-ний өдөр, 2015 оны 10 сарын 14-ний өдөр тус тус хоёр удаа сунгажээ.
2016 оны 03 сарын 11-ний өдөр 16/001/01 дугаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээ 2016 оны 04 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн./1хх-48-52/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар хариуцагч Л ХХК-аас 2,500,000,000 төгрөг гаргуулан Д.Бд олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 сарын 21-ний өдөр Д.Бгийн нэр дээр 44 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Нэхэмжлэгчийн шаардаж буй Л таун хотхоны ***** тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай орон сууц Д.Бгийн өмчлөлд бүртгэгдсэн байна./1хх-27, 54-55/
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч гэрээний шаардах эрхтэй хамааралгүй зохицуулалтыг баримталсан байх тул хассан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
6.1. Хариуцагч Л ХХК нь Д.Бтай барьцааны гэрээг 2016 оны 03 сарын 11-ний өдөр байгуулж, уг гэрээнд Л таун хотхоны ***** тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, ипотекийн гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
6.2. Нийтийн зориулалттай орон сууцны хувьд барьцааны гэрээ байгуулахад уг үл хөдлөх эд хөрөнгийг байнгын ашиглалтад аваагүй буюу барьж дуусаагүй байсан боловч батлагдсан зураг төслийг үндэслэн Л таун хотхоны ***** тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж зааснаар Л ХХК болон Д.Б нар тухайн үед бүрэн ашиглалтад ороогүй нийтийн зориулалттай орон сууцнаас тодорхой хэсгийг барьцаалсан ба үүнд зохигч нарын маргаж буй орон сууц хамаарч байгаа нь барьцааны гэрээ, улсын бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.
6.3. Хариуцагч Л ХХК нь Д.Бтай барьцааны гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч П.Б тай 2016 оны 04 сарын 25-ны өдөр 75 дугаар Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан.
Уг гэрээг байгуулахдаа П.Б д Л таун хотхоны ***** тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай орон сууц нь барьцаанд байгаа талаар мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд шаардах эрхийн хувьд Д.Бгийн барьцааны эрх түрүүлж үүссэн тул П.Б ы шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.
6.4. Барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б нь П.Б д барьцааны зүйлийг худалдсан талаар мэдэх боломжгүй, мөн барьцааны гэрээгээр шаардлага хангуулж, өмчлөгчөөр бүртгүүлсэн тул Д.Б нь энэ тохиолдолд өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч П.Б нь 2016 оны 09 сараас Л таун хотхоны ***** тоот хаягт байрлах 59,84 м.кв талбайтай орон сууцны эзэмшлийг авч, уг байранд амьдрах болсон, мөн орон сууцны үнийг бүрэн төлсөн нь түүнийг өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй. Учир нь, барьцааны гэрээний шаардах эрх түрүүлж хэрэгжих боломжтой тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
8. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр бус харин бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг баримталсан нь маргааны зүйл, шаардах эрхтэй хамааралгүй байх тул уг зохицуулалтуудыг хассан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/04422 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 183 дугаар зүйлийн 183.1 ... гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР