Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 135

 

А.А-, К.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек, Х.Бакен, шүүгдэгч К.Х-ын өмгөөлөгч А.Серикжан, Х.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/22 дугаар магадлалтай, А.А-, К.Х- нарт холбогдох 2113000760095 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч А. Кадирбек, Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1977 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 44 настай,  эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овгийн А.А- /РД:***/;

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, "Ахат трейд" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт тус аймгийн **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн К.Х- /РД:***/;

Шүүгдэгч А.А- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 онд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр Дэлүүн суманд 40.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин авахаар тусгагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай Тоёота Ланд круизер 100 загварын тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авч, тухайн автомашиныг Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт 40.000.000 төгрөгөөр нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт,

Шүүгдэгч К.Х- нь нийтийн албан тушаалтан А.А-ийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2018 онд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр Дэлүүн суманд 40.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин авахаар тусгагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай Тоёота Ланд круизер 100 загварын тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авч, тухайн автомашиныг Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт 40.000.000 төгрөгөөр нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газар “Ахат трейд” ХХК-тай автомашин нийлүүлэх гэрээ байгуулаагүй байхад яллагдагч А.А-т 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг гаргаж өгсөн, мөн иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай Ланд круизер 100 загварын тээврийн хэрэгслийг “Ахат трейд” ХХК-аас Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөн байгуулан, дэмжлэг үзүүлж, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Молхы хошах овогт Айп овогтой А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Секел овогт Конторбайн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ад оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 1 жил, 5 сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч К.Х-ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14.000.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөг, шүүгдэгч К.Х- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч К.Х-аас гэмт хэргийн хор уршигт 9.000.000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт олгуулж,

Шүүгдэгч А.А-ээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлсөн 12.000.000 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын орон нутгийн ерөнхий орлогын 100020700910 тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар А.А-, К.Х- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох, одоо Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, Тоёота Ланд круизер 100 маркийн 00-26 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/22 дугаар магадлалаар:Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "Молхы хошах овогт Айл овогтой А-ийг” гэснийг "Молхы хошах овогт Айпын А-ийг гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А- болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек Х.Бакен нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч К.Х- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 9.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан, тэрээр энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ын өмчлөлийн 20.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 40-05 БӨҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн саналдаа  ... Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, энэ талаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг А.А-ийн гэм буруутайд тооцсон яллах талын нотлох баримтаар үнэлсэн. Худалдан авах ажиллагаанд нийлүүлэгчээр "Ахат трейд" ХХК-ийг оролцуулж гэрээ байгуулах саналыг хэн тавьсан, Засаг дарга шууд гэрээ байгуулах нөхцөлд компанийг яаж сонгодог талаар гэрч З.Болат мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлдэг.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “... машиныг 2018 оны 02 дугаар сарын 15-наас 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор нийлүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд К.Х- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан талаар мэдүүлдэг ...” гэж дүгнэжээ.

 Гэтэл шүүгдэгч К.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт “... бид аймгийн Засаг даргын тамгын газрын коридорт уулзаад хоёр ижилхэн цаас авч ирээд энд гарын үсэг зураад өгчих ах нь хэд хоногийн дараа мөнгийг нь оруулж өгье гэхээр нь ямар баримт бичиг байсныг нь танилцаагүй гарын үсэг зурж өгсөн. Гэхдээ тэр бичиг баримт нь гэрээ байгаагүй. А- ах хууль бус юм хийхгүй гэдэгт итгэж байсан. Улмаар 12 хоногийн дараа компанийн данс руу мөнгө орж ирсэн ...” гэж мэдүүлдэг.

Мөн автомашин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Тилеген, СТСХ-ын дарга Ербол нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа мэдүүлэг аваагүй.

Шүүгдэгч К.Х-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр “автомашин нийлүүлэх гэрээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан байна” гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхны нээлттэй сонгон шалгаруулалтаар 67.800.000 төгрөгийн санал явуулсан тендерийг нээж үзэхэд “ПГЖМ” ХХК ирүүлсэн, өөр үнийн санал ирээгүй тул тендер сонгон шалгаруулалтыг амжилтгүй болсонд тооцож, Баян-Өлгий аймгийн Тендерийн үнэлгээний хорооноос уг тендерт шууд худалдан авалтын аргыг хэрэглэх эрхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад олгож, үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл "Ахат трейд” ХХК-д Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх БӨАОНӨГ/201801106 дугаартай гэрээг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.

Угтаа бол дээрх Баян-Өлгий аймгийн ОНӨГ-аас зарласан  тендерийн дагуу "Ахат трейд” ХХК-тай гэрээ байгуулсан үйл ажиллагаанд шүүгдэгч А.А-, ямар нэгэн байдлаар оролцож байгаагүй, оролцох ч боломжгүй болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймээс анхан шатны шүүхийн “...А.А- нь худалдан авах ажиллагаанд өөрийн биеэр идэвхтэй оролцож, ...“Ахат трейд” ХХК-н захирал К.Х-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг бэлнээр гаргуулан авсан” гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Тухайн үед А.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төрсөн ахын хүүхэд Багдаулетийг аав нь нас барсан учраас нүүлгэж авахаар ирсэн, уг ажлаар Улаанбаатар хотод явж байх үед зарын группээс дээрх автомашиныг харж энэ талаар К.Х-ад хэлсэн, тэгээд К.Х-тай хамт очиж үзээд машиныг авсан гэж мэдүүлдэг.

Угтаа бол шүүгдэгч К.Х- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээ байгуулсан, автомашин нийлүүлэх үүргээ ч мэдэж байсан, энэ утгаараа тэрээр 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А.А- нь Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх машины талаар /зар дээр байгаа машины талаар/ хэлэхэд К.Х- нь А.А-тэй хамт явж, Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх машиныг худалдан авах үйл ажиллагаанд биечлэн оролцож, машиныг худалдан авч, мөнгийг нь А.А-т өгсөн байдаг. Энэ нь К.Х- нь Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хийсэн бодит үйлдэл гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хэргийн талаар мэдүүлж буй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтыг магадлах, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэх энэ талаар ач холбогдолтой эсэхэд огт дүгнэлт өгөхгүйгээр, К.Х- нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт анхнаасаа гэрээ байгуулаагүй, К.Х- нь Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан, К.Х- нь А.А-тэй хамт худалдаж авсан иргэн Л.Гантулгын машиныг худалдан авах ажиллагаанд оролцоогүй, уг машиныг К.Х-аас Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн автомашин гэж үзэхгүй гэж дүгнэж буй нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

Гэрч С.Санатбек, А.Мусахан, З.Болат нарын мэдүүлэг, А.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс харахад К.Х- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээний үүргийн дагуу А.А-т 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр машин авах 40.000.000 төгрөгийг гарган өгсөн байна.

Харин А.А- нь тендерийн нийлүүлэгч “Ахат трейд” ХХК-ын захирал К.Х-аас авсан мөнгөөр 28.000.000 төгрөгөөр иргэн И.Гантулгын эзэмшлийн ланд круизер 100 маркийн автомашиныг худалдан авч, захиалагчид нийлүүлсэн  үйлдэл нь ..."Ахат трейд" ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх автомашиныг "Ахат трейд" ХХК-ийн өмнөөс, К.Х-ын мөнгөөр нийлүүлж 12.000.000 төгрөг завшсан үйлдэл тогтоогдож байна.

Угтаа бол дээрх хэрэгт авагдсан гэрч С.Санатбек, А.Мусахан, А.Айсауле нарын Ланд Круизер 100 загварын автомашиныг Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч ашиглаж байгаа талаарх мэдүүлэг, мөн гэрч Л.Гантулгын Ланд Круизер 100 загварын машиныг ... ерөнхийдөө надаас 28.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх мэдүүлэг, Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт, Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн ... А.А- нь Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй.

Анхан шатны шүүх “... Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар нь "Ахат трейд” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний тамгын газар нарын хооронд “Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээ хэзээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон эсэх асуудал энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй бөгөөд хэрэгт хамааралгүй” гэх шүүхийн уншиж, сонсгосон шийдвэрээс өөр дүгнэлтийг шийтгэх тогтоолд бичсэн байна.

Энэхүү Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээ, хэзээ, хаана байгуулсан асуудал нь тодорхойгүй байхад өмгөөлөгчийн зүгээс гэрээ байгуулсан цаг хугацааг тогтоолгох, гэрээнд гарын үсэг зурсан бүх хүмүүсээс энэ талаар гэрчийн мэдүүлэг авах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт гэрээний бүртгэлийн талаарх нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үл хэрэгсэж, зөвхөн К.Х-ын мэдүүлэгт үндэслэн гэрээ 2018 оны                03 дугаар сарын 16-ны өдөр нөхөж байгуулагдсан гэх дүгнэлтийг хийсэн мөртлөө гэрээ байгуулагдсан цаг хугацаа энэ хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэх байдлаар өөрийнх нь эхний дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх "Дэлүүн сумын Засаг даргын тамгын газар"-т автомашин нийлүүлэх гэрээ хожим буюу автомашин нийлүүлсний дараа 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээнд талууд нөхөж гарын үсэг зурсан, захиалагч эхлээд машиныг хүлээж авсны дараа "Ахат трейд" ХХК-тай гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа тохиолдолд гэрээнд оролцож буй Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын албан тушаалтнууд энэ хэрэгт "хамжигчаар оролцсон" гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А- нь Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлж, аймаг орон нутгийн төсөвт хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ ... шүүгдэгч А.А- нь дангаараа уг хэргийг үйлдэх боломжтой байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэгэнт гэрээ нөхөн зуруулсан гэж дүгнэж байгаа тохиолдолд уг гэрээг нөхөж хийх боломжийг бүрдүүлсэн, нөхөж гарын үсэг зурсан асуудал нь хэрэгт хамааралгүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй болно.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар хэрвээ "Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээг нөхөж гарын үсэг зураагүй бол гэрээ байгуулаагүй байхад А.А-ээс нийлүүлсэн гэх машиныг хүлээж аваагүй бол энэ гэмт хэрэг үйлдэх боломжгүй байсан.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж буй нь шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх А.А-т холбогдох хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэл хийхдээ ... Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт гэрээний дагуу “Ахат трейд” ХХК нийлүүлсэн мэтээр өөрөө нийлүүлж, албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хууль тогтоогчоос уг гэмт хэргийн объектив тал буюу албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт үйлдлийн талаар хуульчлахдаа ... албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл байхаар хуульчилсан.

 Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд А.А- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын хувиар дээрх гэмт хэргийг үйлдээгүй, Баян-Өлгий аймгийн ОНӨГ-с Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын автомашин нийлүүлэх үйл ажиллагаанд Сумын Засаг дарга эрх мэдэл, албан тушаалаараа оролцох ямар ч боломжгүй. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн ОНӨГ-с тендер зарласан үйл явц, хожим "Ахат трейд" ХХК-тай гэрээ байгуулсан үйл баримт зэргээр нотлогдож байна.

Харин А.А- нь "Ахат трейд" ХХК-с мөнгийг нь авч "Ахат трейд" ХХК-ийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх автомашиныг "Ахат трейд” ХХК-ын өмнөөс нийлүүлсэн үйлдлийг Сумын Засаг дарга А.А- нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлэн, ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь анхан шатны шүүхийн А.А- нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд Гэмт хэрэг үйлдэгдэж буй нөхцөл байдал, процесс үйл ажиллагаанд шүүгдэгч А.А-ийн оролцоо Засаг даргын хувиар оролцож байгаа юу эсхүл иргэн А.А-ийн үйлдэл оролцоо байгаа юу гэдэгт нарийн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг хийх нь зүйтэй.

Угтаа бол албан тушаалтны үйлдсэн хэрэг болгоныг албан тушаалын гэмт хэрэг гэдгээр нь зүйлчлэхгүйг бид бүгд мэдэж байгаа ... гэмт хэрэг болгон үйлдэгдэж буй арга барил, гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжээрээ ялгагддагаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх А.А-ийг ... өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж буй нь ойлгомжгүй байна. Учир нь албан тушаалтан өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан "Дураараа аашлах" гэмт хэрэг юм.

Гэтэл анхан шатны шүүх А.А-ийн бусдын өмнөөс тендерийн бараа, материалыг нийлүүлж ашиг хонжоо олсон гэмт үйлдэлд, Засаг даргын хувиар энэ хэргийг үйлдсэн гэж түүнийг албан тушаалаар нь ялгаварлан хэргийн зүйлчлэлийг хийж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Иймд шүүгдэгч А.А-т холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг прокурорт буцаах эсхүл зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх магадлалаараа хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан нээлттэй тендер шалгаруулалтын журмын шаардлагыг хангасан нь Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 онд Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд зориулж, 40.000.000 төгрөгийн өртгөөр автомашин худалдан авахаар төсөвт тусгасан байдал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, комиссын бүрэлдэхүүнд томилсон захирамж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газраас ...автомашин худалдан авахаар техникийн тодорхойлолт боловсруулж, үнэлгээний хороонд хүргүүлсэн байдал, Үнэлгээний хороо Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан авах ажиллагааны үнийн дүнгээс хамааран тендерийг харьцуулалтын аргаар, ажлын 5 хоногт зарлан, тендерийн урилга, холбогдох бичиг баримтуудыг tender.gov.mn сайтад байршуулж, ажлын 5 хоногийн дараа тендерийг нээхэд уг тендерт “ПГЖМ” ХХК-аас 67.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлснээс өөр компани үнийн санал ирүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.2-д заасан шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн үндэслэлээр үнэлгээний хороо “ПГЖМ” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзаж, мөн хуулийн 33.4-т заасны дагуу харьцуулалтын тендер амжилтгүй болсон гэж үзэж, шууд гэрээ байгуулах эрхийг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн баримт болон гэрч Ш.Хабылын мэдүүлэг зэргээр нотлогддог.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч А.А- нь “... автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлснийг мэдэж байсан атлаа К.Х- нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны үед “Ахат трейд" ХХК-иас Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлсэн мэтээр гэрээнд нөхөж гарын үсэг зурсан байна” гэж хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтаар шүүгдэгч А.А-ийг гэм буруутайд тооцсон.

Хавтаст хэрэгт гарын үсгийн хэв тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй, нөхөж гарын үсэг зурагдаагүйг дээрх гэрч нар нотолсон байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг ноцтойгоор зөрчсөн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Маргагулан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “... А.А-, К.Х- нараас Дэлүүн сумын Засаг Даргын Тамгын газарт нийлүүлсэн 28.000.000 төгрөгийн тээврийн хэрэгслийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж, одоо тус сумын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглаж байгаа. Шүүгдэгч А.А- нь хохиролд 12.000.000 төгрөг төлснөөр хохирол бүрэн барагдсан. Төсөвт учирсан хохирол байхгүй тул А.А-, К.Х- нараас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Тухайн автомашиныг Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газарт үлдээх боломжтой” ... гэж мэдүүлээд байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлээгүй хохирол 40.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч А.А-, К.Х- нарын гэм буруутай үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь Баян-Өлгий аймгийн төсөвт учирсан хохирлын 26.000.000 төгрөгийг шүүгдэгч А.А-ээр, 14.000.000 төгрөгийг шүүгдэгч К.Х-аар төлүүлэхээр тус тус тогтоохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасан гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон, хохирол хор уршгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэх байсан.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч К.Х-ыг  санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, ... дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцож, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн хэдий ч А.А-ийн хохирол, ялыг ялгамжтай оногдуулсанд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №276 дугаартай тогтоолд хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар зохицуулагдсан.   

Шүүгдэгч А.А- нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 26.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр хуулийн дагуу завсарлага авч, хор уршиг, хохирлоо бүрэн төлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болсон.

Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т заасан Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Хавтаст хэрэгт Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа орон нутгийн өмчид бүртгэлтэй, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн 00-26 улсын дугаартай "Ланд круизер 100" загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл гэж улсын оруулан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн. Мөн төсөвт 40,000,000 төгрөгний хохирол учирсан гэж хохирлыг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг төсөөтэй хэрэглэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ял, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нь харгалзаж ялыг ялгамжтай оногдуулсан гэж шийтгэх тогтоолоо тодруулж тайлбарласан нь шудрага ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч А.А-т торгуулын ял оногдуулах бүрэн боломжтой, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирол хор уршигт 26.000.000 төгрөг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, урьд нь ял шийтгүүлж байгаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялыг сонгох боломжтой бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/22 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Х.Бакен “Өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч К.Х-ын өмгөөлөгч Х.Жархынбек “... Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол, магадлалд албаны ямар бүрэн эрхийг урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон талаар хууль зүйн үндэслэл байдаггүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуульд заасан захиалагчийн ямар бүрэн эрхийг буруугаар ашиглаж өөрт давуу байдал болгосон, ямар хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг урвуулан ашигласан эсэх үндэслэл байдаггүй. Хэрэгт авагдсан үйл баримтаас харахад А.А-ийн хувьд захиалагч биш буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект биш учир миний үйлчлүүлэгч хамжигчаар оролцсон зүйл байхгүй. Хэрэв тендер сонгон шалгаруулалтын тодорхой албан тушаалтнууд А.А-ийн нөлөөллөөр гэрээнд гарын үсэг зурах, санхүүжилт олгох, төлбөрийг хийсэн бол К.Х- оролцоогүй. Хэрэв албан тушаалын байдлаа ашигласан бол Засаг даргын газрын ажилчид субъект болж тодорхой хариуцлага хүлээх ёстой байсан боловч орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан үндэслэл болно. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зарим баримтуудыг буруу дүгнэж, хэрэгт оролцоо бүхий зарим хүмүүсийг үлдээсэн. Анх прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхэд тээврийн хэрэгслийг хураах санал байгаагүй, анхан шатны шүүхийн даалгавраар шүүгдэгч К.Х-ыг яллагдагчаар татсан. Гэтэл К.Х-ын хувьд ашиг болсон зүйл байхгүй. Зөвхөн мөнгө зээлүүлсэн ба мөнгөө авахын тулд юу ч мэдэхгүйгээр гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт бий. Тэгэхээр хэрэгт оролцоотой бүх хүнийг татан оролцуулж, гэм буруутай бол хохирлыг адил хариуцах ёстой. Иймд шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна ...” гэв.

Шүүгдэгч К.Х-ын өмгөөлөгч А.Серикжан “... Өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлийг дэмжиж байна. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасныг тайлбарлан хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасны улмаас А.А-ийн эрх зүйн байдал дордсон. Улсын дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолоос үзвэл хамжигч гэдгийг бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах гэх мэт тайлбарласан байна. Хугацааны хувьд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөнгө шилжсэн, 03 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрээ хийгдсэн, 03 дугаар сарын 31-ний өдөр орлого авсан үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоосон. Мөн тус тендерийн захиалагч нь Дэлүүн сумын Засаг дарга биш Баян-Өлгий аймгийн Засаг дарга болох нь тогтоогдсон. Хэрэв тендерийн захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга бол Дэлүүн сумын Засаг дарга хэрхэн албаны эрх мэдлээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх асуудлыг өмгөөлөгч нарын зүгээс тайлбарласан боловч хоёр шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Иймд өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлийг дэмжиж байна...” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц хэмжээнд авагдсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А-эд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэх хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцож уг гэмт хэргийг санаатай үйлдсэн, хамтран оролцсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтөөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч К.Х-ын хувьд шүүгдэгч А.А-ийг шунахайн сэдэлтээр санаатай гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан ба шүүгдэгч А.А- нь иргэн К.Х-ын “Ахат трейд” ХХК-ны данс, тамга тэмдгийг ашиглаж байгаа үйлдэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн арга нь байна гэж дүгнэж байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэх хэргийн үйл баримтыг нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч Конторбайн Х-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, орон нутгийн төсөвт учирсан хохирлыг шүүгдэгч А.А-ээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.А-т оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек нарын гаргасан гомдлыг үндэслэн А.А-, К.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй байна.

2.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... А.А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй ... автомашиныг "Ахат трейд" ХХК-ийн өмнөөс, К.Х-ын мөнгөөр нийлүүлж 12.000.000 төгрөг завшсан үйлдэл” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Тодруулбал, А.А- нь өөрт олгогдсон шууд гэрээ байгуулах эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 онд тус суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин авахаар болсны дагуу өөрийн санаачилгаар автомашин нийлүүлэх талаар “Ахат трейд” ХХК-ийн захирал К.Х-ад санал тавьж, Улаанбаатар хотод өөрийн биеэр ирж, түүнээс урьдчилан 40.000.000 төгрөг бэлнээр авч, зарын дагуу иргэн Л.Г-тай очиж уулзан түүний зарж байгаа Ланд круизер 100 загварын автомашиныг 28.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, мөн өөрийн ахын хүүгийн Приус 20 автомашиныг 8.000.000 төгрөгт тооцон өгч, 20.000.000 төгрөгийг Л.Г-д бэлнээр өгч автомашиныг худалдан авч 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ахат трейд” ХХК-аас тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт 40.000.000 төгрөгөөр нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөн байгуулж өөртөө 12.000.000 төгрөгийг авсан идэвхтэй үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээс ялгахдаа дан ганц субъектын шинжид тулгуурлахгүй, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан шинж байгаа эсэхийг анхаарах ёстой.

А.А- нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд биш тул завших гэмт хэрэгт тооцох үндсэн шинж үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэрэг гэж зүйлчлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.2. Мөн гомдолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан “Дураараа аашлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх боломжтой тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... гэжээ.

Дураараа аашлах гэмт хэрэг гэж нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт ноцтой хохирол учруулсан байхыг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн шинж  А.А-ийн хувьд хамааралгүй буюу үгүйсгэгдсэн байна.

2.3. Шүүгдэгч А.А-ийн үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хууль бус үйлдлийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн                        22.1 дүгээр зүйл дэх “хуульчилсан тайлбар”-т тусгайлан заасан утга агуулгад бүрэн нийцсэн байх тул “албан тушаалын байдал”-аа ашиглаж залилах болон төсөөтэй байж болох бусад гэмт хэргээс ялгагдаж байгааг тодотгож дурдах нь зүйтэй.

2.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... А.А- хохирлоо бүрэн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсон тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ... гэжээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн сонгох санкцуудаас аль нэгийг сонгож оногдуулах нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт тул анхан болон давж заалдах шатны шүүхийн А.А-т хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний доторх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу А.А-т оногдуулсан хорих ялыг бусад төрлийн ялаар солих боломжгүй байна.

3. Харин хоёр шатны шүүх К.Х-ын үйлдлийг А.А-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд К.Х- нь “А.А-т бэлнээр 40.000.000 төгрөг зээлсний дараа бодитоор гэрээ байгуулаагүй, автомашин нийлүүлэх үүрэг хүлээгээгүй хэдий ч Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт 40.000.000 төгрөгөөр автомашин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, энэхүү гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн төрийн сангаас 40.000.000 төгрөг “Ахат трейд” ХХК-ийн дансанд орж ирсэн” үйл баримт тогтоогджээ.

Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг.

К.Х-ын хувьд анхнаасаа зөвхөн өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих сэдлээр А.А-ийн “... 2018 оны 07 дугаар сард манай сумын 80 жилийн ойн арга хэмжээний үеэр хэрэг болох хүнсний зүйлийг танай компаниас авч болох юм ...” гэсэн амлалтад нь итгэж, зөвшөөрөн түүний санал болгосон гэрээнд нэг удаа гарын үсэг зурж, шаардлагатай санхүүжилтийг түр зээлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр урьдчилан амласан, дэмжлэг үзүүлсэн шинж тогтоогдоогүй байна.

Иймд К.Х-ад холбогдох А.А-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож ял шийтгэснийг хүчингүй  болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийн хувьд шүүх дараах байдлаар дүгнэж байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгодог.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл гэж гэмт этгээд гэмт үйлдлээ хялбарчлах, түргэсгэх, гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  ашигласан машин, механизм, зэвсэг хэрэгслийг ойлгодог ба А.А-ийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн Ланд круизер 100 загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл гэж үзэж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг автомашин нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарахгүй тул улсын орлогоос буцаан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 40.000.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд А.А- автомашиныг 28.000.000 төгрөгт тооцон Л.Г-ас худалдан авч тухайн автомашинаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч, байгууллагын хөрөнгөд бүртгэн, үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж байсныг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааруулан дүгнэх боломжгүй бөгөөд автомашины худалдан авсан үнэ 28.000.000 төгрөгийг нийт хохирлоос хасаж, бодитоор өөртөө авч ашигласан 12.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцох үндэслэлтэй тул А.А-ээс хохиролд илүү төлсөн 14.000.000 төгрөгийг мөн түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн К.Х-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул К.Х-аас гэмт хэргийн хохиролд төлсөн 14.000.000 төгрөгийг түүнд буцаан олгохоор тогтоов.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолын К.Х-ад холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хүчингүй болгож, 2011 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота Ланд Круизер 100 загварын тээврийн хэрэгслийг улсын орлогоос буцаан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 12.000.000 төгрөгийг А.А-ээс гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Шүүгдэгч А.А-ээс гэмт хэргийн хохиролд илүү төлсөн 14.000.000 төгрөг, цагаатгагдсан этгээд К.Х-аас гэмт хэргийн хохиролд төлсөн 14.000.000 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, А.А-, К.Х- нарт буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Энхжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН