Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0818/З |
Дугаар | 001/ХТ2024/0021 |
Огноо | 2024-02-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/0021
Ж.Д-гийн нэхэмжлэлтэй,
Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0814 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2024/0011 дүгээр магадлалтай,
Хэргийн оролцогч: нэхэмжлэгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэх” гэсэн үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 төгрөг олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмжийн зөрүү 71,759,552 төгрөг гаргуулахыг даалгах,
-Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, цалингийн зөрүү 1,976,228 төгрөг гаргуулахыг даалгах,
2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхийн байгууллагад 38 жил, үүнээс шүүгчээр 30 гаруй жил ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай зарлигаар Дорнод аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байх бөгөөд нэг удаагийн тэтгэмж 104,400,000 төгрөгийг олгосон байна.
3.Нэхэмжлэгчээс “... шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг нийлүүлээд нийлбэрээс тооцож олгох ёстой, Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр цалин бага хэмжээгээр буурсан, тэтгэвэрт гарсан шүүгчийн цалингийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдээсэн” гэж,
4.Хариуцагчаас “...нэг удаагийн тэтгэмжийн олгохдоо албан тушаалын цалингаас тооцно, албан тушаалын үндсэн цалин дээр нэмэгдлүүдийг нэмээд явбал энэ нь цалин хөлс болно, цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэмжийг бодож олгох үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “үндсэн цалингийн дунджаас” гэж маш тодорхой заасан, зөвхөн сарын дундаж цалин буюу албан тушаалын цалингийн дунджаас тооцох ёстой” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна. Хуулийн дээрх тайлбарыг хэрэглэхдээ зөвхөн үг зүйн тайлбарыг хэрэглэх бус харин системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
5.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
5.3.Шүүхийн тухай хууль шинэчлэн найруулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ буурсан, шүүгчийн цалин хөлсийг бууруулж болохгүй зохицуулалттай.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор ялгаатай байдлаар заасан, тодруулбал, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн албаны хуульд зааснаас илүү хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах нөхцөлийг тусгасан.
6.2.хуулиар нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний дагуу шүүгч нь сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарахдаа сонгон авах эрхтэй.
6.3.хуульд заасан шүүгчийн цалин хөлс буурсан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүгчийн эрх, ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэхээргүй байх тул хуулийн заалт өөрчлөгдсөнтэй холбоотой үүссэн энэхүү нөхцөл байдалд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн төсөвт шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр тусгаж, холбогдох эрх бүхий этгээдэд хүргүүлэх үүрэгтэй.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “... сарын дундаж цалин ...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгоно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.
7.2.Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин ...” гэдэг нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.
7.3.Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлс нь буурч тооцогдохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан. Гэвч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа цалин хөлс буурсан тухай гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд анх гаргасан. Цалин хөлс буурсантай холбоотой асуудлаар гомдол гаргах 90 хоногийн хугацааг зөрчсөн байхад нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хүлээж авахаас татгалзахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
8.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10.Энэ хэргийн тухайд маргааны хүрээ нь нэг удаагийн тэтгэмж олгохдоо албан тушаалын цалингаас тооцож олгох эсэх, эсхүл албан тушаалын цалин дээр шүүгчийн авч байсан бусад нэмэгдлийг нэмж тооцсон дүнгээс тооцох эсэхээр хязгаарлагдах бөгөөд харин хэргийн оролцогчид 36 сарыг ямар цаг хугацаанаас тооцох талаар маргаагүй тул нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийв.
11.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “шүүгчийн авч байсан сарын дундаж цалин” гэх ойлголтод агуулгын тайлбар хийх шаардлагатай юм.
12.Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу “шүүгчийн авч байсан цалин” гэдгийг нь зөвхөн “албан тушаалын цалин” гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно.
13.Монгол Улсын шүүхийн тухай хуульд “шүүгчийн авч байсан цалин”, “албан тушаалын цалин” гэх ойлголтыг тодорхойлоогүй, харин цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас зөвхөн “албан тушаалын” гэх нэг бүрэлдэхүүнийг салган авч, үлдэх хэсгийг олгохгүй гэж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.
14.Иймээс хариуцагчийн “нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцох” тухай гомдол үндэслэлгүй, маргааны үйл баримтад нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх зарчмын дагуу энэхүү маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэглэнэ.
15.Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж өөрөөр заасан байна.
16.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Ж-гийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох захиргааны хэргийг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Б.Э-гийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох захиргааны хэргийг тус тус хянан хэлэлцэж, Авлигын эсрэг хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглэж, “ ... албан тушаалын цалингийн дунджаас нэг удаагийн тэтгэмж тооцох” агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан нь энэхүү маргааны үйл баримтаас өөр буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд тус тус өөрөөр зохицуулснаас шалтгаалсан байх тул адил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргасан, хууль хэрэглээний зөрүү үүссэн гэж үзэхгүй.
17.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэснийг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгайлсан хуулиар, жишээлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль гэх зэргээр тусгайлсан зохицуулалттай хуулиар хөдөлмөрийн харилцааг өөрөөр зохицуулж, тухайн хуулиар нарийвчлан зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны хуулиар ерөнхийлөн зохицуулах байдлаар хууль хэрэглээний дараалал тогтоосон байна.
18.Ийм учраас хууль тогтоогчоос төрийн тусгай албан хаагчийн хариуцсан ажлын чиг үүрэг, онцлог, тусгай эрх зүйн байдал, хүлээх хариуцлага, ажиллах нөхцөлд тулгуурлан хөдөлмөрийн харилцаа, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсний бүрдлийг тусгайлсан хуулиар өөр өөрөөр тогтоосон нь хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхийн хяналтын цар хүрээнд хамааралгүй юм.
19.Хариуцагчийн “нэмэгдлийг сар бүр олгодог бөгөөд албан тушаалын чиг үүрэг хэрэгжүүлсэнтэй холбоотой олгох тул нэг удаагийн тэтгэмж олгох харилцаанд хамаарахгүй тул нэмж бодох үндэслэлгүй, тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгох учир хийгээгүй ажлын нэмэгдлийг оруулан тооцохгүй” гэх агуулгатай гомдлын тухайд:
20.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалт нь шүүгчийн нийгмийн баталгааны нэг төрөл бөгөөд шүүгчийг олон жил тогтвор суурьшилтай ажиллах эдийн засгийн үндсэн баталгаа болж, шүүн таслах ажиллагааг хариуцлагатай, үнэнч шударгаар хэрэгжүүлж, албан үүргээс чөлөөлөгдсөн үед дэмжих зорилготой нэг удаагийн арга хэмжээ юм.
21.Өөрөөр хэлбэл, нэг удаагийн тэтгэмжийг шүүгчийн гүйцэтгэсэн шүүн таслах үйл ажиллагааны үндсэн чиг үүргээс салгаж ойлгох боломжгүй буюу шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой шууд холбоотой, жишээлбэл, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл нь “шүүгч хэрэг шийдвэрлээгүй, тэтгэвэртээ гарсан” гэх цаг хугацааны шалгуураас хамаарахгүйгээр албан үүрэгтэй холбоотой албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцыг өөрт болон бусдад ашиглуулах, давуу байдал олгох, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцааг бусад этгээдтэй үүсгэх зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой тул дээрх гомдол үндэслэлгүй.
22.Хариуцагчийн “цалин хөлс буурсантай холбоотой асуудлаар гомдол гаргах 90 хоногийн хугацааг зөрчсөн байхад шүүх хүлээж авахаас татгалзахгүйгээр шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй, уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/1301 дүгээр албан бичгээр хариу өгч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0814 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2024/0011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ