| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2022/02122/И |
| Дугаар | 210/МА2024/01987 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01987
2024 11 20 210/МА2024/01987
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/04460 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч К ХХК-д холбогдуулан хохирол 187,328,000 төгрөг гаргуулах үндсэн,
***** дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, *** дүгээр байр, ** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч К ХХК-ийн нийлүүлсэн цахилгаан шат нь доголдолтой, цахилгаан шат угсралтын ажлаа дутуу гүйцэтгэсний улмаас худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, төлбөрт төлсөн орон сууцны эзэмшлийг буцаан гаргуулахаар шаардсан.
1.2. Цахилгаан шат хэвийн ажиллахгүй болсны улмаас удаан хугацааны туршид оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, гомдол тасрахгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-аар цахилгаан шат нийлүүлж, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ***** дүүргийн ** дүгээр хороо, *** хотхон, *** дүгээр байрны цахилгаан шатыг нийт 187,328,000 төгрөгөөр иж бүрэн солихоор тохирсон бөгөөд одоо цахилгаан шат угсрах тоног төхөөрөмж хил дээр буусан байгаа.
1.3. Иймд доголдлыг арилгуулахаар Х ХХК-ийн зүгээс 187,328,000 төгрөгийг гаргасан тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол 187,328,000 төгрөгийг хариуцагч К ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч К ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 187,328,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. К ХХК нь Х ХХК -тай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангасан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн С0630 кг 2 ширхэг цахилгаан шат, С0800 кг техникийн үзүүлэлттэй 2 ширхэг, нийт 4 ширхэг цахилгаан шатыг хугацаандаа Х ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн.
2.2. 2020 оны 03 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн улсын байцаагчаар хяналт, шалгалт хийж, тус цахилгаан шатыг улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар өгч, ашиглах зөвшөөрлийг авч өгсөн. Өөрөөр хэлбэл К ХХК нь хэвийн ажиллагаатай 4 ширхэг цахилгаан шатыг худалдагчид хүлээлгэж өгсөн ба хяналт, шалгалт дүгнэлт гаргах төрийн эрх бүхий байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, хүлээлгэн өгсөн. Худалдан авагч Х ХХК болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, тогны хэлбэлзлээс болж эвдэрснийг худалдагч К ХХК хариуцахгүй. Оршин суугч нар нүүж ороход бүгд ажиллаж байсан.
2.3. Шинжээчийн дүгнэлтийг усны инженер гаргасан нь үндэслэлгүй. Учир нь механик инженер гаргах ёстой байхад мэргэжлийн бус этгээд дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
3.1. Ц.Э нь зарын дагуу К ХХК-ийн захирал Э.М-тай холбогдож, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, *** дүгээр байрны ** дугаар давхрын 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирсон. Тухайн үед К ХХК-ийн хийсэн ажлын хөлсөнд Х ХХК -аас авах 2 орон сууцны 1 орон сууцыг худалдан авч буйгаа мэдэж байсан. Тэр үед Х ХХК -тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцыг ашиглалтад орохоор Ц.Э ын нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн. Ингээд гэрээгээр тохиролцсон нийт 96,012,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгт машин оролцуулж, үлдэх төлбөрийг бэлэн бусаар 100 хувь төлж барагдуулсан. Эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Х ХХК -тай ярилцаж тохиролцсоны дагуу мөн өдрөө 360 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.
3.2. Улмаар орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Энэ өдрөөс хойш одоог хүртэл орон сууц миний эзэмшилд байгаа. Х ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэж байгаа учир Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, *** дүгээр байр, *** тоотод байршилтай 55.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Э ыг тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад далгаж өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Бие даасан шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Х ХХК , Ц.Э нарын хооронд орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтад маргадаггүй. Тухайн үед К ХХК , Х ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь ямар нэгэн үүргийн зөрчил байгаагүй учраас Х ХХК-ийн зүгээс Ц.Э тай тухайн гэрээг байгуулж байсан. Гэвч хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд зөрчил үүссэн. Ц.Э нь орон сууцны төлбөрийг К ХХК-ийн дансанд төлсөн. К ХХК-ийн зүгээс Х ХХК -д учирсан хохирлыг төлсөн тохиолдолд гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад хариуцагч талаас тайлбар байхгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан К ХХК-аас 178,328,000 төгрөг гаргуулан Х ХХК -д олгож, үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Э д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э ыг Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, **** хотхон, *** дүгээр байр, *** тоотод байршилтай 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бүрдүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж, улсын бүртгэлийн байгууллагад гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1.а. Хариуцагч К ХХК нь гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангасан БНХАУ-д үйлдвэрлэсэн С0630 кг 2 ширхэг цахилгаан шат, С0800 кг 2 ширхэг цахилгаан шатыг хугацаанд нь Х ХХК-д шилжүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээс өөр үүрэг хүлээдэггүй. Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч тал зохих ёсоор биелүүлсэн бөгөөд худалдсан эд хөрөнгийн үнийг харин нэхэмжпэгч тал төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Тодруулбал, гэрээний зүйлийн үнийг 400,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч 200,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөнд талууд маргаагүй, харин үлдэх төлбөрт 2 ширхэг орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна.
7.1.б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй учир шаардах эрхгүй байна. Учир нь худалдагчийн үүрэг нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгснөөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болно. Гэтэл нэхэмжпэгч буюу худалдан авагч тал нь ямар үндэслэлээр цахилгаан шатны ашиглалттай холбоотой доголдол, түүнийг засуулахад зарцуулах зардлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв худалдах, худалдан авах гэрээний зүйлийн ашиглалтын явцад илэрсэн биет байдлын доголдлыг арилгуулах шаардлага гаргаж байгаа бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор 254.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах боломжгой. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан шаардлагыг гаргаагүй, харин өөрөө өмчлөлдөө хүлээн авсан цахилгаан шатны ашиглалттай холбоотой ирээдүйд гарах зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.
7.1.в. Талуудын хооронд байгуулагдсан, хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон, энэ гэрээний худалдан авагчийн үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний зүйлийн үнийг бүрэн төлөөгүй атлаа нэгэнт дуусгавар болсон гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, цахилгаан шатны эвдрэл гэмтлийн шалтгаан, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн хугацаатай харьцуулж үзэхэд хариуцагчийг буруутгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 38 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
7.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 6.1, 8.3-т заасан үүрэг нь хариуцагчийн мэдлэг, дадлага, туршлага, эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй. Учир нь үйлдвэрлэгч байгууллага нь цахилгаан шатны хийц, материал, түүнийг ашиглах горим, ашиглалтын баталгаат хугацаа, ашиглалтын явцад гарч болох доголдол, доголдлоос сэргийлэх санамж гэх зэргийг багтаасан техникийн паспортыг бүтээгдэхүүндээ хавсарган баталгаат хугацаа зааж ирүүлдэг бөгөөд эдгээрийг хариуцагч үйлдвэрлэлийн явцад мэдэх боломжгүй нөхцлүүд юм. Иймд гэрээний дээрх заалт нь биелэгдэх боломжгүй нөхцөл гэж үзэхээр байна.
Түүнчлэн, Цахилгаан шатны техникийн паспорт-д цахилгаан шатны баталгаат хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэж бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид шаардлага хүргүүлснийг шүүх анхаарч үзсэнгүй. Дээрх паспорт нь цахилгаан шатны хэвийн үйл ажиллагааны хугацааг баталгаажуулсан баримт юм. Өөрөөр хэлбэл, паспортоор баталгаажуулсан хугацаанд цахилгаан шатны үйл ажиллагаа доголдохгүй, хариуцагч үүрэг хүлээхгүй, энэхүү баталгааг гаргасан эрх бүхий этгээд хариуцна гэж үзэхээр байна. Гэрээний 5.1-д заалт нь хариуцагч К ХХК цахилгаан шатыг угсарч хүлээлгэн өгнө гэж ойлгогдохгүй, өөр этгээдийн угсарсан цахилгаан шат эвдэрч гэмтсэн тохиолдолд засч, сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Орон сууцыг улсын комисс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн дээрх хоорондоо зөрчилдөөнтэй агуулгыг илэрхийлсэн бичгийн баримтууд хэрэгт авагдсаныг шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн ньтодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. К ХХК хэрэглэгчийн ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл тул хариуцахгүй гэж маргадаг бөгөөд энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулах шаардлагатай гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингээд шинжээч томилж, 4 ширхэг цахилгаан шат нийлүүлж, угсарсан К ХХК үүргээ биелүүлээгүйгээс болж эвдрэл, гэмтэл үүссэн гэх шалтгаант нөхцөлийн талаар тайлан гаргаж өгсөн. Хариуцагчийн давж заалдах гомдолд Иргэний хуулийн 261, 228-230 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу гэж дурдсан. Худалдах худалдан авах гэрээний гол үүрэг болох эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө нийлүүлэх үүргээ зөрчсөнтэй холбоотой хохирлыг шаардах зохицуулалт Иргэний хуулийн 261 дугаар зүйлд, гэм хор, хохирлыг хэрхэн яаж арилгах вэ гэдэг үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалтыг Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасан. Иймд анхан шатны шүүх холбогдох хууль зүйн зохицуулалтыг зөв, үндэслэлтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч гомдлын үндэслэлээ техникийн паспорт, орон сууцыг ашиглалтад хүлээж авч байгаа актуудыг шүүх хэрхэн яаж, дүгнэсэн нь үндэслэлгүй гэж байна. Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь ач холбогдолтой талаас нь хэрхэн үнэлэх вэ гэдэг нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Гэрээний 5.1-д ...улсын комисс хүлээж авснаас хойш 1 жилийн дотор гарсан хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад эвдрэл, гэмтлийг К ХХК өөрийн зардлаар засварлана гэж заасан. Орон сууцыг улсын комисс хүлээж авсан тул К ХХК гэрээнд заасны дагуу 1 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, *** дүгээр байр, ** тоот хаягт байрлах 55.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны бодит эзэмшлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хариуцагч Ц.Э д холбогдуулан түүнтэй 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, К ХХК-д холбогдуулан хохиролд 187,328,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Х ХХК татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э нь нэхэмжлэгч Х ХХК -д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, **** хотхон, *** дүгээр байр, 38 тоотод байршилтай 55.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагч К ХХК-ийн зүгээс Х ХХК-д учирсан хохирлыг төлсөн тохиолдолд гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн үндэслэлээр татгалзан, маргажээ./хх40-41,
3. Х ХХК нь К ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 19/04 дугаартай, цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хороонд байрлах **** хотхонд хүн зөөврийн зориулалттай 630 кг даацтай, С0630 кг техникийн үзүүлэлттэй цахилгаан шат 2 ширхэг, С0800 кг техникийн үзүүлэлттэй цахилгаан шат 2 ширхэг, нийт 4 ширхэг цахилгаан шатыг нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 3.1-д заасны дагуу урьдчилгаа 200,000,000 төгрөг, үлдэгдэл 50 хувь буюу 200,000,000 төгрөгт тооцон бартерын орон сууц болох 45 м.кв талбай 2 өрөө 2 ширхэг орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон./хх7-8/
3.1. Талууд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх гэрээний хавсралтаар тус компанийн нэр дээр ирэх **** хотхон, 45 м.кв талбай 2 өрөө 2 ширхэг орон сууц нь 55.04 м.кв 2 өрөө 2 ширхэг орон сууц болж, уг байрны 6, 7 давхрын 38 тоот, 44 тоот мөн болохыг дурдаж төлбөрийн нөхцөлд нэмэлт өөрчлөлтийг оруулсан, энэ талаар маргаагүй байна.
3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
4. Талууд дээрх гэрээний тохиролцоог баримтжуулах үүднээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 2.5-д Байрны нийт төлбөрийг К ХХК-ийн **** хотхоны Г блокын цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон. К ХХК-ийн албан хүсэлтийн дагуу Ц.Э ын нэр дээр шилжүүлэв. гэж тусгагджээ.
Үүнээс үзвэл хариуцагч К ХХК нь дээрх орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд Ц.Э д Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, *** байр, ** орц, ** давхарт ** тоот хаягт байрлах 2 өрөө 55,04 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгч, Ц.Э нь орон сууцны үнийг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.
5. Шинжээч Х ХХК нь ...Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, **** хотхон *** дүгээр байранд суурилуулсан цахилгаан шатнуудад эвдрэл гэмтэл үүссэн байна. Цахилгаан шатны хэт их ачааллаас болж удирдлагын самбар шатсаны улмаас нэг цахилгаан шат ажиллах боломжгүй болсон. Бусад 3 цахилгаан шат нь шалны түвшингээс зөрж зогсдог болсон байсанг тохируулга хийж доголдолгүй болгосон байна. Үүссэн эвдрэл гэмтлийг засварлах зардал 178,328,000 төгрөг болно. гэж дүгнэжээ./2хх61-79/
Нэхэмжлэгч нь цахилгаан шатанд доголдол илэрсэн талаар удаа дараа хариуцагчид мэдэгдсэн бөгөөд хариуцагч компани нь гэрээний 5.1-д цахилгаан шат нь гэрээний хавсралтад заагдсан техникийн үзүүлтэд нийцсэн байх бөгөөд цахилгаан шатны угсралтын ажил дуусаж улсын комиссд хүлээлгэн өгснөөс хойш нэг жилийн хугацаанд худалдан авагчийн болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаас үүсээгүй үйлдвэрлэлийн гаралтай эвдрэл, гэмтлийг худалдагч тал өөрийн зардлаар хариуцаж, үнэ төлбөргүй засаж, сэлбэг хэрэгслээр хангана. гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, уг доголдлыг арилгаагүйн улмаас засвар үйлчилгээний зардал нэмэгдсэн талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК нь доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдож байх тул хариуцагч К ХХК-аас цахилгаан шатны доголдлыг арилгуулахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн магадлал хийсэн тухай дүгнэлтийг үндэслэн хариуцагч К ХХК-аас 178,328,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгө доголдолтой байсны улмаас нэхэмжлэгч нь түүнийг засан сайжруулж зардалд 178,328,000 төгрөг гаргасан болох нь баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь уг зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгуулахтай холбоотой зохицуулалтыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүх, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад техникийн шинжтэй алдаа гаргасан, өөрөөр хэлбэл К ХХК-аас 178,328,000 гаргуулан гэж бичихдээ төгрөг гэснийг орхигдуулсаныг залруулан нэмж оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд зохигчид гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/04460 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 261 дүгээр зүйлийн 261.1 гэснийг, 254 дүгээр зүйлийн 254.1 гэж, ...178,328,000 гэсний дараа төгрөг гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,049,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН