Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0514

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 122/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 122/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 дугаар “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу миний бие 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б/20 дугаар тушаал гаргаж Д.М-ыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилсон юм.

Гэтэл Д.М Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар эгүүлэн томилогдсон даруйдаа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн 01 дүгээр шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 14,086,284 төгрөг, нийгмийн даатгалд 1,335,372 төгрөг нийт 15,421,656 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх анхаарна уу.

Анхан шатны шүүх оролцогчийн хүсэлтийг хангах, нотлох баримт бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар албан тоотоор Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс “... Д.М нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 122/ШШ2018/0001 дугаартай шийдвэрийг үндэслэн Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн эсэх талаарх лавлагаа ирүүлэхийг шаардсан ...” байх бөгөөд Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/338 дугаар албан тоотоор “Д.М нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаар нэхэмжлэл гаргаагүй” гэх хариуг ирүүлсэн.

Гэвч шүүх уг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр нэхэмжлэгч надаас үндэслэлгүйгээр 16,986,798 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Д.М албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөртөө үндэслэлгүйгээр авсан цалингийн зөрүү 9,497,486 төгрөгийг намайг буруутайд тооцсон шийдвэрийн улмаас төсөвт учирсан хохирол гэж үзэн акт тогтоон надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд эргэлзээтэй бөгөөд үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “... Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд ...” гэж заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр зохицуулсан байхад Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Х-ын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Төсвийг хохиролгүй болгож өгөх тухай” 45 дугаар албан бичгийг үндэслэн “Санхүүгийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийлгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар хяналт шалгалтын удирдамж гаргасан байгааг анхан шатны шүүх огт анзаарч үзэлгүйгээр хэргийг буруу шийдвэрлэсэн байна.

Мөн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч У.Э, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Б нар 07 дугаар удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/02 дугаар акт гаргахдаа хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх нь эргэлзээтэй, шалгалтын тэмдэглэл, хувийн хэрэг хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргуулалгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Хэргийг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн байтал шүүхийн шийдвэрийг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 122/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-ийн “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.

Тодруулбал, хэдийгээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны цалингийн цэс, Д.М-ын 2018 оны цалин, цалингийн шимтгэл олгосон төлбөрийн хүсэлтүүд зэрэг баримтууд хэрэгт авагдсан боловч дээрх маргаан бүхий улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 дугаар актаар “...нийт 16,986,798 төгрөгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Н.Б-р төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. Энэхүү актад дурдсан 16,986,798 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-р бүрэн төлүүлэх үндэслэлтэй эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаар байна.

Учир нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр “...Д.М-ын ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 12,551,877 төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5,062,565 төгрөгийг хасаж тооцон үлдэх 7,489,312 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж...” шийдвэрлэжээ.

Харин маргаан бүхий улсын ахлах байцаагчийн 31-01/02 актаар “...Д.М-д ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 15,651,426 төгрөг, ажил олгогчоос шимтгэлд 1,335,372 төгрөг нийт 16,986,798 төгрөгийг иргэний хохиролд зарцуулсан” гэжээ.

Нэгэнт улсын ахлах байцаагчийн актаар тогтоосон төлбөрийн хэмжээтэй нэхэмжлэгч маргаж буй тохиолдолд шүүхээс үүнийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх замаар уг захиргааны актаар тогтоосон төлбөрөөс бодитойгоор 16,986,798 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч аймгийн Нэгдсэн эмнэлэгт учруулсан эсэх, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэргүйгээр Д.М-д олгосон төгрөгийг хохиролд тооцох эсэхийг тодруулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг ойлгохоор заажээ.

Гэтэл Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр” гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг “захиргааны хэргийн” эсхүл “иргэний хэргийн” шүүхийн шийдвэр гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд захиргааны хэргийг “иргэний хэрэг”-ээр хянан шийдвэрлэсэн энэхүү алдааг давж заалдах шатны шүүх өөрчлөх, залруулах хууль зүйн боломжгүй тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 122/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН