Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1464

 

Д.Жавзанпагмын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00044 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Жавзанпагмын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Цэцгээд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 447 257 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нараагийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Жавзанпагма,

Хариуцагч: Л.Цэцгээ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нараа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Жавзанпагма шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Нараа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Л.Цэцгээд 40 000 000 төгрөг зээлдүүлсэн. Тухайн үед хариуцагч Л.Цэцгээ бид 2 банкинд цуг ажилладаг байсан бөгөөд Л.Цэцгээ нь манай банкны салбарын захирал байсан. Тиймээс итгэж өөрийн хүргэн болох н.Жаргалсайханаас 40 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй гэрээ хийлгүйгээр зээлсэн. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4 сарын хугацаатай гэрээ хийхдээ нотариатаар баталгаажуулъя гэхэд Л.Цэцгээ хэрэггүй гэж байсан. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсан буюу 2013 оны 08 дугаар сараас хойш үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа гэтэл хариуцагч гэрээ байгуулаагүй үеийн зээлийн асуудлыг яриад төлбөрөө төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна.

Иймд гэрээнд заасны дагуу 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүү 10 011 697 төгрөг, нийт 28 447 257 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Цэцгээ шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 онд Д.Жавзанпагмаас 40 000 000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Гэхдээ миний хувьд үндсэн зээл болон хүүгээ төлж байсан. Нэхэмжлэгч Д.Жавзанпагмаас зээлсэн мөнгөнөөс нийт 76 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгөнд өмнө авч байсан 15 000 000 төгрөгийг Ж.Жаргалсайханы дансаар шилжүүлж байсан.

Иймд зээлийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

         

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жавзанпагмын хариуцагч Л.Цэцгээс зээлийн гэрээний үүрэгт 28 447 257.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1 56дугаар зүйлийн 56.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300 186 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нараа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хан-Уул дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00044 тоот шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлэн шийдвэр гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч П.Жавзанпагма, хариуцагч Л.Цэцгээ нар харилцан тохиролцсны үндсэн дээр 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 39 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлэн өгсөн гэж үзэж байна. Учир нь хариуцагч Л.Цэцгээ нь 2011 оны 11 дүгээр сард 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар /салбарын захирал нь байсан бөгөөд итгэлцлийн үндсэн дээр амаар тохиролцож /3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Л.Цэцгээ нь тохиролцсон хугацаандаа төлбөрөөсөө хүү гэж алдаг оноотой өгсөөр 2 жил болсон.

Иймд нэхэмжлэгч П.Жавзанпагма нь зээлийн үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулах санал гаргаснаар Л.Цэцгээ нь хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөр болох 32 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөнд тооцож, тохиролцон зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч Л.Цэцгээ нь өөрөө үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсанд тооцож зөвшөөрөн зээлийн гэрээг байгуулсан талаар тайлбарыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбар хийсээр байхад анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг авч үзээгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэхгүй нэг талыг үнэлэн төлбөрийг ямар ч хэлбэрээр шилжүүлсэн байж болох хувилбарыг авч үзэлгүй шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Л.Цэцгээ тухайн цаг үед богинохон хугацаанд төлбөрийг төлнө гэж аман хэлбэрийн гэрээг байгуулж, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол 2 жилийг дараа буюу 2013 онд зээлийн гэрээг байгуулж гарын үсэг зурахгүй, хийхгүй байсан. Тухайн хүний буруутай үйлдлийн улмаас П.Жавзанпагма гуравдагч этгээдээс Л.Цэцгээд зээл авч өгсөн мөнгөний хүүг өмнөөс төлж байснаар хохирч үлдэхгүй байсан болно.

Хариуцагч Л.Цэцгээ нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн үлдэгдэл 32 000 000 төгрөгөөс үндсэн зээлд 28 988 302 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 18 435 560 төгрөгөөс хүүнд 3 511 697 төгрөгийг төлсөн бөгөөд одоо зээлийн үлдэгдэл төлбөр 10 011 697 төгрөг, хүү 18 435 560 төгрөг бүгд 28 447 257 төгрөгийг гарган өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан  маргаантай хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Жавзанпагма нь хариуцагч Л.Цэцгээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 435 560 төгрөг, зээлийн хүү 10 011 697 төгрөг, нийт 28 447 257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Л.Цэцгээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн татгалзалын үндэслэлээ 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 39 000 000 төгрөгийг зээлдүүлэн гэрээ байгуулсан ч зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, харин 2011 онд Д.Жавзанпагмаас 40 000 000 төгрөгийн зээл авч 76 000 000 төгрөг төлж барагдуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан байна. /хэргийн 16 дугаар тал/

 

2011 онд нэхэмжлэгчээс хариуцагчид 40 000 000 төгрөг зээлдүүлж, 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохигчид 39 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. /хэргийн 3-4 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Л.Цэцгээгээс Ж.Жаргалсайхан, Д.Жавзанпагма нарын Төрийн банкны 101700010822, 102300114357 тоот данс руу 2012 онд 22 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2013 онд 12 000 000 төгрөг, 2014 оны 8 000 000 төгрөг, 2015 оны 16 000 000 төгрөг нийт 61 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоодож байна.

 

Үүнээс үзэхэд 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн бичгийн гэрээнээс өмнө 25 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн, 40 000 000-25 000 000= үлдэх 15 000 000 төгрөгт талууд бичгээр гэрээ байгуулж хүү тохирсон гэж үзэх үндэслэлтэй тул  зээлдэгч нь сарын хүү 450 000 төгрөг, 4 сарын хүү 1 800 000 төгрөг, нийт үндсэн зээл 15 000 000 төгрөг төлж гэрээний үүрэгт 16 800 000 төгрөг ёстой байжээ. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид 36 000 000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

 Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар , нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 000 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                    Д.ДАМДИН-ОД

 

                                                                                            Ч.ОЮУНЦЭЦЭГ