Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2016/00044

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Толгойтын 30-13 тоотод оршин суух, Боржигон овогт Дашдондогийн Жавзанпагма /МЗ 72050365/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 32/3 тоотод оршин суух, Угалзат овогт Лувсандоржийн Цэцгээ /ШГ 66042001/-д  холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 447 257.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Жавзанпагма, түүний өмгөөлөгч Д.Нараа, хариуцагч Л.Цэцгээ, түүний өмгөөлөгч Ч.Ганболд, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь:      

 

   Нэхэмжлэгч Д.Жавзанпагма шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Нараа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2011 оны 10 сарын 04-ний өдөр хариуцагч Л.Цэцгээд 40 000 000 төгрөг зээлдүүлсэн. Тухайн үед хариуцагч Л.Цэцгээ бид 2 банканд цуг ажилладаг байсан бөгөөд Л.Цэцгээ нь манай банкны салбарын захирал байсан. Тиймээс итгэж өөрийн хүргэн болох Жаргалсайханаас 40 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй гэрээ хийлгүйгээр зээлсэн. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4 сарын хугацаатай гэрээ хийхдээ нотариатаар баталгаажуулая гэхэд Л.Цэцгээ хэрэггүй гэж байсан. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсан буюу 2013 оны 08 дугаар сараас хойш үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа гэтэл хариуцагч гэрээ байгуулаагүй үеийн зээлийн асуудлыг яриад төлбөрөө төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу 2013 оны 08 дугаар сарын 19-өөс 2016 оны 03 дугаар сарын 24-ийг хүртэлх үндсэн зээлийн хүү 10 011 697 төгрөг, нийт 28 447 257,72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

   Хариуцагч Л.Цэцгээ шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Ч.Ганболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Д.Жавзанпагмаас 40 000 000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Гэхдээ миний хувьд үндсэн зээл болон хүүгээ төлж байсан. Нэхэмжлэгч Д.Жавзанпагмаас зээлсэн мөнгөнөөс нийт 76 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгөнд өмнө авч байсан 15 000 000 төгрөг орсныг хасаад, 40 000 000 төгрөгийг зээлээд нийт 61 000 000 төгрөг төлсөн гэж үзэж байна. Зээлийг Д.Жавзанпагма болон түүний дүүгийн нөхөр Ж.Жаргалсайханы дансаар шилжүүлж байсан. Иймд зээлийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жавзанпагма нь хариуцагч Л.Цэцгээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 447 257.72 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Жавзанпагма нь 28 447 257.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2011 оны 11 сард Жавзанпагмаас 40 000 000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Гэхдээ миний хувьд үндсэн зээл болон хүүгээ төлж байсан. ...нийт 61 000 000 төгрөг төлснөөр үүргээ биелүүлсэн гэж маргасан байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 8 сарын 19-ний өдөр 39 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 4 сарын хугацаатайгаар зээлдүүлэх гэрээ бичгээр байгуулагджээ./хх-ийн 3-4/

 

Нэхэмжлэгч нь гэрээг бичгээр байгуулахаас өмнө 2011 оны 11 сард 40 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь тодорхой мөнгийг эргүүлэн төлж байсан гэж, хариуцагч нь 40 000 000 төгрөгийг өмнө нь зээлж авсан байсан гэж тайлбар гаргаж, зохигчид энэ асуудлаар маргаагүй байгаагаас үзэхэд 2013 оны 08 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу 39 000 000 төгрөгийг шилжүүлэх боломжгүй, гэрээг бичгээр байгуулахаас өмнө мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул уг гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэхгүй байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг буцааж өгөх үүрэг зээлийн гэрээгээр үүсдэг болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заажээ.

 

Иймд хариуцагч Л.Цэцгээд дээрх зээл, барьцааны гэрээний дагуу үүрэг үүсээгүй түүнчлэн хариуцагч нь өмнө авсан зээлийн гэрээний үүрэгт нийт 61 000 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300 186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жавзанпагмын хариуцагч Л.Цэцгээс зээлийн гэрээний үүрэгт 28 447 257.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300 186 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ