Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/0023

 

Бч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч: Г.Банзрагч

      Шүүгчид:               М.Батсуурь

                                        Х.Батсүрэн

                                         Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:      Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2023/0028 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0711 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0041 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Н.Х нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” БТ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Бч” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэрээр “Бч” ХХК-ийн нэхэмжлэлийн “ ... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх “тендерийн ажил гүйцэтгэх гэрээг “Бч” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр болсон.

“Бч” ХХК-ийн “гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулахыг хүссэн” хүсэлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “ ... тендер шалгаруулалтыг дахин зарлах болсон”-ыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

3.Нэхэмжлэгчээс “ ... шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үр дагаврыг үүсгэсэн” гэж дүгнэсэн, тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар дүгнэлтээр “Бч” ХХК тендерт шалгарсан” гэж, хариуцагчаас “ ... шүүх тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр гаргах нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгосон бүрэн эрх гэж дүгнэж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “дахин зарласан тендерт нэхэмжлэгч “Бч” ХХК оролцсон, маргаж буй дүгнэлт хэрэгжиж дуусгавар болсон, өмнөх захиргааны акт үр дагавар үүсгэхгүй болсон” үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.6.а, 5.1.6.б, 12 дугаар зүйлийн 12.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “Нэхэмжлэлийн нэг шаардлагаа “хууль бус” гэснийг анхан шатны шүүх “илт хууль бус” гэж бичиглэлийн алдаатай тодорхойлсон, Тендер зохион байгуулах эсэхтэй холбоотой маргаанд шүүх хөндлөнгөөс оролцох, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, Тендер дахин зарлаж явуулах эрх нь тендерийн үнэлгээний хорооны эрхэд хамаарна, анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шаардлагагүй хуулийн заалтыг баримталсан“ үндэслэлээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Т.Н нар гомдолдоо:

6.1.Магадлалд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарласнаар Үнэлгээний хороо аль хэдийн шийдвэр гаргаж, гэрээ зурагдаад явж байхад захиалагч шалтгаангүйгээр, өөрөө албаар, санаатайгаар хугацаа өнгөрүүлж, “тендерийн хүчинтэй хугацаа өнгөрсөн” гэдгээр шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахгүй байх үр дагавар үүсэж байна.

6.2.Тиймээс шүүхийн шатанд энэ алдааг засах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

6.3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар гомдолдоо дурдсан байтал давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөн шийдвэрлэсэн.

6.4.Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0041 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

10.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “Бч” ХХК-ийн тендерийг Үнэлгээний хороо 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээр “шаардлагад нийцсэн, хамгийн сайн тендер” гэж дүгнэсэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосны дагуу Худалдах-худалдан авах гэрээг ёсчлох явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаас гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгосон.

11.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаар шийдвэрээр “Бч” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Бч” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд хэргийн оролцогчдын хэн аль давж заалдах гомдол гаргалгүй шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

12.Уг шүүхийн шийдвэрийн 12-т “...тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал тул шүүхээс “гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй...”,

14-д “”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны ... “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг нэгэнт шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т зааснаар Захиалагч талд “Бч” ХХК-тай “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээ байгуулах /эрх олгох шийдвэр гаргах/ үндэслэл үүснэ” гэх дүгнэлтийг тус тус хийсэн.

13.Улмаар ”Бч” ХХК 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “тус компанид дээрх ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулах”-аар хандсанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын тендер шалгаруулалтыг дахин зарлах болсон”-ыг хариу мэдэгдсэн.

14.Үүний дараа “Бч” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан шүүхэд дахин хандаж “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Бч” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах”[1] нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Бч” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр” гаргахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, уг эрх олгох шийдвэр гаргахыг даалгах”[2]-аар тодруулсан бол анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан[3] “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Бч” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлагыг хянан шийдвэрлэжээ.

15.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, тодорхой дүгнэлт өгөөгүйгээс хоёр өөр төрлийн буюу “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус бөгөөд шаардагдах захиргааны актыг гаргахыг даалгах“, “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагуудыг ялгалгүй хамтатган шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчжээ.

16.Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр тодорхойлсон боловч шаардлагын үндэслэлээ “өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр буюу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэр, түүний үндэслэх хэсгийн 14-т заасан дүгнэлт”-тэй холбогдуулж тайлбарласан байхад тухайн үндэслэлд шүүх тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

17.Зүй нь шүүх юуны түрүүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, ялангуяа Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн болон энэхүү захиргааны хэргийн маргааны зүйлийг тодорхойлж, шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагууд ялгаатай эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн эрхээ сэргэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

18.Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхааралгүй тодорхой бус байхад зөвхөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “маргаан бүхий актыг “хууль бус” гэж бичихийг “илт хууль бус” гэж бичиглэлийн алдаатай бичсэн” гэсэн зөвтгөсөн дүгнэлтийг хийж маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

19.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн хорооноос 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин зарласан тендертэй маргаагүй гэх тайлбарыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тендер зарласан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 261 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ “Маргаан бүхий тендерийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зарласан нь тендерт оролцохыг уриалсан зар буюу захиргааны актад хамаарахгүй”, “маргаан бүхий тендер зарлагдаж, тендерийг нээж шалгаруулсан байх тул нэгэнт хэрэгжсэн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчид урьдчилсан хамгаалалтыг үзүүлэхээргүй байна” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан байгааг анхаарах нь зүйтэй.

20.Иймд хяналтын шатны шүүхээс эдгээр зөрчлийг арилгаагүй тохиолдолд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2023/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0711 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч Бч” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                        ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                   Х.БАТСҮРЭН

                                                                                                   Ц.ЦОГТ

                                                                                                   Д.БАТБААТАР

 

[1] ХХ -1-1 дэх тал

[2] ХХ-1-54 дэх тал

[3] ХХ-2-77 дахь тал