Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0711

 

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0711

Улаанбаатар хот

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н нар;

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: “Э” ТӨҮГ

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0028 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Н.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 119/2023/0030/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “Э” ТӨҮГ-т холбогдуулан ““Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0028 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.6.а, 5.1.6.б, 12 дугаар зүйлийн 12.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н нар давж заалдах гомдолдоо:

3.1. Манай “Б” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "Э” ТӨҮГ-ын “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаа тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахаас татгалзсан (2023 оны 03-р сарын 17-ны өдрийн №ТБ-117-12/1178 тоот албан бичиг) шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, уг эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэл гаргасан.

3.1.1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.3-т “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан. Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн №119/ШШ2023/0028 дугаар шийдвэрийн “ТОДОРХОЙЛОХ хэсгийн 3-т нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 12-ийг дурдаад харин нэхэмжлэлийн шаардлага (1-р хавтасны 54-55 дах тал)-ын гол үндэслэл болсон ҮНДЭСЛЭХ хэсгийн 14-ийг огт тусгахгүй орхисон. Шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгтээ ч энэ талаар дурдаагүй, ганцхан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухай дурдсан. Шүүгч хариуцагч талын гаргасан тайлбар, үндэслэл зэргийг шийдвэрийн Тодорхойлох хэсэгт бүрэн тусгасан төдийгүй Үндэслэх хэсэгт тайлбараас тусгасан. Шүүх ийнхүү нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ач холбогдол бүхий үндэслэлийг шүүхийн шийдвэрийн Тодорхойлох, Үндэслэх хэсэгт тусгахгүй зайлсхийж байгаа нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасны дагуу бодитойгоор үнэлээгүй болохыг нотолж байгаа тул шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй.

3.1.2. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маш тодорхой буюу ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендерт нэгэнт шалгарчихсан учраас гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж өгөхийг даалгах шаардлага байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тендерийг дахин явуулсан тендерийн “сонгон шалгаруулалтын шийдвэр”-тэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй бөгөөд энэ тухайгаа шүүхэд бичгээр болон амаар тайлбарлаж, тухайн дахин явуулсан тендерийн материалыг нотлох баримтаас хасуулах хүсэлт хүртэл гаргасан. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.1-р зүйлийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл”-д заасан тохиолдол үүсээгүй байхад дээрх тендер дахин зарласан шийдвэрийг түдгэлзүүлээгүй бөгөөд ийнхүү нотлох баримтаар үнэлэх ёсгүй дахин явуулсан тендерийн баримтуудыг үнэлж, тус тендерт дахин оролцсон гэдгээр хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн нотлох баримтаар үнэлэх ёсгүй нотлох баримт болох 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл”-ээр мөн “Э” ТӨҮГ нь “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээ байгуулах “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй”-г мэдсээр байж дахин тендер зарлан, сонгон шалгаруулалт явуулсан болохыг нотолдог. (1-р хавтасны 204 дэх тал) Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хэлж, 1-р хавтасны 204 дэх талд авагдсан нотлох баримтыг шүүгчээр уншуулсан боловч шүүгч үл ойшоосон.

3.1.3. Шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-т нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт (дахин зарлагдсан тендерийн материал)-ыг нотлох баримтаар үнэлэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

3.1.4. Тэгсэн атлаа шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 11-д “нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй тендер нь дээрх байдлаар хэрэгжиж дуусгавар болсон, өмнөх захиргааны акт үр дагавар үүсгэхгүй болсон байх тул шүүхээс ... “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар бүхий албан бичгийг илт хууль бус болохыг тогтоох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах” талаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч тендерт шалгараад өнөөдрийг хүртэл гэрээгээ байгуулж чадаагүй болоод үүнтэй холбоотой “даалгах” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гарсан байхад шүүгч “тендер нь дээрх байдлаар хэрэгжиж дуусгавар болсон, өмнөх захиргааны акт үр дагавар үүсгэхгүй болсон байх тул” гэсэн илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Д.С шүүгч өөрийнх нь өмнөх 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэрт заасны дагуу “Э” ТӨҮГ-т “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргуулахаар хандсан боловч “Э” ТӨҮГ 2023 оны 03-р сарын 17-ны өдөр татгалзсан хариу өгсөн тул нэхэмжлэгч шүүхэд хандсан. Гэтэл шүүгч өөрийнх нь өмнөх шийдвэрт заасны дагуу гаргасан дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно. Мөн шүүгч нь “нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй тендер нь дээрх байдлаар хэрэгжиж дуусгавар болсон” гэж “нэхэмжлэлийн шаардлага” болон “дахин зарласан тендер” гэх 2 тусдаа үйл явдал, фактыг хольж хутган, нийлүүлж, нэг л маргаан юм шиг үндэслэлгүй үнэлэлт дүгнэлт өгсөн болно.

3.1.5. Шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 8-д: “нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд маргаан бүхий тендер шалгаруулалт дахин явагдаж, Үнэлгээний хорооны 08 дугаар сарын 14-ний өдрийн №03 тоот шийдвэр гарсан /хх-ийн 208-211 дугаар тал/ гэж шүүхээр маргаан явж байхад хариуцагч тал тендер дахин явуулсан байна гэж зөв дүгнэсэн. Тэгсэн атал мөн хэсэгт үргэлжлүүлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Үнэлгээний хорооны 2022 оны 07-р сарын 20-ны өдрийн 05 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хх-ийн 58-61 дүгээр тал/ нь хэрэгжиж дуусгавар болсон байна” гэсэн зөрүүтэй үнэлэлт өгдөг. “Үнэлгээний хорооны дүгнэлт хэрэгжиж дуусгавар болно” гэсэн хуулийн ойлголт байхгүй. Үнэлгээний хорооны 2022 оны 07-р сарын 20-ны өдрийн 05 дугаартай үнэлгээний дүгнэлтэд ч тийм зүйл огт бичигдээгүй.

Гэтэл шүүгч шийдвэрийнхээ энэ хэсгийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүйн сацуу, өөрийнхөө өмнөх 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэр, шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 болон 14 дэх хэсгүүдтэй зөрчилдсөн, зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнд огт нийцэхгүй, үндэслэлгүй болно.

3.2. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

3.2.1. ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад “Э” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендерийг дахин зарласныг “Б” ХХК олж мэдээд, 2023 оны 07-р сарын 25-ны өдөр “Э” ТӨҮГ рүү “Тендер шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүчингүй болгоогүй учраас 2023 оны 08-р сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлд заасны дагуу ЭҮТӨҮГ/202201158 дугаартай уг “Тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж өгөх хүсэлт” гаргасан (1-р хавтасны 71 дэх тал). Гэтэл шүүх тендер зарласан тухайн шийдвэрийн биелэлтийг дээр дурдсаны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.1-д заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байхгүй байхад түдгэлзүүлээгүй бөгөөд ийнхүү өөрөө тухай актын биелэлтийг түдгэлзүүлээгүй байж, “Б” ХХК-г тус тендерт дахин орсон гэж буруутгасан. “Б” ХХК тус тендерт дахин оролцоогүй бол тендерийн материалыг олж авч, гомдол гаргаж, тендерийг зогсоож чадахгүй байсан төдийгүй тус тендерт оролцсон бусад хуулийн этгээдийг хамарсан бүр өргөн цар хүрээтэй шинэ маргаан үүсэхээс сэргийлж чадахгүй байсан.

Ийнхүү “Б” ХХК-ийн нэгэнт шалгарчихсан тендерийг дахин зарлаад байгааг шүүх түдгэлзүүлж өгөөгүй учраас өөрийнхөө шалгарсан тендерт өөр этгээдийг шалгаруулан гэрээ байгуулахаас сэргийлж, дахин оролцохоос өөр арга үлдээгүй бөгөөд ингэж оролцсоноороо Сангийн яамны 2019 оны 132-р тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ын дагуу тендерийн материалуудтай танилцаж, уг тендерт шалгарах шаардлага хангаагүй этгээдтэй “Э” ТӨҮГ гэрээ байгуулах гэж байсныг зогсоож чадсан. (1-р хавтасны 99-100 тал) Үүнийг ч мөн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн. Мөн хариуцагч тал шүүх хуралдаан дээр шалгарсан компанийг хассан тухай хэлсэн. Анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112-р зүйлийн 112.4-т заасны дагуу тусгай журмаар богино хугацаа (30 хоног, нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах)-д шийдвэрлэдэг маргааныг амрах хугацаандаа өөр шүүгчид шилжүүлж шийдвэрлүүлээгүй, заавал өөрөө шийдэх гэж хугацаа алдуулж, дээрх тендер дахин зарласан шийдвэрийг түдгэлзүүлэх асуудлыг цаг хугацаанд нь шийдээгүй. Захиргааны хэргийг 2023 оны 07-р сарын 28-ны өдөр үүсгэсэн. Шүүгч 2023 оны 09-р сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг “тендерийн урилга” нь захиргааны акт биш “тендерт оролцохыг уриалсан зар” гээд “хангахгүй” орхиж шийдвэрлэсэн (1-р хавтасны 104 дэх тал). Шүүх хүсэлтийг сонгон шалгаруулалт яваад, нэхэмжлэгч “Б” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаад. Сангийн яам сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсний дараа хүсэлтийг шийдвэрлэсэн.

3.2.2. Шүүх дээрх маргаан нь явж байхад, шүүх дурдсаны дагуу тус тендерийг дахин зарласан шийдвэрийг түдгэлзүүлж өгөөгүй, мөн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 8-д: “нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд маргаан бүхий тендер шалгаруулалт дахин явагдсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байж, “Б” ХХК-ийг уг тендерт дахин оролцсон гэж буруутган, Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ээр нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байсан гэдэг үндэслэлээр манай “Гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй хоорондоо авцалдаагүй үйл явдлуудыг хольж хутгасан, ямар ч логикгүй шийдвэр гаргасан.

3.2.3. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.2-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор... хариу тайлбар, нотлох баримтаа гаргаж ирүүлнэ” гэснийг үндэслэн “Э” ТӨҮГ-аас 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн (1-р хавтасны 112 тал) “Нотлох баримт гаргуулах тухай” 238 тоот албан бичгээр нотлох баримт гаргуулан авах болсон. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбараа 2023 оны 08-р сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байсан (1-р хавтасны 66-68 дахь тал). Гэтэл шүүгч “нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой” нотлох баримт гаргуулан авах нэрийдлээр бүтэн нэг сар гаран хугацааны дараа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтыг “... маргаан бүхий тендертэй холбоотой бүх баримтууд”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.2, 38.4-т заасан шаардлагыг хангуулан гаргуулан авна гэдэг. Шүүхийн гаргуулан авсан баримт материалыг нэхэмжлэгч тал нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон тул нэхэмжлэгч тал хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримт материалтай танилцах шаардлагатай болсон. Тэгтэл “Э” ТӨҮГ-аас дутуу баримт материал (“Тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн урилга”: 1-р хавтасны 115-189; Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд: 190-233)-ыг ирүүлээд зогсохгүй, мөн ирүүлсэн баримт материал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.2, 38.4-т шаардлагыг хангаагүй (1-хавтасны 243-250 дахь тал, 2-р хавтасны 1-18 дахь тал) байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5, 6-д дүгнэлт хийсэн.

Шүүх энэхүү 119/2023/0030/3 хэргийн индекстэй хавтаст хэргээс гадна Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэртэй хэрэгт хамаарах 119/2022/0067/3 хэргийн индексийн дугаартай хавтаст хэрэг татан авсан байсан бөгөөд тухайн хавтаст хэрэгт авагдсан тендерийн баримт материалтай нэхэмжлэгч тал танилцсан байсан тул шүүхээс өөрөө санаачлан гаргуулан авсан нотлох баримт болох дахин тендерийн баримт материал маш дутуу байгааг шүүх хуралдаан дээр хэлсэн боловч шүүх үүнийг үл ойшоон хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тендерийн Үнэлгээний хорооны 4 хурлын тэмдэглэл (1-р хавтасны 208-211, 212-214, 215-217, 232-234)-ээс зөвхөн нэг тэмдэглэл (2023 оны 08-р сарын 11-ний өдрийн)-ийг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 (1-р хавтасны 208-211 дэх тал)-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47-р зүйлийн 47.7-г баримтлан үндэслэл болгон дүгнэсэн. Ийнхүү дүгнэлт хийж шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан Сангийн Яамны 2023 оны 08-р сарын 25-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх” тухай албан бичгийг огт харгалзаж үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно (1-р хавтасны 243, 99-100 дахь тал).

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

3.3.1. Анхан шатны шүүхийн шүүгч Д.С нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны дэгийг огт баримтлаагүй, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа ярих, хариуцагчид хариу тайлбараа хэлж, хоорондоо мэтгэлцэх боломжоор хангаагүй, шууд нотлох баримт шинжлэн судлаад, асуулт хариулт гээд хуралдааныг дуусгасан.

3.3.2. Шүүх өөрөө нотлох баримтаар үнэлсэн 2023 оны 07-р сарын 08-ны өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендерийн материал гэх (шүүгч тендерийн материал гаргуулъя гэсэн боловч хариуцагч зөвхөн тендерийн зааварчилгаа гаргаж өгсөн) дээр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тайлбар хэлэхэд хэлүүлээгүй, нотлох баримтын талаар ярих гэхээр яриаг нь шууд тасалж яриулаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-р зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжих боломж олгоогүй. Ийнхүү шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин байж хуралдааныг явуулсан нь, мөн түдгэлзүүлж болохгүй нөхцөл үүсээгүй байхад дахин тендер зарласныг түдгэлзүүлээгүйгээр үл барам дахин тендертэй холбоотой материалыг уг нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй байхад нотлох баримтаар үнэлж, зөвхөн тухайн тендерт дахин орсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүгчийг хуралдаанаас өмнө аль хэдийн шийдвэрээ гаргачихсан байсныг нотолж байна. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасны дагуу Үнэлгээний хорооны 2022 оны 07-р сарын 20-ны өдрийн 05 дугаартай Үнэлгээний дүгнэлт буюу тендерт шалгарсан шийдвэр нь аль хэдийн гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийн дагуу “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ гаргахгүй хохироосоор байгаа.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэр гарсны дагуу хуулийн шат дарааллаар “Э” ТӨҮГ, түүний удирдах дээд байгууллага болон шүүхэд хандаад явж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэж чадахгүй байна. Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн №119/ШШ2023/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
  2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Э” ТӨҮГ-т “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрх олгох” шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, уг эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж тодорхойлж, түүний үндэслэлээ “...гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байсан тул компанийн зүгээс ... 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Э” ТӨҮГ-т “хүсэлт” гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр татгалзсан хариу авсан ... шүүхийн шийдвэрийн ... дагуу “Э” ТӨҮГ нь “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үр дагаврыг үүсгэсэн ... Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай Үнэлгээний дүгнэлт буюу тендерт шалгарсан шийдвэр нь аль хэдийн гарсан байгаа ...” гэж тодорхойлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
  3. Хэргийн оролцогчдоос шүүхэд бичгээр гаргасан тайлбарууд, тэдгээр нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох ““Б” ХХК-тай байгуулах эрх олгох” шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг байх бөгөөд талууд шийдвэрийг “хууль бус” болох талаар маргасан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт “илт хууль бус” гэсэн нь шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөхөд нөлөөлөхгүй, маргаан бүхий актыг “хууль бус” гэж бичихийг “илт хууль бус” гэж бичсэн бичиглэлийн алдаа байна гэж үзлээ.
  4. Маргаан бүхий үйл баримтын талаар:
    1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан 2022 онд гэрээ байгуулах эрх олгохыг даалгахтай холбоотой нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан байх бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Э” ТӨҮГ-ын Ерөнхий Захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг хүчингүй болгосугай” гэж 2 дахь заалтаар “...Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
    2. Хариуцагч “Э” ТӨҮГ нь маргаан бүхий акт болох 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаартай шийдвэр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн “Б”ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул тендер шалгаруулалтыг дахин зарлах болсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. /1-р хх-ийн 12-13 дахь тал/,
    3. Үүний дараа нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 тоот албан бичигтэй холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасан байх бөгөөд тус газраас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/687 тоот албан бичгээр холбогдох байгууллагад нь хандах нь зүйтэй гэсэн хариу өгчээ.
    4. “Б”ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШЗ2023/0151 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2023/0535 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
    5. Үүний дараа нэхэмжлэгч “Б” ХХК нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа “Э” ТӨҮГ-т “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, уг эрх олгох шийдвэр гаргахыг даалгах гэж тодорхойлж нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 07 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
    6. Дээрх хугацаанд “Э” ТӨҮГ дахин тендер шалгаруулалт явуулах талаар мэдэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тендерийн урилга зарлагдсан байна.
  5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар:
    1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Тендерийн урилгаас үзэхэд “Э” ТӨҮГ нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-ээс 8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендерийг нийтэд зарлан www.tender.gov.mn цахим хаягт байршуулан Тендерийн баримт бичгийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх, тендерийн нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулахаар тендер дахин зарласан нь:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1.-д “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.” гэсэн заалттай нийцсэн байна.

    1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээр дурдсан тендерийн урилгын дагуу тендерийн материалаа бүрдүүлэн өгч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тендерийн нээлт, тендер шалгаруулалтад оролцсон болох нь “Э”ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 11, 14, 21-ний өдрүүдийн хурлын тэмдэглэл (Үнэлгээний дүгнэлт), 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас “Б” ХХК нь тендерт материалаа ирүүлэн оролцсон болохыг нотолсон хоёр талын тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.-д “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно.”, 5.1.6.а.-д “дангаараа тендер ирүүлсэн этгээд;” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
    2. Түүнчлэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны маргаантай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээс өмнө өөрийн сайн дураар хариуцагчийн дахин зарласан тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцож үнэлгээний хорооны хуралд оролцсон (2023.08.14-ний өдөр) гишүүдийн 100 хувийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Шаардлагад нийцээгүй тендер” гэж дүгнэгдсэн болох нь нотлогдож байна.
    3. Мөн тендер шалгаруулалтад сайн дураар оролцох, тендер зохион байгуулах эсэхтэй холбоотой ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцох, үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:
    1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;”, 30 дугаар зүйлийн 30.4.1.-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах;” гэж зааснаар Тендер дахин зарлаж явуулах эрх нь тендерийн хорооны бүрэн эрхэд хамаарч байх тул хариуцагч “Э” ТӨҮГ-ыг тендер дахин зарлан шалгаруулсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
    2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д “Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.” гэж заасан тул тухайн тендерийн шаардлагыг хангасан ямар ч хуулийн этгээд тендерт оролцох эрх нь нээлттэй байдаг.
    3. Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “...ямар хууль бус ажиллагаа явуулж байгааг мэдэхийн тулд манай компани нь дахин зарласан тендерт оролцсон” гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаагүй байх үед өөрийн сайн дураар хариуцагчийн дахин зарласан нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хууль зүйн үр дагавар үүсгэсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
    4. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын 2023 оны 08 дугаар сард дахин зарласан нээлттэй тендерт нэхэмжлэгч “Б” ХХК оролцсон үйл баримтад хууль зүйн хувьд дүгнэлт өгөөгүй ба энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “...нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй тендер нь дээрх байдлаар хэрэгжиж дуусгавар болсон, өмнөх захиргааны акт үр дагавар үүсгэхгүй болсон ...” гэсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.
    5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б” ХХК сайн дурын үндсэн дээр 2023 оны 08 дугаар сард дахин зарласан ЭҮТӨҮГ/202201158 дугаартай тендерт материалаа бүрдүүлж оролцсоныг хариуцагч “Э” ТӨҮГ нь тендерийн материалыг хүлээн авч дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдсан хууль ёсны харилцаа бөгөөд энэ нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэнтэй нийцжээ.
    6. Үүнээс үзвэл “Б” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахаас татгалзсан “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 тоот албан бичгийг “хууль бус” гэж үзэх, хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тохиолдолд “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
    7. Дээр дурдсан баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
    8. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн заалтыг баримталсан байх тул тус хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2023/0028 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1” гэснийг хасч бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

                   ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА