Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Х.Одбаяр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч М.Өлзиймаа,  

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Л.Цэндсүрэн,

Хохирогч Ц.Сайнзаяа, Х.Лхагвасүрэн,

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Ариунболд, /ҮД: 1331/,

Гэрч Ц.Лхагвасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, /ҮД:722/, Б.Тэнгис / ҮД: 518/,

Шүүгдэгч Б.Сайнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяад холбогдох эрүүгийн 201526030696 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд ооловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 60 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ  “Дээжис” караокег түрээслэн ажиллуулж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: КЮ76013008 / Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяа нь:

-  2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “ намайг гичий, авгай” гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, Л.Амарсанаагийн хувцасны захнаас нь хоёр гараараа заамдаж түлхэн унагаасны улмаас Л.Амарсанаагийн биед хүнд гэмтэл учирсан, Л.Амарсанаа нь уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-нд нас барсан ба Б.Сайнтуяа нь бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / 1-р хавтас 1-13 х /,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / 1-р хавтас 14-17 х /,

Хохирогч Х.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний хүү Л.Амарсанаа нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны караокены урд хүнд түлхүүлээд унан ухаан алдан Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод  2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  хагалгаанд орж, эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны нас барсан. Талийгаач Л.Амарсанаа нь 1985 оны 04 дүгээр сарын 28-нд  Улаанбаатарт төрсөн, эхээс тавуулаа миний том хүү байсан юм. Миний хүү Л.Амарсанаа  аав, ээж, дүү нартаа бүгдэд нь тусалж, гэрийн бүх юмыг хийдэг ажилтай хүүхэд байсан. Миний  хүү даруухан, их зөөлөн сэтгэлтэй, хүнтэй эв найрамдалтай, анги хамт олондоо нэр хүндтэй, үг сөрж хэрүүл хийж байгаагүй, 30 нас хүртлээ аав, ээжийнхээ өөдөөс ширүүн үг хэлж үзээгүй, ухамсартай хүмүүжилтэй хүүхэд байсан. Талийгаач Л.Амарсанаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины мэс заслын хагалгаанд 2015 оны 08 дугаар сарын 24-нд орсон.  Тархины гавал яс цууарлттай, дээд тапд нь ясны үйрэлттэй, баруун талын тархинд  цус хурапт, тархинд харвалттай, гол судас тасарсан, тархины наалдангатай гэсэн оноштой хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон ба биеийн байдал хүндэрч магадгүй шүү гэж эмч нь бид нарт хэлж байсан юм. Тэгээд хэвтэж эмчлүүлж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Би тапийгаач хүү Л.Амарсанааг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь орж харахад хоёр нүд нь ягаан эрээн болж хавдсан, цээжний аймхай хэсэгт хөхөрч няцарсан, толгойн чихний ар хэсэгт хагалгаа хийсэн оёо тавьсан, хүзүүний зүүн талд хойд талаас урагш чиглэсэн улаасан, хүрэнтсэн, үрэгдэж зулгарсан ором байсан. Өөр ил харагдах шарх, сорви байгаагүй. Бид эрүүл саруул хүүгээ алдсан явдалд гомдолтой байна....” гэжээ. / 1-р хавтас 46-52 х, 2-р хавтас 247х /,

Гэрч М.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Сайнтуяагийн баруун мөр рүү зөөлөн цохиод “тавиач гэж хэлэхэд Сайнтуяа тавьсан, би Сайнтуяагийн урдаас харсан байсан ба Амарсанаа,и Сайнзаяа хоёрыг харах боломжгүй байсан. Сайнтуяа гараа тавиад Амарсанаагийн өөдөөс ямар нэгэн самардах, маажих, өшиглөх, цохих  хөдөлгөөн хийгээгүй. Гэнэт ар талд “пид”хийх чимээ гарахаар нь эргээд хартал Амарсанаа микроны баруун хойд тал уруу микро дагаад газар уначихсан байсан...Тэгээд бид нар сандраад 13 дугаар хорооны хүн эмнэлэгийн хүлээн авахад Одончулуун бид хоёр оруулсан....” гэжээ. / 1-р хавтас 56-60, 3 дугаар хавтас 139 х /

Гэрч Ц.Сайнзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Мөнгө өгсөний дараа манай нөхөр Л.Амарсанаа “өгөхийн хооронд юун сүртэй авгай вэ” гэж хэлсэн. Тэгсэн Б.Сайнтуяа “ Чи намайг авгай гэж хэллээ, би хүнд авгай гэж хэлүүлэх дургүй, намайг авгай болгоод байгаарай ” гээд талийгаач нөхөр Л.Амарсанаагийн өмсөж явсан захтай футболкны захнаас нь хоёр гараараа заамдаж аваад боосон юм. Л.Амарсанаа мөн Б.Сайнтуяагийн цамцнаас нь барьсан байсан юм. Тэгэхээр нь би “Б.Сайнтуяа эгчээ манай нөхөр согтуу байна. Би одоо нөхрөө аваад явья, та тавьчих ” гэж зөндөө гуйсан. Тэгтэл Эрдэнэбилэг “ согтуу байж хүнтэй маргалдаад яах вэ одоо болио ” гээд салгах гэсэн боловч Б.Сайнтуяа гэх эмэгтэй заамдаад зууралдаад бүр тавихгүй байсан. Тэгээд Б.Сайнтуяа манай нөхөр Л.Амарсанааг заамдсан  гараараа хойш түлхсэн бөгөөд Л.Амарсанаа хойшоогоо микроны дугуйны харалдаа хатуу цементэн гадаргуу дээр толгойгоороо саваад хүчтэй таг гээд дуу гаргаад унасан. Би унахаар нь гүйж очиход талийгаач ухаангүй болчихсон, толгойг нь өргөхөд чихний ар талаас цус гарсан ба миний гар цус болсон. Тэгээд эмнэлэгийн үүдийг нүдээд эмчийг нь дуудаад эмнэлэгт оруулж анхны тусламж үзүүлсэн. Манай нөхөр Л.Амарсанаа, Б.Сайнтуяа хоёр харилцан бие биенийгээ хоёр гараараа заамдсан байсан. Би тухайн үед хажууд нь байсан тул түлхэхийг нь харсан…”

“... Миний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл хавтас хэрэгт авагдсан баримтаас өөр нэмж нэхэмжпэх зүйл байхгүй. Талийгаач “авгай” гэдэг үгийг хэлсэн. Тэр үед Б.Сайнтуяа маш их ууртай, сэтгэлийн хөөрөлтэй байсан. Б.Сайнтуяагаас хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа царай олж хараагүй. Бид нараас уучлалт гуйгаагүй. Намайг хохь чинь гэж хэлсэн....”

“... Б.Сайнтуяа эхэлж “чи намайг авгай гэж хэлдэг хэн бэ” гээд Л.Амарсанааг заамдаж авсан. Л.Амарсанаа түлхэлтээс болж газарт унасан. Б.Сайнтуяа түлхэж газарт унагаасан. Б.Сайнтуяа нь талийгаачийг амьд байхад би түлхсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байснаа нас барсны дараа мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Б.Сайнтуяа өөрөө эхэлж “чи намайг авгай гэж хэлдэг хэн бэ, би хүнд авгай гэж хэлүүлэх дургүй ” гэж уурлаад Л.Амарсанааг заамдаж авсан. Би Б.Сайнтуяагаас “та гараа тавьчихаа, би нөхрөө аваад явья, миний нөхөр согтуу байна ” гэсэн. Тэгээд Б.Сайнтуяа гараа тавих үедээ Л.Амарсанааг түлхсэн. Б.Сайнтуяа манай нөхрийн захтай футболкных нь хоёр захнаас хоолой руу нь хүчтэй, шахаж, боож заамдаж барьсан байсан. Л.Амарсанаа Б.Сайнтуяагийн цамцны энгэрээс заамдсан байсан, М.Эрдэнэбилэг ирээд “эмэгтэй хүнийг яах гэж заамдаж байгаа юм ” гээд Л.Амарсанаагийн гарыг салгасан. Л.Амарсанаа гараа тавиад удаагүй байхад Б.Сайнтуяа түүнийг түлхсэн. Б.Сайнтуяа хоёр гараа тавихдаа хоёр гараараа түүнийг хойшоо хүчтэй түлхсэн. Хэрэв сул түлхсэн бол Л.Амарсанаа тэгж хойшоо хүчтэй савж унаж, тархиараа гэмтэхгүй шүү дээ. ...” гэжээ. / 1-р хавтас 74-82 х, 3-р хавтас 1-5, 130-131, 133 х /,

Гэрч Л.Энхболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…“ Дээжис”  караокеноос Л.Амарсанаа эхнэртэйгээ, караоке ажиллуулдаг Б.Сайнтуяа нар гарч ирсэн. Тэд хоорондоо хэрэлдээд байсан. Б.Сайнтуяа гарч ирээд Эрдэнэбилэгээс караокены 16.000 төгрөг нэхсэн ба Эрдэнэбилэг бид хоёр хувааж өгсөн. Л.Амарсанаа, Б.Сайнтуяа нар хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцсан микроны ар талд орсон. Одончулуун, Нямбат бид гурав микроны урд тамхи татаж  байсан ба  микроны ард хүмүүсийн хэрэлдээд, маргалдаад байгаа сонсогдож байсан.  Тэднийг салгах гээд Эрдэнэбилэг явсан. Удалгүй Л.Амарсанаа уначихлаа гээд орилолдоод байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол Л.Амарсанаа газар унасан, ухаангүй, толгой хэсгээс нь цус гарсан байдаптай байсан. Очоод Л.Амарсанааг босгох, сэрээх  гээд 2-3 удаа биеийг нь сэгсэрсэн боловч сэрээгүй. Тэгээд Л.Амарсанааг Одончулуун,  Эрдэнэбилэг  хоёр дамжилж эмнэлэг рүү өргөж оруулсан. Караокены Б.Сайнтуяа “ чи намайг гичий авгай гэж хэллээ, намайг гичий авгай гэдэг хэн бэ” гэж хэрэлдэж байсан.  Л.Амарсанааг Б.Сайнтуяа энгэрээс нь заамдаад микроны ардуур орсон. ...” гэжээ. / 1-р хавтас 93 х /,

Гэрч Э.Баярмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... Би 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шөнө Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хонож ажилласан юм. 8 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчим гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гартал зүс таних Б.Сайнтуяа, Ц.Сайнзаяа нар нь 2-3 залуучуудтай байсан ба нэг хүн нь газар унасан байдалтай байсан.  Б.Сайнтуяаг Ц.Сайнзаяа нь манай нөхрийг түлхээд унгаачихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би унасан хүнийг харахад дээшээ харсан байдалтай, зүүн хөлөө хагас нугалсан, баруун хөлөө дотогш нугалсан байдалтай байсан ба ухаангүй байсан. Ухаангүй хэвтэж байхад гэрэл тусгаж харахад толгойны баруун хэсэг цус болсон, зүүн чихнээс нь цус гарсан байсан. Нүд рүү нь гэрэл тусгаж харахад зүүн нүдний дээд зовхи бага зэрэг хавдартай байсан бөгөөд хэсэг хугацааны дараа чернилэн ягаан өнгөтэй болсон ...” гэжээ. / 1-р хавтас 95-96 х /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1532 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: суурь ясны зүүн дунд хонхорын дунд хэсгээс дээш зүүн зулай, чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн урд хонхорын төв хэсгийн цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл  дээрх цусжсан хураа авах мэс заслын дараах байдал, тархины зүүн зулай, чамархайн  ар хэсэг, дагзны дэлбэн,  баруун зулай, дагзны дэлбэн, зүүн чамархайн дэлбэн, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун зүүн  чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна, дотно хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул цусанд этилийн спирт үзэх боломжгүй.

4. Талийгаач нь үхэлд хүргээгүй, уушигны хатгалгаа, элэгний хатуурал бүхий өвчтэй байжээ.

5. ГССҮТ-ийн ЭЭМТ-н 9074 тоот өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач нь  В (III)-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

7. ГССҮТ-ийн ЭЭМТ-н 9074 тоот өвчний түүхэнд дурьдсанаар нас барсан 2015.08.28 1045 цаг, 2015.08.28-ны өдрийн 1315 минутад  талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 2-4 цаг болсон байна гэжээ...” /  1-р хавтас 138-141 х /,

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ : "... Талийгаачийн баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна салстын цус харвалт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргөлдөх, унах хүчин зүйлээр үүсгэгдсэн. Талийгаачийн баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна салстын цус харвалт гэмтэлүүд нь суурь ясны хугаралттай холбоотойгоор илрэн гарах боломжтой. Хүзүүний цус хуралт бүхий гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Хэрэг болсон гэх үед талийгаач нь заамдуулсаны улмаас амьсгал бүтэлтэнд орж ухаан алдаж унасан эсэхийг тогтоох боломжгүй...” гэжээ.  / 1-р хавтас 142-145 х /,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 819 тоот дүгнэлтэнд:

  1. Б.Сайнтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Б.Сайнтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Сайнтуяа нь асуултанд үнэн зөв хариулах чадвартай байна.
  4. Б.Сайнтуяа нь хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Сайнтуяа-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” гэжээ. / 1-р хавтас 164 х /,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1070 тоот дүгнэлтэнд:

1. Б.Сайнтуяа нь 2015.08.22-ны өдөр хохирогч Л.Амарсанаатай маргалдах үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

2. Б.Сайнтуяа нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

3. Б.Сайнтуяа нь хэрэг учрал болох үед буюу 2015.08.22-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байсан байна.  Жирэмслэлт нь сэтгэцийн байдалд нөлөөлсөн гэх шинж байхгүй байна…” гэжээ. / 3-р хавтас 125-127 х /,

Гэрч Б.Одончулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Л.Амарсанаа, Б.Сайнтуяа нарын хооронд болсон үйл явдлын үед хажууд нь Эрдэнэбилэг, Л.Амарсанаагийн эхнэр хоёр байсан. Би машины урд талд сууж байсан. Тэд машины хойд талд хэрэлдэж байсан учраас харах боломжгүй байсан. Таг гээд дуугарахаар нь очтол Л.Амарсанаагийн толгой цус болсон байсан…” гэжээ. / 3-р хавтас 135х /,

Шүүгдэгч Б.Сайнтуяаг 2015.08.24-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 204-205, 206-208 /, 2015.10.06-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1-р хавтас 210-212, 213, 3-р хавтас 13, 143 /,                                                                                                                                                                                                     Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хавтас 241 х / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сайнтуяа мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэсвсгэрт байрлах “Дээжис” караоке дотор талийгаач Л.Амарсанаа эхнэртэйгээ хамт хүний цаг дээр орж ирчихээд дуулж, тэр хүмүүсийн пиво-г уучихаад тооцоогоо хийхгүй орж гараад байсан. Тэгээд гарах гэхээр нь би “та хоёр хүний цаг дээр орчихоод тооцоогоо хийгээч” гэхэд тооцоогоо хийхгүй гарч гүйгээд байсан. Тэгээд би караокед орж хогийн шүүр, хутгуур хоёроо аваад ноол орчихоод гараад ирэхэд талийгаач гараад явчихсан байсан. Эхнэр нь зогсож байсан. Тэгээд би хогийн шүүр, хутгуур хоёроо тавчихаад гараад ирэхэд эхнэр нь гараад явчихсан байсан. Талийгаачийн эхнэр гадаа үүдэн дээр байхад би талийгаачийн эхнэртэй ганц ч удаа юм яриагүй. Эмнэлгийн үүдэн дээр талийгаачтай ч юм яриагүй. Анх надаас цаг авсан М.Эрдэнэбилэгтэй харилцаж “М.Эрдэнэбилэгээ тооцоо хийгээч, манайх хаах гэж байна” гэж хэлж байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд орох гэтэл талийгаач намайг “гичий авгай чинь” гээд араас татсан. Тэгээд би эргэж хараад талийгаачтай харилцан заамдалцаж, түлхэлцэж байгаад ийм хэрэг болсон. Санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Хохиролд 6.850.000 төгрөг төлж барагдуулсан. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Миний хүүгийн амь өчүүхэн юм шиг санагдаж байна. Би хүүхдээ алдаад хоёр жил болж байна. Миний хүү хийж бүтээх насан дээрээ байсан залуу хүн. Миний хүүхдийг өөрөө нас барсан юм шиг ярьж байна. Манайхан “гичий” гэдэг үгийг хэзээ ч хэлэхгүй, манай үгийн санд тийм үг байхгүй. “Гичий” гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин авгай гэж хэлсэн байх боломжтой. Би хүүгийнхээ амийг амиар нь солимоор байна гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сайнзаяа мэдүүлэхдээ:  Би хайртай нөхрөө алдаад 1 жил гаруй болж байна. Шүүх хуралдааны дараа миний сэтгэл санаа маш их хямардаг. Энэ хэргийг хурдан шийдүүлэхийг хүсэж байна. Би Б.Сайнтуяаг гэмшиж байгаа гэж бодохгүй байна. Манай тэр хавийн  захын хүнээс Б.Сайнтуяагийн зан аашийг асуухад хэлээд өгнө. Манай талийгаач нөхрийг ямар зан ааштай байсныг ч хэлээд өгнө. Миний гурван хүүхэд өнөөдөр ямар байдалтай үлдсэн билээ тэгэхэд Б.Сайнтуяа нь “Монголын хууль надад үйчлэхгүй, ял авахгүй” гээд баярлаад явж байсан гэж би сонссон. Надад Б.Сайнтуяа нь дэлгүүр өгнө гэж хэлээд уучлалт гуйж орж ирсэн. Б.Сайнтуяад хэзээ ч дэлгүүр байгаагүй, байдаггүй. Өөрийнх нь ажилуулж байсан дэлгүүр нь түрээсийнх. Б.Сайнтуяа нь тухайн хэргээс хойш 2,3 сар уулзаагүй хэрнээ миний ээжийг харваж эмнэлэгт ухаангүй байхад “дэлгүүр өгье, хүнсний 100.000 төгрөг өгье дансаа өгчих” гэж орж ирсэн. Манай нөхөр “гичий” гэдэг үгийг хэлээгүй. Харин “авгай” гэдэг үгийг хэлсэн. Б.Сайнтуяа нь олон нийттэй харилцдаг хүн байж яагаад “авгай” гэдэг үгэнд уурласан юм бэ?, “авгай” гэдэг үгийг яагаад зүгээр өнгөрөөж болоогүй юм бэ? гэж бодож байна.  Б.Сайнтуяа нь зан ааш нь бардам, дээрэнгүй зантай гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Би хохирогчийн эгчийг нь таньдаг юм.  Б.Сайнтуяаг бол танихгүй. Б.Сайнтуяаг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст анх харсан. Би тухайн үед Гэмтлийн эмнэлэгт хүн эргэж яваад хохирогчийн ар гэрийнхэнтэй таарсан юм. Тэднийг гэртээ харина гэхээр нь машинд нь дайгдаад сууж явсан юм. Тэднийг Цагдаагийн хэлтэс ороод гаръя гэхээр нь хамт орсон. Тэгээд надтай хамт явсан хүмүүс Б.Сайнтуяатай уулзахад “ Би танай дүүг авгай гэж хэлэхээр нь дургүйцэж заамдаж авсан нь миний буруу” гэж хэлж байхыг нь сонссон. Гэхдээ надад хандаж энэ талаар хэлээгүй. Би тэдний яриан дундуур нь орж “ Заамдаж авах ямар шаардлага байсан юм бэ? Миний дүү цагдаа дуудаад өгсөн бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан шүү дээ” гэж хэлэхэд Б.Сайнтуяа нь “Харин тийм ээ миний буруу. Тэгдэг байж ” гэж хэлж байсан. Надтай түүнээс хойш Б.Сайнтуяа уулзаагүй. Одоо  шүүх хурал дээр л  харж байна.  Б.Сайнтуяаг зүсээр нь таньж байна гэв.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сайнтуяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж   ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Сайнтуяагийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээрээ үгүйсгэгдэж байх ба энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал юм.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба  санаатай үйлдэл / эс үйлдэхүй / хийсний улмаас хүн нас барсан байх бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж хоёр ангилдаг бөгөөд хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог.

Харин шууд бус санаатай бусдыг алсан гэдэг нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн байдаг бөгөөд шүүгдэгч Б.Сайнтуяа нь хор уршгийг хүссэн эсвэл зориуд санаатай хүргэсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Сайнтуяа нь амь хохирогч Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “ гичий, авгай “ гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, заамдалцсан ба улмаар М.Эрдэнэбилэгийн салгах тэр үед амь хохирогч арагшаа саван унаж гавал тархины битүү гэмтэл авч уг гэмтлийн улмаас үхэж болохыг  Б.Сайнтуяа нь урьдчилан мэдээгүй, ухамсарлаагүй байх ба харин тухайн болсон үйл явдал, хэргийн нөхцөл байдлаас харахад амь хохирогч уг үйлдлээс хор уршиг учирч үхэж болохыг шүүгдэгч Б.Сайнтуяа нь урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан нь хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Сайнтуяа нь хор уршгийг субъектив талын хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч объектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, мэдэх боломжтой, уг үйлдлээс гарах үр дагаварт хайрамжгүй хандсан гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хэргийн газарт, үйл явдлыг тодорхой мэдэх гэрч М.Эрдэнэбилэг, амь хохирогчийн эхнэр хохирогч Ц.Сайнзаяа нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

- Гэрч М.Эрдэнэбилэгийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн“...Би Б.Сайнтуяагийн баруун мөр рүү гараараа зөөлөн цохиод тавиач гэж хэлэхэд Б.Сайнтуяа тавьсан, би Б.Сайнтуяагийн урдаас харсан байсан ба Л.Амарсанаа, Ц.Сайнзаяа хоёрыг харах боломжгүй байсан. Б.Сайнтуяа гараа тавиад Л.Амарсанаагийн өөдөөс ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, самардаж маажих, өшиглөх, цохих хөдөлгөөн хийгээгүй. Гэнэт миний ар талд пид хийх чимээ гарахаар нь эргээд хартал Л.Амарсанаа микроны хойд тал уруу дагаад газар уначихсан байсан “, “ Талийгаач Амарсанаа болон Б.Сайнтуяа нар нэг нэгнийгээ хоёр гараараа өмсөж байсан хувцасны энгэр хавиас нь барьсан байсан. Яг зах хэсгээс нь бариагүй байсан юм. Тэр хоёр хэн нэгнийгээ зодож, цохих, маажих, самардах, өшиглөх, хөдөлгөөн хийгээгүй юм...“ гэх мэдүүлэг / 1-р хавтас-55-57, 60 хуудас /,

-  2016.01.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс гэрч М.Эрдэнэбилэгийн “... Б.Сайнтуяа, Л.Амарсанаа хоёр заамдалцсан байсан...би Б.Сайнтуяа руу хараад гарыг нь цохиод зогсож байсан... Б.Сайнтуяа Л.Амарсанаад хүч үйлчилсэн үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг / 2-р хавтас 181 хуудас /,

- Гэрч Ц.Сайнзаяагийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “... Сайнтуяа гэдэг эмэгтэй манай талийгаач нөхрийн ширүүн захтай фудволкны захнаас хоёр гараараа заамдаж барьсан байсан, тэгээд тавихдаа түлхсэн. Хоорондоо нэг нэгнийгээ самардаж, маажилцаж байсан зүйл байхгүй ...“ гэх мэдүүлэг / 1-р хавтас 82 хуудас /,

- 2016.01.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс гэрч Ц.Сайнзаяагийн “... Б.Сайнтуяа манай нөхрийг “ авгай  “ гэж хэллээ гээд фудволкны энгэрээс нь заамдаж авсан. Би “та тавьчихаа, манай хүн согтуу байна” гэж зөндөө хэлсэн. Тэгтэл Б.Сайнтуяа “ хүн намайг авгай гэж хэлж байгаагүй “ гээд манай нөхрийг хойш нь түлхсэн. Тэгтэл манай нөхөр арагшаа цементэн дээр унахад таг гээд дуугарсан...” гэх мэдүүлэг / 2-р хавтас 179 хуудас /

- 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Сайнзаяагийн хохирогчоор өгсөн “...Тэр хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар нэг нэгнийгээ цохих, маажих, самардах хөдөлгөөн хийгээгүй, зодолдсон зүйлгүй...” гэх мэдүүлэг / 3-р хавтас 2-3 хуудас /,

- 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц.Сайнзаяагийн хохирогчоор өгсөн “... Би Б.Сайнтуяагаас “гараа тавьчихаа” гэж гуйхад тэр заамдсан гараа тавьсан бол манай нөхөр ч гараа тавих байсан. М.Эрдэнэбилэг ирээд “ эмэгтэй хүнийг яах гээд заамдаж байгаа юм бэ “ гээд  манай нөхөр Л.Амарсанаагийн гарыг салгасан...энэ үйл явдал хэсэгхэн хугацаанд болсон. ..,Б.Сайнтуяа Амарсанааг заамдсан байсан хоёр гараа тавихдаа түүнийг хойш нь түлхсэн. Хүчтэй түлхсэн. Хэрэв сул түлхсэн бол Амарсанаа тэгэж хойшоо хүчтэй савж унаж, тархиараа гэмтэхгүй шүү дээ...” гэх мэдүүлэг / 3-р хавтас 130-131 хуудас /,

- 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрч М.Эрдэнэбилэг, хохирогч Ц.Сайнзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл:

- Хохирогч Ц.Сайнзаяа “...Миний өгсөн мэдүүлэг үнэн. Гэрч Эрдэнэбилэг худал мэдүүлээд байна. Анх Эрдэнэбилэг мэдүүлэг өгөхдөө “ Сайнтуяа Амарсанааг түлхсэн “ гэж мэдүүлж байснаа шүүх хурлаас эхлээд яллагдагчийн талд буюу мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Яагаад өөрчлөх болсныг Эрдэнэбилэг хариулах байх...Ерөөсөө түлхэх үед Л.Амарсанаа газарт унасан...” гэв.

- Гэрч М.Эрдэнэбилэг “...Энд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй. Би талийгаачтай нэг газар ажиллаж байсан. Би талийгаач болон Сайнтуяа нарын хэн нэгний талд худал мэдүүлэг өгөөгүй. Би тэр хоёрыг салгасны дараа унасан гэдгийг хэлсэн. Хэн нэгнээс нь эд хөрөнгө аваад худал ярьж байгаа юм биш ээ. Би энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдээсэй гэдэг үүднээс л үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн...Би бараг тэр хоёрын дунд байсан. Хэрэв Сайнтуяа Амарсанааг түлхсэн бол миний урдуур гар нь явах байсан. Би Сайнтуяаг түлхээгүй гэдэгт итгэлтэй байна...хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэдэг үүднээс үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Би талийгаачтай хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан гээд худал ярьж болохгүй шүү дээ. Иймээс би шүүх хурал болон энэ удаад ч үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байгаа юм ... ” / 3-р хавтас 140-143 хуудас / зэрэг мэдүүлгүүдээс харьцуулан дүгнэж үзвэл  шүүгдэгч Б.Сайнтуяа нь амь хохриогчийг шууд болон шууд бус санаатай түлхэж унагасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сайнтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Сайнтуяа нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Л.Амарсанаатай маргалдах үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидаагүй болох нь Шүүх сэтгэц судлалын  2016 оны  дүгээр сарын 09-ний өдрийн 1070 тоот дүгнэлт / 3-р хавтас 125-127 х/, гэрч Л.Энхболд, Б.Одончулуун, М.Эрдэнэбилэг,Ч.Нямбат, хохирогч Ц.Сайнзаяа нарын мэдүүлгүүдээр нотлогдсон болно.

Түүнчлэн хохирогч Х.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд нар ”амь ба энэ нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх Эмнэлгийн хохирогч боолтонд орсны улмаас гэдэргээ саван гавал тархины гэмтэл авч нас барсан “ гэж шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүмжлэлийн шатанд мэтгэлцсэн Шинжилгээний хэлтсийн  2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1532 тоот шинжээчийн дүгнэлт / 1-р хх-138-140 /-ээр гавал тархины бүтүү гэмтлийн улмаас нас барсан, тус гэмлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж тогтоосон байна.Тиймээс үхлийн шалтгаан тогтоогдсон гэж үзнэ. Үхэлд хүргэсэн гэмтлийг хатуу мохоо гадаргуу  бүхий цементэн талбайд толгойгоороо унах үед авсан болох нь  хохирогч газар унаад шууд ухаан алдсан, чихнээс нь цус гоожсон байдалтай байсан талаар шүүгдэгч, гэрч, хохирогч нар бүгд мэдүүлсэн бөгөөд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн гавал тархины мэс засалд орсон баримт болох өвчтөний түүх / 2-р хавтас 61-78 хуудас /зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн NiKE логотой пүүзэн гутал 1 хос, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хосыг зэргийг  2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түр хураан авсан байх ба Пүүзэн, жинсэн өмд, оймс зэргийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлийг хүлээлгэн өгсөн байна. Шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтэнд цагаан өнгийн фудволк эд мөрийн баримтаар ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Сайнтуяаг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Сайнтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6.850.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч Х.Лхагвасүрэн, Ц.Сайнзаяа нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Б.Сайнтуяа нь 2016 оны 04 дүгээр сарын 08-нд охин А.Номингоог төрүүлсэн болох нь төрсний Г-0000198909 тоот гэрчилгээ /3-р хх-85 /-ний хуулбараар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртлэх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно” гэснийг баримтлан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалах, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө ирээгүй, шүүгдэгч Б.Сайнтуяа нь 64 хоног цагдан хоригдсон болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:   

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Бэх-Очирын Сайнтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяаг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяаг 4 / дөрвөн / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнтуяад оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө хэрэгт хавсарган ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар Б.Сайнтуяагийн цагдан хоригдсон 64 / жаран дөрөв / хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяад 4 /дөрвөн/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх  Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

8. Б.Сайнтуяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчь тэдгээрийн өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Сайнтуяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЛЗОД

                 ШҮҮГЧИД                                          Х.ОДБАЯР

                                                                            Б.БАТБОЛОР