Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0523

 

 

 

 

“С г” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч улсын байцаагч И.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С г” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Хд холбогдуулан “С г” ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дугаар албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005544 дүгээр “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэг. Улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэлийн хуудас зэргийг хүчингүй болгох үндэслэл: Манай улс дотоодын шатахууны хэрэглээгээ 100 хувь импортын шатахуунаар хангадаг бөгөөд “С г” ХХК нь Оросын Холбооны Улсын Роснефть компаниас олон улсын стандартад нийцсэн нефть бүтээгдэхүүнийг импортлон оруулах бизнесийг эрхлээд 20 жил болж байна. Нийлүүлэгч талаас татан авалт тутамд бүтээгдэхүүний чанарын паспортыг ирүүлдэг бөгөөд хил дээр гаалийн хяналтад, Гаалийн төв лабораторийн импортын шинжилгээний сорилт, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлж, худалдан борлуулдаг.

Компанийн зүгээс борлуулалтын явцад шаардлагатай тохиолдолд шатахууныг олон улсын эрх бүхий итгэмжлэгдсэн лабротариор баталгаажуулдаг. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчиж, хяналт шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу хийлгүй, шатахууны чанарын асуудлыг маргаангүй үнэн бодитой тогтоолгүй, чанар, стандартыг нь тухай бүрд нь баталгаажуулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй гэсэн лабораторийн шинжилгээ, хөндлөнгийн шинжээч гэх мэргэжлийн бус хүнээр шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байна.

1. Дээж авч шилжүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох журмыг зөрчсөн талаар: Зөрчлийн гэх үйлдэл нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр болсон байдаг. Тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий байцаагч нар танай шатахуун түгээх станцаас худалдан авсан АИ-92 шатахууны талаар иргэнээс гомдол ирсэн гэж хэлээд тус бүр 1 литрийн шилэн саванд АИ-92 бензинийг колонкийн хошуунаас авсан байдаг. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллага болох мэргэжлийн байцаагч, хөндлөнгийн шинжилгээ хийж байгаа лабораторийн шинжээч зэрэг мэргэжлийн хүнийг оролцуулалгүй, бичлэгээр баримтжуулаагүй зөвхөн манай эрхлэгчийг гарын үсэг зуруулж баталгаажуулсан нэрийдлээр шууд өөрсдөө тухайн шатахууны дээжийг бидний болоод хөндлөнгийн ямар нэгэн этгээдийг оролцуулалгүй өөрсдөө авч явсан байдаг.

Түүнчлэн нэр бүхий 1 байцаагч Д.М болон бусад байцаагч нар өөрсдөө дээж авч, тусгай дээж авахад зориулагдсан хувцас өмсөөгүй, стандартын дагуу аваагүй мөртлөө шууд өөрсдөө лабораторид хүргүүлсэн байдаг. Ийнхүү хүргүүлэх явцад лац, ломбо бүрэн, гадны нөлөөгүй, гэмтэж солигдоогүй хүргэгдсэн эсэх, тухайн компанийх гэж маргаангүй мөн эсэх, дээжний битүүмж алдагдсан байж болзошгүй эсэх зэрэг нь хэнд ч мэдэгдэхгүй. Мөн лабораторт хүлээлгэн өгөхдөө гадаа, гудамжинд ямар ч ариун нөхцөлд бус, мөн бичлэгээр зарим авсан дээжний таглааны битүүмж алдагдсан зэрэг нь шууд харагдаж байхад шүүхээс энэхүү байдлыг огт дүгнээгүй. Түүнчлэн “С г” ХХК-ийх юм уу аль нэг газрынх юм уу хэнд ч мэдэгдэхгүй нөхцөл байдлыг үүсгэн лабораторид хүлээлгэн өгсөн нь мэдэгдэхгүй тийм эргэлзээтэй байдлуудыг удаа дараа гаргасан. Иймд шинжилгээ хууль, журмын дагуу явагдаагүй, стандартыг зөрчсөн нь хэргийн материалд тодорхой харагддаг.

Лабораторийн шинжилгээ холбогдох заавар, журмын дагуу явагдаагүйгээс шинжилгээг ямар хугацаанд, ямар арга баталгаажсан багаж, хэрэгслээр шинжилсэн, маргаан үүссэн тохиолдолд хоёр дахь дээжийг дахин шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг бүрэн нотлох ёстой байтал хэргийн оролцогчид гомдол, хүсэлт гаргах, дахин шинжилгээ хийх боломжийг олгохгүйгээр устгасан зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэгэнт эрх зүйн хүрээнд шинжээч томилсон атлаа шинжилгээний байгууллагаар дээрх ажлыг гүйцэтгүүлээгүй нь илт хууль зөрчсөн үйлдэл болсон.

Лабораторийн шинжилгээ 14 хоногт гарах бүрэн боломжтой атал дээж авснаас хойш даруй 3 сарын дараа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн 07/106/363 тоот дүгнэлт 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөвхөн энэхүү дүгнэлтийг л бидэнд танилцуулсан. Зөрчлийн хэрэг нээсэн талаар тухайн үед мэдэгдсэн. Зөрчлийн хэрэгт “С г” ХХК нь шатахуунтай холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүгнэлт огт байгаагүй бөгөөд уг маргаантай танилцахыг хүссэн боловч нууц тул танилцах боломжгүй, шинжилгээний хариу нь байгаа тул үзүүлнэ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч И.Х үзүүлээгүй төдийгүй тус шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зогсоосон. Дээж хадгалах хугацаа 3 сар байх бөгөөд хэрвээ маргаан үүссэн нөхцөлд 4 сарын хугацаанд дахин шинжилгээ хийлгэж маргаан таслахаар стандарт дээр тусгасан байхад Зөрчлийн хэрэг нээсэн хугацаа нь анх дээж авсан өдрөөс 3 сарын дараа үүсэж байгаа нь хэргийн оролцогчийн дээжний хариутай танилцах, маргах эрхийг хязгаарлаж хууль зөрсөн.

2. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй талаар: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид нь хяналт шалгалт явуулах хуулиар олгогдсон эрхтэй хэдий ч хяналт, шалгалтын хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллага, хүмүүсийг татан оролцуулж үнэн бодит, шударга явуулах ёстой. Тодруулбал, тусгай мэдлэг, мэргэжил шаардсан асуудалд шатахууны чанар, стандарттай холбоотой мэргэжлийн байгууллагын оролцоог хангалгүй хууль зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж заасан байдаг.

“С г” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 22 товчооны баруун талд байх манай ШТС-34 салбар дээрээс АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0,25 мг/дм3-аас бага бол марганецийн агууламж байхгүй гэж үзнэ гэж заасан байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0,6+0,01 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь хэрэглэгчдийн өмчлөгчдийн автотээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол учруулах магадлалтай гэж дүгнэсэн дүгнэлт нь Монгол Улсад өнөөдрийн байдлаар байхгүй стандартыг барьж дүгнэсэн дүгнэлт болно. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нь стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулж, хэрэглэгчийг хохироосон гэж буруутган Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулж, тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон атлаа “Р” ХХК-ийн чанарын паспорт, Гаалийн лабораторийн сорилт, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээсэн нь дээрх байгууллагуудын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь өөрөө эрх зүйн зөрчилтэй төдийгүй өөрсдийн хууль бус шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг нотолгоо гэх талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон “С г” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 22 товчооны баруун талд байх манай ШТС-34 салбарын үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай тогтоолыг цуцлах тухай саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн прокурорын 03 дугаар тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолыг цуцалсан.

Хоёр: Шүүхийн шийдвэр хүчингүй болох талаар:

Анхан шатны шүүхээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1/12 дугаар удирдамжийг батлан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/922 дугаар албан бичгээр нэр бүхий таван шинжилгээний байгууллагад хамтран ажиллах саналыг хүргүүлж, 2018 оны 07 сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах дараалал, аргачлалыг баталж хууль ёсны дагуу ажлаа хийсэн гэж дүгнэсэн. Гэтэл 2018 оны 07 сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалын хавсралтад заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй этгээд болох Д.М нь “С г” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 22 товчооны баруун талд байх манай ШТС-34 салбар дээрээс АИ-92 автобензинээс дээж авсан байдаг.

Дээж авахдаа “Бүтээгдэхүүн дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдох” журмын 3.3-д заасны зөрчсөн бөгөөд, Газрын тосны бүтээгдэхүүн, дээж авах арга MNS 0218:2008-ыг зөрчиж дээж авсан байдаг. Энэ нь Энэхүү стандартын 1-д заасны дагуу стандарт нь төрөл бүрийн сав, тээврийн хэрэгслээс газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг авах аргыг тогтоож өгдөг бөгөөд стандартын 4.1-д Нэгдүгээр хүснэгт, энэхүү стандартын хавсралтад заасан дээж авагчаар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авна. Энэхүү стандартын шаардлагыг бүрэн хангасан бусад орны ижил төрлийн багаж, хэрэгсэл хэрэглэж болно гэж заасны дагуу 1-р хүснэгтийн 2-т заасны дагуу металл торонд суулгасан лонх /6-р зурагт/ үзүүлснээр авах ёстой атал зүгээр нэг шилэн лонхонд авсан нь стандарт зөрчсөн. Стандартын 4.2-т заасны дагуу Дээж авахын өмнө дээж авагчид ан цав, согог гэмтэл байгаа эсэхийг шалгана. Дээж авагчийн таг, бөглөө жийрэгт битүүмжлэл алдагдуулах гэмтэл согог үүссэн байж болохгүй. Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авахын өмнө зөөврийн дээж авагчдыг цэвэрлэж хатаасан эсэх эргэлзээтэй. 5.2.1-д заасны дагуу Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнтэй савнаас дээж авахын өмнө уг бүтээгдэхүүнийг 2 цагаас багагүй хугацаагаар хөдөлгөөнгүй байлгаад, савны ёроолд тунасан ус, механик хольцыг зайлуулах ёстой байсан боловч шууд дээж авсан нь мөн стандарт зөрчсөн. 6.4-д заасны дагуу Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг авах үед нэг хүнийг ажиглагчаар оролцуулна гэж заасныг зөрчсөн. 6.9-д заасны дагуу Дээж авах хүмүүс статик цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй материалаар хийсэн ажлын тусгай хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ гэж заасны зөрчсөн. 6.12-т заасны дагуу Бороотой, тоос, шуургатай үед газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг ил, задгай газар авч болохгүй гэж заасны зөрчсөн. Хэргийн материалд авагдсан бичлэгээр ил задгай гадаа, шуурга ихтэй үед дээжийг авсан. 6.16-д заасны дагуу Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг нийтийн тээврийн хэрэгслээр ил задгай тээвэрлэж болохгүй гэж заасныг зөрчсөн эсэх эргэлзээтэй. 7.2-т заасны дагуу Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална гэж заасныг зөрчиж маргаан таслах дээжийг хадгалалгүй бүгдийг лабораторид өгсөн байдаг. 7.8-д заасны дагуу Газрын тосны бүтээгдэхүүний дээжийг 4 сар хадгалах байтал шууд устгасан зэрэг стандартыг удаа дараа зөрчсөн үйлдлээр илэрч байхад дээжийг зориулалтаар авсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Дээжийг стандарт зөрчиж аваад 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1087 дугаар “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгийн дагуу мөн өдрийн 16:32 минутад мөн л дээрх стандартын 6.12-т Бороотой, тоос, шуургатай үед газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг ил, задгай газар авч болохгүй гэж заасан байхад гадаа бичлэг хийж ил задгай газар зарим дээж асгарсан байдлыг баримтжуулж бичлэг хийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэж өгсөн гэх боловч хүлээлгэж өгсөн бичлэг ч байхгүй, зөвхөн тэмдэглэл 2% үйлдэн хүлээлгэж өгснийг мөн анхан шатны шүүхээс дүгнээгүй.

3.Тус лабораторийн СШ18/236 сорилтын дүнгээр “С г” ХХК-ийн АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0.6+01 мг/дм3 гэж тодорхойлогдож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт гаргуулах тухай 1/1240, 2018 оны 11 дүгээр сарын 1/1562 дугаартай хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар албан бичгээр, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Болдбаяр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус дүгнэлт гаргаж хүргүүлсэн.

Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дугаар албан шаардлага, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005544 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар дүгнэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо хэмжилзүйн газрын Оношилгоо хэмжилзүйн лабораторийн СШ18/235-244 дугаартай нийт 10 ш сорилт шинжилгээний үр дүнгээр автобензин дэх марганецийн агууламж 06-09 мг/дм3 гэж тодорхойлогдож байгаа нь Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин, Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангаагүй байна гэж, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр ... марганецийн агууламж 0.6+01 мг/дм3  гэж тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай ... гэсэн.

Гэтэл ашигт малтмал газрын тосны шинжээч О.Б-ын дээрх гаргасан дүгнэлтийг ахлах нь хүчингүй болгосон байдаг шүүх үүнийг дүгнээгүй.

4. Хөдөлгүүргийн түлш, этилжээгүй бензин Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын 5.2-т Этилжүүлээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино. 1-р хүснэгтийн 13-д марганецийн агууламж байхгүй байх шаардлага тавьж, марганецийн агууламж 25 мг/дм3-аас бага байвал байхгүй гэж үзнэ гэж тайлбарласан.

Хэдийгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорилын дүнгээр 0.6+01 мг/дм3 гэж тодорхойлогдсон байх боловч уг сорилыг Хөдөлгүүрийн Хөдөлгүүргийн түлш, этилжээгүй бензин Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартад заасан шинжилгээний аргаас өөр аргаар /MNS ASTM D 5185:08 стандарт/ хийж автобензиний марганецийн агууламжийг тодорхойлсон болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн СШ18/236 сорилтын дүнгээр тогтоогдож байгаа боловч энэхүү стандартын зөрчилд шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Хавтаст хэрэгт Стандарт хэмжил зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06/742 дугаар албан бичиг, түүний хавсралтад зааснаар MNS ASTM D 5185:08 стандарт нь машин механизмын элэгдлээс үүсэх эвдрэл гэмтлийг оношлох зорилгоор ашигласан тосолгооны материал дахь металлын агууламжийг тодорхойлоход ашиглах арга бөгөөд энэ шинжилгээний аргын хамрах хүрээнд марганецийн элемент хамаарахгүй болно. Анхан шатны шүүхээс мөн энэ тал дээр дүгнэлт хийгээгүй.

Мөн дээрх албан бичигт MNS 0217:2017 стандарын дагуу АИ-92 автобензинд марганецийн марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори байхгүй гэж тодорхойлсоор, маргаан бүхий АИ-92 дахь марганецийн агууламжийг итгэмжлэгдсэн лабораториор болон Хөдөлгүүрийн Хөдөлгүүргийн түлш, этилжээгүй бензин Техникийн шаардлага MNS 2017:2017 стандартын аргаар тодорхойлоогүй болох нь тогтоогдож байхад шүүхээс мөн л дүгнэлт хийгээгүй болно.

5. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан.

Гэтэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах эрхтэй гэж зохицуулсан байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухайн лаборатори нь итгэмжлэгдсэн лаборатори мөн эсэх, Монгол Улсад хүчин төгөлдөр стандартын дагуу шинжилгээ хийж байгаа эсэхийг тодруулалгүй шууд “С г” ХХК-д торгууль ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагч сорилгын дүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж байгаа боловч Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулах, иргэн хуулийн этгээдийн гаргасан үйлдэл зөрчил мөн эсэх, энэ нь хангалттай тогтоогдож байгаа эсэхийг шалгаж тогтоох, улмаар шийтгэл оногдуулах нь эрх бүхий албан тушаалтны үүрэг тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын анхнаасаа хууль бус үйлдлийг шүүхээс зөвтгөн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга MNS 2018:2018 стандартын 7.2-т Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална, 7.8-д Газрын тосны бүтээгдэхүүний дээжийг 4 сар хадгалах гэж заасан байхад анхан шатны шүүхээс зөвхөн 7.1-ийг дурдаад шилэн лонхонд дээж авсныг зөвтгөж, маргаан таслах дээж аваагүй талаарх манай гомдлыг хэлэлцээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга MNS 0218:2018 стандартын талаар шүүхээс дүгнэлт гаргаж, үнэлэлт өгөөгүй болно.

Үүгээр үл барам байцаагч нар нь стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулж, хэрэглэгчийг хохироосон гэж буруутган Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулж, тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хангаагүй зогсоосон атлаа үйлдвэрлэгчийн чанарын паспорт, Гаалийн лабораторийн сорилт, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээсэн нь дээрх байгууллагуудын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь өөрөө эрх зүйн зөрчилтэй төдийгүй өөрсдийн хууль бус шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг нотолгоо юм.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, манай компанийн үйл ажиллагаагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

“С г” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дүгээр албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005544 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар гомдол гаргажээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005544 дүгээр шийтгэлийн хуудсаар “С г” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ШТС-34 салбарын АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дүгээр албан шаардлагаар “...Жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинийг MNS 0217:2017 стандартын шаардлагад нийцүүлэн, итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулж, хэрэглэгчдэд борлуулалт хийх” шаардлагыг “С г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С-т хүргүүлжээ.

Гомдол гаргагч нь 0005544 дүгээр шийтгэлийн хуудас, 5/29 дүгээр албан шаардлагыг эс зөвшөөрч “Зөрчил шалган шийдвэрлэх журам зөрчсөн, хяналт шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу хийгээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, ...мэргэжлийн бус этгээдийн дүгнэлтэд тулгуурлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаар дүгнэлтэд үндэслэн шийтгэл оногдуулсан...” гэсэн үндэслэлээр шүүхэд маргасан байна.

Анхан шатны шүүх “...хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн автобензин, хөдөлгүүрийн түлш борлуулахыг шаардсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж дүгнэн, “С г” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч “С г” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ШТС-34 салбараас АИ-92 автобензинээс дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар бүтээгдэхүүний дээж авах акт үйлдэн дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгч, тус лабораторийн СШ18/236 дугаар сорилтын дүнд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэнээр тус газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжилгээний дүнгийн тухай” 07/106/363 дугаар дүгнэлтээр “автобензин дэх марганецийн агууламж 0.6-0.9 мг/дм3 байгаа тохиолдолд MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецийн агууламж байх ёстой үзүүлэлтээс их хэмжээтэй буюу 0.6 мг/дм3 гэж тодорхойлогдсон тул “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчил”-д шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005544 дүгээр шийтгэлийн хуудас, 5/29 дүгээр шаардлагыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу дээжийг хүлээн авч “С г” ХХК-ийн АИ-92 автобензин дэх марганецийн агууламжийг MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргаар тодорхойлсныг эргэлзээтэй, мэргэжлийн бус шинжилгээний дүгнэлт гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь ГОСТ Р 51925 стандартын арга, MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргууд нь шинжилгээ хийж буй шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай байдлыг тодорхойлсон байгаа ч “С г” ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авахдаа холбогдох журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, “С г” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “С г” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН