Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 512

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Гомдол гаргагч: “С” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дугаар албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дүгээр Шийтгэлийн хуудас-ыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч улсын байцаагч И.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны едөр 18 цагийн үед гэнэт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, П.Н нарын хүмүүс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 22-ийн товчооны баруун талд байх манай ШТС-34 салбар дээр ирээд АИ-92 автобензиний борлуулалтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.

Энэхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн үйлдэл нь нэг талын эрх ашгийг барьсан, тухайн дээжийг аваад нэг сарын дараа манай үйл ажиллагааг хааж, манай олох орлого, иргэд автобензин авч үйлчлүүлэх эрхийг хаан боогдуулсан, мөн марганец гэдэг зүйл гарсан гэх боловч марганецаас болж автомашинд эвдрэл гэмтэл гарсан талаар нэг ч иргэн гомдол гаргаагүй байхад манай үйл ажиллагааг зогсоож, хуулиар хамгаалагдсан эрх ашигт маш ноцтойгоор, хууль бусаар халдсан билээ.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй шатахуун импортолж, худалдан борлуулдаг аж ахуй нэгж, компаниудын ихэнх нь Оросын Холбооны Улсын Роснефть РНХ-ийн үйлдвэрлэсэн шатахууныг импортолж, жижиглэн болон бөөний чиглэлээр худалдан борлуулдаг. Ингэхдээ Оросын Холбооны Улсын Роснефть РНХ-аас авах шатахууны үндсэн гэрээг Ашигт малтмал, Газрын тосны газраар баталгаажуулсны үндсэн дээр гэрээнд заагдсан чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирэх эрхийг бид авдаг. Энэхүү эрхийн хүрээнд сар бүр борлуулах шатахууныхаа гадаад захиалгыг өгч захиалгын дагуу импортолж, Монгол Улсын хилийг давж орж ирсэн цагаас эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Хилийн мэргэжлийн хяналтын газар шатахууны чанарыг үзэж, дүгнэлт хийж, гааль дээр үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ, бүтээгдэхүүний чанарыг шинжилж дүгнэлт гарган, мөн Монгол Улсад шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд оруулсны үндсэн дээр шатахуун хадгалах нөөцийн саванд хадгалан тухайн сардаа жижиглэн болон бөөнөөр борлуулж дуусгадаг.

Бид шат дараалласан төрийн байгууллагын хяналт дор баталсан загвар, зааврын дагуу шатахууныг оруулж ирэн худалдаалдаг. Монгол Улсын хилээр орж ирж байгаа бүх төрлийн шатахууны чанар стандартад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, Стандарт, хэмжилзүйн газар зэрэг төрийн байгууллагууд хяналт тавьдаг. Дээрх шалгалт, шинжилгээгээр манай компанийн оруулж ирж байгаа шатахуун тодруулбал, АИ-92 автобензинд чанарын шаардлага хангахгүй гэсэн байдал огт тогтоогдож байгаагүй болно.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 8 дугаар сарын 06-нд манай шатахуун түгээх станцаас дээж авч, тэрхүү дээжид хийсэн шинжилгээний хариу нь стандартын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үйл ажиллагааг зогсоож, улмаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр албан шаардлага хүргүүлсэн.

Ингэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар дараах алдаа дутагдлыг гаргасан. Үүнд:

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явуулсан хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 55 болон Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах журмын дагуу явагдах ёстой байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар өөрсдөө дээж авч, Төрийн хяналт шалгалтын хуулийн 55, болон Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах журмыг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасан.

2. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар дээжийг Монгол улсад мөрдөгдөж буй МNS 0218:2008 /төрөл бүрийн сав, тээврийн хэрэгслээс газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг авах арга. стандарт/-ын дагуу дээж аваагүй, зориулалтын бус саванд авсан нь мөн стандартыг зөрчсөн.

3. Тухайн үед авсан АИ-92 автобензиний дээжийг МNS 0218:2008 стандартын 7.2-т заасны дагуу "... хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална гэж заасан байхад энэхүү стандартыг зөрчиж маргаан таслах дээж аваагүй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг удаа дараа хангахгүй орхиж байгаа хууль бус үйлдэл гаргасан. 

4. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрхгүй байцаагч нар дээж аваад манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид өгсөн байдаг. Дээж авснаас хойш Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид очих хугацаанд солигдсон эсхүл хэн нэгэн этгээд марганец гэх бодисыг тухайн шатахууны дээжид хийсэн ч байж болох хардалт төрүүлж байна.

5. Хэргийн материалтай танилцахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлтэд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний үр дүн, дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч энэхүү дүгнэлт хэргийн материалд байхгүй.

6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлтэд манай компанийн нэрийг огт дурдаагүй буюу ямар байгууллагын бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлж, дүгнэлт хийсэн нь тодорхой биш. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан дээжийн хариу 48 хоногийн дараа гарсан байдаг. Яагаад ийм удаж гарсан нь эргэлзээтэй.

7. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийг зөрчиж 3 сарын дараа Зөрчлийн хэрэг нээх шийдвэр гаргасан. Энэ нь өөрөө Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчсөн үйлдэл болсон.

8. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шатахууны дээж авсан. Энэ нь С ХХК-ийн 7 сард захиалсан шатахуун байсан бөгөөд энэхүү шатахуун 8 сард борлуулагдаж дууссан. Хуулийн дагуу цаг хугацаандаа ажлаа хийгээгүй байж манай үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сарын хугацаанд үндэслэлгүйгээр зогсоосон. Тухайн зогсоох цаг хугацаанд буюу 2018 11 дүгээр сарын 14-нд манай шатахуун түгээх станц дээр 10 сарын АИ-92 автобензин борлуулагдаж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар манай 10 сарын АИ-92 автобензинээс дээж аваагүй байж ийнхүү зогсоож байгаа үйлдэл нь өөрөө мөн хууль зөрчсөн.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б гаргасан дүгнэлтэд марганец байгаа нь автомашины катализаторид муугаар нөлөөлнө гэжээ.

Гэтэл дээж авсан өдрөөс буюу 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш манай компанид хэрэглэгчээс ирсэн автомашинтай холбоотой эвдрэл гэмтлийн гомдол санал ирээгүй. Мөн Нийслэлийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тус тус манайтай холбоотой санал гомдол гарсан тухай огт мэдэгдэж байгаагүйгээс үзэхэд хэрэглэгч болоод бусад этгээдүүдэд хохирол учруулаагүй нь үнэн болно.

Иймд дээрх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын гаргасан хууль бус үйлдлээс болж манай шатахуун түгээх станц өдөрт дунджаар 5 сая төгрөгийн борлуулалтаа алдаж, үйл ажиллагаа зогсоосон өдрөөс хойш алдагдал хүлээж байна.

Ингэж төрийн байгууллагууд ажлаа уялдуулан хийхгүй байж өнөөдөр манай шатахуун түгээх станцын борлуулалтыг зогсоосон үйлдэл нь татвар төлөгч манай компанийн үйл ажиллагаанд үндэслэлгүй саад учруулж, дарамт болж байгаад гомдолтой байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/28 дугаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Хоролсүрэн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр С ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ийн товчооны баруун талд байрлах ШТС-34 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний үр дүнгээр Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин, Техникийн шаардлага МNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа гэх асуудлыг Нийслэлийн Прокурорын газарт хянуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1802000530 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж С ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005544 дугаартай шийтгэлийн хуудсаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

Ажлын хэсэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Шадар Сайдын 2011 оны 3 дугаар сарын 30-ны 19 дүгээр тушаалаар батлагдсан Бүтээгдэхүүнээс дээж авах акт-ын загвар, Лабораторид дээж өгсөн тэмдэглэл-ийн маягтын дагуу шинжилгээнд дээж авч, Монгол Улсын стандарт МNS 0218:2008 стандартын 5.4-т заасны дагуу хэвтээ савны дээжийг түгээгүүрийн хошуунаас авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхай газрын тосны төв лабораторийн ашигладаг зориулалтын цэвэр, хуурай шилэн лонхонд битүүмжлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид тухайн өдрөө хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь 1802000530 дугаартай зөрчлийн хэрэгт хавсаргасан Бүтээгдэхүүнээс дээж авах акт-ын загвар, Лабораторид дээж өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлтэд дээж авсан компаниудын нэр нь кодлогдсон байдлаар гарсан тул аль компаниас авсан ямар бүтээгдэхүүний дээж болох нь тодорхой болно.

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний үр дүнг ирүүлсэн ба лабораторийн сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 1/1240 дугаартай албан бичгээр хүргүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хариуг ирүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн прокурорын газар Үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох тухай саналыг хүргүүлж тус газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 85 дугаартай тогтоолын дагуу С ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрлах ШТС-34 салбарт жижиглэнгээр борлуулж байсан Аи-92 автобензиний түгээгүүрийн хошуу, шатахуун хадгалах сав зэрэг төгрөгийн 3 ширхэг эд зүйлийг битүүмжилсэн.

С ХХК-ийн АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6+0.01 мг/дмЗ гэж тодорхойлогдсон асуудлыг тодруулах зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Б-г шинжээчээр томилсон.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд: Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага МNS0217:2017 Монгол Улсын стандартаар АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй гэж үзнэ гэсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд АИ-92 автобензин дэх марганецын агууламж 06+0.01 мг/дмЗ тодорхойлогдсон нь хэрэглэгчдийн өмчлөлийн авто тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд, байгаль орчин сөрөг нөлөөтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу С ХХК -ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Гомдол гаргагч С ХХК нь тус шүүхэд хандан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дугаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дүгээр Шийтгэлийн хуудас-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Хоролсүрэнд холбогдуулан гаргасныг шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх 1/12 дугаар удирдамжийг батлан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/922 дугаар албан бичгээр нэр бүхий 5 шинжилгээний байгууллагад хамтран ажиллах саналыг хүргүүлж, газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах дараалал, аргачлалыг тус тус баталжээ.

Дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 15:07 цагт гомдол гаргагч С ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ШТС-34 салбараас тус салбарын эрхлэгч Г.Т-г байлцуулан акт үйлдэн, Аи-92 маркийн автобензин 2 литрийг дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг 00080308 хэмээн кодлон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2/1087 дугаар Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийн дагуу мөн өдрийн 16.32 цагт Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О-д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгчээ. 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг ирүүлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахаар сорилт шинжилгээний хариуг хүргүүлжээ. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч шинжээчээр ажиллан, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.

Шалгалтын ажлын хэсэг шалгалтын дүнг нэгтгэсэн танилцуулгыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарган, цаашид авах арга хэмжээний саналын хүрээнд зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагатай байгаа болохыг тэмдэглэн, улсын байцаагч И.Х 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 49 дүгээр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэнийг хяналтын прокурор танилцан зөрчлийн хэргийн 1802000530 дугаарыг олгосон байна.

Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1/1537 дугаар албан бичгээр С ХХК-нд мэдэгдэл хүргүүлэн, улсын байцаагч И.Х 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С ХХК-ийн ШТС-34 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоох саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлснээр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор ШТС-34 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Энэ дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 12 дугаар тогтоолыг гаргаснаар тус газрын улсын байцаагч нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэлийг үйлдсэн байна.

Улмаар С ХХК-иас тус компанийн дэд захирал Н.Г, борлуулалтын менежер Ж.С нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авчээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1562 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилуулахаар хандсанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-г шинжээчээр томилон, шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Дүгнэлтээр ... Марганецын агууламжийг 0.25мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзнэ. ... Дээжид марганецын агууламж 0.6 0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Учир нь марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анга /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогджээ.

Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдэж, 

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С ХХК-д 5/29 дүгээр Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн, 0005544 дүгээр шийтгэлийн хуудсаар С ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тогтоолыг цуцлах тухай санал-ыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. 

Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолыг цуцалсан байна.

2. Гомдол гаргагч С ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дугаар албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагын хууль зүйн үндэслэлээ:

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар өөрсдөө дээж авч, Төрийн хяналт шалгалтын хуулийн 55, болон Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах журмыг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасан,

- дээжийг МNS 0218:2008 /төрөл бүрийн сав, тээврийн хэрэгслээс газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг авах арга. стандарт/-ын дагуу аваагүй, зориулалтын бус саванд авсан,

- маргаан таслах дээж аваагүй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг удаа дараа хангахгүй орхиж байгаа хууль бус үйлдэл гаргасан, 

- дээж аваад манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид өгсөн, 

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлтэд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторын шинжилгээний үр дүн, дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч энэхүү дүгнэлт хэргийн материалд байхгүй,

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлтэд манай компанийн нэрийг огт дурьдаагүй буюу ямар байгууллагын бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлж, дүгнэлт хийсэн нь тодорхой биш. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан дээжийн хариу 48 хоногийн дараа гарсан байдаг. Яагаад ийм удаж гарсан нь эргэлзээтэй, 

- Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийг зөрчиж 3 сарын дараа Зөрчлийн хэрэг нээх шийдвэр гаргасан. Энэ нь өөрөө Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчсөн үйлдэл болсон,

- Улсын байцаагч 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шатахууны дээж авсан. Энэ нь С ХХК-ийн 7 сард захиалсан шатахуун байсан бөгөөд энэхүү шатахуун 8 сард борлуулагдаж дууссан. Хуулийн дагуу цаг хугацаандаа ажлаа хийгээгүй байж манай үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сарын хугацаанд үндэслэлгүйгээр зогсоосон. Тухайн зогсоох цаг хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-нд манай шатахуун түгээх станц дээр 10 сарын АИ-92 автобензин борлуулагдаж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар манай 10 сарын АИ-92 автобензинээс дээж аваагүй байж ийнхүү зогсоож байгаа үйлдэл нь өөрөө мөн хууль зөрчсөн,

- түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-н гаргасан дүгнэлтэд марганец байгаа нь автомашины катализаторид муугаар нөлөөлнө гэжээ. Гэтэл дээж авсан өдрөөс буюу 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш манай компанид хэрэглэгчээс ирсэн автомашинтай холбоотой эвдрэл гэмтлийн гомдол санал ирээгүй. Мөн Нийслэлийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тус тус манайтай холбоотой санал гомдол гарсан тухай огт мэдэгдэж байгаагүйгээс үзэхэд хэрэглэгч болоод бусад этгээдүүдэд хохирол учруулаагүй хэмээн тайлбарлан маргаж байна.

3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-т заасанчлан Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд явуулж буй хяналт шалгалттай холбогдсон харилцаа тус хуулиар, хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой харилцаа Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан журмаар тус тус зохицуулагдахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасанчлан хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах бүрэн эрхийнхээ хүрээндээ мөн зүйлийн 16.1.6-д заасанчлан дээж авч, барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах ажлыг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэжээ.

Ингэхдээ Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч акт үйлдэнэ, 3.5.Бүтээгдэхүүнээс дээж авах актыг гурван хувь үйлдэж, шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зурж баталгаажуулан, шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид өгч, үлдэх хувийг шалгалтын материалд хавсаргана. Бүтээгдэхүүнээс дээж авах актад хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн индекс, хувийн дугаар, хувийн бүртгэлийн дугаарыг бичнэ, 3.6.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна, 3.9.Улсын байцаагч дээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэхдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, лаборатори тус бүрт 1 хувийг дээжийн хамт хүлээлгэж өгнө. ... Шалгуулагч этгээд хүсвэл дээжийг лабораторид хүргэхэд байлцаж болно, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага МNS0217:2017 стандартын 9 дүгээр зүйлийн /Шинжилгээний арга/ 9.1. Бензиний дээжийг MNS 218 стандартад зааснаар бензин тус бүрээс 2 литрээс багагүй хэмжээтэй дундаж дээж авна гэж тус тус заасанчлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 15:07 цагт С ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ШТС-34 салбараас тус салбарын эрхлэгч Г.Т-г байлцуулан акт үйлдэж, АИ-92 маркийн автобензин 2 литрийг МNS 0218:2008 /Дээж авах арга/ стандартын 7 дугаар зүйл 7.1/газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90% хүртэл хийнэ/-д заасан стандартын дагуу 1 литрийн багтаамжтай зориулалтын лац бүхий тагтай шилэн саванд дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг 00080308 хэмээн кодлон, мөн өдрийн 16.32 цагт Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О-д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бүтээгдэхүүнээс дээж авах акт, аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал, лабораторид дээж өгсөн тэмдэглэл, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул эрхгүй этгээд дээж авсан, дээжийг стандартын бус саванд авсан, манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр дээжийг лабораторид өгсөн хэмээн маргаж буй С ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн гомдол гаргагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний дүгнэлт хэргийн материалд байхгүй хэмээн маргаж байх боловч тус хэрэгт нотлох баримтаар авагдсан 1802000530 дугаар Зөрчлийн хэрэг, түүнд авагдсан холбогдогч С ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-н 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг, Ж.С-д 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 хавтас 100 хуудас бүхий зөрчлийн хэрэгтэй танилцсан тэмдэглэл зэрэг баримтаар гомдол гаргагчийн төлөөлөгч дээрх дүгнэлтүүдтэй танилцаж, мэдсэн болох нь тогтоогдож байна.

4. Гомдол гаргагчаас гомдолдоо дурдсан бусад үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийг зөрчиж 3 сарын дараа Зөрчлийн хэрэг нээх шийдвэр гаргасан, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан дээжийн хариу 48 хоногийн дараа гарсан, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг удаа дараа хангахгүй орхиж байгаа хууль бус үйлдэл гаргасан, 7 сард захиалсан шатахуун 8 сард борлуулагдаж дууссан. Хуулийн дагуу цаг хугацаандаа ажлаа хийгээгүй байж манай үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сарын хугацаанд үндэслэлгүйгээр зогсоосон, дээж авсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 06-наас хойш манай компанид хэрэглэгчээс ирсэн автомашинтай холбоотой эвдрэл гэмтлийн гомдол санал ирээгүй гэх үндэслэлийн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр баталсан 1/12 дугаар удирдамжийн хүрээнд тус газрын улсын байцаагч нараас Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг ирүүлснийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргаснаар шалгалтын ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шалгалтын нэгдсэн дүнг гарган, цаашид авах арга хэмжээний саналын хүрээнд зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагатай байгаа болохыг тэмдэглэж, улсын байцаагч И.Хоролсүрэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 49 дүгээр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэсэн хуулийн заалтад нийцсэн байна.

Түүнчлэн, тус хэрэгт нотлох баримтаар авагдсан 1802000530 дугаар Зөрчлийн хэрэг, гомдол гаргагчаас тус шүүхэд гаргасан гомдол, түүнд хавсаргасан баримтаас үзэхэд гомдол гаргагч С ХХК нь Нийслэлийн Ерөнхий прокурорт хандан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Гомдол гаргах тухай 18/3513, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/3524, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хандан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/3528 дугаар гомдол гаргах тухай албан бичгүүд нь шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэхийг хүссэн агуулгагүй, харин Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.М-н 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай 84 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлаар гаргасан, уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13/1611 дүгээр албан бичгээр С ХХК-нд холбогдох хариуг өгсөн байна. Үүнтэй холбогдуулан дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг удаа дараа хангахгүй орхиж хууль бус үйлдэл гаргасан гэх гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байна. 

Үүнтэй холбогдуулан, хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн автобензин, хөдөлгүүрийн түлш борлуулахыг шаардсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д холбодуулан С ХХК-иас гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дугаар албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дүгээр Шийтгэлийн хуудас-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА