Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 152

 

                                                              П.Бэд холбогдох

                                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 42 дугаар магадлалтай, П.Бэд холбогдох 2131002810223 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан гэх газар хадлангийн талбайгаас Ю.Бгийн эзэмшлийн хадуурын аппаратыг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

шүүгдэгч П.Бээс хадуурын аппаратыг комоор нь гаргуулан хохирогч Ю.Бд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтадЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бэд 06 /зургаа/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Б гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүх хулгай юу, иргэд хоорондын өмчийн маргаан уу гэдгийг ялгаж ойлгохгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хүн өөрийнхөө эд зүйлийг эзэмдэн авах эрхийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “... эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэн авах үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж хуульчилжээ.

Мөрдөгч, прокурор, шүүхээс П.Бийн эзэмдэн авсан эд зүйл нь П.Бийн сэлбэг мөн эсэх, тухайн хадуурын аппарат нь Ю.Б, П.Б нарын дундын өмч мөн эсэхийг тогтоож шалгалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж амарчлан шийдсэн.

Талуудын мэдүүлгийг уншаад үзэхэд Ю.Б, П.Б нар хадуурын аппаратыг хамтарч бий болгоод Ю.Б уг дундын эд хөрөнгийг дангаараа эзэмшиж ашиг олж байсан байх ба П.Б хамтарч босгосон дундын эд хөрөнгийг ашиглаж чадахгүйгээр бодитойгоор хохирсон байдаг.

Энэ талаар маргалдахад П.Б өөрийн эд хөрөнгийг нэхээд өгөхгүй болохоор Ю.Бгийн биед халдаж улмаар зөрчлийн хэргээр торгуулсан.

Ю.Б, П.Б нар тал талаасаа сэлбэг нийлүүлж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах хэлцэл байгуулжээ.

Улмаар Ю.Б дундын эд хөрөнгийг дангаараа эзэмших болсон тул Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.5 дахь заалтад заасан мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулах хуультай.

Улмаар П.Б Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргаж Ю.Б шаардлагыг биелүүлэхээс татгалзахад нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заагдсанаар эзэмдэн авсан үйл явдал болжээ.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж иргэд хоорондын Иргэний хуульд заагдсан дундын эд хөрөнгийн маргааны дүнд өөрийн хөрөнгийг эзэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 заагдсан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоолгүйгээр мөн зүйлийн 1.6-д заагдсан “гэмт хэрэг нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоогоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан”-ыг эрүүгийн гэмт хэрэг болгон шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч П.Б нь хохирогч Ю.Бгийн эзэмшлийн хадуураас аппаратыг салган авч явсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байдаг. Шүүгдэгч хохирогчийн хувьд хадуур, хадуурын аппаратыг 2 талаасаа нийлүүлж олон жил ашиглаж хэрэглэж байсан ба хохирогч өөрөө тусдаа хадуур, аппарат худалдаж авч, дундаа хэрэглэж байсан хадуураа шүүгдэгчид өгсөн боловч эд анги дутуу өгсөн гэсэн асуудлаас болж маргаан үүссэн, энэ маргааны улмаас шүүгдэгч өөрийн эд зүйлийг авсан, хохирогчоос өмнө нь өгсөн хадуурын эд ангийг буцаан өгсөн гэсэн төөрөгдөлд орсон байна. Гэрч А.Оюун-Эрдэнийн “...13 цагийн орчим П.Б Ю.Бгийн тракторын дэргэд төмөр эд анги орхиод явсан”, гэрч Л.Пүрэвбатын “...Тэгтэл 13 цагийн орчимд П.Б Ю.Бгийн тракторын ойролцоо боодолтой хэрээ хошуу, төмөр шугам, даруулга зэргийг авчирч хаячхаад явсан”, шүүгдэгчийн “...24-ний өглөөний 08 цагийн орчим тухайн хадлангийн талбайд байсан трактороос хадуурын аппаратыг нь тайлж аваад оронд нь өөрийнх нь 2020 онд надад өгсөн хадуурын багажийг нь үлдээгээд явсан” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгчийн хулгайлах гэмт хэргийн субъектив шинж үгүйсгэгдэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг дундаа ашиглаж байсан техникийг хохирогч шинэчилж хуучин техникээ П.Бэд аваачиж өгсөн нь гэрч Баасанхүү, Мөнхсайхан, Нарантуяа, Төмөрбат нарын мэдүүлгээр нотлогдсон байхад дахин өөрийн эд зүйл гэж хохирогчийн хадлангийн техник хэрэгслээс аппаратыг авсан үйлдлийг “хулгайлах” гэмт хэрэг, шүүгдэгчийн үйлдлийг дээрх мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж дүгнэсэн. Гэтэл уг үйл баримтыг дүгнэсэн энэ мэдүүлгүүд нь шүүгдэгчийн бусдын эд зүйлийг хулгайлж авах, завших, өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгох гэсэн санаа зорилго агуулаагүй, дураараа аашилсан үйлдэл байх магадлалтай байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийн санаа зорилгыг тогтоож байгаа дүгнэлт биш байна.  Иймд шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн субъектив шинж буюу хулгайлах гэмт хэргийн санаа зорилго тогтоогдохгүй байх тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхийг хянуулахаар гаргасан шүүгдэгч П.Бийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

П.Бийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэн Ю.Бгийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, гомдол, мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “Дэлгэрхаан” гэх газарт хадлангийн талбайгаас алдагдсан хадуурын аппаратыг түүний хүргэн ах П.Б авсан болох нь хөдөлбөргүй нотлогджээ.

 

Гэвч энэхүү хадуурын аппарат нь хэний өмч болох талаарх маргаан хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлснээр удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд уг маргаан даамжирч П.Б нь Ю.Бг зодож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байна.

 

Хоёр шатны шүүхээс 30-аад жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүргэн ах, хадам дүү нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа гэж дүгнэв.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно.

 

Маргаж буй зүйлээ иж бүрдлээс нь салгаж дураар авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх нь учир дутагдалтайн дээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Өнгөц харвал П.Б нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэлгүйгээр эд зүйлийг нь шөнийн цагаар авч явсан мэт боловч хулгайлах санаа зорилго, сэдэлт тогтоогдохгүй байна гэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь П.Б өмчлөл, эзэмшлийн талаар бусадтай маргалдаж байхдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн заншлын шинжтэй хэм хэмжээ болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураар хэрэгжүүлснээс бусдад хор уршиг учруулжээ.

 

Энэхүү үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд заасан дураар аашлах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нарын батлан мэдүүлснээр олон жилийн өмнө хамтран бий болгосон гэх хадуур, түүний иж бүрдэл болох хадуурын аппаратыг салгаж авсан санаа зорилго нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг агуулаагүй байх тул П.Бийг тухайн эд зүйлийг хууль бус аргаар үнэ, төлбөргүйгээр өөрийн эзэмшилд оруулан авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Бусдын өмчлөлийн эд зүйлийг өөрийн хэмээн ойлгож, өмчлөх эрхээ дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох боломжгүй тул П.Бэд холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул Ю.Б нь өөрийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтын явцад хадуурын аппарат нь Ю.Бгийнх болох нь хөдөлбөргүй нотлогдсон тул П.Бийн гаргасан “Иргэний хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 42 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос П.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. П.Бийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                                         Б.БАТЦЭРЭН

                                   ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

   Ч.ХОСБАЯР

   Б.ЦОГТ

   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН