Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0571

 

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ц-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгч Д.Ц-с гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн “У о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлээ “Нийслэлийн Газрын албаны архив устсан учир нэхэмжлэгч Д.Ц нь 2005 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бодитоор Нийслэлийн Газрын албанд хандан гаргаж байсан эсэхийг тогтоох боломжгүй, нэхэмжлэгчээс 2009 онд Нийслэлийн Газрын албанд хандан гаргасан гэх газар эзэмших эрхийн тухай хүсэлтийн хариуг Нийслэлийн Газрын албанаас 2011 оны 5/4732 дугаар албан бичгээр өгч байсан ба үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон Газрын албанд дахин хандаж байгаагүй нь тогтоогдож байгаа учир нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэж хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдоогүй, маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн гаргасан акт мөн, маргаан бүхий 585 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газартай давхцалтай, маргаан бүхий газрын төлбөрийг “У-О” ХХК-иас 1997 оноос 2006 оныг дуустал төлж байсан зэрэг үйл баримтуудыг дурдаж тайлбарлажээ.

Энэхүү шийдвэр нь маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд хамаарах асуудалд бүрэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээд шинээр газар эзэмших, газар эзэмших эрх шилжүүлж авах, иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх болон газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах, газар эзэмших гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, эзэмшил газрын заагийг тогтоож баталгаажуулах зэрэг нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ялгаатай зохицуулагдсан харилцаа байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актыг шүүхийн шийдвэр биелүүлж гарсан захиргааны акт гэж үзсэн атлаа яагаад ингэж дүгнэсэн тухайгаа тайлбарлаагүй.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны акттай маргасан байхад шүүхээс нэхэмжлэгчийн газар шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийсэн.

Талууд газрын давхцал болон төлбөрийн талаар маргаагүй байхад энэ үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийг 2119 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон бөгөөд үүнээс хойш хугацаанд 1689 м.кв газрыг Д.Ц-д шилжүүлсэн, “У-О” ХХК-ийн захирлын гарын үсэг, тамгатай газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2005 оны албан бичиг эх хувиараа байгаа, гэрчүүдийн мэдүүлгээр дээрх газрыг шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байхад энэ нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн зэргээр маргааны үйл баримтад бүх талаас нь бүрэн бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ц “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн “У-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгчээс “...Д.Ц нь гуравдагч этгээд “У-О” ХХК-тай 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын суурийн байгууламж худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 1689 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцсон байхад тус маргаан бүхий газартай давхцуулж “У-О” ХХК-д 585 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамж нь хууль бус...” гэсэн үндэслэлээр шүүхэд маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “У-О” ХХК-д анх 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/76 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “худалдаа, үйлчилгээний зориулалтаар” 0.36 га газрыг 9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас 3043 м.кв газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэхээр “У-О” ХХК-тай “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, улмаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/240 дугаар захирамжаар “У-О” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр тус компанийг маргаан бүхий газарт 2119 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоосон байна.

Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/421 дүгээр захирамжаар “У-О” ХХК-д 585 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Газрын алба болон гуравдагч этгээд нарын хооронд “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдаж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г гуравдагч этгээд “У-О” ХХК-д олгосон үйл баримт тогтоогджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны дагуу үүссэн тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах учиртай.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “У-О” ХХК-иас 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын суурийн байгууламж худалдах-худалдан авах гэрээ”-ээр 1689 м.кв газрыг худалдаж авсан, харин маргаан бүхий акт гарсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тус 1689 м.кв газрыг гуравдагч этгээдээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлж аваагүй, мөн энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Д.Ц-д газар эзэмшүүлэхээр ямар нэг шийдвэр гараагүй нь болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд “Барилгын суурийн байгууламж худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсанаас хойш Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаар хүсэлтийг шаардагдах баримтуудын хамт гаргаж байгаагүй.

Түүнчлэн, гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Д.Ц-тай “...худалдах-худалдан авах гэрээ” байгуулах үед тухайн 1689 м.кв газрын хууль ёсны эзэмшигч байгаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 612 дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/16558 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 612 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдийг 2119 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон хэдий ч бодит байдалд гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Д.Ц-тай гэрээ байгуулах үед тухайн шүүхийн шийдвэр биелэгдээгүй, маргаан бүхий актаас өмнө “У-О” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр захиргааны байгууллагаас гараагүй байна.

Тиймээс хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж аваагүй нэхэмжлэгч Д.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “У-О” ХХК-д газар эзэмшүүлсэн захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН