Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 288

 

Б.Даваадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          Прокурор Ж.Энхжаргал,

          Ялтан Б.Даваадорж /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Даваадорж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Даваадоржид холбогдох эрүүгийн 2015 2400 1038 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цахир овгийн Бат-Очирын Даваадорж, 1988 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Усны 15 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Үерийн 0-05 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /РД:РХ88061317/;

Б.Даваадорж нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн замд Х.Ганчимэгийн эзэмшлийн “HR-V” загварын 37-71 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс онхолдож иргэн Х.Ганчимэгт 3.460.000 төгрөгийн шууд, 4.860.000 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан,

Мөн дээрх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед буюу 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргон зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Б.Даваадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Даваадоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваадоржийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Б.Даваадоржид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Даваадорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 1 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үеэл ах Г.Гантулгын хамт захирал Х.Ганчимэгийн эзэмшлийн “HR-V” загварын 37-17 УНА улсын дугаартай автомашинтай явах үедээ онхолдсон. Ах Г.Гантулга тэр үед яасан нь мэдэгдэхгүй байсан болохоор ямар ч байсан түргэн дуудаж ахыгаа үзүүлье гэж бодоод 103 руу залгаж дуудлага өгчихөөд яах, юу хийх учраа мэдэхгүй зогсож байхад цагдаагийн маяк дуугарахад өөрийн эрхгүй зугтаж байгаад баригдсан.

2017 оны 2 дугаар сард авто тээврийн газрын хошууч байцаагч н.Ганболдод байцаагдаж байх үедээ “хохирлоо төлөх мөнгө байхгүй, “Ноён” ууланд алт гарч байна, найзуудтайгаа цуг явж хохирлын мөнгөө олох” гэсэн юм гэж хэлэж чөлөө аваад алтанд явсан. Очоод энд тэндгүй нүх ухаж ажилласан боловч хоол хүнс, бензин, тос авахаас хэтэрдэггүй, зарим сардаа юу ч олдохгүй хоол хүнсээ зээлээр авч алт гарахаар нь зээлээ дардаг байсан. 2016 оны 2 дугаар сарын 12-ноос 2017 оны 1 дүгээр сарын 10-ны хүртэл байцаалтад очоогүй, оргон зайлсан минь үнэн боловч би оргож зайлаад алга болъё гэж ерөөсөө бодоогүй. Хамгийн түрүүнд хохирлоо төлнө гэж бодож байсан. Хохирлоо төлөх гэж хөдөөгүүр байнга явдаг байсан болохоор хүүгийн минь ээж болох Ж.Билэгмаа “мөнгө, мөнгө л гэх юм, хүү, бид 2 чамд хэрэгтэй юм уу, мөнгө чинь хэрэгтэй юм уу” гэдэг байсан болохоор бид 2 салсан.

Манай ажилчдын цалин сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд хоёр хувааж буудаг байсан. Би тухайн үед 500.000 төгрөгийн цалин авдаг байсан. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цуг ажилладаг 4 хүний цалинг бэлнээр нь Х.Ганчимэг эгч тарааж өгөөд миний цалин болох 250.000 төгрөгийг мөнгө хүрэхгүй болчихлоо гээд хойшлуулсан бөгөөд маргааш, нөгөөдөр нь цалингаа авъя гэхэд мөнгө байхгүй байна гээд өгөөгүй.

2015 оны 5 дугаар сарын 2-нд Х.Ганчимэг эгчтэй автомашиныг нь барьж явах үед “дүү чинь цайнд түлэгдчихлээ” гэж гэрээс залгасан. Түлэнхийд баавгайн тос сайн байдаг гэхээр нь би тэр дор нь найз руугаа залгаж асуухад “найз нь хотод байна. Налайхад гэрт байгаа маргааш буцна” гэсэн. Хаалга, цонхны хэмжээ гээд гадуур явах ажлыг надад хариуцуулсан болохоор автомашиныг байнга унаж явдаг, ажлаа дуусаад гэр лүүгээ унаж яваад, өглөө ажилдаа ирдэг байсан. 2015 оны 5 дугаар сарын 2-ны орой ажлаа тараад найзтайгаа уулзахаар автомашиныг унаад явсан. 2015 оны 5 дугаар сарын 3-нд ах Г.Гантулга утастаад “урьд шөнө хүнд зодуулчихлаа хүрээд ирээч” гэхээр нь 1 шил архи авч өгөөд хамт уусан. Налайх явж баавгайн тос авах, архи уусан болохоор ажлаасаа чөлөө авах бас мөнгө хэрэгтэй байсан болохоор “дүүгээ өнгөрчихлөө” гэж худлаа хэлж миний цалин болох 250.000 төгрөгийг данс руу хийж өгөөч гэж хэлээд цалингаа, чөлөөгөө авсан. Би дүүгээ тэгж хэлсэндээ маш их харамсдаг.

Осол болсноос хэд хоногийн дараа би Х.Ганчимэг эгчээс “мөнгө олдохгүй байна, ажиллаад хохирлоо барагдуулъя” гэж гуйхад “тийм юм байхгүй, хашаа байшингаа зараад миний мөнгийг өг” гэсэн. Надад тэгэх боломж байхгүй байсан болохоор хурдан мөнгө олдож магадгүй гээд алтанд явсан.

Х.Ганчимэг эгч “250.000 төгрөг зээлээч гэж гуйсан” гэж мэдүүлэг өгсөн байсныг уншаад юм бодоогүй. Хохирлоо бүрэн төлсөн болохоор анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг харгалзан үзэж тэнсэх байх гэж бодоод анхан шатны шүүхэд энэ талаар юм хэлээгүй.

Би энд хоригдоод их юм ойлгож ухаарсан. Шаналж зовсон зөндөө хүнийг харж байна. Алдаагаа давтахгүй, алдаанаасаа суралцаж амьдрах ёстойг ойлгосон. Хамгийн гол нь хүн зорилготой амьдрах ёстой юм байна, тэр зорилгодоо хүрэхийн тулд хөлс хүч гаргаж хөдөлмөрлөж, тууштай тэмцэх ёстойг ойлгосон. Зорилгогүй, амьдралын урсгалаар амьдарвал алдаж, эндэх нь олон байдаг юм байна. Энд ухаарч, ойлгож авсан зүйлээ хэрэгжүүлэхийг хүсч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Даваадоржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Даваадорж нь гэм буруугаа ойлгон гэмшиж, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа бүрэн гүйцэд төлсөн. Өнөөдөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Б.Даваадорж нь санаатай оргон зайлах үйлдэл хийгээгүй, цагдаагийн байгууллага болон прокурорт хэлж чөлөө авч хохирлоо төлж барагдуулах зорилгоор хөдөө алт ухахаар яваад тодорхой хугацаанд ирээгүй байдаг. Энэ тухайгаа прокурор болон холбогдох хүмүүст хэлж байсан гэдгээ хэлдэг.

Иймд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, удаан хугацаагаар хоригдож байгаа зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Даваадоржийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл хувийн байдалд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Б.Даваадорж нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн замд Х.Ганчимэгийн эзэмшлийн “HR-V” загварын 37-71 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс онхолдож иргэн Х.Ганчимэгт 3.460.000 төгрөгийн шууд, 4.860.000 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан,

Мөн дээрх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед буюу 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргон зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

         Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-7, 8-9/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-10-11/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-12/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-37-45/, тээврийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /1-р хх-120/, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 14 тоот мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-121-122/,  2016 оны 2 дугаар сарын 29-ний 02 тоот Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-123/, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны 01 тоот Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол /1-р хх-163/, Б.Үнэнжаргалд захиргааны шийтгэвэрээр торгууль ногдуулсан баримт /1-р хх-174/ болон

Иргэний нэхэмжлэгч Х.Ганчимэгийн “...Б.Даваадорж нь “манай дүү түлэгдсэн, Налайх явах хэрэгтэй болчихлоо, та автомашинаа өгөөч” гэж гуйхаар нь би өөрийнхөө эзэмшлийн 37-71 УНА улсын дугаартай автомашиныг өгч явуулсан. Автомашиныг авч явахдаа ганцаараа байсан. Тэр өдөр авч яваад оройдоо авчирч өгөөгүй. Маргааш өглөө нь Б.Даваадорж руу гар утсаар залгаад “хаана явна” гэж асуухад “манай дүү түлэгдэлтээ даалгүй нас барчихлаа” гэж хэлсэн. Өдөр 11 цагийн орчимд Б.Даваадорж над руу залгаад “250.000 төгрөг зээлээч” гэхээр нь данс руу нь хийсэн. Өдөр Замын Цагдаагийн газраас над руу залгаад “таны эзэмшлийн автомашиныг хоёр согтуу залуу барьж яваад Дарь-Эхийн замд онхолдуулсан” байна гэхээр нь осол гарсан газарт очиход автомашин онхолдсон байсан. Автомашин дотор хүн байгаагүй, хамт явсан хүнийг нь түргэн ирээд аваад явсан, Б.Даваадоржийг зугтаагаад явсан” гэж хэлж байсан...” /1-р хх- 17-18, 153/,

Гэрч Г.Гантулгын “...Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1-р хх-19/,

Гэрч Б.Мөнхбатын “... “Хонда” загварын автомашин замаас гарч онхолдоод дөрвөн дугуйн дээрээ зогссон байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр 30 орчим насны эрэгтэй ухаангүй хэвтэж байсан. Шалгахад их хэмжээний архи үнэртэж байсан. Тэр хавьд явсан хүмүүс “жолооч нь автомашинаасаа буугаад зугтаагаад явчихсан” гэхээр нь гудамжаар самналт хийгээд явж байхад бор ноосон цамцтай өндөр залуу гэнэт бид нарыг хараад зугтаахаар нь араас нь хөөж очоод барьж авахад согтуу байсан. Жолооч залуу нь маш их согтуурсан байсан...” /1-р хх-24/,

Гэрч Т.Дашчийравын “...Автомашин нэлээн эвдэрсэн байсан. Жолоочид бичиг баримт, жолооны үнэмлэх байхгүй байсан. Жолоочийг нэг удаа барьж авчирхад дахиад зугтсан. Согтуурал шалгах багаж үлээхгүй байсан...” /1-р хх-25-26/,

Гэрч Б.Отгонбаатарын “...Дарь-Эхээс 100 айл орохоор өдрийн 13 цагийн орчим явж байхад “Хонда” загварын автомашин гүйцэж түрүүлээд нэлээн хурдтай яваад замын хажуу талын хашлага мөргөөд цаашаагаа нэг хөрвөөгөөд 4 дугуй дээрээ хараад зогссон. Би тухайн үед автомашинаа зогсоход жолооч залуу нь автомашинаасаа ганцаараа гараад зугтаасан. Би автомашин дээр явж очиход жолоочийн хажуу талын суудал дээр нэг согтуу эрэгтэй хүн байсан...” /1-р хх-33/,

 

Гэрч Г.Бат-Эрдэнийн “...Дарь-Эхэд эгчийнхээ гадаа автомашинаа угаагаад зогсож байхад цагаан өнгийн “HR-V” загварын автомашин зүүнээс их хурдтай орж ирээд эргэлттэй хэсэг дээр чигээрээ яваад замын хашлага мөргөөд замаас гарч онхолдоод дөрвөн дугуй дээрээ зогссон. Автомашинд жолоочоос гадна нэг зорчигч байсан. Би гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирэх үед нөгөө автомашины жолооч зугтаасан...” /1-р хх-35/,

Гэрч Б.Үнэнжаргалын “...Би өөрөө нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учраас өөрийн ах Б.Даваадоржийг хайгаад явж байж чадаагүй. Б.Даваадорж нь зам тээврийн хэрэгт холбогдоод хохирлын мөнгөө олохоор Төв аймгийн Заамар суманд хувиараа алт олборлож байна гэж хааяа миний гар утас руу ярьдаг байсан. Би ахыг гар утсаар ярих болгонд нь “та цагдаа дээр ирээд асуудлаа дуусгаач, над руу цагдаагаас байнга яриад байна” гэж хэлдэг байсан. Тухайн үед ах “ажил хийж байгаад хохирлын мөнгөө олохоороо цагдаа дээр очиж асуудлаа дуусгана” гэж ярьж байсан...” /1-р хх-172-173/,

Гэрч Д.Ганчулууны “...Би Б.Даваадоржийг батлан даалтад авснаас хойш уулзалдаагүй. Хөдөө орон нутагт сангийн ажил хийж байгаад ирсэн. Би өөрөө хөдөө ажиллаж, амьдарч байсан болохоор эхнэр Б.Үнэнжаргал руу гар утсаар ярьж “над руу цагдаа болон прокуророос залгаад байна, ах чинь хаана байна” гэж асуусан. Тэрээр надад “өөрөө ч мэдэхгүй байна” гэж хариулдаг байсан...” /1-р хх-176/,

Гэрч С.Гансүхийн “...Би Б.Даваадоржийг Тээврийн прокурорын газарт ирүүлэх талаар 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс Б.Даваадоржийн хэрэгт шалгагдаж байхдаа тэмдэглүүлсэн 88712151 дугаарын гар утас руу холбогдож түүнтэй ярьсан. Б.Даваадорж нь ярихдаа “Баянхонгор аймагт байна. Надад унааны мөнгө олдохгүй байна, унааны мөнгө олоод очно” гэж хэлсэн. ...Залгахаар өөрөө гар утсаа аваад “би эндээс хохирлын мөнгөө олоод очмоор байна” гэж хэлсэн. Дахин залгахад гар утас нь холбогдох боломжгүй байсан...” /1-р хх-178/ гэх мэдүүлгүүд,

Техникийн шинжээчийн “...37-71 УНА дугаартай “НR-V” загварын автомашины жолооч Б.Даваадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.5 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэсэн 763 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-48-51/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Даваадорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг баримт мэдээлэл үгүй байна, удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна, эрүүгийн хэрэг хүлээх чадвартай байна...” гэсэн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-188-189/, ялтан Б.Даваадоржийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.                                                  

Ялтан Б.Даваадоржийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1  дэх хэсэгт тус тус зааснаар Б.Даваадоржийн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Ялтан Б.Даваадорж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд гаргаж байгаа боловч Б.Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан Б.Даваадоржийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул ялтан Б.Даваадорж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Даваадорж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ГАНСҮХ

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ