Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0456/З |
Дугаар | 001/ХТ2024/0031 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2024/0031
Г.Б-ын нэхэмжлэлтэй, Эрүүл
мэндийн яамны Төрийн нарийн бичгийн
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0794 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарыг оролцуулан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Иргэн Г.Б-оос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэгдсэн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,099,969 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/155 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
2.1.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалаар Нийтийн эрүүл мэндийн газрын ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрсдэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Д-ыг Г.Б-ын эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 3 сарын хугацаатайгаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс “... удирдлагын зүгээс удаа дараа дарамталж, ажлаа өгөхийг шаардсан, хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Ц дарга ... аятайхан өргөдлөө өгөөд ажлаас гар, тэгэхгүй бол төрийн албанд эргэж орохгүйгээр ажлаас хална шүү гэх дарамтыг удаа дараа үзүүлж байсан, энэ дарамтыг зөвшөөрөхгүй байсан учраас сахилгын шийтгэл оногдуулсан ба үндэслэлгүй тушаалаа өөрсдөө хүчингүй болгосон, шилжүүлэн ажиллуулах тушаалыг ажлын бус цагаар гаргасан, нэхэмжлэгчтэй тохиролцсон зүйлгүй, дарамтад орж төрийн захиргааны төв байгууллагадаа буюу яамандаа дүйцэх албан тушаалд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн, сонсох ажиллагаа явуулахдаа өөр байгууллагад шилжүүлэх ямар үндэслэл бий болсныг тайлбарлаагүй буюу сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй, ...нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байхад А.Д-ыг авах гэж урьдаас төлөвлөсөн нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт мэдүүлгийг нь явуулснаар тогтоогдоно, ...эмнэлэгт хэвтэж байхад утсаар дарамтлан мессеж ирүүлсэн учраас аргагүй байдалд хүсэлт бичсэн, шилжүүлсэн тушаал нь албан ажлын ямар зайлшгүй шаардлага үссэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, байгууллагын удирдлага хооронд харилцан тохиролцсон баримт байхгүй, шилжүүлж байгаа албан тушаалыг тодорхой зааж өгөөгүй, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг нь бууруулсан зэргээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсгийг болон журмын зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөн, нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулж хууль, журмыг зөрчсөн атлаа А.Д-ыг нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа цалин хөлс, зэрэг дэв бууруулахгүй байхыг даалгаж төрийн жинхэнэ албан хаагчийг ялгаварлан хандаж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн” гэж;
3.1.Хариуцагчаас “...Г.Б мэргэжилтний ажил үүргийн гүйцэтгэлийн хангалтгүй байдлын улмаас шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан албан бичиг, хүсэлтүүд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдлууд болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэд, байгууллагын баримт бичгийг хүлээж авахыг зогсоож, байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлтэй холбоотой ажил уналтад орсон, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүссэн асуудлыг яаралтай, богино хугацаанд засан залруулж, эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах зорилгоор урт хугацааны ажлын туршлагатай, хариуцсан ажлаа түргэн шуурхай, өндөр түвшинд хариуцан гүйцэтгэх чадвартай мэргэжилтнийг дээрх албан тушаалд түр хугацаанд томилон ажиллуулах зайлшгүй шаардлага үүссэн, Авлигатай тэмцэх газар нь хуанлийн 14 хоногийн хугацаанд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянадаг тул хугацаа алдахгүй байх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэгэнт үүссэн асуудлыг шийдвэрлэх ажиллагааг түргэн эхлүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А.Д-ын мэдүүлгийг хянуулах тухай албан бичиг хүргүүлсэн ...” гэж;
3.2.Гуравдагч этгээд А.Д-аас “Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, өөрөө зөвшилцөөд сэлгэн ажиллах тушаалын дагуу ажлаа хийж байгаа, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд сэлгэн ажиллахад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг өгөх хуулийн шаардлагын дагуу би мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн бөгөөд тус байгууллагаас дээрх албан тушаалд томилогдон ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй болохыг минь тогтоож, дүгнэсэн албан бичгийг ирүүлсэн, ажил авсны дараа надад ажлаа хүлээлгэж өгөхөд гайхсан, тулгамдсан асуудлаар шийдэгдэх зөндөө асуудал байхад яагаад хүлээлгэж өгөхгүй байгаа асуудал тавигдаад өмнөх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын шийдвэр, тэмдэглэл авч үзэх гэтэл архивд ч байхгүй. 2021, 2022 оны шийдвэрийг өгөөгүй байсан, нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг үгүйсгэж байна, би төрийн ажлыг эмх цэгцэд нь оруулах гээд хийгээд явж байхад ашиг сонирхлын зөрчилтэй гэж дуудагдаад сууж байгаадаа харамсалтай, иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.Б-ыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүүг нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэлийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0794 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.Б-ыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүүг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн бичгийн даргад даалгаж” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмжээ.
6.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.1.Миний бие нь төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд шилжүүлэн ажиллуулахдаа саналыг авах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Түүнчлэн ажил олгогчийн санаачилгаар шилжүүлэн ажиллуулахдаа урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэх албан тушаал санал болгох ба төрийн албан хаагчийн баталгааг дордуулах нөхцөл байдал бий болгохгүй байх ёстой. Гэтэл Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гаргасан Б/113 дугаар тушаалаа гаргахдаа “төрд эргэн орох эрхгүйгээр ажлаас халах тушаал гаргана шүү, ажлаас халах тушаал гаргалаа шүү” гэх мэтээр мессеж илгээн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Г.Б миний бие шилжин ажиллахаас өөр сонголтгүй байдалд хүргэсэн үйлдлийг шүүх хөндлөнгийн гэрч байлцуулан үзлэгээр баталгаажуулж авсан байдаг. Миний хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ая тухтай нөхцөлөөр хангуулах бүрэн эрхийг ноцтой зөрчсөн болохыг анхан шатны шүүх тогтоосон хэдий ч давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг буруу хийж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасанд гомдолтой.
7.2.Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажил, албан тушаалын үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар биелүүлэн ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл авч байсан үйл баримт тогтоогдоогүй байхад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж эрх зүйн байдлыг дордуулсан тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн нь хуульд нийцээгүй байх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас төрд эргэн орох эрхгүйгээр халахын оронд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэсэн агуулгаар дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
7.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн атлаа хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрх, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг түдгэлзүүлсэн буюу Б/113 дугаар тушаалаа өөрчлөх, хуульд нийцүүлэн дахин гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэслэл болж байна. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0038 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 38 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.
8.1.Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн тушаалыг түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй байна. Улсын дээд шүүхийн тогтоолуудыг үзэхэд хөдөлмөрийн маргаанд шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж болох зохицуулалт байхгүй байна. Захиргааны хэргийн шүүх 2004 онд байгуулагдаад 19 жил өнгөрөхөд хөдөлмөрийн маргаантай холбоотой захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нэг ч шүүхийн шийдвэр гаргаж байгаагүй байна.
8.2.3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0038 дугаар магадлалыг шүүхийн практикт яаж хэрэгжүүлэх вэ? Яамны мэргэжилтэн, яамны харьяа газрын мэргэжилтэн нь зэрэг дэвийн хувьд ялгаатай байдаг ба адилтгах тохиолдолд яамнаас мэргэжилтэн харьяа газрын хэлтсийн даргатай адил зэрэг дэвтэй байж болдог, Г.Б-ын зэрэг дэв буурчээ. Ахуйн шавьж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх гэдэг бол Монголын тухайд жоом устгал гэж ойлгогдоно. Яамны бодлого боловсруулдаг, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан.
8.3.Иймд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүхийн практикт урьд өмнө огт гаргаж байгаагүй шийдвэр гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалыг хүчингүй болгож, хуульд нийцсэн, хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэгчийг хууль ёсны эрхийг хамгаалсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9.Нэхэмжлэгч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 38 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.
9.1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй хэмээн хангаагүй атлаа харин эсрэгээр анхан шатны шийдвэрт тусгагдсан бүхий л үйл баримтыг үгүйсгэсэн байгаа нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн талд үйлчилсэн, төрийн албан хаагчийн баталгааг дордуулах нөхцөл байдлыг үүсгэлээ.
9.2.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь өөрийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар тушаалаа өөрчилж 3 сарын дотор шинэ акт гаргахын тулд хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулж байна гээд ажил олгогчоос Г.Б-д маш дарамт шахалт ирэх үүдийг нээсэн байх бөгөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шинэ акт гаргах 3 сарын хугацаанд Г.Б-ыг албан тушаал бууруулах эсхүл төрд эргэн орох эрхгүйгээр халах шийдвэр гаргахыг зааж өгсөн мэт байгаа нь шударга бус юм.
9.3.Г.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал гаргаж байсан үйл баримт байхгүй, өөрөөр хэлбэл ажил үүрэгтэйгээ холбогдуулж ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй байхад Г.Б-ыг төрд эргэн орох эрхгүйгээр ажлаас халах тухай сонсох ажиллагаа явуулах нь хуульд нийцдэг эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй мөртлөө хариуцагчийн ажлаас халах сонсох ажиллагааг зөвтгөсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
9.4.Г.Б-ыг төрд эргэн орох эрхгүйгээр ажлаас халах тушаал гаргана гэж айлгаж дарамталж байсны ул мөр болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын .... гар утасны мессежийг шүүх хөндлөнгийн гэрч байлцуулж албажуулж авсанд оршдог. Г.Б-ыг шилжүүлэн ажиллуулах Б/113 дугаар тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан атлаа 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “... ажлаас халах тушаал гаргалаа шүү” гэдэг дарамталсан мессеж илгээж байна гэдэг бол шилжүүлэн ажиллуулах тушаал бодитоор гараагүй. Г.Б-д шилжин ажиллах хүсэл зориг байгаагүй, даргын эсрэг үг сөрвөл шууд халагдахад бэлэн байсны нотолгоо атал давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаа нь цаашид удирдах албан тушаалтнууд хэнийг ч айлгаж, ичээж, дарамталж албан тушаалыг нь булааж авдаг жишиг тогтох, энэхүү хууль зөрчсөн үйлдлийг шүүх баталгаажуулсан үйл баримт болсон байх бөгөөд Монгол Улс дээд шүүхийн хяналтын гадна үлдэх учиргүй гэж үзэж байна.
9.5.Дээд албан тушаалтан доод албан тушаалтнаа төрд эргэн орох эрхгүйгээр хална хэмээн сүрдүүлэх нь хуульд болон Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуульд нийтлэг эсэх нь эргэлзээтэй. Давж заалдах шатны шүүх нь Г.Б-ыг Эрүүл мэндийн яамны төрд эргэн орох эрхгүйгээр халахын оронд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэсэн утга агуулгатай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
9.6.Төрд эргэн орох эрхгүйгээр халагдах ямар нэгэн зөрчил гаргаагүй, үүнийг тогтоосон сахилгын шийтгэлийг нэг удаа авч байгаагүй хүнийг албан тушаал, зэрэг дэв бууруулж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр шилжүүлснийг зөвтгөсөн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцэхгүй.
9.7.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар тухайн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай зар тавиад уг албан тушаалд хэн ч өрсөлдөөгүй, аль нэг байгууллагаас шилжин ажиллах санал ирээгүй бол 2 байгууллагын удирдлагын хооронд зөвшилцөж, улмаар шилжин ажиллах этгээдэд ашигтай санал тавьж урьж аваачдаг албан тушаал бөгөөд Г.Б-ын хувьд 2 байгууллагын хооронд тохиролцсон баримт үгүй, цалин хөлс зэрэг дэв буурах албан тушаалд өөрийн хүсэлтээр шилжих сонирхол Г.Б-д байхгүй, мөн нэг албан тушаалд 10 жил ажилласан байх шаардлагууд хангагдаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
9.8.Хэрэв Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалын дагуу Г.Б Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт очиж ажиллана гэвэл мөн хуулийн 44.3 гэсэн хуулийн заалтын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт яамны цалинтай ажиллаж байгаад тэтгэвэрт гарах уу гэдэг нь маргаан дагуулна.
9.9.Нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заагдсан урьдач нөхцөлийг хангасан Б/113 дугаар тушаалыг 2023 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хуульд нийцүүлж гаргаагүй байгаа тул Г.Б-ын шилжүүлэн ажиллуулж өгнө үү гэх /дарамталж бичүүлсэн/ хүсэлт буюу нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд хяналтын шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү.
9.10.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн Б/113 дугаар тушаал гарсан гэх боловч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тушаалын төсөл нь боловсруулалтын шатанд явж байсан нь өөрөө ашиг сонирхлын зөрчил гэдэг нь харагддаг. Иймд давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0794 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10.Хариуцагч талаас нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасан байна.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
11.Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлээр зохицуулсан байх бөгөөд 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллах нөхцөлийг; харин 44.5-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно” гэж байгууллагын дотоодод өөр нэгж, албан тушаалд шилжүүлэх нөхцөлийг ялгамжтай байдлаар зохицуулжээ.
12.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын дагуу 1-д шилжүүлэн авах байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг шаардлага үүссэн тохиолдолд төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр; 2-т шилжүүлж буй байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан төрийн албан хаагчийг удирдлагын санаачилгаар өөр байгууллагад хугацаа заалгүйгээр шилжүүлэн ажиллуулж болох ба аль аль тохиолдолд шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байна.
13.Захиргааны байгууллагаас хүний нөөцийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах үйл ажиллагаа (шилжүүлэн томилох шийдвэр) нь “хуульд үндэслэсэн”, “зорилгодоо нийцсэн” байх бөгөөд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд, тухайлбал хүний нөөцийн дутагдлыг зохицуулах, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, эсхүл түүнд тохирсон ажлыг хийлгэх зэрэг объектив шалтгаан нөхцөл үүсэх тохиолдолд захиргаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах эрх олгосон зохицуулалт юм.
14.Дээрх зохицуулалтыг энэ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч Г.Б-ын хувьд “нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, харин “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож” шилжүүлэх тухайд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “... Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах хүсэлт” гаргаснаар тогтоогдох бөгөөд үүнийг төрийн жинхэнэ албан хаагч өөрөө зөвшөөрсөн гэх нөхцөлийг хангасан гэж үзнэ.
15.Харин хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ шилжүүлэн томилсон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг тодорхойлж тусгаагүй, мөн шилжүүлэн авч байгаа нөгөө байгууллагаас ямар албан тушаал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвээр цалинжуулахтай холбоотой нэхэмжлэгчид чиглэсэн шийдвэрийг гаргаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчимд нийцээгүй байна.
16.Өөрөөр хэлбэл, шилжүүлэн томилж байгаа шийдвэр буюу хариуцагчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 тушаалын эрх зүйн үр дагавар нь нөгөө байгууллага хүлээн авч, шилжин томилогдож буй албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн авсан шийдвэр гарган томилсноор үргэлжлэх, хоёр захиргааны байгууллагаас харилцан шийдвэр гаргаснаар (зорилгодоо нийцсэн) дуусгавар болох харилцаа юм.
17.Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон боловч түүнийг шилжүүлэн авсан байгууллагаас ямар албан тушаалд томилсон талаар шийдвэр гаргаагүй, энэ нь нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэрийн үр дагавар, биелэлт хангагдаагүй, бодит байдалд шийдвэрлэгдээгүй гэж үзэхээр байна.
18.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллагын шилжүүлэн томилсон маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж дахин шинээр акт гаргахаар шийдвэрлэснийг “шилжүүлсэн байгууллага 3 сарын хугацаанд дахин шинээр шилжүүлэх тушаал гаргах биш харин маргаан бүхий акт болох 2023 оны Б/133 дугаар тушаалын биелэлт, гүйцэтгэлд хяналт тавьж, шилжүүлэн авч байгаа захиргааны байгууллага (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар)-аас нэхэмжлэгчийг ямар албан тушаалд, ямар ангилал, зэрэглэлээр цалинжих талаар Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд үндэслэн шийдвэр гаргах хүртэл” гэсэн агуулгаар ойлгоно.
19.Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН