| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/00625/И |
| Дугаар | 210/МА2024/02169 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02169
| 2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2024/02169 |
Н.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03914 дугаар шийдвэртэй
Н.М-гийн нэхэмжлэлтэй, ИНЕГ-т холбогдох
ИНЕГ- газрын дарга С.М-гийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн Н.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай */*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М-, түүний өмгөөлөгч П.Е-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2013 оноос хойш ИНЕГ-т ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 онд агаарын тээврийн газрын эдийн засгийн ахлах мэргэжилтэн байж байгаад 2016 оноос хойш ******ын албаны даргаар томилогдож, тушаал гарах хүртэл ажилласан. Тухайн ажилласан хугацаанд хөдөлмөрийн гэрээ, холбогдох журмын дагуу ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй Тухайн байгуулланы үр дүнгийн хэрэгжилтийг хангалттай биелүүлж, байгууллагын үр дүнгийн хэрэгжилтийг хангалттай хэрэгжүүлж ирсэн. 2021 оны 11 сард ИНЕГ-ын даргаар С.М- томилогдон ажилдаа орсноос хойш намайг ажлаа өгөхийг шаардсан. Би үр дүнгийн гэрээнд заасан ажлыг хийгээд, ИНЕГ- газрын ******ын чиг үүргийг ёс зүйтэй гүйцэтгэж ажиллаж байгаа талаараа хэлсэн.
Би 2016-2020 он хүртэл ээлжийн амралт авч үзээгүй, С.М- даргыг ирсний дараа ээлжийн амралтаа авах хүсэлт өгсөн ч амралтыг маань өгөөгүй. Харин намайг ажлаа өг удаа дараа хэлж байсан ба байнгын дарамт шахалтад байсан. 2022 оны 5 сард бие өвдөж эмнэлэгт хэвтсэн. Ядаргаа, тэр үеийн стресснээс болоод эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь муу гарсан. Энэ нь эмчийн бичиг дээр байгаа. 05 сарын 06-ны өдрөөс 9 сарын 30-ны өдрийг хүртэл эмнэлгээр явсан. Энэ хугацаанд өвчтэй байсан. Намайг өвчтэй байсныг бүх эмнэлэг, дүүргийн эмнэлэгийн магадалгаагаар нотлогдож байгаа. Намайг өвчтэй байх хугацаанд шинэ хууль гараад цахимаар листийг өгдөг болсон байсан. Тухайн байгууллагын дарга нь тамга тэмдэг дараад цахимаар явуулаад миний магадалгаа баталгаажсан. Гэтэл ИНЕГ- газрын дарга С.М-гийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах *** дугаартай тушаалтай гаргасан байдаг. Намайг өвчтэй байх хугацаанд ийнхүү гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалыг эс зөвшөөрч энэ үед өвчтэй байсан гэдгээ бүх баримтаар нотолж байна. Намайг ажлаас чөлөөлсөн дараагийн тушаалын тухайд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд тус тушаалуудыг зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. 2021 оны ИНЕГ- газрын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас аудитын хяналт шалгалтыг хийгээд 2022 оны 03 сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлтээр хязгаарлалттай санал, дүгнэлт гаргасантай холбоотойгоор ИНЕГ-, түүний харьяа салбар нэгжийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн биш, дотоод аудит сайнгүй байгаа нь даргын зүгээс шаардлага тавьж, шуурхай хуралдаанаар шаардлагаа илэрхийлж байсан. Энэ байдал нь аудиторын албаны даргын ажил үүрэгтэй холбоотой ба Н.М- даргатай холбоотой сонсох ажиллагааг зохион байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг зохион байгуулж ажилласан.
Нэхэмжлэгч нь өвчтэй байсан тухай эмнэлгийн магадлагаа, листийг удаа дараа ирүүлсэн. Үүнийг нягтлан бодогч баталгаажуулан нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлээд лист нь олгогдоод явж байтал хамгийн сүүлийнх буюу 3 удаагийн листыг баталгаажуулаагүй. Учир нь эмнэлэг дамжиж олон удаа лист авсан байсан. Тийм учраас гурван удаагийн листыг баталгаажуулахгүй нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотойгоор Н.М- даргатай сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд сонсгож мэдэгдэх оролдлогыг манайхаас удаа дараа хийсэн. Өмнөх шүүх хуралдаанд тушаал гарсан, сонсох ажиллагаа хийснийг мэдээгүй болон албан тушаал бууруулсан, ажлаас халсныг мэдээгүй гэж байсан ч гэрчийн мэдүүлгээр мэдсэн гэдэг нь хэрэгт авагдсан. Намайг ажлаас халж магадгүй гэх хардлагаас болж ажил үүргээс зугтаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Сонсох ажиллагаа хийгээд ч олдохгүй, ажил дээрээ ирдэггүй, сахилгын тушаал ногдуулах тухай анхааруулж мэдэгдсээр байхад холбоо тогтоохгүй байсан учраас 2022 оны 10 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулж ахлах аудитороор томилсон. Тийм учраас ИНЕГ-ын даргын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн тушаал нь үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар нэхэмжлэгч Н.М-гийн ИНЕГ-т холбогдуулан гаргасан ИНЕГ-ын дарга С.М-гийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн Н.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай */*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэг. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй тухай
1.1. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн */*** тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалт, "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3 дугаар зүйлийн 3.29.16, 4.1.4, 4.5, "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.2.1, 4.2.17 дах заалтуудыг тус тус үндэслэжээ. Тус тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д "Ажилтан дараах үндсэн үүрэгтэй:" гэж, 42.2.1-д ажил Үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх;" гэж, харин "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16 болон Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.2.16-д "Ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар тогтоосон акт гаргуулах" гэж тус тус заажээ. Харин тухайн */*** тоот тушаалд "...****ын албаны дарга Н.М- нь 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 09 сарын 28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар түр алдсан байх ба эдгээрээс 89 өдрийн эмнэлгийн хуудас баталгаажиж 42 өдрийн буюу 8 сарын 18-ны өдрөөс 9 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлсэн эмнэлгийн хуудсыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч баталгаажуулаагүй ...Хөдөлмөрийн тухай хууль.... Хөдөлмөрийн дотоод журамд заасныг биелүүлээгүй..." гэх үндэслэлийг дурдсан байна.
1.2. Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлээ тодорхой заасан тушаал, шийдвэр гаргах ёстой билээ. Гэтэл ажил олгогчийн дээрх */*** дугаартай тушаалыг гаргахдаа ажилтан Н.М-д сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаж, тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан Н.М-г ажил тасалсан гэж үзсэн эсэх, ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэж үзсэн эсэх, эсвэл түүний эмнэлгийн байгууллагаас авсан эмнэлгийн хуудсыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч баталгаажуулаагүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон эсэх зэргийг дээр дурдсан тушаалдаа огт тодорхой бичээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг: "... хөдөлмөрийн чадвараа түр алдсан 3 дээш сарын хугацаандаа харьяа дүүргийнхээ эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст хандаж өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар акт тогтоолгох ажилтны үүргээ биелүүлээгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийг 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 сарын 28-ны өдрийн хооронд өвчтэй байж, хөдөлмөрийн чадвараа түр алдсан, улмаар энэ хугацаандаа эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.1-д "ажил үүргээ биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй" гэж заасан хууль зүйн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан ИНЕГ-ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн */*** тоот хууль бус тушаалыг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16 болон "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.2.16-д заасан нь Засгийн газрын 2021 оны 67 дугаар хавсралтаар батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн холбогдох зүйл, заалтад нийцээгүй тухай
2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.М-г 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 сарын 28-ны өдрийн хооронд өвчтэй байсан ч энэ хугацаанд "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16 болон "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.2.16-д заасан ажилтны үүргээ биелүүлээгүй байна" гэж буруутгасан. Гэтэл шийдвэрийн үндэслэл болсон "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16 болон "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.2.16 дахь заалт нь Засгийн газрын 2021 оны 67 дугаар хавсралтаар батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн холбогдох зүйл, заалтад нийцээгүй байна. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Даатгуулагч (иргэн) нь ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлэх бөгөөд эмчилгээний үр дүн, өвчний явц, үе шат, хүндрэлийн талаарх баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн 70 хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлүүлнэ" гэж заажээ.
2.2. Гэтэл Н.М- нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 сарын 28-ны өдрийг хүртэлх 131 хоногийн хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлсэн нь хэргийн баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэ байдлыг шийдвэрт "...Н.М- нь өвчтэй байж, хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь хэргийн баримтуудаар тус тус нотлогдож байна" гэж, 16-д "...энэ хугацаанд оноштойгоор эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байсан" гэж, 16.3-д "...нэхэмжлэгч нь энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдаж эмнэлгийн хуудас бичигдсэн талаар талууд маргаагүй" гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нь ердийн өвчний улмаас 131 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад эмчлүүлсэн тул "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох боломжгүй байсан.
Учир нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90- 180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлнэ гэж "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т маш тодорхой зохицуулсан байна. Харин дээрх дүрмийн 4.1-д заасан хугацааг болон эмнэлгийн хуудас авсан, эмчийн хяналтад орсон, эмчлүүлсэн эсэхийг нь үл харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоож болох дүрмийн бус тохиолдлыг "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4.2-д "даатгуулагч (иргэн)-ийн эрхтэн, бие махбодийн тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, бусдын асаргаа сувилгаа шаардлагатай болсон, байнгын хэвтэрт байгаа" гэж нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь нэхэмжлэгчид хамаарахгүй зохицуулалт юм. Учир нь түүний эрхтэн, бие махбодийн тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтээгүй тул тэрээр дүрэмд заасан хугацаанаас өмнө эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь ердийн өвчний улмаас 131 хоног хүртэлх хугацаанд эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад эмчлүүлсэн тул түүнийг дүрмийн 4.1-д заасан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосонгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар ажил олгогч тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх үүрэгтэй. Гэтэл ИНЕГ-ын даргын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн*/** дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3 дугаар зүйлийн 3.29.16-д ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар тогтоосон акт гаргуулах" гэж тусгасан нь дээр дурдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
2.3.1. Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан" гэж өвчний нэр, төрөл, оношийг нарийвчлан заасан байхад хариуцагчийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16-д "өвчилсөн" гэж бүх өвчнийг ерөнхийлөн тусгасан
2.3.2. Дүрмийн 4.1-т 6 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт гаргуулах" гэж заасан байхад хариуцагчийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29. 16-д энэ хугацааг 3 сараас дээш хугацаагаар Өвчилсөн тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт гаргуулах" гэж 3 сараар багасгасан.
2.3.3. Дүрмийн 4.1-т зааснаар даатгуулагч 1-рт: "90-180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлнэ" 2-рт: "эмчилгээний үр дүн, өвчний явц, үе шат, хүндрэлийн талаарх баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлүүлнэ" гэж акт тогтоолгох үндэслэл, шалгуур, үзүүлэлтийг нарийвчлан заасан байна. Харин хариуцагчийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16-д ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд шууд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгох" гэж ямар нэгэн шалгуур, үзүүлэлт, үндэслэл огт дурдаагүй байна.
2.4. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.М- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хууль тогтоомж болох Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад нийцээгүй "Хөдөлмөрийн Дотоод журам"-ын 3.29.16 дах заалтыг дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй юм. Мөн "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.7-д "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталсан өвчний жагсаалтыг баримтлан тогтооно" гэж заажээ. Эрүүл мэндийн сайд. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай" */***, */*** дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах "Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-г баталсан байна.
2.5. Энэхүү ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16.2 дах хэсэгт дурдсан нэхэмжлэгч Н.М-гийн өвчний онош болох нуруу өвдөх, чихрийн шижин хэв шинж, анхдагч даралт ихсэх өвчин, бусад хэрлэг төст өвчин, нойрны органик бус эмгэгүүд, анхдагч даралт ихсэх өвчин, гавал доторх гэмтэл, нойр булчирхайн бусад өвчин, гүйлсэн булчирхайн архаг өвчин зэрэг оношнуудтай харьцуулж дүгнэхэд "ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-ны хувьд огт хамаарахгүй байна.
2.6. Иймд даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудал нарийвчилсан дүрэм, журмын хүрээнд зохицуулагдсан, заасан хоног, хугацаатай, баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлагдсан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах "ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-ны хүрээнд хийгддэг нарийн төвөгтэй үйл ажиллагаа юм. Түүнээс биш шүүхийн шийдвэрт дурдсанчлан, хариуцагчийн хөдөлмөрийн дотоод журамд заасанчлан 3 сараас дээш хугацаагаар өвдсөн хүн болгон хүссэн үедээ явж очоод шууд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгох боломжгүй билээ.
Гурав. Шүүх ажилтанд таатай нөхцөлийг олгосон хуулийг хэрэглээгүй тухай:
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.М-гийн нэхэмжлэлтэй хариуцагч ИНЕГ-т холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон Засгийн газрын 2021 оны ** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д "Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ" гэж заасан.
3.2. Харин Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д "Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:" гэж, 2.3.3-д "захиргааны хэм хэмжээний акт;" гэж, 2.3.7-д "аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж тус тус заажээ. Шүүх энэ тохиолдолд дээд эрэмбэтэй хэм хэмжээний акт болох "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ажилтан Н.М-д илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх ёстой юм.
3.3. Иймд ажилтан Н.М-д илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалт болох "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн үндэслэн бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Дөрөв. Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлийг "сахилгын зөрчил"-д хамруулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй болсон тухай
4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг "...харьяа дүүргийнхээ эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст хандаж өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар акт тогтоолгох ажилтны үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан. Ингэхдээ Н.М- нь ажилтны үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан" гэж тайлбарласан. Энэ нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана" гэж заасан. Гэтэл ИНЕГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тусгайлан заагаагүй байдаг.
Тодруулбал, шийдвэрийн үндэслэл болсон "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.29.16 болон "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.2.16 дах хэсгийг зөрчсөн бол "сахилгын шийтгэл"-д тооцохоор тусгайлан заагаагүй юм. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн "Хөдөлмөрийн дотоод журам"-д "сахилгын зөрчил"-д тооцохоор тусгайлан заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тав. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан тухай:
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022 оны 10 сарын 31-ний өдөр "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай" 5/244 дугаартай хууль бус тушаалыг эс зөвшөөрч ИНЕГ-ын харьяа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд тус тус хандан харилцан тохиролцож чадаагүй" гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Талуудын хооронд үүссэн "хууль бусаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлэлгэсэн" маргаан шийдвэрлэгдээгүй байхад ИНЕГ-ын даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" */*** дугаартай хууль бус тушаал дахин гаргаж, ажилтан Н.М-г үндэслэлгүйгээр ажлаас халсан байсан. Ажлаас халсан тушаалд: ******ын албаны ахлах аудиторын АЛБАН тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй" гэж буруутгасан.
5.2. Гэтэл Н.М- нь дээрх сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байсан тул ****ын албаны ахлах аудиторын албан тушаал дээр ажиллах боломжгүй байсан юм. Тухайн албан тушаалд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, уг ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй атлаа албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж 2023 оны 01 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа "ИНЕГ- ын дарга С.М-гийн 2022 оны 12 сарын 30- ны өдөр "Н.М-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" */*** дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх" гэж тодорхойлсон.
5.3. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 сарын 14-ний өдрийн "Хэрэг нэгтгэх тухай" ***** дугаартай захирамжаар Н.М-гийн нэхэмжлэлтэй ******* индексийн дугаартай иргэний хэрэгт Н.М-гийн нэхэмжлэлтэй ***** индексийн дугаартай иргэний хэргийг нэгтгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан бөгөөд энэхүү тодруулгын 2 дугаар зүйлд "Ажил олгогч ИНЕГ- ажилтан Н.М-г хууль бусаар ажлаас халсан" тухай дэлгэрэнгүй тусгасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан хууль бусаар ажлаас халагдсан тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
5.4. Энэ талаар шийдвэрт "ИНЕГ-ын дарга С.М-гийн 2022 оны 12 сарын 30-ны өдөр Д.М-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" */*** дугаартай тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй" гэснээс өөр дүгнэлтийг хийгээгүйд гайхан эргэлзэж байна. Учир нь нэхэмжлэгч дээрх хууль бусаар ажлаас халагдсан асуудлаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан нь хэргийн баримтаар хангалттай нотлогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тайлбарлаж, мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дээрх хууль бус үндэслэлээр хянан шийдвэрлэхгүй орхигдуулсанд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил юм.
Иймээс давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд нэр заан тодорхойлсон үүргийг биелүүлээгүй учраас сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тухайн тушаалыг биелүүлээгүй 3 сар өнгөрсөн учраас ажлаас халсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ИНЕГ- ын дарга С.М-гийн 2022 оны 10 сарын 31-ний өдрийн Н.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай */*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 10 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 183/ШШ2024/03914 дугаар шийдвэрийг гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан.
Хэргийн баримтаас үзвэл Н.М-гийн нэхэмжлэлтэй, ИНЕГ-т холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг хэрэгт авагдаагүй байгаа нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасантай нийцэхгүй байх тул уг хэргийг давж заалдах журмаар хянан үзэх боломжгүй гэж үзлээ.
Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэсэн бөгөөд шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон хариуцагч талын татгалзлаа илэрхийлсэн тайлбарын үндэслэл бүрэн тусгагдаагүй байна.
4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
5. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03914 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.М- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ