| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2021/04481/И |
| Дугаар | 210/МА2024/02062 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02062
|
|
|
М ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04282 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х.Б-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохиролд нийт 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Э.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2021 оны 06 сарын 13-ны өдөр Х.Б-тэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын суурь цутгах, төмөр каркас бэлдэж угсрах, сэндвичээр барилга угсрах ажлыг 320,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.
1.2. М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 06 сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 сарын 30-ны өдрийн хооронд тус гэрээний 2 дугаар зүйлд заасан ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэж тухай бүр нь захиалагч Х.Б-д хүлээлгэн өгсөн.
1.3. М ХХК гэрээгээр 75 хувийг гүйцэтгээд байхад захиалагч Х.Б нь санхүүжилт орж ирэхгүй байна, мөнгөтэй болохоороо үлдэгдэл ажлынхаа хөлсийг өгч, ажлаа үргэлжлүүлэн хийлгэе гэсэн тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Ажлаа үргэлжлүүлэхээр холбогдоход өөр гүйцэтгэгчээр ажлаа гүйцэтгүүлсэн гэж хэлсэн.
1.4. Манай хийж гүйцэтгэсэн ажлын 75 хувьд төлбөл зохих ажлын хөлс нь 240,000,000 төгрөг болно. Х.Б нь 190,000,000 төгрөгийг төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг Х.Б өөс удаа дараа шаардсан боловч одоо болтол хөлсийг өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Мөн бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй ажлыг харилцан тохиролцсоны дагуу 4,000,000 төгрөгөөр нэмэлтээр хийж гүйцэтгэсэн боловч уг ажлын хөлсийг мөн төлөөгүй болно.
1.5. М ХХК Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой ажлаа хугацаанд нь, зохих ёсоор хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. Гэтэл Х.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчиж, ажлын үр дүнг хүлээн авсан атлаа төлбөл зохих ажлын хөлсөө одоог хүртэл төлөхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Х.Б өөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Бид 2021 оны 06 сарын 13-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж 900 м.кв сэндвичин барилгыг нийт 320,000,000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн хийж гүйцэтгэхээр тохирсон.
2.2. Гэрээний 2-т хийж гүйцэтгэх ажлыг тодорхой заасан бөгөөд нийт 3 үе шаттайгаар ажлыг гүйцэтгэж гэрээг байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор эхний санхүүжилт буюу 100,000,000 төгрөгийг төлж дараагийн шатны ажлыг хийж гүйцэтгэсэн даруй бусад төлбөрийг төлөхөөр тохирсон.
Миний хувьд 1, 2 дугаар шатны ажлын санхүүжилтэд нийт 195,500,000 төгрөг төлсөн боловч гүйцэтгэгч талаас ажлаа цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй.
2.3. Бид ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 08 сарын 15-ны өдөр гэж тохирсон, гүйцэтгэгч талаас 2021 оны 07 сарын наадмын амралтаас хойш ажлыг бүрэн зогсоож талбайг орхин явсан.
Ажлаа дуусгахыг удаа дараа шаардсан боловч ажлаа хийж дуусгаагүй. Гүйцэтгэгч талын тоног төхөөрөмжийг 2021 оны 08 сарын 16-ны өдөр өгсөн. Ингээд гэрээг цуцалж, зарим ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн болно.
2.4. Ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх гэрээнд заасан ажлаас суурь цутган, төмөр каркас угсарсан бөгөөд уг ажлыг ихээхэн учир дутагдалтай хийж, суурь цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүйн улмаар стандартын дагуу буюу 25 см суурь цутгагдаагүй янз янз цутгаж үүнээс үүдэн шаланд цууралт үүссэн, суурь хундаамыг тойруулан ус зайлуулах шугамыг хийж гүйцэтгээгүй, мөн төмөр каркасны бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каркасыг огт бэхлээгүй мөн бэхэлгээний гагнуур, даацын суурь каркасыг угсраагүй, хэзээ ч нурж унаж хүний амь нас эрүүл мэндийг эрсдүүлж болохуйц дутуу ажлыг хийж явсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, орхин явсан учир гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн.
Ө ХХК-аас сэндвичийн хавтангийн материалыг нийт 129,228,980 төгрөгөөр худалдан авч, Ц ХХК-тай 2021 оны 08 сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан сэндвичин барилгын хана, дээвэр цонх угсрах ажлыг 33,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг бүрэн төлж ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.
3.2. Б ХХК-аар шал өнгөлгөөний ажлыг нийт 4,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг бүрэн төлж ажлыг гүйцэтгүүлсэн.
3.3. Миний хувьд ажилд нэмэлтээр 161,228,930 төгрөгийн зардал гаргасан байна. М ХХК нь 194,500,000 төгрөгөөс бага ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 320,000,000 төгрөгөөс 35,728,930 төгрөгийг илүү гарч байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 158,771,070 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Иймд илүү төлсөн 35,728,930 төгрөгийг гаргуулна.
3.4. Тус барилгын ажлаас ихээхэн хэмжээний ажлыг дутуу гүйцэтгэсэн. Үүнд усны хаяавч бетон цутгах, төмөр хөндлөвч угсрах, төмөр татуурга угсрах, төмөр бэхэлгээ хийх, ган хоолой угсрах, төмөр хийцүүдийг тосон будгаар будах зэрэг ажлууд дутуу байгаа бөгөөд уг ажлыг гүйцэтгэхэд гарах зардал нь 41,107,225 төгрөг байх төсөв гарсан.
Иймд нийт 76,836,155 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:
4.1. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацааны дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлын хөлсөө нотлох баримтын дагуу шаардаж нэхэмжилсэн байхад хариуцагч нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэ хөлсийг баримтгүйгээр багасгаж, зөрүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
4.2. Х.Б ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэж буй сэндвичин барилгын үлдэгдэл ажлын төсөв гэх баримт нь хаана байршилтэй барилгад хэний захиалгаар хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б өөс 21,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК -д олгож, нэхэмжлэлээс 28,000,000 төгрөгт холбогдох хэсэг, М ХХК -д холбогдох Х.Б ийн гаргасан 76,836,155 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 427,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 700,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/17155 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажлаас суурь цутган, төмөр каркас угсарсан бөгөөд уг ажлыг ихээхэн учир дутагдалтай хийж, суурь цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүй, стандартын дагуу буюу 25 см суурь цутгагдаагүй өөр өөр хэмжээтэй цутгаж үүнээс үүдэн шаланд цууралт үүссэн, суурь хундаамыг тойруулан ус зайлуулах шугамыг хийж гүйцэтгээгүй, мөн төмөр каркасын бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каркасыг огт бэхлээгүй мөн бэхэлгээний гагнуур, даацын суурь каркасыг угсраагүй дутуу гүйцэтгэсэн байдаг.
Гэвч анхан шатны шүүхээс гүйцэтгэгч талыг 1, 2-р шатны ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар ажлыг дутуу хийж бүрэн дуусгавар болгоход шаардлагатай санхүүжилтийг нотолсон төсвийг огт үнэлээгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй.
6.2. Нэхэмжлэгч байгууллага нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.3 дэх хэсгийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчин барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг талаар маргадаггүй, түүний барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нотлох баримтаар гаргуулах шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Харин анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 1 дүгээр шатны ажлын хөлс 100,000,000 төгрөг, 2 дугаар шатны ажлын хөлс 110,000,000 төгрөг байхаар заасан боловч 2 шатны ажлыг нийт 220,000,000 төгрөгийн төсөв бүхий ажил гүйцэтгэсэн хэмээн буруу дүгнэж хариуцагчаас 21,500,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Ажил гүйцэтгэх явцыг доголдолтой гэдэг энэ талаар тогтоогддоггүй.
Тусгай зөвшөөрлийн талаар анх гэрээ байгуулахад хариуцагч энэ талаар мэдэх боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага 21,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн гэдэгт энэ талаар хэрэгт нотлох баримт авагдсан тул шүүх нэхэмжлэлийг хангаж үндэслэлтэй шийдвэр гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 49,500,000 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 76,836,155 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган зохигч маргажээ.
3. Х.Б болон М ХХК нар 2021 оны 06 сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажил гүйцэтгэгч нь 1-р шатанд: 60м х 15 м буюу 900 м.кв барилгын нэл суурь 0.0 цэгээс доош 1 м, 0.0 цэгээс дээш 0.5 м, нийт 1.5 м цутгах, 900 м.кв дотор талбайг 250 марктай 25 см зузаантай цутгах, 2-р шатанд: 60м х 15мх5h төмөр каркасыг багана 350-175тай, 300-150тай нуруу, 18-С төмрөөр бэлдэж угсрах, 3-р шатанд: 60мх15мх5h барилгыг 15 см сэндвичийг угсрах ажлыг гүйцэтгэх, захиалагч нь 1 дэх шатны ажлын хөлс 100,000,000 төгрөг, 2 дахь шатны ажлын хөлс 110,000,000 төгрөг, 3 дахь шатны ажлын хөлс 110,000,000 төгрөг буюу Ниссан патрол маркийн ********* улсын дугаартай автомашин ба нийт хөлс 320,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-5-8/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5. Гэрээний дагуу Х.Б нь урьдчилгаа төлбөр буюу ажлын хөлсөнд 194,500,000 төгрөг М ХХК -д шилжүүлсэн, гэрээ цуцлагдсантай холбогдон гэрээнд заасан 3-р шатны ажлыг гүйцэтгэгч талаас гүйцэтгээгүй үйл баримтад талууд маргаангүй. Харин гүйцэтгэгч нь гэрээнд заасан 1, 2-р шатны ажлыг доголдолгүй, бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу сэндвичин барилга барих ажлаас 1, 2 дугаар шатны ажлыг бүрэн гүйцэтгэсэн, хариуцагчаас гэрээг цуцалсан тул олох ёстой орлого буюу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагчийн хувьд нэхэмжлэгч тал ажлаа бүрэн гүйцэтгээгүй, ажлын талбайг орхин явсан, ажлаа дуусгахыг удаа дараа шаардсан боловч гүйцэтгээгүй учир гэрээг цуцалсан, гүйцэтгэсэн ажил доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
6.1. Хэрэгт нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлын талбайг орхиж явсан, удаа дараа ажлаа түргэн дуусгахыг шаардсан боловч дуусгаагүй буюу нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт авагдаагүй байна. Хариуцагч тал шүүх хуралдаанд миний зүгээс ажил гүйцэтгэгч талын тоног төхөөрөмжийг 2021 оны 08 сарын 16-ны өдөр өгсөн, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гуравдагч этгээдээр үлдсэн ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарлажээ. /3хх-51/ Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч М ХХК -тай байгуулсан гэрээг цуцалсан гэж үзнэ. Үүнтэй холбогдон мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээ цуцлахаас өмнө нэхэмжлэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирол буюу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нөхөн төлөх үүрэгтэй.
6.2. Талуудын гэрээгээр, захиалагч буюу хариуцагч Х.Б нь 1-р шатны гүйцэтгэх ажлын хөлсөнд 100,000,000 төгрөг, 2-р шатны гүйцэтгэх ажлын хөлсөнд 110,000,000 төгрөг, 3 дахь шатны ажлын хөлсөнд 110,000,000 төгрөг буюу Ниссан патрол маркийн ********* улсын дугаартай автомашин, нийт ажлын хөлсөнд 320,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
6.3. Хариуцагч нь 1, 2 дугаар шатны ажлын хөлсөнд нийт 210,000,000 төгрөг төлөхөөс 194,500,000 төгрөг төлсөн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон тул зөрүү болох 15,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
7. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
7.1. Шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.
7.2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлд тус тус заасны дагуу зохигчид хуваарилан шийдвэрлэх журамтай.
7.3. Хариуцагч Х.Б нь гэрээний дагуу 1, 2-р шатны ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу суурийг цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүй, стандартын дагуу цутгаагүй, суурийг өөр өөр хэмжээтэй цутгасан, шал цууралттай, суурь хундаамыг тойруулан ус зайлуулах шугамыг хийгээгүй, мөн төмөр каркасын бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каркасыг огт бэхлээгүй, бэхэлгээний гагнуур, даацын суурь каркасыг угсраагүй дутуу, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр 76,836,155 төгрөг нэхэмжлэгч талаас гаргуулахаар сөрж шаардсан байна.
7.4. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 04 дугаартай Шалны ажил гүйцэтгэсэн акт, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь 1-р шатанд гүйцэтгэсэн шал цутгах ажлыг доголдолтой гүйцэтгэсэн, хариуцагч уг доголдлыг Б ХХК-аар гүйцэтгүүлсэн гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас доголдол арилгасан зардал болох 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасантай нийцжээ. Энэ шийдэлд нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.
8. Харин шүүх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Учир нь, нэхэмжлэгч ажлаа дутуу гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нотлох үүрэг хүлээнэ.
8.1. Талууд гэрээний 2.1 дэх заалтаар М ХХК нь 1-р шатанд: 60м х 15 м буюу 900 м.кв барилгын нэл суурь 0.0 цэгээс доош 1 м, 0.0 цэгээс дээш 0.5 м, нийт 1.5 м цутгах, 900 м.кв дотор талбайг 250 марктай 25 см зузаантай цутгах, 2-р шатанд: 60м х 15мх5h төмөр каркасыг багана 350-175тай, 300-150-тай нуруу, 18-С төмрөөр бэлдэж угсрах ажлыг тус тус гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
8.2. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн 1, 2 дугаар шатны ажлын чанар, үр дүн нь гэрээний тохиролцоог зөрчсөн, доголдолтой буюу суурь цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүй, стандартын дагуу буюу 25 см суурь цутгагдаагүй өөр өөр хэмжээтэй цутгасан, мөн төмөр каркасын бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каркасыг огт бэхлээгүй мөн бэхэлгээний гагнуур, даацын суурь каркасыг угсраагүй дутуу гүйцэтгэсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн сэндвичин барилгын суурь хундаамыг тойруулан ус зайлуулах шугам хийх ажлыг М ХХК хийж гүйцэтгэх нөхцөлийг харилцан тохиролцсон тухай талуудын гэрээнд тусгагдаагүй байна.
8.3. Хэргийн 1 дэх хавтасны 234-244 дэх талд хариуцагч Х.Б ийн захиалгаар, мэргэшсэн төсөвчин С.Ж---ын хийсэн Хүй 7 худгийн дэргэд байрлах сэндвичин барилга-д хийсэн төсөв авагджээ. Уг нотлох баримтын хувьд нэг талын баримтаас гадна уг төсөвт тусгасан мөнгөн дүнгийн хэмжээний доголдолтой ажил нэхэмжлэгч гүйцэтгэсэн, захиалагч уг доголдлыг арилгахад энэ хэмжээний зардал гаргасан гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтын талаар Сэндвичэн барилгын үлдэгдэл ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин С.Ж****-аар гаргуулж, төсвийн тооцоо 41,107,225 төгрөгөөр гаргасан боловч уг төсөвт заасан ажлууд дутуу гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үнэлснийг буруутгахгүй. Иймээс ажлыг дутуу хийж бүрэн дуусгавар болгоход шаардлагатай санхүүжилтийг нотолсон төсвийг огт үнэлээгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
8.4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ Ц ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Ө ХХК-аас 124,228,930 төгрөгийн үнэ бүхий бараа материал авч төлбөрийг бүрэн төлж сэндвичэн барилгын хана, дээвэр, цонх угсрах ажлыг 33,000,000 төгрөгөөр Ц ХХК-аар гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг.
Тус компаниар гүйцэтгүүлсэн ажил нь зохигчийн гэрээний 2.1-д заасан 3-р шатны ажил байх бөгөөд талуудын гэрээ цуцлагдсантай холбогдон уг ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.1-д зааснаар хариуцагч нь дээрх зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.
8.5. Анхан шатны шүүх, Х.Б болон Ц ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ болон Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг хэргийн нотлох баримтуудыг харьцуулан үзээд барилгын 2-р шатны ажлыг доголдолтой, дутуу хийсэн гэх хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч үндэслэлээ нотолж чадаагүй гэж зөв дүгнэсэн байна.
9. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч байгууллага нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.3 дэх хэсгийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчин барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг талаар маргадаггүй, түүний барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нотлох баримтаар гаргуулах шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Харин анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.
9.1. Талууд 2021 оны 06 сарын 13-ны өдөр гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, гэрээний нөхцөлийн талаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Тус гэрээ бодитойгоор хэрэгжиж байсан, нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсантай холбогдон эрх зүйн үр дагавар үүссэн үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч Х.Б нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгч М ХХК барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд мөн эсэх талаар тодруулж, тус компанитай гэрээ байгуулах, эсвэл татгалзах эсэхээ өөрөө сонгох боломжтой байсан тул хариуцагчийн гаргаж буй гомдол хангагдах хуулийн үндэслэлгүй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Х.Б ийн нэрийг Б гэж буруу бичсэн, нэхэмжлэгч, хариуцагчийг тодорхойлоогүй зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцнэ гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04282 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б өөс 15,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК -д олгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК -аас 4,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 34,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 72,836,155 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 256,450 гэснийг 235,450 гэж, олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэгч М ХХК -аас 78,950 төгрөг гаргуулж хариуцагч Х.Б-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД