| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2019/0242/З |
| Дугаар | 221/МА2019/0620 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0620
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0577 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж ашиглах боломжгүй болсон талбайд хийсэн 622,230,649.11 төгрөгийн хөрөнгө оруулалт, 212,477,082.80 төгрөгийн төлбөрийг XV-000, XV-000, XV-000, XV-000тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцоогүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/349 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нийт 834,707,731.91 төгрөгийг XV-000, XV-000, XV-000, XV-000тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...холбогдох хэсгийг буцаах болон нөхөн олговор авах талаар хүсэлт гаргаагүй”, “...албан ёсны хаягаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг ...албан бичгээр хүргүүлж мэдэгдсэнийг нэхэмжлэгч тал хүлээж аваагүй гэж маргаж байгаа боловч хариуцагчаас зохих хариуг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан” гэх зэрэг дүгнэлтүүд нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна.
Захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс гаргаж буй хүсэлтэд үндэслэл бүхий хариулт өгөх ёстой байтал Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь “Т” ХХК-ийн гаргаж буй хүсэлтийг судлан үзэж, үндэслэлтэй хариулт өгөөгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө урьдчилан мэдэгдэх ёстой байтал албан ёсоор мэдэгдээгүй. Анхан шатны шүүх тодорхой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдсэн байна гэж үзсэн нь таамаглалын шинжтэй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Т” ХХК нь анх 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XY-000 XY-000 XY-000 XY-000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшиж байгаад, хариуцагч захиргааны байгууллагад хүсэлт гаргаснаар Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 589 дүгээр, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 549 дүгээр, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгсөн байна.
Ингэснээр ашигт малтмалын хайгуулын XY-0 дугаартай тусгай зөвшөөрлөөр 13436.32 гектар, XY-0 дугаартай тусгай зөвшөөрлөөр 8599.30 гектар, XY-0 дугаартай тусгай зөвшөөрлөөр 14282.70 гектар, XY-0 дугаартай тусгай зөвшөөрлөөр 13436.32 гектар талбай эзэмшихээр болсон байна.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
Хариуцагчийн тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрт XY-0 дугаартай талбайд 97.413.320 төгрөг, XY-0 дугаартай талбайд 62.344.925 төгрөг, XY-0 дугаартай 103.549.575 төгрөг, XY-0 дугаартай талбайд 40.230.250 төгрөг тус тус төлөх байсан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчээс “...манайх 2008 оноос хойш хайгуулын ажил болон талбайн жилийн төлбөр тооцоог цаг тухайд нь төлж ирсэн. Гэтэл 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээс шалтгаалан зарим талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хэдий тийм боловч хайгуулын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг уг хуулийн үйлчлэлээр хасагдсан талбайг оролцуулан төлсөөр ирсэн. Манай байгууллага ийнхүү давхацсан буюу бидний ашиглах боломжгүй болсон талбайн төлбөрт болон хайгуулын ажлын зардалд зарцуулсан төлбөрийг хасч, ээлжит жилийн төлбөрт суутган тооцох хүсэлтийг хариуцагчид тавьсан боловч боломжгүй хариу өгсөн нь үндэслэлгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Анхан шатны шүүх “Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж, ашиглах боломжгүй болсон талбайд хийсэн 212,477082.80 төгрөгийн төлбөр, 622,230,649.11 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцоогүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/349 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нийт 834,707,731.91 төгрөгийг XY-000 XY-000 XY-000 XY-000 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны төлбөрт суутган тооцохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 11 дэх жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон.
Тиймээс хариуцагч захиргааны байгууллага дээрх хуулийн заалтыг үндэслэн маргаан бүхий 64 дүгээр шийдвэрийг гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасантай нийцсэн байна.
Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталж, улмаар дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталжээ.
Уг хуулийн 1 дүгээр зүйлд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-д заасан заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгчээс уг хуульд заасныг биелүүлээгүй байх бөгөөд харин 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж гаргасан “...хуулиар хориглосон талбайтай давхцал үүсч, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон боловч өдий хүртэл хайгуулын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг анх тогтоогдсон хэмжээгээр төлсөөр ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 212,477082.80 төгрөгийг урт нэртэй хуулийн заалттай давхцалтай талбайд төлсөн, тухайн давхцалтай талбайд 622,230,649.11 төгрөгийн хайгуулын ажлын зардал гаргасан нь манай компанийн хувьд илүү төлөгдсөн төлбөр юм. Энэхүү зардлаас дээрх 4 тусгай зөвшөөрлийн ирэх жилийн төлбөрийг суутгана уу” гэсэн хүсэлтийг нь хангаагүй хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй гэсэн зохицуулалттай учраас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөх жилд төлсөн төлбөр болон хайгуулын ажилд гаргасан гэх зардлыг 2018 оны ээлжит жилийн төлбөрт суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй, тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг суутган тооцох зохицуулалтгүй болно.
Нөгөөтэйгүүр дээр дурдсанаар, нэхэмжлэгч хэрвээ усны сан бүхий газартай давхацсан талбайгаа эзэмшихийг хүссэн бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж, зохих хариуг авах байтал энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа “талбайн төлбөрийн хувьд илүү төлөлт хийсэн”, “мөн хайгуулын ажил хийсэн зардлыг төлбөрт суутгуулах”, “суутган тооцоогүй хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, суутган тооцохыг даалгуулах” гэсэн агуулгаар нэхэмжлэн маргаж байгаа нь үндэслэлгүй зэрэгцээ 834,707,731.91 төгрөгийг илүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө урьдчилан мэдэгдэх ёстой байтал албан ёсоор мэдэгдээгүй гэсэн гомдлын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/8592 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг албан ёсны хаягаар хүргүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй гэж маргасан ч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН